Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0116

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч О.*******а, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1020 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, О.*******ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1020 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,  27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан О.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалын О.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.*******ыг өмнө эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч О.*******а нь ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Харин шүүх О.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалын О.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг тус яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон. Шүүх төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 "... төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” 27 дугаар зүйлийн 27.2.3 "... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;...", 27.2.4 "... төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 cap хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно; ..." гэж заасныг тус тус үндэслэл болгон шийдвэрээ гаргасан байна.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь мөн энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл болох дээрх хуулийн заалтуудыг баримтлан шийдвэрээ гаргасан бөгөөд нэхэмжлэгч О.*******а нь нягтлан бодогч, санхүүгийн мэргэжилтэй хүн биш, худалдааны эдийн засагч мэргэжилтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 заасан "мэргэшсэн" байх шаардлага болон Санхүүгийн хэлтсийн даргын шинээр батлагдсан ажлын байрны шаардлагыг хангахгүй байсан. Түүнчлэн шүүх хуралдаан эхлэх үед итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгч О.*******ыг өөр ажилд орсон эсэхийг нийгмийн даатгалын байгууллагад хандан мэдэх зайлшгүй шаардлагатай гэдгийг сануулан шүүхэд хүсэлт гаргасан ч энэхүү хүсэлтийг хүлээж аваагүй ба энэ тухай шийдвэрт огт дурдаагүй байгаа нь хэргийг тал бүрээс нь нягтлан шалгаагүйг харуулж байна. Учир нь О.*******а нь өөрийн эцгийн компанид ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байсан юм.

Мөн О.*******а нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт заасан хугацаа, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчсөн байсан. Тэрээр Төрийн албаны зөвлөлд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө гомдол гаргах хуулийн хугацаатай байсан ба 09 дүгээр сарын 19-ний өдөр тус зөвлөлд гомдол гаргасан нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Хуулийг мэдэхгүй байх нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд хуульд заасан хугацаанд хандах боломжтой байсан.

О.*******а нь Төрийн албаны болон холбогдох хууль тогтоомжийг судлан төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч жинхэлсэн, төрийн албанд тодорхой хугацаагаар удирдах албан тушаал хашсан энэхүү хугацааг мэдэх бүрэн боломжтой байсан юм.

Харин анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь нягтлан шалгалгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1020 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/13 дугаар тушаалаар нэхэмжлэгч О.*******ыг Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байх ба албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг ойлгоно.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Орон тоо батлах тухай” А/04 дүгээр тушаалаар тус яамны бүтцийн нэгжийн орон тоо, ажлын байрны нэрийг өөрчлөн батлахдаа нэхэмжлэгч О.*******ын ажиллаж байсан Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газарт харьяалагдах Санхүү, эдийн засгийн хэлтэс /5 орон тоо/-ийг Төрийн захиргааны удирдлагын газарт харьяалуулж, Санхүүгийн хэлтэс /8 орон тоо/ болгон өөрчилсөн байх боловч Хэлтсийн даргын албан тушаал болон чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад хуулийн дээрх заалтыг үндэслэж нэхэмжлэгч О.*******ыг албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч О.*******а Санхүүгийн хэлтсийн даргын шинээр батлагдсан ажлын байрны шаардлагыг хангахгүй байсан” гэж тушаалд заагаагүй шалтгаан, үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдах ёсгүй.

Нэхэмжлэгч О.*******а нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж, тус зөвлөлөөс 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй тухай хариуг ирүүлснээр анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.

Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/13 дугаар тушаал нь төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн байх тул уг тушаалын нэхэмжлэгч О.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 3 590 740 төгрөгийг О.*******ад олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

                        ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН