Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/00994

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч О.Одгэрэл, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “А” ХХК /РД: /-д холбогдох

 

Нөхөн төлбөр, эмчилгээний зардал, цалин, хагалгааны зардал нийт 30 421 017 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбилэг, иргэдийн төлөөлөгч Ш.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Чанцалын Б 2014 оны 11 сарын 17-ны өдрөөс/ажилд томилсон тушаалын дугаар Б-1458/14/ А ХХК-д Хүнд даацын авто машины жолоочоор ажилд орсон. 2014 оны 12 сарын 14-ний өдөр 18:30 цагт уулын баяжуулах үйлдвэрээс улсын хилийн Бургастайн боомт хүртлэх баяжмал тээвэрлэлтийн замын 100 дахь км-т байрлах амралтын зогсоол дээр амарч байх үед “А” ХХК-ийн өмчлөлийн өөр нэгэн ачааны автомашины жолооч тус зогсоол руу ухарч байх үедээ миний машин кабины зүүн урд хэсгийг мөргөсөн.

Дээрхи осолтой холбоотойгоор 2015 оны 04-р сарын 01-ний өдрийн мэргэжлийн хяналтын байгууллагаас “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт” гаргасан боловч тус компаниас ямар нэгэн арга хэмжээ авч өгөлгүй байсаар өнөөдрийг хүртэл надад сэтгэл санаа, эд материалын хохирол учруулсаар байна.

Үүний улмаас нуруундаа хүнд гэмтэл авч, үйлдвэрлэлийн осолд орсон бөгөөд эрүүл мэндийн хувьд хохирол амсч, группт ороод байна. Үйлдвэрлэлийн осолд орсон цагаас хойш ажил олгогч “А” ХХК-ийн зүгээс ямар нэгэн нөхөн төлбөр, эмчилгээний төлбөр олгосон удаагүй мөн осолд орсоноос хойшхи хугацаанд цалин түүнтэй тэнцэх хөдөлмөрийн хөлс, тэтгэмж огт өгөөгүй. Осолд орсон өдөр буюу 2014 оны 12 сарын 14-ний өдрөөс хойш өөрийн хувийн зардлаар эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд 2015 оны 01 сарын 04-ний өдөр эмчилгээний төлбөр төлөх мөнгө хүрэхгүй байсан тул “А” ХХК-д хандан эмчилгээний зардал гаргаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан боловч төлөх боломжгүй гэсэн аман тайлбар өгсөн.

Үүний улмаас миний бие өөрийн зардлаар 5 жилийн туршид эмнэлэг, сувилалын газарт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ажил албан үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд орсны нөхөн төлбөр, эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөр, өнгөрсөн хугацааны болон цаашид зайлшгүй гарах эмчилгээний зардлуудыг тус тус хариуцагч “А” ХХК-иас 22 121 017 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд хандан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч “А” ХХК-иас 22,121,017/хорин хоёр сая нэг зуун хорин нэгэн мянга арван долоо/ төгрөгийг эмчилгээний зардалд гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнд хагалгааны зардал багтаагүй дүн болно.

Тухайн үйлдвэрийн ослоос Чанцал овогтой Б нь нуруундаа гэмтэл авч хагалгаанд орох шаардлагатай байсан ч өнөөдрийг хүртэл “А” ХХК нь ямар нэгэн тусламж үзүүлээгүйгээс болж эмчилгээ болон хагалгаа хойшлогдож өвчин нь хүндэрч улмаар хугацаа алдаснаас өтгөн шингэн алдаж байгаа байгаа тул 2020 оны 1 дүгээр capын 14-ний өдөр “Грандмед” эмнэлгийн дүрс оношилгооны тасагт нурууны зураг авахуулан үзүүлэхэд эмчлэгч эмч яаралтай хагалгаанд орох шаардлагатай/хугацаа алдвал бүсэлхийнээс доош мэдээгүй болно/ гэсэн тул хагалгааны зардал болох 8,300,000/найман сая гурван зуун мянга/ төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “А” ХХК болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүүн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Баас манай компанид “Авто ослын улмаас эрүүл мэндээрээ, хохирсон хохирол, эмчилгээний зардал, авах ёстой байсан цалингийн хэмжээ/ажлаас халах шийдвэр гарах хүртэлх хугацааны 2015 оны 04 cap хүртэлх нийт 4 сарын цалин/ нийт төлбөр болох 22,112,017 төгрөг/хорин хоёр сая нэг зуун арван хоёр мянга арван долоо/ төгрөгийн хохирол барагдуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлд 2019 оны 12 сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутанд осол болсон гэх боловч 2015 оны 04 сарын 01-ний өдөр мэргэжлийн хяналтын байгууллагаас “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт” үйлдсэн нь ойлгомжгүй ямар шалтгааны улмаас таван сарын дараа осол тогтоосон үйлдсэн нь тодорхойгүй. Үйлдвэрийн ослыг тогтоосон байгаа гэх боловч дөрвөн сарын дараа гаргахдаа ямар, ямар баримт бичиг, эмнэлэгийн магадлагаа, өвчний түүх зэргийг үндэслэсэн нь тодорхойгүй байна.

Иймд Чанцал овогтой Баас ирүүлсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэн Ч.Бын “А” ХХК-д холбогдуулан 2019 оны 12-р сарын 11-ний өдөр гаргасан “Ажлын талбайд авто ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон хохирол, эмчилгээний зардал, авах ёстой байсан цалингийн хэмжээ (2015 оны 4-р сар хүртэлх нийт 4 сарын цалин) нийт төлбөр болох 22 121 017 төгрөг гаргуулах” нэхэмжлэл, 2020 оны 3-р сарын 25-ны өдөр гаргасан “Ч.Бын нурууны хагалгаанд яаралтай орох шаардлагатай тул хагалгааны зардал 8 300 000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бухэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэргийн материалд авагдсан үйлдвэрлэлийн ослын акт өөрөө бодитой эсэх нь эргэлзээтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт дээрх онош ослын улмаас үүдэлтэй эсэх нь тодорхойгүй, онош мөн эсэх, холбогдох байгууллагуудаас тодруулга, лавлагаа гаргуулж, шинжээч томилуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг тусгайлан гаргасан болно.” гэжээ.

 

 

Иргэдийн төлөөлөгч Ш.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тус компани нэхэмжлэлийг барагдуулах ёстой. Осол гаргасан жолооч мөн хариуцлага хүлээх ёстой. Тодруулга, Үйлдвэрлэлийн осол учраас тус компани нэхэмжлэлийг барагдуулах нь зөв.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч “А” ХХК-д холбогдуулан нөхөн төлбөрт 9 046 017/есөн сая дөчин зургаан мянга арван долоо/ төгрөгийг, эмчилгээний төлбөр 17 354 548/арван долоон сая гурван зуун тавин дөрвөн мянга таван зуун дөчин найм/ төгрөгийг, цалин 4 020 452/дөрвөн сая хорин мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг, бүгд 30 421 017/гучин сая дөрвөн зуун хорин нэгэн мянга арван долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “А” ХХК нь “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт” үйлдсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хариуцагчид хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж эхэлсэн, түүний  нэг сарын цалин хөлс 1 005 113/нэг сая таван мянга нэг зуун арван гурав/ төгрөг болох нь № А0898112 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Архивын мэдээллээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчид ажиллах хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянгол баг, Уулын баяжуулах Таяннуур үйлдвэрээс Улсын хилийн Бургастайн боомт хүртэлх замаар баяжмал тээвэрлэж явсан Норд Бенз маркийн, парк дугаар №081, 40-31 УНР улсын дугаартай хүнд даацын автомашины жолооч нь тээвэрлэлтийн замын 100 дахь км-т зогсоолын талбай дээр ухрах хөдөлгөөн хийх үедээ аюулгүй байдлыг хангалгүй чиргүүлийн арын хэсгээр ард нь зогсож байсан Норд Бенз маркийн парк дугаар №85, 40-37 УНР улсын дугаартай хүнд даацын автомашины кабины зүүн урд хэсгийг мөргөж, 40-37 УНР улсын дугаар автомашины жолооч Ч.Б нь сандран кабинаасаа үсэрч буух үедээ нуруундаа гэмтэл авсан үйлдвэрлэлийн осол гарсан болох нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актын хуулбараар тогтоогдож байна.

 

Үйлдвэрлэлийн осол гарах үед үйлчилж байсан Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-д зааснаар ажил олгогч үйлдвэрлэлийн ослыг мэдээлэх, судлан бүртгэх үүргийг хүлээнэ. Хариуцагч байгууллага уг үүргээ хэрэгжүүлээгүй байх боловч нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад хандаж 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн актыг тогтоосон байна.

 

Түүнчлэн тус дүрмийн 6.1-д ажил олгогч актыг зөвшөөрөхгүй бол гомдлоо Хөдөлмөрийн мэргэжлийн хяналт хариуцсан төрийн захиргааны байгууллага болон шүүхэд гаргахаар зохицуулсан.

 

Хариуцагч нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актад гомдол гаргаагүй, энэ тухай баримтыг ирүүлээгүй тул тус акт хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Иймд актыг осол болсноос хойш 4 сарын дараа нөхөн тогтоосон, “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт” үйлдсэн нь ойлгомжгүй тухай хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь нөхөн төлбөрт 9 046 017/есөн сая дөчин зургаан мянга арван долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т “Үйлдвэрлэлийн осол ... мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан ... учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол ... өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно:”, 97.1.1-т “үйлдвэрлэлийн осол ... мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа .... 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч үйлдвэрлэлийн ослын улмаас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа 60 /жар/ хувь алдсан болох нь 0095058 дугаар болон 0132716 дугаар, 0246768 дугаар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт” үйлдсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэх тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгоогүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас нөхөн төлбөрт 9 046 017 /нэг сард 1005113 төгрөг х 9 сар=9046017  /есөн сая дөчин зургаан мянга арван долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас эмчилгээний төлбөрт 9 054 548/есөн сая тавин дөрвөн мянга таван зуун дөчин найм/ төгрөгийг, хагалгааны зардал 8 300 000 /найман сая гурван зуун мянга/ төгрөгийг, нийт 17 354 548 /арван долоон сая гурван зуун тавин дөрвөн мянга таван зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь Радикулопати/нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг/ өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60/жар/ хувь алдсан байх ба уг өвчин нь үйлдвэрлэлийн осолтой шалтгаант холбоотой болох нь нуруундаа гэмтэл авсан талаарх 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актын болон 0095058 дугаар болон 0132716 дугаар, 0246768 дугаар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх ... эрүүл мэнд ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс ... ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчид оношилогдсон Радикулопати/нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг/ өвчин нь хариуцагчид гарсан үйлдвэрлэлийн осолтой шалтгаант холбоотой байх тул хариуцагч нь уг өвчний эмчилгээ, оношилгоотой холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардлыг хариуцах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Радикулопати/нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг/ өвчний оношилгоо, эмчилгээнд нийт 3 921 472/гурван сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг зарцуулсан болох нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Кассын орлогын ордерын хуулбар, “Грандмед” эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 110635 дугаар болон 1084 дугаар Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар “Суперпроб” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын болон “Мөнгөн гүүр хоспитал” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, “Рефлекс” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Кассын орлогын ордерын хуулбар, “Мөнгөн гүүр хоспитал” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, “Грандмед Фарм” ХХК-ийн НӨАТ тооцох баримтын хуулбар, “Грандмед” эмнэлгийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн баримтын хуулбар, Хужиртрашаан сувиллын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн баримтын болон “Грандмед” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн эмчилгээний зардал гэх 9 054 548/есөн сая тавин дөрвөн мянга таван зуун дөчин найм/ төгрөгөөс үлдэх 5 133 076/9054548-3921472=5133076/ /таван сая нэг зуун гучин гурван мянга далан зургаа/ төгрөгийн зардал нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тухайлбал Грандмед хоспиталийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201610270265 дугаар болон 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 201704130522 дугаар баримтууд нь өмнө төлсөн төлбөрийг баталгаажуулсан баримт байх ба мөн Худалдаа хөгжлийн банкны баримтуудаар төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдохгүй байна.

 

 Нэхэмжлэгч нь хагалгаанд орох шаардлагатай буюу ирээдүйд гарах зардалд 8 300 000/найман сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч нэхэмжлэгч ослын улмаас хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болсон, хагалгааны  өртөг 8 300 000/найман сая гурван зуун мянга/ төгрөгийн зардал гарна гэдгийг нотлох баримтгүй байх тул хариуцагчаас 8 300 000/найман сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчаас эмчилгээний зардалд нийт 3 921 472/гурван сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 13 433 076/5133076+8300000=13433076/ /арван гурван сая дөрвөн зуун гучин гурван мянга далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин нийт 4 020 452/дөрвөн сая хорин мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарыг дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000/нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх боловч цалин хөлс олгоогүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, № 0898112 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Архивын мэдээллээр тогтоогдож байна.

 

Иймд хариуцагчаас ослын акт тогтоох хүртэлх 4 сарын олгогдоогүй цалин хөлс болох 4 020 452/4x1005113=4020452/ /дөрвөн сая хорин мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “үйлдвэрийн осол тул компани хариуцах үндэслэлтэй” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэдийн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийг барагдуулах нь зөв гэсэн дүгнэлт гаргасан ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн зарим хэсгийг хариуцагчаас гаргуулав.

 

Шүүх бүрэлдэхүүн хариуцагч “А” ХХК-иас нийт 16 987 941/арван зургаан сая есөн зуун наян долоон мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Баяржаргалд олгож, үлдсэн 13 433 076/арван гурван сая дөрвөн зуун гучин гурван мянга далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас нийт 16 987 941/арван зургаан сая есөн зуун наян долоон мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Баяржаргалд олгож, үлдсэн 13 433 076/арван гурван сая дөрвөн зуун гучин гурван мянга далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 416 400 төгрөгөөс 310 055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 106 345 төгрөгийг, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 242 889 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ

 

 

                                              ШҮҮГЧ                                    О.ОДГЭРЭЛ

 

 

                                                                     С.ЭНХБАЯР