Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/2021/00175

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт оршин суух, Г.Баяраа-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Н ш ш г г-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 6 дугаар байрны 34 тоотод байрлах 63,06 мкв 2 өрөө орон сууцанд амьдардаг. Тус байрыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01414 дугаар шийдвэрээр Г.Б-аас 135.264.675 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хугацаанд 30,5 сая төгрөг төлсөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 104.690.600 төгрөгөөр оруулах гэж байгааг зөвшөөрөхгүй.  Зах зээлийн  үнээс хэт доогуур үнэлсэн байна. Улаанбаатар хотын А зэрэглэлд орших 60 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэ нь 210.000.000 төгрөг, 1 м.кв байр 2-2,3 сая байдаг. Өмнө нь уг байрыг мөн багаар үнэлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх процесс зөрчсөн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож, хангаж шийдвэрлэж байсан. Гэтэл дахин 2020 оны 9 дүгээр сарын 28-нд “Хөрөнгө эстимэйт” ХХК-иас орон сууцыг 149.558.000 төгрөгөөр буюу хэт багаар үнэлсэн байх тул энэ үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан болно. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа андуурч буруу бичсэн байна. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4-154/37697 тоот мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 20-нд хүлээн авсан тул хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлээгүй болно гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дүгээр шийдвэрээр Г.Б-гаас 135.264.675 төгрөг гаргуулж, “Ард кредит ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.Б-гийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байрны 34 тоотод байрлах, 63,06 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан байна. Төлбөр төлөгч Г.Б болон төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг шинжээчээр тогтоолгох санал гаргасан. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууц 149.558.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Талуудад үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-154/36211, 4-154/36212 дугаартай мэдэгдлүүдээр мэдэгдэж, хүлээлгэн өгсөн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Г.Б-д орон сууцаа бие даан борлуулах 1 сарын хугацаа авах эсэх талаар мэдэгдсэн болно. Төлбөр төлөгчөөс санал гаргаагүй тул шинжээчийн үнэлсэн үнэ болох 149.558.000 төгрөгийн 70 хувь буюу 104.690.600 төгрөгөөр дээрх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр оруулахад 107.190.600 төгрөгөөр худалдан борлуулагдсан болно. Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2020 оны 4-154/37697, 4-154/37698 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн.

Үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн тул хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дүгээр шийдвэрээр Г.Б-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 134.435.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 829.675 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ард Кредит ББСБ” ХХК-д олгох, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаартай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 6 дугаар байрны 34 тоот, 63,06 мкв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Г.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 181/Ш32018/08817 дугаар албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 750 дугаар гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээч “Баян модот” ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 145.915.000 төгрөгөөр үнэлсэн юм. Төлбөр төлөгч Г.Б уг үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд “хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур байна” гэсэн үндэслэлээр анх гомдол гаргаж, процесс зөрчсөн гэж үзэж тус шүүхийн 2019 оны 11 дүгээр 20-ны өдрийн 181/ШШ2019/02365 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 8 дугаар сараас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин явуулж, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг дахин хураасан. Улмаар төлбөр төлөгчөөс үнийн санал авахад хөрөнгийг 350.0 сая төгрөгөөр үнэлсэн тул манай талаас уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан юм. Хүсэлтийн дагуу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шинжээчээр “Хөрөнгө эстимэйт” ХХК томилогдож, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үнэлгээний тайлан гарч, уг хөрөнгийг 149.558.000 төгрөгөөр үнэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж, уг хөрөнгийг манай компани худалдан авсан. Тус шүүх төлбөр төлөгч Г.Б-гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг дахин хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/Ш32020//14188 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.”, “63.4. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.” гэж заасан байх бөгөөд Г.Б өмнө хөрөнгийн үнэлгээний талаар гомдлыг шүүхэд гарган шийдвэрлүүлсэн тул дахин энэ асуудлаар шүүхэд гомдол гаргах эрхгүй юм.  Мөн нэхэмжлэгч хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэсэн өмнө гаргаж байсан гомдлоо дахин гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа “орон сууцныхаа 1 м.кв талбайн зах зээлийн үнэлгээ нь 3.5 сая төгрөг байна” гэж хөндлөнгийн үнэлгээчний үнэлгээг бодитой бус гэсэн байна. Гэтэл зарын www.unegui.mn сайтаас үзэхэд, тухайн байрлалд байрлах орон сууцны үнэ ханш үнэлгээчний гаргасан үнэлгээ буюу орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2,371,678 (149,558,000 төгрөг/63.06 м.кв) төгрөг байгаа нь зах зээлийн бодит ханш бөгөөд уг хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн хараат бус үнэлгээчнээр хийлгэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Жишээ нь: Голомт хотхон, баруун 4 зам, 67.3 м.кв, 2 өрөө байр 174.980.000 төгрөг буюу 1 м.кв нь 2.600.000 төгрөг, 87 м.кв 3 өрөө байр 191.000.000 төгрөг буюу 1 м.кв нь 2.195.402 төгрөг, 3 өрөө 94 м.кв байр 230.000.000 төгрөг буюу 1 м.кв нь 2.446.808 төгрөг байна.

