Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/01215

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.О/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.У/РД: /-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь иргэн Батчулуун овогтой Төрбат-/цаашид “гуравдагч этгээд” гэх/-тай 2019 оны 04 сарын 22-нд бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл-/цаашид “хэлцэл” гэх/-ийн дагуу Нэхэмжлэгчтэй 2019 оны 04 сарын 22-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах №3 гэрээ-/цаашид “орон сууцны гэрээ” гэх/-г байгуулж, маргаан бүхий орон сууцыг 62,400,000 төгрөгөөр худалдсан. Тухайн хэлцэлд хариуцагч нь:

1. Маргаан бүхий орон сууцны төлбөрийг гуравдагч этгээдээс тусдаа авах,

2. Маргаан бүхий орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчээс шаардахгүй буюу нэхэмжлэхгүй гэдгээ тус тус хүлээн зөвшөөрсөн.

Орон сууцны гэрээний 2.1-т зааснаар маргаан бүхий орон сууцны нийт үнийн 100 хувьтай тэнцэх 62,400,000 төгрөгийг төлсөн болохыг баталгаажуулсан.

Хариуцагч нь Орон сууцны гэрээний 4.7-т зааснаар “... маргаан бүхий орон сууцны барилгыг барьж дуусган ашиглалтанд оруулахад бэлэн болсон өдрөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгчийн өмчлөлд маргаан бүхий орон сууцыг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх, албан ёсоор Нэхэмжлэгч талын өмч болоход дэмжлэг үзүүлэх” үүрэг хүлээсэн.

Маргаан бүхий орон сууцны барилга нь 2020 онд бүрэн ашиглалтанд орсон болно. Хариуцагчаас маргаан бүхий орон сууцны орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээ авалгүй удсан тул тус орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү.

Хүний амь насыг хохироосон хэрэг бол хүнд гэмт хэрэг юм. Энэ хэргээс учруулсан гэм хохирлын нөхөн төлбөр нь 2 жилийн дараа зайлсхийж, хоорондоо үгсэн хуйвалдсан шинжтэй үйлдэл гаргаж байгаа нь хорихоос өөр төрлийн ял эдлэхээс санаатайгаар зохион байгуулалттайгаар санаатай зайлсхийсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зугтааж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм. Үүнийг тусад нь эрүүгийн журмаар гомдол гаргаж өмнө нь шийдвэрлэгдсэн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гэж задлах боломжтой юм. Ийм маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргуулахыг хариуцагчид даалган нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Д.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Оийн нэхэмжлэлтэй, Д.Уд холбогдох “орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.

Иргэн Батчулууны Төрбат нь бусдад гэм хор учруулж, хохирлыг барагдуулах шаардлага үүссэн, хэцүү байдалд байна гэж хариуцагч Д.Угаас тусламж хүссэн.

Б.Төрбатын нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж, хэцүү үед нь туслах үүднээс түүнд 62.400.000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууцыг зээлээр өгөхөөр болж, төлбөрийг 2019 оны 3 дугаар улирлалд багтаан төлнө гэсэн хүсэлтийг нь хүлээн авсан.

Гэвч Б.Төрбат нь орон сууцны төлбөр 62.400.000 төгрөгийг огт төлөөгүй бөгөөд төлөх боломжгүй болсон талаараа хариуцагч Д.Уд мэдэгдэж, талууд хэлцлийг цуцалсан.

Тодруулбал хариуцагч Д.У нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 32 м.кв, 62 400 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны төлбөрийг огт аваагүй тул тус орон сүуцыг О.От шилжүүлэн өгөх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 62.400.000 төгрөгийн орон сууцны захиалгын гэрээг О.От шилжүүлэхийг харилцан тохиролцсон тухай дурдсан байна. Хэрэв өр төлбөрөө барагдуулаагүй бол иргэний хариуцагчаар хууль ёсны төлөөлөгч нь н.Алтанцэцэг гэж хүн байгаа. Тиймээс хариуцагчийг зөв тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Д.У бол энэ хэрэгт хамааралгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Угийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн байдлаар бол гэрээний дагуу хөрөнгийг шаардах, өмчлөлдөө шилжүүлэх болоод тусдаа шаардлага гаргах байж гэж үзэж байна. Хариуцагч талаас зугтааж байгаа зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл энэ гэрээ биелэх боломжгүй талаар хэн алинд нь мэдэгдсэн байдаг. Мэдсэн байсан учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага тодруулж байна гэж ойлгож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг энэ хүрээнд хангах боломж байхгүй байна. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ тодруулаад, хариуцагчаа зөв тодорхойлсны дараа энэ хэрэг шийдвэрлэгдэх боломжтой байх гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөрөнгө бодитойгоор шилжих болоод гэрээ цуцлагдсантай холбоотой эрх зүйн үр дагавар гуравдагч этгээд шилжүүлсэнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах тухай асуудлыг ИХ-ийн 205, 225 дугаар зүйлүүдэд тусдаа зохицуулсан байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.О хариуцагч Д.Уд холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 96 айлын орон сууцны 1 дүгээр орц, 4 давхрын Ж тоот, 32 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.У нь орон сууцны төлбөрийг огт аваагүй тул тус орон сүуцыг О.От шилжүүлэн өгөх боломжгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           

          Зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр № 3 Орон сууц захиалгаар бариулах гэрээ гэх гэрээ байгуулжээ.

 

          Тус гэрээний 1-ийн 1.2-т О.О нь захиалан бариулж буй барилгын төлбөрийг төлөх, хүлээн авах, Д.У нь барилгын ажлыг гүйцэтгэх, хүлээлгэн өгөх гэжээ.

 

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч ... хөрөнгө ... буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

          2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн № 3 Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байна.

 

   Хариуцагч нь Б.Төрбатын нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж, туслах үүднээс түүнд 62 400 000/жаран хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 1/нэг/ өрөө орон сууцыг зээлээр өгөхөөр болж, хүсэлтийг нь хүлээн авсан гэх тайлбар гаргасан.

 

Хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б.Төрбаттай хэлцэл хийсэн болох нь хэлцлийн хуулбараар тогтоогдож байна.

 

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлцэлд Д.У нь 96 айлын үйлчилгээтэй орон сууцнаас 32/гучин хоёр/ м.кв 1/нэг/ өрөө орон сууцыг Б.Төрбатын бусдад хохирол учруулсны гэм хор уршигт тооцон төлбөрийг барагдуулахад 62 400 000/жаран хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий байрыг зээлсэн болно, зээлийн төлбөрийг Б.Төрбат 2019 оны III-р улиралд багтаан бүрэн барагдуулж төлнө, орон сууцны үнийг О.Оээс нэхэмжлэхгүй гэжээ.  

 

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлцэлд зааснаар Д.У, иргэн Б.Төрбат нар нь нэхэмжлэгч О.От ашигтай буюу иргэн Б.Төрбат нь орон сууцны үнэ 62 400 000/жаран хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөх хэлцэл хийсэн болох нь хэлцлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.У, иргэн Б.Төрбат нар нь гуравдагч этгээдэд ашигтай хэлцэл хийсэн байх тул 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлцлийг Иргэний хуулийн 203 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдэд ашигтай гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзэх ба хариуцагч Д.У, иргэн Б.Төрбат нар нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.2-т “Гэрээнд тусгайлан заагаагүй бол гуравдагч этгээд бие даан шаардах эрхтэй эсэх ... гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан талууд түүний эрхийг өөрчлөх буюу дуусгавар болгох эрхтэй эсэхийг гэрээний агуулга, түүний зорилгоос тодорхойлно.” гэж заасан.

 

Гэрээг байгуулснаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд 32 м.кв, 1 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөөгүй, иргэн Б.Төрбат нь хариуцагчид тус орон сууцны үнэ 62 400 000/жаран хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Б.Төрбатын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар Гэрээнд нэхэмжлэгч О.О нь Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.У, иргэн Б.Төрбат нараас шаардах эрхтэй талаар тусгаагүй байна.

 

Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна.

Хариуцагч нь Б.Төрбат орон сууцны төлбөр 62 400 000/жаран хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг огт төлөөгүй талаар дурдаж, хэлцлийг цуцалсан гэх тайлбар гаргажээ.

 

Гэрч Б.Төрбат нь орон сууцны үнэ 62 400 000/жаран хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөөгүй гэх гэрчийн мэдүүлэг өгчээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ... үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар Б.Төрбат нь орон сууцны үнэ 62 400 000/жаран хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчийн Гэрээ/хэлцэл/-г цуцалсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь Гэрээнээс татгалзсан байх тул нэхэмжлэгчид Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 96 айлын орон сууцны 1 дүгээр орц, 4 давхрын Ж тоот, 32 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан өгөх үүрэггүй байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.” гэж заасан.

 

Зохигчдын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан гэх № 3 Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй байна.

 

          Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь тус № 3 Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр үүрэг хүлээгээгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 96 айлын орон сууцны 1 дүгээр орц, 4 давхрын Ж тоот, 32 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 96 айлын орон сууцны 1 дүгээр орц, 4 давхрын Ж тоот, 32 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 469 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