Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2023/00200

 

Д.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/01485 дугаар шийдвэртэй

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01398 дугаар магадлалтай,

Д.Дгийн нэхэмжлэлтэй

Х.Бт холбогдох  

Гэм хорын хохиролд 97,117,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч П.Огийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.Д нь Х.Бт холбогдуулан гэм хорын хохиролд 97,117,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/01485 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч ЦЕГ 97,117,699 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643,538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЦЕГ 643,538 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01398 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/01485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгч П.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

   4.1. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын хуульд заасны дагуу шалгаж, эрх бүхий байгууллагаас хаасан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан хэргийг мөрдөн шалгах байгууллага чиг үүргээ хэрэгжүүлээгүй мэт дүгнэж иргэний хэргийн шүүхээс хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь цаашид буруу жишиг тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг түүнийг шалгасан, хяналт тавих, шүүн таслах чиг үүрэгтэй байгууллагууд төсвийн мөнгөөр төлөх буруу жишиг үүсэх эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагад байхдаа оргон зайлсан бол тус байгууллага, прокурорын хяналтад байсан бол прокурорын байгууллага, эрүүгийн хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад оргон зайлж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон бол шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлдөг байхаар анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлажээ.

   4.2.Цагдаагийн байгууллагаас Ж.Гт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа гадагш явахгүй байх баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүхээс түүнд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахдаа бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан ба иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй мэтээр дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн үеийн хуулиар хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ байгаагүй ба цагдаагийн байгууллагаас хуулиар олгогдсон эрхийн хүрээнд зохих таслан шийдвэрлэх арга хэмжээг авсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн дурддаг “цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч шууд авдаггүй, тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд прокурор хяналтад шүүхээс авч хэрэгжүүлдэг арга хэмжээ гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх зөв үнэлээгүй.

4.3. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэснийг дурдаж хариуцагч байгууллагаар тодорхойлогдсон цагдаагийн байгууллага, түүний мөрдөгч В.Эыг буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд хуулийн энэ хэсэгт дурдсан “гэм хор учруулсан этгээд” гэдэг нь Ж.Г болох нь хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэг, анхан шатны журмаар хянан хэлэлцэгдсэн иргэний хэргийн баримтаас тодорхой байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

   4.4. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэснийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бөгөөд хуулийн зохицуулалтаас үзвэл 498.2 дахь хэсгийг хэрэглэх тохиолдолд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон ямар нэг үйл баримт байх шаардлагатай бөгөөд мөрдөн байцаагч тухайн үед өөрөөс хамаарах, хууль зүйн хүрээнд авч болох бүхий л ажиллагааг хийсэн байхад оргон зайлсан үйлдэлд нь иргэний хэргийн шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажиллагаа дутуу хийсэн гэж алба хаагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй болжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ч.Баяржаргал өгсөн мэдүүлэгтээ “миний хийсэн албаны шалгалт мөрдөгч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоох зорилго бүхий үйл ажиллагаа ба харин эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоох” зорилго агуулаагүй гэдгийг гэрчилдэг. Харин шүүхээс мөрдөгчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед Мөрдөн байцаах албаны хяналт шалгалтын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан тушаалтанд “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2020.05.11-ний өдрийн 1075 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" прокурорын тогтоолоор Ж.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр нэгэнт хааж шийдвэрлэсэн хэрэгт мөрдөгчийн үйл ажиллагаа зөв, буруу байсан эсэх талаар дүгнэлт гаргах эрх олгогдоогүй, мөрдөгчийн буруутай эсэхийг тогтоох субъект биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.10.12-ны өдрийн 001ШХТ2023/01164 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч талын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгч П.Огийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Д.Д нь Х.Бт холбогдуулан гэм хорын хохиролд 97,117,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “ ... 2013.12.19-ний орой УБТЗ дахь Цагдаагийн офицер, ахмад Ж.Г автомашин согтуугаар жолоодож явахдаа мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. ... гэмт хэргийг Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн х\ч В.Э шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээг зохистой хэрэглээгүйн улмаас Ж.Г нь улсын хилээр гарч оргон зайлсан. Ж.Гыг интерполын шугамаар эрэн сурвалжилж хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед 2020.03.08-ны өдөр Швед улсын Акалла хотод зөрчил гарган саатуулагдсан нь тогтоогдсон байхад ЦЕГ түүнийг шилжүүлэн авах арга хэмжээ авалгүй гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан гэмт этгээдэд боломж олгосон. ... Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч цагдаагийн хошууч В.Эын буруутай үйл ажиллагаанаас болж яллагдагч Ж.Г мөрдөн байцаалтаас оргон зайлсан, оргох бололцоог хангасан” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, үндэслэлээ тайлбарлахдаа: “... нэхэмжлэлд дан ганц эрүүл мэндэд учирсан хохирол бус зарим банкнаас авсан зээлийг хамааруулан тооцсон ... нэхэмжлэгчийн дурдаад байгаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч шууд авдаггүй, тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд прокурорын хяналтад, шүүхээс авч хэрэгжүүлдэг арга хэмжээ ... Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага гэмт этгээдийг гадаад улсаас дайчлан баривчлах чиг үүрэг хүлээдэггүй. Нэхэмжлэлд дурдсанчлан төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон ямар нэг үйл баримт байхгүй, мөрдөн байцаагч өөрөөс хамаарах, хууль зүйн хүрээнд авч болох бүхий л ажиллагааг хийсэн байхад оргон зайлсан үйлдэлд тухайн албан хаагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Ж.Гт 2014 онд Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авч, ... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.01.28-ны өдрийн 74 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэргийг очтол Ж.Гт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байхад мөрдөн байцаагч нь түүнд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зохих таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үүний улмаас хэрэгт холбогдогч Ж.Г нь 2016.10.27-ны өдөр Монгол улсын хилээр гарч оргон зайлжээ. Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлүүдээр зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч Д.Дгийн бие махбодид зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл учирч, эрүүл мэндэд 97,117,669 төгрөгийг хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.” гэж дүгнэсэн.

