Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2021/01234

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 18 181/ШШ2021/01234

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ПА ХХК/РД: /-д холбогдох,

 

340 175 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулгашүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК болон ПА ХХК-ийн хооронд 2014 оны 08 сарын 27-ны өдөр Интернетийн байнгын холболтонд суурилсан үйлчилгээний 36436 тоот гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 02 сар болон 03 сарын төлбөр болох 334,675 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Манай байгууллагын зүгээс дээрхи төлбөрийг төлөхийг амаар болон бичгээр удаа дараа сануулж байсан боловч өнөөг хүртэл төлөөгүй байна. 

Иймд ПА ХХК-аас гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-ийг үндэслэн үйлчилгээний төлбөр болох 334,675 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг нийт 340,175 төгрөгийг нэхэмжилж байна.

2020 оны төлбөрт 23,393 төгрөгийг илүү нэхэмжилсэн учраас 23,393 төгрөгөөс татгалзаж байна. гэв.

 

Хариуцагч ПА ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2014 онд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нарны зам, JS тауэрын 10 давхрын 1002 тоот байрыг худалдаж авсан. Энэ үед тус барилгад Сйн интернетээс өөр газрын интернет ороогүй, сонголтгүй байсан. 

Бид 2014 оны 8 дугаар сараас эхэлж тус байгууллагатай 36436 тоот гэрээ байгуулж, ашиглалтын төлбөрийг тухай бүр нь саадгүй төлсөөр ирсэн. Гэтэл 2018 оны 12 дугаар сараас эхлээд тус байгууллагын интернетийн үйлчилгээ доголдож эхэлсэн. Бид тэр бүрт нь дуудлага өгч засуулдаг байсан ч сүүлдээ тус байгууллагын инженер техникийн ажилтнууд дуудлага хүлээн авсан гэх боловч манай байгууллага дээр ирж, үйлчилгээ үзүүлэхээ больсон. 

Манай байгууллага тус байгууллага руу утсаар ярих, майл хаягаар захидал бичих зэргээр холбогдох гээд чадахаа больсон. Дуудлага  хүлээн авах утсаар нь энэ талаар удирдах хүмүүстэй нь ярьж асуудлыг шийдүүлэх гэсэн боловч утасны дугаарыг өгөх боломжгүй гэж хариултыг удаа дараа өгсөн. 2019 оны 1 дүгээр сарын сүүлчээр тус компанийн ажил хариуцсан инженертэй нь ПА ХХК-ийн гүйцэтгэх захирал миний бие нилээн ширүүн муудалцаад бид танай байгууллагын интернетийг ашиглахгүй, ид оргил ажлын ачааллын үед шаардлага хангахгүй байгаа талаар хэлж, гэрээ цуцлана гэдэг талаар албан ёсоор мэдэгдсэн. Тэдний тал ч зөвшөөрч байна гэдгээ хэлсэн.

Бид 2019 оны 1 дүгээр сарын 29-нөөс 03 дугаар сарын 25 хүртэл Үндэсний аудитын газартай байгуулсан гэрээний дагуу санхүүгийн тайлангийн аудитын ажлаар Говьсүмбэр аймаг, Сүхбаатар аймагт томилолтоор явж байсан болно. 

Бидэнд ҮАГ-ын ажлыг хийж дуусгахад интернет зайлшгүй шаардлагатай болсон. Тухайн үед манай байранд Юнивишн ХХК-ийн интернетийн үйлчилгээ орсон байсан тул 2019 оны 03 дугаар сарын 26-нд гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл тус байгууллагатай хамтран ажиллаж байна. 

Зах зээлийн хамгийн шударга зарчим бол хэрэглэснээ л төлөх. Гэтэл бидэнд 2019 оны 06 дугаар сард email-ээр төлбөрийн нэхэмжлэх ирсэн. Бид 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 19/65 тоот дугаартай албан бичгээр төлбөр төлөхгүй гэдэг шалтгаанаа хүргүүлсэн. Үүнээс хойш нэг ч удаа манай байгууллагатай холбогдоогүй тул бид гэрээгээ цуцалсан гэж ойлгосон болно.

Аливаа үйлчилгээний байгууллага харилцагчдынхаа эрх ашгийг дээдлэж хүндэтгэх ёстой. Тус компанийн хариуцлагагүй инженер, техникийн ажилтнууд, тус компанийн дотоодын ажлын уялдаа холбоогүй байдлаас болж манай компани хохирч болохгүй гэж үзэж байна.

Иймээс та бүхнийг бидний өгсөн тайлбарыг хүндэтгэн үзнэ гэдэгт итгэлтэй байна. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК хариуцагч ПА ХХК-д холбогдуулан үйлчилгээний төлбөр 334 675/гурван зуун гучин дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг, нотариатын зардал 5 500/таван мянга таван зуу/ төгрөгийг, нийт 340 175/гурван зуун дөчин мянга нэг зуун далан тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ПА ХХК нь бид 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 19/65 тоот дугаартай албан бичгээр төлбөр төлөхгүй гэдэг шалтгаанаа хүргүүлсэн гэх тайлбар ирүүлсэн. 

 

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч ПА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлцэцэгт 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр утсаар, хариуцагч ПА ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ПА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлцэцэг, Ц.Алтанцэцэг нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК хариуцагч ПА ХХК-д холбогдуулан гаргасан нийт 340 175/гурван зуун дөчин мянга нэг зуун далан тав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 23 393/хорин гурван мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр № Г-С-14/533 Скаймедиа гурвалсан үйлчилгээний гэрээ/цаашид Гэрээ гэх/-г байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Үйлчлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр зохицуулна., Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч .... өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь шилэн кабелийн хамрах хүрээнд телевиз үзэх, бусад үндсэн болон нэмэлт үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь зохих төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байх ба зохигчийн байгуулсан тус Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул Нэрлэгдээгүй гэрээ гэж үзнэ.

 

Тус Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. 

 

Гэрээний 2-ын 2.1, 2.2-т зааснаар зохигчид Гэрээг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаатай байгуулсан байх ба талуудын аль нэг нь гэрээ дуусахаас 1/нэг/ сарын өмнө уг үйлчилгээнээс татгалзахаа бичгээр илэрхийлээгүй бол гэрээний үйлчлэх хугацааг дахин 1/нэг/ жилийн хугацаатай сунгагдсанд тооцохоор харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна. 

 

Хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Юнивишн ХХК-тай Байгууллагын гурвалсан үйлчилгээний гэрээ байгуулсан болох нь № 404561735 Байгууллагын гурвалсан үйлчилгээний гэрээ-ээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 3 дугаар сарыг дуустал үйлчилгээ үзүүлсэн байх тул нэхэмжлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Гэрээг цуцалсан гэх тайлбар үндэслэлтэй байна.  

 

Гэрээний 1-ийн 1.3 болон хавсралт №1-т зааснаар хариуцагч нь сарын 175 450/нэг зуун далан таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн үйлчилгээний хураамж төлөх үүрэгтэй болох нь Гэрээний болон хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.3, 3-ын 3.4-т зааснаар хариуцагч нь сар бүрийн нэхэмжлэхийн дагуу өмнөх сарын үйлчилгээний төлбөрийг тухайн сарын 22-ны дотор төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын үйлчилгээний төлбөрт 175 450/нэг зуун далан таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг, мөн оны 3 дугаар сарын үйлчилгээний төлбөрт 135 832/нэг зуун гучин таван мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг, нийт 311 282/гурван зуун арван нэгэн мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4328398 дугаар төлбөрийн нэхэмжлэх болон 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4422157 дугаар төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас үйлчилгээний төлбөрт нийт 311 282/гурван зуун арван нэгэн мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын зардалд 5 500/таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгчид 5 500/таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 5 500/таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн цахим шуудангийн хаягт үйлчилгээг цаашид ашиглахгүй талаар цахим шуудан явуулсан гэх тайлбар гаргасан байх боловч уг тайлбар баримтаар тогтоогдоогүй болно.

 

Шүүх Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ПА ХХК-иас нийт 311 282/гурван зуун арван нэгэн мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, үлдсэн 5 500/таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ПА ХХК-иас нийт 311 282/гурван зуун арван нэгэн мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, үлдсэн 5 500/таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК хариуцагч ПА ХХК-д холбогдуулан гаргасан нийт 340 175/гурван зуун дөчин мянга нэг зуун далан тав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 23 393/хорин гурван мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ПА ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9 988 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ХИШИГБАТ