Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 16

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

           

         

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Хохирогч: М.Б

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч: М.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол

Шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох 1922001650083 тоот хэргийг 2019 оны 1 сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд .................. төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй гэх, малчин гэх, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар баг “Тэмээт” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, волейболын спортын 2 дугаар зэрэгтэй гэх, Г.М нь мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 6 сарын 6-ны өдөр мотоцикль ашиглан бусдын 4 тооны адууг хулгайлсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

    -Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд “М.Ц-ын 4 тооны морь хулгайд алдсан” гэжээ/хх-2/

  • Хохирогч Ж.Хандаагийн : 2019 оны 6 сард өдрийг нь санахгүй байна. Хүү Ц “ манай адуунаас 4 морь алга болсон байна хүн авчихсан юм шиг байна дүү Отгонбаатарын халиун шарга, Б ахын хүрэн хээр, шарга, танай сартай ухаа морьд алга болсон байна” гэж хэлсэн. Манай алдсан адуу 15 настай ухаа зүсмийн морь байсан. Манай өвгөний хонины морь байсан юм. Манай хүний хонинд унадаг унааны морь байсан юм.” гэх мэдүүлэг/хх-175-179/
  • Хохирогч М.Б-ийн : 2019 оны 6 сарын 15-ны үед байх дүү Ц утсаар холбогдоод “адуу усандаа ирсэн чинь 4 морь байхгүй байна. Тэрний хоёр нь таны хүрэн морь, шарга морь алдагдсан байна гэж хэлсэн. Миний алдсан 7 настай шарга морь, хүрэн 8 настай 1 азарга, нэг эхийн төлүүд байсан юм. Би шарга, хүрэн морины эцэг болох шарга азаргыг Булган аймгийн Могод сумын харъяат Нямсүрэнгийн Базаргарьд гэдэг хүнээс 2010 онд “Делика” машиныг 6 сая төгрөгөнд бодоод, дээр нь бэлэн 4 сая төгрөг нэмж өгөөд худалдаж авсан. Эх нь болох хүрэн гүүг аймгийн алдарт уяач Очирсүрэнгийн Оюунболд гэдэг хүн бэлгэнд өгсөн юм. Ийм учраас би алдсан хүрэн, шарга 2 морио хурдан удамтай гэж үзэж байгаа юм. Гомдолтой байна. Өчнөөн ажил удаж байна. Хохирол мөнгөө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-180/
  • Хохирогч М.О-ын “Эрдэнэдалай суманд мал маллаж амьдардаг манай ах Цэнджав 2019 оны 7 сард утсаар залгаад “халиун морийг алдчихаад авсан хүнийг нь олсон гэж хэлсэн. Миний алдсан морь улс, аймаг сумын наадамд уралдаж байгаагүй. Улс, аймаг, сумнаас авсан шагнал байхгүй. Манай унаган адуу байгаа юм. Хурдан удам байхгүй. Манай ах Цэнджав өөрийнхөө адуутайгаа цуг малладаг байсан. Миний нэр дээр ямар нэгэн мал тооллогддоггүй тэр халиун морь миний морь боловч аав Мунтагын нэр дээр тоолуулдаг байсан юм гэх мэдүүлэг/хх170-171/
  • Хохирогч М.Ц ” ...Би өөрийн Хул халзан азаргатай 25-н тоотой /сэтэртэй туухай зоосон тамгатай, гохон зуузай тамгатай/ адуугаа 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эгчийн хүүхэд Амартүвшин гэх залууд маллуулахаар Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Ямаа даравгай” гэх газарт авч ирж өгсөн юм. Тэгээд манай дүү Амартүвшин адууг маань өөрийн адуутайгаа аваад Дэлгэрхангай сумын “Хангийн булаг” гэх газарт 5 дугаар сарын эхээр авчирсан талаар хэлж байснаа 2019 оны 6 дугаар сарын эхээр надад утсаар адууг чинь алдчихлаа сураглаж байгаарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай адуу өөрийн нутагладаг Эрдэнэдалай сумын “Цавчир” багийн нутаг “Замбалын Гашуун” гэх худаг дээр баруун өмнө зүгээс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн үдээс хойш нар хэвийж байх үед 18-н тоотой адуу гүйж ирсэн. Тэгээд манай дүү Амартүвшингийн адуунд байгаа гэх 4-н тооны адуунаас бусад /халиун морь, ухаа морь, хүрэн морь, шарга морь/ гэх зүсний бүдүүн нас гүйцсэн тарга тэвээрэг сайтай морьд алга байсан” гэх мэдүүлэг  /хх-5/
  • Хохирогч М.Ц-ын: Намайг 2019 оны 6 сарын 13-ны өдөр Эрдэнэдалай сумын 1-р багийн “Гашуун” гэх газарт байх худаг дээр манай адуу гүйж ирсэн. Тэгэхэд бүдүүн 18 тооны адуу 2 унагатай хамт ирсэн юм. Тэгэхэд би услаад гаргасан. Миний малнаас ямар чадуу алдагдаагүй, тухайн алдсан 4 тооны адууны шарга, хүрэн хоёр морь нь Б ахынх, ухаа 1 морь нь аавынх, халиун морь нь дүү О-нх байгаа юм гэх мэдүүлэг /хх181-182/
  • Гэрч А.Амартүвшингийн ““...Миний ээжийн төрсөн дүү Ц нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны орчимд миний нутаглаж байгаа Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Ямаа даравгай” гэх газарт өөрийн 25 тоотой Хул халзан азаргатай, сэтэртэй туухай тамгатай, зоосон тамгатай, чандмань тамгатай азарга адууг маллуулахаар хүлээлгэж өгсөн. Би 2019 оны 5 дугаар сарын 1-ний орчимд “Хан” гэх газрын булаг руу маллаж байсан 3-н азарга адуугаа туугаад орж ирсэн. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр услаад гаргасан 3-н азарга адуунаас манай ах Ц-ын хул азаргатай адуу алга болчихсон. Би Ц ахын нутаглаж байгаа буюу уг адууны өөрийн нутаг “Цавчир” гэх газар луу гүйгээд явчихлаа гэж бодоод Хангийн ойр хавиар сураг тавиад 7 орчим хонож байтал Цэнджав ах над руу яриад манай адуу усандаа гүйгээд ирлээ 4-н тооны морь алга байна гэсэн. Тухайн 4-н тооны морийг зүсээр нь асуутал Цэнджав ах надад хандан /халиун морь, ухаа морь, шарга морь, хүрэн морь/ байхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-13/
  • Гэрч Т.Цамбагаравын “...Би 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Хөтөл” гэх газраас Эрдэнэдалай сум ортол Мөнхөө гэх залуутай таартал надад хандан би танай хажууд адуу орхисон юм. Түүнээс 5-н морь барьж Луус сум руу ачуулъя гэж хэлэхэд нь өө тийм үү гээд салсан. Тэгээд би өдөр нь гэртээ очоод байж байсан чинь Жав гэх айлын өвөлжөөнд адуу хашилцаад өгөөч гээд залгасан. Би очиж адуу хашилцтал хонгор халиун азаргатай, 1 алагтай адуу туухай, зоосон тамгатай адуу байсан. Тэгээд би адуу хашилцаж орхичихоод яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-7/
  • Гэрч Ж.Чойжамцын: “...2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр манай сумын Мөнхөө гэх залуу миний утас руу залгаад та адуу авч байгаа юмуу гэсэн би хариуд нь авч байгаа гэж хэлтэл надад хандан би танд 4-5 тооны адуу аваачиж заръя гэж хэлсэн. Би хариуд нь маргааш эзгүй байна хөдөө явна гэж хэлтэл Мөнхөө ачиж аваачаад хашаанд чинь буулгачихъя гэж хэлсэн. Гэтэл 2019.06.06-ны орой дахин над руу утсаар яриад машин эвдрээд мотоциклиор хөөж яваад сумаас баруун тийш 20 км зайтай байх Бямбажав гэх айлын эзэнгүй хороонд хашчихлаа та ирж ав гэж хэлсэн. Би орой болсон байна маргааш болъё гэж хэлсэн. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө Мөнхөөтэй хамт очоод бүдүүн морийг 900000 төгрөгөөр тус бүрийг үнэлж аваад жижигхэн биетэй шарга морийг үнэ тохиролгүй буцаасан, мөн морьдоо ачих гэтэл чадаагүй Мөнхөө шарга морио хөтлөөд гэртээ хурга заслаа гэж хэлээд явсан. Би сумын төв орж Батболд, Баатар гэх 2 хүн аваад буцаж очоод адууг ачиж авчирсан. Би өдөр 15 цаг болж байхад Эмээлт рүү гараад нядалж зарсан” гэх мэдүүлэг /хх-8-9/
  • Гэрч Д.Батболдын: “...2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө манай сумын Чойжамц гэх хүн өглөө 7 цаг өнгөрч байхад адуу ачилцаад өгөөч гэж хэлэхэд нь Баатарчулуун гэх хүний хамт Эрдэнэдалай сумаас баруун тийш 20 орчим км зайд “Уул-Овоо” гэх газар айлын өвөлжөөнд хоёр, хоёроор нь холбочихсон 4-н тооны бүдүүн морь байсныг ачилцаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-10/
  • Гэрч С.Баатарчулууны: “...2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө 7 цаг болж байсан байх манай сумын Чойжамц гэх хүн ирээд ойрхон хөдөө очоод адуу ачилцаад өгөөч гэж гуйсан. Тэгээд цагаан өнгийн Чойжамц гэх хүний портерт  суугаад Эрдэнэдалай сумаас баруун тийш 20 орчим километр айлын эзэнгүй өвөлжөөнд очтол 4-н тооны бүдүүн морь хашаатай байсан одоо бодоход халиун зүсмийн морь, бор морь, зээрд морь, хүрэн морь байсан байхаа сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-11/
  • Гэрч О.Оюунчимэгийн “... 2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө манай сумын мал мах түүхий эд авдаг Чойжамц гэх хүн ирээд 4-н тооны адуу Ганхуяг гэх айлаас авсан амьд малын гарал үүслийн бичиг авъя гэж хэлсэн. Би өөрөөс нь зүс, тамгыг нь асууж бичиг хийж өгсөн. Худалдаж авсан гэрээ байгаагүй, малчны тэмдэг байгаагүй. Ганхуяг гэх айл Дэлгэрхангай суманд нүүж явааг би мэдэж байсан. Миний гарал үүслийн дугаар 1016 гэсэн дугаартай. Гарал үүслийн бичиг олгохдоо баримталдаг журмыг цээжээр хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-12/
  • Яллагдагч Г.М-ийн “Би 2019 оны 3 сарын 20-ын үе буюу 4 сарын эхээр Дэлгэрхангай сумын ар руу гарсан. Тэгсэн чинь 4 сарын сүүлээр 2 ч удаа шуурга тавьсан юм. Тэгэхэд хул халзан азаргатай адуу тогтоосон юм. Тэгээд 5 сарын эхээр Дэлгэрхангай сумын “Ханбулаг” гэх газарт адуугаа усалсан юм. Тэгэхэд тэр хул азаргатай адуу хэд хэдэн удаа хамт таарч услагдсан. 6 сарын эхээр банкнаас залгаад хүнтэй хамтарч зээл хийсэн юм байна зээлээ төл тэгэхгүй бол барьцаалсан хөрөнгийг хураадаг гэж сануулсан. Тэгээд нөгөө найздаа хэлсэн боломжгүй байна ямар ч арга алга байна гэсэн. Би зээл хийсэн талаараа аав ээждээ хэлээгүй байсан, хүнд мөнгө аваад өгсөн байсан юм. Хамтарч зээл хийсэн найздаа бүх мөнгийг өгсөн юм. Би адуунаасаа зарах гээд хот руу нэг ченж рүү яриад адуу авах уу? гэсэн чинь адуу туранхай байгаа авахгүй гэхээр нь тарган байгаа авах уу? гэсэн чинь болно гэсэн тэгээд би хотод байгаа хүнтэй яаж өгөлцөх вэ? гэж бодоод сумын ченж Чойжамцтай яриад хотод адуу үнэтэй байгаа юм байна, та хэдэн адуу авчих дүүд нь мөнгөний хэрэг гарчихаад байна гэж хэлсэн чинь за тэгье тохирвол авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь адуугаар байгаад байгаа адууг эзэнгүй юм байна гэж бодоод Дэлгэрхангай сумын “Хангийн булаг" гэх газраас өөрийн адуутайгаа хамт хул халзан азаргатай адууг туусан. Тэгээд хул азаргатай адууг туугаад Эрдэнэдалай сумын 6-р багийн “Бунхант” гэх газарт бууцанд хашаад тэрнээс 5 морийг авч үлдээд бусдыг нь гаргаж туусан. Тэр өдөр буюу 2019 оны 6 сарын 6-ны өдөр Чойжамцтай утсаар яриад бүдүүн морь аваад ирлээ ирээд аваач гэсэн,  маргааш авъя гээд 2019 оны 6 сарын 7-ны өдрийн өглөө Чойжамц ирээд 4 адууг авсан. Нэг адууг 900000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-49-51/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 6 сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэр “Хангийн булаг” гэх газраас иргэн А.Амартүвшингийн адгуулж байсан хул халзан азаргатай адууг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дэвсгэр Бунхант гэх газар луу  мотоцикль ашиглан тууж, уг адуунаас 4 тооны адууг хулгайлан авсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна. Энэ нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл тул Г.Мөнх-Эрдэнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Г.М-ийн үйлдсэн хэргийн улмаас иргэн Ж.Х, М.О, М.Б нарт эд хөрөнгийн хохирол учирсан ба эдгээр хүмүүс нь эх, ах, дүүс буюу төрөл садны холбоотой хүмүүс болох нь, мөн эдгээр хүмүүсийн өмчлөлийн адууг төрөл садны холбоотой болох М.Ц, А.Амартүвшин нар хариуцан адгуулж байсан болох нь тэдний хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

            Хохирогч Ж.Х ухаа зүсмийн 15 настай адуугаа /хонины морь гэх/ 5 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн /хх-176/, хохирогч Б.О халиун зүсмийн сэтэртэй 17 настай морины төлбөрт 3 сая төгрөг, наашаа цаашаа явсны зардалд 1 сая төгрөг нэхэмжилсэн /хх-171/, хохирогч М.Бямбадорж шарга зүсмийн 7 настай морь, хүрэн зүсмийн 8 настай азаргаа нэг бүрийг нь 5 сая төгрөгөөр үнэлж, нийт 10 сая төгрөг Г.М-с нэхэмжилж байна /хх-180/

            Шүүгдэгч Г.М хохирогч нарт 4500000 төгрөг, 10 тооны ямаа, 10 тооны төлөг өгсөн гэж мэдүүлснийг хохирогч М.О баталж, хүлээн авсан тухайгаа мэдүүлсэн байна. /хх-171/

            Хохирогч М.О, Ж.Х нар нь дээр дурьдсан мөнгө болон мал хүлээн авснаар хохирлоо барагдуулсанд тооцож, хэргийн материалтай танилцаад “гомдол саналгүй” болсон тухайгаа илэрхийлжээ.

Хохирогч М.Б-д мөнгө, мал өгөөгүй гэх ба хохирогч М.Б нь Г.М-с 10 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээ дэмжсэн байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцлоо.

Хохирогч М.О нь өөрийн ах М.Б-ийг өөрийн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэл олгосон байна. /хх-205/ Хохирогч М.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн төлөөлөгч оролцуулах шаардлагатай нөхцөл байдал бүхий хохирогч биш байх бөгөөд уг итгэмжлэлийг судалж үзээд шүүх М.Б-ийг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцууллаа. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б нь хохирогч М.О-ыг “гомдолгүй болсон, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг шүүхэд илэрхийлсэн болно.

Энэ хэрэгт үнэлгээний шинжээчийн дүгнэлт гаргасан “Ашид билгүүн” ХХК халиун  зүсмийн 17 настай адууг 1 сая төгрөгөөр, хүрэн зүсмийн 8 настай адууг 1 сая 100 мянган төгрөгөөр, шарга зүсмийн 7 настай адууг 1 сая 100 мянган төгрөгөөр, ухаа зүсмийн 15 настай адууг 1 сая төгрөгөөр, нийт 4 толгой адууны 2019 оны 6 сарын байдлаарх зах зээлийн дундаж үнэ цэнийг 4200000 төгрөгөөр тодорхойлжээ. /хх-190-192/  Уг үнэлгээг хохирогч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрөөгүй боловч ийнхүү хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шинжилгээний талаар иргэн, байгууллагаас гаргасан гомдол, хүсэлт нь дахин шинжилгээ хийх шууд үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэг, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг хангаж гаргасан тул шүүх нотлох баримтаар тооцох үндэслэлтэй байна.

Шүүх хохирогч Ж.Х-гийн ухаа зүсмийн 15 настай уналганы /хонь хариулахдаа унадаг байсан гэх/ адуугаа 5 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн /хх-176/, хохирогч М.О халиун зүсмийн сэтэртэй 17 настай хурдны удамгүй адууныхаа төлбөрийг нэг нугалж төлүүлнө гэж  3 сая төгрөг, наашаа цаашаа явсны зардалд 1 сая төгрөг нэхэмжилж, 4500000 төгрөг, 10 ямаа, 10 төлөг авснаас 500000 төгрөгийг аавдаа өгч үлдэх 4 сая төгрөгийг өөрөө хэрэглэсэн нь  /хх-171/ хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэж дүгнэлээ. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй боловч  иргэний нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлтэй хамааралтай бичиг баримт гарган өгч хэрэгт хавсаргуулах, шаардлагатай этгээдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргах боломжтой. Хохирогч Ж.Х, М.О нар нь баримт болон хүсэлт гаргаж өгөөгүй байна.

Иймд хуульд заасан шаардлагыг хангаж гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тооцоход хохирогч Ж.Х, М.О нарт учирсан эд хөрөнгийн гэм хор бүрэн арилсан, мөн хохирогчоор тогтоогдсон М.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч биш тул эдгээр иргэдийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч М.О нь Г.М-с хүлээн авсан төлбөрөөс хохирогч М.Б-д өгөөгүй гэх ба Г.М-ийн хүлээлгэж өгсөн гэх 10 тооны ямаа, 10 тооны төлгийг хэдээр үнэлж хохирол барагдуулсанд тооцож байгаа эсэх нь баримтаар нотлогдохгүй, М.Б нь өөрийн хоёр адууг хурдан удмын адуу гэж тус бүрийг 5 сая төгрөгөөр үнэлж байгааг өөрийнх нь мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт хавсаргагдаж ирээгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М-ийн бусдын 4 тооны адуу хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Г.М-ийн хууль бус үйлдэл нь баримтаар бүрэн нотлогдсон тул Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин М.Б-ийн иргэний нэхэмжлэлийн хувьд нотлох баримт хангалтгүйн улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар тооцоо гаргах боломжгүй тул хэлэлцэхгүй орхих нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзлээ. Хохирогч М.Б нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу хулгайн гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд нь хохирол учирсан өдөр болох 2019 оны 6 сарын 6-наас хойш таван жилийн хугацаанд иргэний нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж, шүүхээс мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээд болох Г.М-с нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Түүнчлэн цагдаагийн байгуулагад 2019 оны 6 сарын 13-ны өдөр гаргасан “М.Ц-ын 4-н тооны морь хулгайд алдсан” гэх мэдээллийн /хх-2/ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан, “1 тооны унага алдсан” гэх гомдлыг шалгах ажиллагаа явагдаагүй тул энэ талаархи гомдлоо зохих газарт нь шалгуулах нь зүйтэй байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

        Шүүгдэгч Г.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-54/ тогтоогдож байна.

        Шүүгдэгч Г.М нь “найздаа мөнгө зээлж авч өгсөн, найз нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн,  банкнаас шаардаад байхаар нь эцэг, эхээсээ айж энэхүү гэмт хэргийг үйлдсэн”  гэж мэдүүллээ. Хэргээс үзэхэд Г.М нь 2018 онд адуу-41, үхэр-44, хонь-212, ямаа-204, нийт 501 толгой мал тоолуулсан болох нь тооллогын баримтаар /хх-21/ тогтоогдож байна. Иймд Г.М-ийн мэдүүлсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.

        Шүүгдэгч Г.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч М.О, Ж.Х нарт учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.М-д ял оногдуулахдаа дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч М.Б-д учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгаагүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Г.М-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч Г.М нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “улсын дугааргүй, цэнхэр өнгийн, арал №LC6PCK6U9H0004194, мотор №162FMJ-3Y1L00646 дугаартай “HAOJUE” маркийн” мотоциклийг хэрэглэсэн болох нь баримтаар нотлогдсон тул уг мотоциклийг улсын орлого болгох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2 дугаар

 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.М-ыг бусдын 4 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Г.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хурааж, битүүмжлүүлээгүй, хохирогч М.О-т 10 тооны ямаа, 10 тооны төлөг, бэлнээр 4500.000 төгрөг хүлээлгэн өгсөн гэж хүлээн зөвшөөрөн хохирогч М.О “гомдол саналгүй” гэсэн  болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О, Ж.Х, М.Ц нарт учирсан эд хөрөнгийн гэм хор бүрэн төлөгдсөн үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Б-ийн хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Б нь өөрт учирсан эд хөрөнгийн гэм хорыг  арилгуулахтай холбогдох нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Г.М-ийн гэмт хэрэг  үйлдэхэд хэрэглэсэн “HAOJUE” маркийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М-ийг өнөөдрөөс эхлэн Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Мөнх-Эрдэнийн  цагдан хоригдсон хугацааг түүнд эдлүүлэх хорих ялаас хасч тооцсугай.

12. Энэхүү тогтоолоор шүүгдэгч Г.М-ийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн мотоцикль Дундговь аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа болохыг дурьдсугай.

13. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мотоциклийг гүйцэтгэх хуудасны хамт Дундговь аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэн өгч, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.

14. Г.М-ийг цагдан хорьсон талаар энэхүү шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор ар гэр, өмгөөлөгчид нь мэдэгдэж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       С.СЭРЖМЯДАГ