10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...мөрдөн байцаагч В.Э албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас яллагдагч Ж.Г мөрдөн байцаалтаас оргон зайлж, хохирогч өөрт учирсан хохирлоо Ж.Гаас шаардан гаргуулах боломжгүй болсныг хариуцагч Х.Б хариуцан арилгах үүрэгтэй” гэж дүгнэсэн.  

11.Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Огийн гаргасан хоёр шатны шүүх цагдаагийн байгууллага, мөрдөгч В.Эыг буруутгахдаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Ж.Г нь “гэм хор учруулсан этгээд” биш болох нь хэргийн баримтаас тогтоогдоно гэх агуулга бүхий гомдлыг шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

12.УБТЗ дахь Цагдаагийн офицер, ахмад Ж.Г автомашин согтуугаар жолоодож явахдаа 2013.12.19-ний орой нэхэмжлэгч Д.Дг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэргийг Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн х\ч В.Э шалгасан үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Түүнчлэн Ж.Г нь мөрдөн шалгах явцад оргон зайлж, улсын хилээр гарсан, интерполын хөх булант зар мэдээгээр түүнийг эрэн сурвалжлах явцад буюу 2020.03.08-ны өдөр Швед Улсын Акалла хотод зөрчил гарган саатуулагдсан талаарх баримт хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч Д.Д нь Ж.Гтай харилцах боломжгүйн улмаас өнөөдрийг хүртэл хохирлоо бодитой барагдуулж чадаагүй, Ж.Г мөрдөн байцаалтаас оргон зайлсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж, байгаа газрыг тогтоосон боловч Монгол Улсад авчрах ажиллагааг хийгээгүй, оргон зайлахад хүргэсэнд Цагдаагийн байгууллага гэм буруутай, улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2020.05.11-ний өдрийн 1075 дугаартай тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан гэж нэхэмжлэгч Д.Д үзсэн бол хариуцагч Х.Б нь цагдаагийн ажилтны хууль бус үйлдэл тогтоогдоогүй гэж мэтгэлцэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Зохигчийн маргааны зүйл нь цагдаагийн ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүй бий эсэх, Цагдаагийн байгууллагын хууль бус үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, нэхэмжлэгч Д.Дд 97,117,669 төгрөгийн гэм хор учирсан эсэх, гэм хор 97,117,669 төгрөг болон цагдаагийн ажилтны үйлдэл шалтгаант холбоотой эсэх асуудлууд байна.

13. Ж.Гын үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Дд гэм хор учирсан талаарх баримт хэрэгт авагдсан байх боловч цагдаагийн ажилтны чухам ямар үйлдэл, эс үйлдлийг хууль бус гэж үзсэн, учирсан гэм хорын хэмжээ, уг гэм хор бий болоход цагдаагийн байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй хэрхэн холбогдох талаар хоёр шатны шүүх зохигчийг хангалттай мэтгэлцүүлсэнгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Дд учирсан 97,117,669 төгрөгийн хохирлыг цагдаагийн байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэхдээ цагдаагийн байгууллагын ямар үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус, гэм буруутай гэж үзэж байгаа, нийт учирсан хохирлыг үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой гэж үзсэн үндэслэл, эсхүл учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн эсэх талаар буюу маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой шалтгаан нөхцөлийн талаар ялгамжтай зааглан, зохигчийг мэтгэлцүүлж, дүгнэлт өгсөнгүй.

Түүнчлэн гэмт хэргийг эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр дуусгавар болсон нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг бусад байдлаар арилгуулах хууль зүйн боломжийг хязгаарлахгүй.

14. Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дээрх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Огийн шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/01485 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01398 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД