Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01345

 

 

 

 

 

 

 

 

 

О.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01215 дугаар шийдвэртэй, О.Огийн нэхэмжлэлтэй Д.Уад холбогдох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Уа, Б.Төрбат нарын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан хэлцлийн дагуу О.Ог нь Д.Уатай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, маргаан бүхий орон сууцыг 62,400,000 төгрөгөөр захиалсан. Тухайн хэлцэлд хариуцагч нь маргаан бүхий орон сууцны төлбөрийг гуравдагч этгээдээс тусдаа авах, орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчээс шаардахгүй буюу нэхэмжлэхгүй гэдгээ тус тус хүлээн зөвшөөрсөн.

Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-т зааснаар орон сууцны нийт үнийн 100 хувьтай тэнцэх 62,400,000 төгрөгийг төлсөн болохыг баталгаажуулсан. Хариуцагч нь гэрээний 4.7-т зааснаар “...орон сууцны барилгыг барьж дуусган ашиглалтад оруулахад бэлэн болсон өдрөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх, албан ёсоор нэхэмжлэгч талын өмч болоход дэмжлэг үзүүлэх” үүрэг хүлээсэн. Орон сууц 2020 онд бүрэн ашиглалтад орсон. Хариуцагчаас тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Б.Төрбат нь бусдад гэм хор учруулж, хохирлыг барагдуулах шаардлага үүссэн, хэцүү байдалд байна гэж Д.Уагаас тусламж хүссэн. Б.Төрбатын нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж, хэцүү үед нь туслах үүднээс түүнд 62,400,000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууцыг зээлээр өгөхөөр болж, төлбөрийг 2019 оны 03 дугаар улиралд багтаан төлнө гэсэн хүсэлтийг хүлээн авсан. Гэвч Б.Төрбат нь орон сууцны төлбөр 62,400,000 төгрөгийг огт төлөөгүй бөгөөд төлөх боломжгүй болсон талаараа Д.Уад мэдэгдэж, талууд хэлцлийг цуцалсан.

Д.Уа нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 32 м.кв, 62 400 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны төлбөрийг огт аваагүй тул тус орон сууцыг О.Огт шилжүүлэн өгөх боломжгүй.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 62,400,000 төгрөгийн орон сууцны захиалгын гэрээ О.Огт шилжүүлэхийг харилцан тохиролцсон тухай дурдсан байна. Хэрэв өр төлбөрөө барагдуулаагүй бол иргэний хариуцагчаар хууль ёсны төлөөлөгч нь н.Алтанцэцэг бөгөөд хариуцагчийг зөв тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Д.Уа бол энэ хэрэгт хамааралгүй.

Өнөөдрийн байдлаар бол гэрээний дагуу хөрөнгийг шаардах, өмчлөлдөө шилжүүлэх болоод тусдаа шаардлага гаргах байж гэж үзэж байна. Хариуцагч талаас зугтааж байгаа зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл энэ гэрээ биелэх боломжгүй талаар хэн алинд нь мэдэгдсэн байдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Огийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 96 айлын орон сууцны 1 дүгээр орц, 4 давхрын Ж тоот, 32 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 469,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч О.Ог нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Төрбат болон Д.Уа нартай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Д.Уа нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 96 айлын орон сууцны 1 дүгээр орцын 4 давхарт 32 м.кв талбайтай орон сууцыг ашиглалтад орсноос хойш 10 хоногийн дотор өмчлөх эрхийг холбогдох бичиг баримтыг хамт О.Огт шилжүүлэн өгөх; Б.Төрбат нь О.Огт гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг барагдуулахад төлөх байсан төлбөрийн оронд дээрх орон сууцны төлбөр болох 62,400,000 төгрөгийг Д.Уад төлөх, О.Ог дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаар талууд тохиролцсон.

Анхан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тус орон сууц захиалан бариулах гэрээг худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь гэрээг буруу тайлбарлан тодорхойлсон.

Тус 3 талт гэрээг байгуулах үед тухайн орон сууц нь бүрэн ашиглалтад ороогүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан тул худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх маргааны гол объект болох гэрээг бүрэн зөв тодорхойлж чадаагүй нь хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Талууд гэрээгээр тус тусын үүргээ тодорхойлсон бөгөөд ямар шалтгаан, агуулга, зорилгоор тухайн гэрээг байгуулсан болохыг шүүх бүрэн тогтоолгүйгээр зөвхөн Б.Төрбат болон Д.Уа хоёрын хооронд байгуулсан гуравдагч этгээдэд ашигтай, 2 талт худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж, нэхэмжлэгчийн гэрээгээр баталгаажуулсан захиалагчийн эрх, ашгийг үгүйсгэсэн.

Үүнээс гадна, анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээ байгуулсан байна гэж дүгнэсэн боловч гэрээ хүчин төгөлдөр бус байна, түүнчлэн Б.Төрбат болон Д.Уа нар гэрээнээс татгалзсан гэж үзэж байна зэрэг дүгнэлтүүд хоорондоо уялдаа холбоогүй, гэрээний эрх зүйн хүрээнд байх боломжгүй тодорхойлолтуудыг хийсэн байгаа нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн буюу үндэслэлтэй болсон гэж үзэх боломжгүй.

Орон сууц захиалан бариулах гэрээг иргэн Б.Төрбат нь нэхэмжлэгчид учруулсан эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор найз нөхөрлөлийн хамааралтай Д.Уатай тохиролцож, тухайн хохирлыг барагдуулахын тулд байгуулсан ба гэрээ байгуулах болсон шалтгаан, зорилго, агуулгын талаар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд тодорхой тусгасан.

Өөрөөр хэлбэл, Б.Төрбат нь нэхэмжлэгч буюу гуравдагч этгээдэд ашигтай бөгөөд түүний хохирлыг барагдуулахад чиглэсэн, Д.Уа өөрөө хүлээн зөвшөөрч тухайн үед 3 талт гэрээг байгуулсан боловч гэрээнээс татгалзах үйл явдлыг нэхэмжпэгчийг оролцуулахгүйгээр хамаарал бүхий нөгөө талууд хэрэгжүүлэх ямар ч боломжгүй ба гэрээнд талууд шударга, тэгш оролцох зарчимд нийцэхгүй, хүчин төгөлдөр бус юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу бүрэн эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч О.Ог нь хариуцагч Д.Уад холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Анхан шатны шүүх нь хариуцагч иргэн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргах эрхтэй этгээд биш байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, агуулгын хүрээнд зөв тодорхойлоогүй байна.

 

О.Ог нь Д.Уатай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Уа нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 96 айлын орон сууцны 1 дүгээр орц 4 давхарт байрлах Ж тоот, 32 м.кв, 1 өрөө орон сууцыг ашиглалтад орсноос хойш 10 хоногийн дотор өмчлөх эрхийг холбогдох бичиг баримтын хамт О.Огт шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн, О.Ог нь гэрээний 2.1-д орон сууцны нийт үнийн 100 хувьтай тэнцэх 62,400,000 төгрөгийг төлсөн гэж тусгажээ. /хх3-5/

 

Д.Уа нь Б.Төрбаттай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэлцэл хийж, уг хэлцлээр Б.Төрбат нь бусдад хохирол учруулсны гэм хор уршигт тооцон төлбөрийг барагдуулахад 62,400,000 төгрөгийн үнэ бүхий байрыг Д.Уагаас зээлсэн, зээлийн төлбөрийг Б.Төрбат 2019 оны 3 дугаар улиралд багтаан бүрэн барагдуулж төлнө, орон сууцны үнийг О.Огээс нэхэмжлэхгүй, уг 32 м.кв 1 өрөө байрыг хохирогч О.Огт захиалгын гэрээг шилжүүлж өгсөн болно” гэж тохиролцож, Б.Төрбат, Д.Уа, О.Ог нар гарын үсэг зурсан байна. /хх8/

 

Анхан шатны шүүх Д.Уа болон Б.Төрбат нарын хооронд гуравдагч этгээд болох О.Огт ашигтай гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа бол энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Төрбатыг гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг зохигчдоос тодруулах учиртай. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасныг анхаараагүйгээс Б.Төрбатын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн дүгнэлт хийжээ.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА