Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2023/00198

 

Б.Эы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02077 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01306 дугаар магадлалтай,

Б.Эы нэхэмжлэлтэй

“Х” ХХК, Ц.Тд холбогдох

   Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 18,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Угын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Э нь “Х” ХХК, Ц.Т нарт холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 18,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02077 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Х ХХК-иас 6,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.Тд холбогдох болон ..... хотхонд байрлах Э-АХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт байрлах 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 12,500,000.00 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,020.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110,950.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01306 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02077 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 18,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.Тд холбогдох болон ..... хотхонд байрлах Э-АХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт байрлах 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын 110,950 гэснийг 250,450 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.Шүүх хууль хэрэглээний зөрүү гаргасан тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-т "... нэхэмжлэгч Б.Э, хариуцагч “Х” ХХК нарын 2018.11.21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ..... хотхонд байрлах “ЭА” ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок 6 дугаар давхарт байрлах 34,77 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь хариуцагч “Х” ХХК-ийнх бус, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гуравдагч этгээд “ЭА” ХХК-ийн өмч ..." гэж дүгнэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 4.1-т “Хэргийн баримтаар Б.Э болон “Х” ХХК-ийн байгуулсан гэрээний зүйл болж буй ..... хотхонд байрлах “ЭА” ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт байрлах 34.77м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь “ЭА” ХХК-ийн өмчлөгчөөр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байгаа нь тогтоогдсон." гэж дүгнэсэн нь дуусаагүй барилгын гэрчилгээтэй холбоотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, журмын зохицуулалтыг буруу тайлбарлаж, хууль хэрэглээний зөрүүг бий болгосон.

1.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.6.3-т зааснаар барьж дуусаагүй барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн барилгын гүйцэтгэлийг гүйцэтгэгчийн тодорхойлсон баримтыг үндэслэн бүртгэхээр заасан. Барьж дуусаагүй барилгын гэрчилгээ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 100 хувийн өмчлөгч болохыг нотлохгүй болохыг дээр дурдсан хууль, журамд тодорхой зохицуулсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг үндэслэн “маргаж буй орон сууцны өмчлөгч”-ийг тодорхойлсонд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт авагдсан “ЭА” ХХК-д холбогдох материалуудаас үзвэл, баригдаж буй барилга нь 70 хувийн гүйцэтгэлтэй болохыг тодорхойлж, дуусаагүй барилгын гэрчилгээг “ЭА” ХХК-д олгосон, гэрчилгээг олгох үед нийт барилгын 6 хүрэхгүй давхрын угсралт хийгдэж байсныг нотлох гэрэл зургууд байх бөгөөд тухайн 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч Б.Эы захиалан бариулсан орон сууцны талбай багтаж байгааг тогтоосон баримт огт байхгүй, тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн.

1.2. Мөн шүүхийн шийдвэрт “Нэхэмжлэгч нь “Х” ХХК-тай 2018.11.21-ний өдөр гэрээ байгуулахаас өмнө тухайн гэрээний зүйл болох 2 өрөө орон сууц байрлаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь 2016.05.18-ны өдөр “ЭА” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх тул үүнийг “Х” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн гэж үзэж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Б.Эы 2 өрөө орон сууц байрлаж буй барилга “ЭА” ХХК-ийн нэр дээр дутуу гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээ гарсны дараа баригдсан “Х” ХХК-ийн ажлын гүйцэтгэл хийгдсэн байна. Энэ нь гэрч Ч.Цгийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр нотлогддог. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.6.3-т зааснаар “Э-А” ХХК-д олгосон дуусаагүй барилгын гэрчилгээ нь тухайн барилгын гүйцэтгэгч болохыг, мөн барилгын гүйцэтгэлийг тодорхойлно. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдсөнтэй холбоотой улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж заасны дагуу барилгын гүйцэтгэл бүрэн болоход шүүхийн шийдвэр болон гэрээ, хэлцлийг үндэслэн өмчлөх эрхийг салгаж бүртгэх боломжтой болохыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6.3-т тодорхой заасан тул нэхэмжлэгч Б.Э нь гэрээний дагуу маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж үзэж байна.

4.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитой судалж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг дагаж мөрдөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан “ЭА” ХХК-ийн дуусаагүй барилгын гэрчилгээ, гэрчийн мэдүүлэг, хариуцагч болон гуравдагч этгээд нарын тайлбараас үзвэл, хариуцагч “ХЦ” ХХК нь нэхэмжлэгч Б.Этай Орон сууц захиалгын гэрээ хийж байх үедээ маргааны зүйл болох орон сууцыг бартераар өөртөө шилжүүлэн авсан, мөн түүнийгээ бусдад шилжүүлэх эрхтэй байсан нь талуудын тайлбараар нотлогддог. Барилгын хоёр компанийн тайлбараас үзвэл, хожим “Х” ХХК болон “ЭА” ХХК-ийн гэрээний тохиролцоо өөрчлөгдсөн ба үүний улмаас нэхэмжлэгч Б.Эд хохиролтой нөхцөл байдлыг үүсгэсэн бөгөөд маргаан гарах гол шалтгаан болсон.

Мөн “ЭА” ХХК-д олгосон 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ нь уг барилгын 70 хувийн гүйцэтгэлд хөрөнгө оруулсан, эсхүл 70 хувийн гүйцэтгэлийг хийж гүйцэтгэсэн этгээдийг тодорхойлно. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь “ЭА” ХХК гэсэн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, мэдээлэл нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдаагүй, маргаан бүхий орон сууц нь 70 хувийн дуусаагүй барилгын гүйцэтгэлд хамаарахгүй байхад “ЭА” ХХК-ийг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй. Өөрөөр хэлбэл, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэй болоход нэхэмжлэгч Б.Э нь хөрөнгө оруулалт хийсэн, хоёр барилгын компани хоорондын тохиролцооны дагуу нэхэмжлэгч Б.Этай хариуцагч “ХЦ” ХХК нь Орон сууц захиалгын гэрээ байгуулж, үүнийг “ЭА” ХХК мэдэж байсан. Гэвч хожим нь барилгын хоёр компани хоорондын тохиролцоогоо нэхэмжлэгч Б.Эд мэдэгдэлгүйгээр, түүнд хохиролтойгоор өөрчилж, Орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлэх ёстой үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, өмлөх эрхийг зөрчиж байгаад гомдол байна.

Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.10.06-ны өдрийн 001ШХТ2023/01081 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Угын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Угын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

7.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Х” ХХК, Ц.Т нарт холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 18,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

7.1. Нэхэмжлэгч Б.Э хариуцагч “Х” ХХК-д холбогдох шаардлагын үндэслэлээ “... нэхэмжлэгч нь 2018.11.21-ний өдөр “Х” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь ..... хотхонд байрлах “ЭА” ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок байрны 6 дугаар давхарт 1 м.кв талбайг 1,200,000 төгрөгөөр тооцож нийт 41,724,000 төгрөгийн үнийн дүн бүхий 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019.01.31-ний өдрийн дотор барьж хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т дансанд орон сууцны үнийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу 37,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ... гэрээний 3.2-т үлдэгдэл төлбөр болох 4,724,000 төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа төлнө гэсэн тул байр ашиглалтад орж, хүлээн авсан даруйд төлөхөөр хүлээж байна. ... Хариуцагч нь орон сууцыг 2019.01.31-ний өдрийн дотор барьж, захиалагч надад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй 3 жил 10 сарын хугацаа өнгөрсөн. ... Гэрээний 4.14-т заасны дагуу алданги 18,500,000 төгрөгийг шаардана” гэж тайлбарласан.

7.2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Тд холбогдох шаардлагын үндэслэлээ ““Х” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасны дагуу эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй бол хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д гүйцэтгэх захирал нь эрх бүхий албан тушаалтан тул нэхэмжлэлийн шаардлагыг адил хариуцна.” гэж тодорхойлсон байна.

8.Хариуцагч “Х” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... гэрээнд заасан Б блок барилга нь манай компанийн өмчлөлийн зүйл бус, “ЭА” ХХК-ийн өмчлөлийн зүйл, ... “ЭА” ХХК-тай тохиролцож чадвал 6 давхрын 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжтой. ...алдангийн 6,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэж маргасан бол хариуцагч Ц.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, орон сууцны захиалгын гэрээг иргэн Ц.Т байгуулаагүй тул иргэн надад тайлбарлах зүйл байхгүй” гэсэн тайлбар ирүүлжээ.

9.Анхан шатны шүүх хариуцагч “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 6,000,000 төгрөгийн алданги гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг болон хариуцагч Ц.Тд холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “...нэхэмжлэгч Б.Э, хариуцагч “Х” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. ... Ц.Ттай гэрээний харилцаа үүсээгүй. ... ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь хариуцагч “Х” ХХК-ийн бус, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гуравдагч этгээд “Э-А” ХХК-ийн өмч ... “Э-А” ХХК-ийн өмчлөлийн зүйлийг нэхэмжлэгч Б.Эд хүлээлгэн өгөхийг хариуцагч “Х” ХХК-нд даалгах боломжгүй. ... хариуцагч компани зөвшөөрсөн тул 6,000,000.00 төгрөгийн алдангийг гаргуулна. ...” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 18,500,000 төгрөгийг гаргуулан шийдвэрт өөрчлөлт оруулсан байх ба магадлалд “... орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч “Х” ХХК биелүүлээгүй. ... гэрээний зүйл бусдын өмчлөлд байгаа нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул алданги 18,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хангах нь зүйтэй.” гэж үзсэн байна.

 11.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Угын гаргасан хоёр шатны шүүх хууль, холбогдох журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн, нотлох баримтыг зөв үнэлж чадаагүйгээс хэргийн үйл баримтыг буруу тогтоож хэргийг алдаатай шийдвэрлэсэн гэх гомдлын хүрээнд хэргийг хэлэлцлээ. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдолд дутуу баригдсан барилгын өмчлөх эрх барилгын ажлын санхүүжилт, захиалгын гэрээний хэрэгжилттэй уялдан өөрчлөгдөх боломжтойг хоёр шатны шүүх анхаарсангүй, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас “Х” ХХК-д Б блокийн 6 давхрын 34.77м.кв талбайтай 2 өрөө орон сууцны талаар захиалгын гэрээ хийх эрх олгогдсон болох нь тогтоогдсон тул бусдын өмчлөлийн зүйлийн талаар хэлцэл хийсэн гэж дүгнэсэн шийдвэр, магадлал үндэслэлгүй гэх агуулга хөндөгджээ.

12.Нэхэмжлэгч Б.Э маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг “Х” ХХК-д холбогдуулан гаргахдаа түүнтэй байгуулсан орон сууцны захиалгын гэрээг үндэслэл болгосон байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц нь “ЭА” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар дээр баригдсан дутуу гүйцэтгэлтэй барилгын бүрдэл хэсэгт хамаарах үйл баримт тогтоогдсон бөгөөд уг барилга нь А, Б, С гэх гурван блокоос бүрдэж, А блокийн дутуу барилгыг “Х” ХХК, Б блокийн дутуу барилгыг “ЭА” ХХК тус тус өмчилдөг талаар талууд маргаагүй. Харин талуудын маргааны зүйл болсон орон сууц Б блокийн 6 давхарт байрлах ба тус орон сууц нь “ЭА” ХХК дутуу барилгын өмчлөх эрхээ бүртгүүлэх үед хараахан баригдаагүй байсан гэж нэхэмжлэгч мэтгэлцсэнийг хариуцагч үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хожим түүний санхүүжилтээр уг орон сууц бий болсон гэх агуулгаар маргасан.

Дутуу барилгыг “үл хөдлөх эд хөрөнгө” гэж тооцон, анх удаа 2016.05.18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХ дугаарт бүртгэх үед барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байсан тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.04.03-ны өдрийн 5/2977 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг дутуу барилгын өмчлөгч бус этгээдэд холбогдуулан гаргасан нөхцөл байдал хэргийн баримтаас тогтоогдсон гэж дүгнэхдээ уг барилгыг гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд барилгын өмчлөгч ба гүйцэтгэгч нарын хооронд бий болсон эрх зүйн харилцаанд ач холбогдол өгсөнгүй. Гэтэл өмчлөгч ба гүйцэтгэгч хэрхэн тохиролцсоноос хамаарч гүйцэтгэгч ба захиалагч хоорондын тохиролцооны нөхцөл тодорч, эрх үүрэг тодорхойлогдоно.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа “... “ЭА” ХХК-тай тохиролцож чадвал 6 давхрын 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжтой. Гэвч “ЭА” ХХК-ийн захирал Ч.Ц нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэж, гэрч Ч.Ц “...мөнгө бүтвэл барилгын ажлыг нь хийж өгөөд байр авах боломж байна гэж энэ хүн харж байгаа байх, гэхдээ ажлаа хийж гүйцэтгэж байж байр авахаас хийгээгүй байж хүний хөрөнгө авна гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Х” ХХК, болон “ЭА” ХХК-ийн хооронд маргаан бүхий орон сууцны талаар өмчлөх эрх шилжүүлэх, эсхүл бусдаас “захиалга авах эрхээ шилжүүлэх” аль нэг тохиролцоо байх боломжтой байна.

Баригдаж буй барилгын өмчлөгч, гүйцэтгэгч, мэргэшсэн санхүүгийн байгууллагууд баригдаж буй орон сууцны талаар хэлцэл хийх бүртээ тэдгээрийн үйл ажиллагаанд шударгаар итгэж үнэмшин захиалга өгсөн гуравдагч этгээдийн эрх ашиг ноцтой хөндөгдөж болзошгүйг мэдэх боломжтой, мэдэх үүрэгтэй болохыг анхаарвал зохино. 

13. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлж, нэхэмжлэлд дурдагдсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан үндэслэл тус бүрээр мэтгэлцүүлээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Угын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дутуу гүйцэтгэлтэй барилгад өмчлөх эрх олгогдсон онцлогийг харгалзаж гүйцэтгэл дутуу барилгын талаарх гүйцэтгэгч ба өмчлөгчийн хооронд бий болсон тохиролцооны нөхцөлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх агуулга бүхий гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02077 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01306 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Угын гаргасан гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Э нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.08.11-ний өдөр төлсөн 366,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                                  

 

ДАРГАЛАГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Д.ЦОЛМОН