Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй 

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч М.Б

Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

            Шүүгдэгч Г.М

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол, Т.Дашцэрэн  

           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын гомдлоор Г.Мд холбогдох /2 хавтас/ эрүүгийн 1922001650083 тоот хэргийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

  Монгол Улсын иргэн, төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, волейболын спортын 2 дугаар зэрэгтэй гэх, /РД: / Б овогт Гийн М нь 2019 оны 6 сарын 6-ны өдөр мотоцикль ашиглан бусдын 4 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас Г.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Шүүгдэгч Б овогт Гийн Мийг бусдын 4 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Мд 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Г.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хурааж, битүүмжлүүлээгүй, хохирогч М.От 10 тооны ямаа, 10 тооны төлөг, бэлнээр 4.500.000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч М.л “гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурьдаж, М.Б, Ж.Х, М.Ц нарт учирсан эд хөрөнгийн гэм хор бүрэн төлөгдсөн үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  хохирогч М.Бийн хохиролд нэхэмжилсэн 10 сая төгрөгийн  иргэний нэхэмжпэлийг хэлэлцэхгүй орхиж,  М.Б нь өөрт учирсан эд хөрөнгийн гэм хорыг арилгуулахтай холбогдох нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

           Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “HAOJUE” маркийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хураан авч улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  түүний  цагдан хоригдсон хугацааг хорих ялаас хасч тооцох, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн мотоцикль Дундговь аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

           Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 6 сарын 6-ны өдөр бусдын 4 тооны адууг хулгайлсан. Хохирогч М.Бт 4.500.000 төгрөг, 10 ямаа, 10 төлөг өгч хохирлыг барагдуулсан. Хохирогч нар бүгд ах дүүс тул М.Б уг хохирлыг хохирогч нарт хувааж өгч барагдуулсан гэж бодож байгаа. Би тэгж ойлгосон. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хүсч байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2020 /ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 6 сарын 6-ны өдөр бусдын 4 тооны адууг хулгайлж, 4.200.000 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн байдаг.

“Ашид билгүүн" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Бын гэх халиун зүсмийн морь 1.100.000 төгрөгөөр, Ж.Хгийн гэх ухаа зүсмийн морь 1.100.000 төгрөгөөр, М.Бийн 2 морь нийт 2.200.000 төгрөгөөр үнэлэгдсэн байхад М.Б нь 4.500.000 төгрөг, 10 ямаа, 10 төлөг хохиролд авсан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогч нарт 4.500.000 төгрөг, 10 хонь, 10 ямаа өгч, хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Хохирогч М.Б, Ж.Х нар хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдаг.

Харин хохирогч М.Б хулгайд алдсан 2 морио хурдны удамтай гэж 5 саяар үнэлж байх боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс М.Бид учруулсан гэм хорыг арилгаагүй гэж үзэн хорих ял оногдуулсан байх тул хэрэгт авагдсан бодит хохирол болох 2.200.000 төгрөгийг хохирогч М.Бид өгч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нь ам бүл ганцаараа, малаа ганцаараа маллаж амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол: Хохирогчид 2 морины үнэ 2.200.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлж барагдуулсан. Хохирогчийн талаас шүүгдэгч Мөнх-Эрдэний ар гэрийнхэн шүүгдэгчийн ар гэрийнхэнийг дарамталдаг. Хохирлыг төлсөн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

Хохирогч М.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хохирогч миний нэхэмжилсэн хохирлыг шийдэлгүй орхиж, хэргийн бүрдэлт дутуу байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь би Г.Мий хулгайлж зарсан, хурдны удамтай 2 адуугаа нийтэд нь 10 сая төгрөгөөр үнэлсэн ба шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхиилсэн. Мөн надад уг 2 адууг худалдсан хүмүүсийг гэрчээр асуулгахыг хүсч улмаар Н.Базаргарьд гэдэг хүн Төв аймгийн цагдаагийн газарт Б.Даваадорж мөрдөгчийн даалгавраар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч уг мэдүүлэг нь хэрэгт авагдаагүй, одоо мөрдөгч Б.Даваадоржид байна.

Мөн бидний алдсан 1 тооны унагыг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо ТОДОРХОЙЛОХ хэсэгт “1 тооны унага алдагдсан” гэх гомдлыг шалгах ажиллагаа явагдаагүй тул энэ талаарх гомдлоо зохих газарт нь шалгуулах нь зүйтэй хэмээн дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой. Энэ 1 унага алдагдсан  нь Г.Мий гэм буруутай үйлдлээс шууд хамааралтай болохыг Г.Мий өөрийнх нь болон гэрч М.Цын мэдүүлгээр нотлогддог. Г.М нь Дэлгэрхангай сумын Хангийн булаг гэх газраас Эрдэнэдалай сумын Бунхантын бууц хэмээх 123 километр зайтай газар хүртэл, ингэхдээ маш тойруу замаар даялж, тээврийн хэрэгсэл ашиглан бидний 3 унагатайгаа нийт 26 тооны адууг хулгайлан тууварласан байдаг. Тэрээр өөрийнхөө мэдүүлэгтээ энэ талаараа хэлсэн байдаг ба бусад баримтуудаар энэ нь нотлогддог. Өөртөө олон тооны мал хөрөнгөтэй, “Мянгат малчин” айлын хүүхэд байж, бусдын мал хөрөнгөд шунаж, ингэж хохироочихоод хохирлыг минь барагдуулахгүй байгаад Г.Мд маш их гомдолтой байна. Би бусдаас үнэтэй адуу худалдан авч уралдуулдаг байсан тухайгаа анхнаас нь хэлсэн.  Бидний зүгээс Мий ар гэрийнхнийг дарамталсан асуудал байхгүй. Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажил хийдэг. Даваадорж байцаагчид өгсөн баримтыг хэрэгт одоо болтол  хийгээгүй байгаад гомдолтой.  Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж, хохирлын болон хэргийн бодит байдлыг тогтоолгож, эрхээ сэргээлгэх боломжоор хангаж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн: Хохирогч нь адууны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Адууг үнэлэхдээ хурдан, орон нутгийн наадамд уяж уралдуулдаг, дээгүүр давхидаг байсан талаар хохирогч мэдүүлдэг боловч үнэлгээ гаргахдаа энэ байдлыг анхаарч үзээгүй. Иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарч чадаагүй. Халиун морь нь Мий морь боловч аав Мунтагынд тоологдож явдаг байсан. Уядаг хурдан адуу болохыг гэрчилсэн гэрчийг байцаасан боловч мэдүүлгийг хэрэгт аваагүй тул хэргийг  бүрэн шалгаж нотлоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тус шүүх хуралдаанд аймгийн прокурорын томилсноор оролцож байна. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогчид иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг олгосон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

          Хохирогч М.Бийн давж заалдах гомдлын тухайд: Алдагдсан адууны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг 2 адууг худалдсан хүмүүсийг гэрчээр асуулгах, 1  унаганы асуудлыг шалгахыг  хүссэн  гомдол гаргажээ. Мөрдөгчөөс улс, аймаг сумын наадамд айраг, түрүү авч байгаагүй, 17 настай халиун морь, 8 настай хүрэн морь, 7 настай шарга морь, 15 настай ухаа моринд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ашидбилгүүн ХХК-аар үнэ тогтоолгох тогтоол гаргаж, хохирогч М.Б, яллагдагч Г.М нарт танилцуулсан /хх-189/ бөгөөд, ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна. Ашидбилгүүн ХХК нь монгол малын орон нутгийн үнэ ханшийн мэдээлэл, адууны махны зах зээлийн борлуулалтын дундаж үнийг үндэслэн адуу тус бүрийг 1.000.000-1.100.000 төгрөгөөр үнэлэн нийтдээ 4.200.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон үнэлгээний дүгнэлт гаргасныг   хохирогч Ж.Х, М.Ц нарт танилцуулахад санал, гомдолгүй гэсэн бөгөөд хохирогч М.Б хүрэн морь нь Цавчирын суварганы наадамд 6, Цогт-Овоод 9-д хурдалж байсан. Шарга морь нь Дэлгэрхангай уулын тахилгад 7-д хурдалж байсан, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын улсын алдарт уяач С.Төмөр-Очир гэдэг хүний унаган адуу. Үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй гэсэн үндэслэлээр морь тус бүрийг 5.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхисон нь хуульд нийцсэн байх тул хохирогч М.Бын хууль ёсны төлөөлөгч  М.Бийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

          Шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн давж заалдах гомдлын тухайд: Хохирлоо төлж барагдуулсныг харгалзан анхан шатны шүүхээс  оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн гомдол гаргажээ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хохирол төлсөн асуудлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар авч үздэг боловч давж заалдах шатны шүүхээс гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, биечлэн  эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн болно. 

      Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн, хохирогч М.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн, Д.Цоодол, хохирогч М.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