Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 670

 

“М М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00121 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М М” ХХК нь “Г Б Н М” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 188 543 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Ж.Батмөнхийн гудамж 39/2 тоот хаягт байрлах өөрийн “Велокс” оффиссыг түрээслүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Г Б Н М” ХХК-ийн “Г Б” англи хэлний сургалтын төвтэй 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 82.85 м.кв оффисын өрөөг түрээслүүлэх MKM-Rcon-2019-02 дугаар түрээсийн гэрээг байгуулсан. Тухайн үед цагаан сар таарсан тул 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дотоод засал өрөөний хуваалтыг хийж тохижуулах хугацааг ямар ч түрээсийн төлбөргүйгээр олгосон. Дахин нэмэлтээр 40.8 м.кв талбай бүхий оффис түрээслэхээр хүсэлт гаргаснаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээний түрээсийн тооцоонд дотоод засал хийхэд оруулсан зардлаас нэхэмжлэгч тодорхой хувийг хариуцах болсон тул хасалт хийж тооцсон. Үүнээс хойш буюу 2019 оны 5 дугаар сараас түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлөхгүй байсан тул 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр MKM-SOL-19/61 тоот албан бичгээр 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор талбайг суллан гэрээг цуцлах тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Ингээд харилцан тохиролцож нэмэлт гэрээг дуусгавар болгон акт үйлдэж 40.8 м.кв талбайг буцаан авсан. Уг актаар 1 780 728 төгрөгийн жижиг өрөөний тооцооны үлдэгдэлтэй байсан. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 5 633 587 төгрөгийн өр үүсч, мөн оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2 000 000 төгрөг, 7 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус төлсөн.

Үүнээс хойш огт төлөлт хийгээгүй тул 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр захиралд нь мэдэгдэж үйл ажиллагааг зогсоож түлхүүрийг хураасан. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 15 хүртэл 15 хоног түрээсийн үлдэгдлээ төлөх хугацаа өгсөн боловч төлөхгүй, түрээсийн алдагдалд орсон тул дахин 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн MKM-SOL-19/92 тоот албан мэдэгдэл өгч 2019 оны 8 дугаар сарын 20-ны дотор эд хөрөнгөө авч талбай чөлөөлөх, барьцааны мөнгийг түрээсэнд суутгасны дараах үлдэгдэл 3 188 543.98 төгрөгийг барагдуулахыг мэдэгдсэн ч төлөөгүй тул хариуцагчаас 3 188 543 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар “Г Б Н М” ХХК-аас 3 188 543 төгрөгийг гаргуулж “М М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх, хариуцагч “Г Б Н М” ХХК-аас 65 970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М М” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах, хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах, сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хангаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэж чадаагүй. Түрээсийн гэрээний маргааны дагуу хариуцагч 4 000 000 төгрөгийн өмч хөрөнгө /тавилга/ хүлээн аваагүй, түрээсийн байр хүлээлцсэн акт, түрээс төлсөн төлбөрийг хоорондын дансаар тооцсон баримтаар тулгах, түрээслэгчийн үйл ажиллагааг гэнэт зогсоосноос үүдэлтэй “Г Б” сургалтын төвд сурч байсан оюутнуудыг хичээллүүлэх боломжгүй болж нийт 20 000 000 төгрөгийг буцааж өгсөн учир холбогдох баримтыг хариуцагч гаргаж маргах байсан.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндбаяр хууль, эрх зүйн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдлэггүйн улмаас шүүхээс үнэлэх ёстой нотлох баримтаа хүсэлт гаргаж шүүхийн журмаар ажиллагаа хийлгэх, хуулийн шаардлага хангуулан шүүхэд гаргах, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт орж мэтгэлцэх, сөрөг нэхэмжлэл гаргаж өгөөгүй байхад хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан нь шударга бус байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “М М” ХХК нь хариуцагч “Г Б Н М” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 188 543 төгрөг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх1-2/, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Д.Өсөхжаргал 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гардан авсан /хх63/ байх боловч шүүхээс тогтоосон хугацаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд дээрх шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан MKM-Rcon-2019-02 дугаар “Түрээсийн гэрээ” /хх7-41/, уг гэрээний нэмэлт өөрчлөлт №01 /хх49-50/ зэргээс үзвэл, түрээслэгч “Г Б Н М” ХХК нь нэхэмжлэгч “М М” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу “Финтек” оффисын барилгын 6 давхарт 82.85 м.кв талбайг 1 сарын 1 657 000 төгрөгөөр, 40.8 мкв талбайг 1 сарын 877 200 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-30-ны өдрийн хооронд урьдчилан төлөх ерөнхий болон тусгай нөхцлийг харилцан тохиролцсон байна.  

 

Талууд дээрх байдлаар хүсэл зоригоо илэрхийлж, түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцож, гэрээг бичгээр үйлдэн гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар бичгээр хийх хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэрэгт авагдсан “өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан” /хх 51, 53/, “оффис түрээсийн гэрээг цуцлахад үйлдэх акт” /хх55/, “тооцооны үлдэгдлийн баталгаа” /хх56/ зэрэг бичгийн баримтыг харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 82.85 м.кв талбайг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 40.8 м.кв талбайг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийн эзэмшил ашиглалтад хүлээлгэн өгснөөр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлжээ.

 

Хариуцагчийн хувьд 82.85 м.кв талбайг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 40.8 м.кв талбайг 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, компанийн дүрэмд заасан Англи хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан боловч түрээсийн төлбөрийг гэрээ ёсоор төлөөгүйн улмаас түрээслүүлэгчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” MKM-SOL-19/92 дугаар албан бичиг болон дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх 51-56/

 

Талууд гэрээний ерөнхий нөхцөлөөр “түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна менежментийн төлбөр төлөх” талаар тусгасан нь талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох тухай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцсэн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн, тухайн төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.05 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцох талаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөрийг хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой тооцогдох алдангийг шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ, анхан шатны шүүх хэргийн оролцогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаагүй, хууль зүйн туслалцаа авах, сөрөг нэхэмжлэл гаргах, нотлох баримт гаргаж мэтгэлцэх эрхийг зөрчсөн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Д.Өсөхжаргал 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан. /хх 63/ Шүүх хуульд заасан эрх, үүргийг хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх болон итгэмжлэлээр төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээдүүдэд тус тус танилцуулсан. /хх 61/

 

Улмаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх П.Мэндбаяр нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, сөрөг нэхэмжлэл гаргах боломжоор хангаж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хангаагүй бөгөөд үндэслэлээ “П.Мэндбаярт “Г Б Н М” ХХК-аас итгэмжлэл олгогдоогүй, хэргийн оролцогч бус этгээд” гэж дүгнэж, харин хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр нь хангаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байна. /хх 80-82, 87-88/ Үүний дараа хариуцагч компанийн захирал Д.Өсөхжаргал нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр П.Мэндбаярт итгэмжлэл олгосноор /хх95/ тэрээр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэргийн материалтай танилцаж /хх98/, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хангаж 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлосон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. /хх99-103/ Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дах хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд эрхээ эдэлж чадаагүй, шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00121 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Г Б Н М” ХХК-аас төлсөн 65 967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                          Т.ТУЯА