Г.Б дээрх байдлаар үндэслэлгүйгээр гомдол гарган, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар, зориуд удаашруулж байгаа нь гуравдагч этгээд болох төлбөр авагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин маргах эрхгүй байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Б  Н Ш Г газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дүгээр шийдвэрээр Г.Б-гаас 134.435.000 төгрөг гаргуулж, “Ард кредит ББСБ” ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22030164442 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байр 34 тоот 63,06 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэжээ. /ХХ 8-9, 37-40/

Тус газар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19280035/154 тоот тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Г.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22030164442 дугаарт бүртгэлтэй дээрх хоёр өрөө орон сууцыг битүүмжилж, холбогдох ажиллагааг явуулжээ. /хх 34-51/

Төлбөр төлөгч Г.Б-гаас дээрх хөрөнгөд “Баян модот” ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хийсэн үнэлгээг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02365 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгосон байна.  /хх 52-67/ Дээрх шийдвэрт хэн алин нь гомдол гаргаагүй, улмаар шийдвэр хүчин төгөлдөр болсон болох нь зохигчдын маргаангүй тайлбараар тогтоогдож байна.

Шийдвэр гүйцэтгэх газраас тухайн хөрөнгийг битүүмжилсэн, хурааснаас хойш 1 сарын дотор үнэлгээ тогтоох,  үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор дуудлага худалдаанд оруулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, 63 дугаар зүйлд заасан “хугацаа хэтэрсэн” үндэслэлээр 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 9/150 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор барьцаа хөрөнгийг хураасан өмнөх тогтоолоо хүчингүй болгожээ. /хх 68/

Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 19280035/02 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор барьцаа хөрөнгийг дахин хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгчөөс хөрөнгийг 350.0 сая төгрөгөөр үнийн саналаа өгчээ. Дээрх үнийг эс зөвшөөрч төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт ирүүлснээр 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолоор  “Хөрөнгө эстимэйт” ХХК-г шинжээчээр томилжээ. /хх 68-76/

 

Шинжээч хөрөнгийг 149.558.000 төгрөгөөр үнэлж,  2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үнэлгээний тайлангаа хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн байна. /хх 76-98/

Улмаар мөн өдрөө 4-154/36212 тоот мэдэгдлээр төлбөр авагчид, 4-154/36211 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Г.Баяраад үнэлгээг мэдэгджээ. Нэхэмжлэгч уг үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн “хаягаар очиход өөрөө байхгүй тул хүү Б.Буяннэмэхэд дамжуулан өгүүлэхээр хүлээлгэн өгсөн” тухай тэмдэглэл, “хүлээн авсан Б.Буяннэмэх хүү нь” гэж мэдэгдлийн доод буланд гарын үсэг зурсан байдлаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд энэ талаар маргаагүй, мөн өдөртөө хүлээн авсан гэж тайлбарласныг дурдав.  /99-101/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “үнэлгээ тогтоосноос хойш 7 хоногийн дотор” шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан,  нэхэмжлэгч үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан хэрнээ 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүнчлэн хугацаа хэтрүүлсэн хүндэтгэх шалтгаантайг нотлох баримтыг ирүүлээгүй болно.

Мөн нэхэмжлэгч үнэлгээ хэт бага гэж тайлбарлаж байх боловч энэ талаар тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна шинжээчийн хийсэн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцээгүй гэх байдал тогтоогдоогүй болно.

Гуравдагч этгээдийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар нэхэмжлэгч үнэлгээний талаар шүүхэд урьд гомдол гаргасан тул дахин хэлэлцэхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт гаргаж байх боловч тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02365 дугаар шийдвэрээр урьд “Баян модот” ХХК-ийн тухайн хөрөнгөд хийсэн 2019 оны үнэлгээг хүчингүй болгосон, харин тус хөрөнгөд “Хөрөнгө эстимэйт” ХХК-иас 2020 онд хийсэн үнэлгээнд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж буй тул хуулийн дээрх зохицуулалт хамаарахгүй. Иймд гуравдагч этгээдийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Дээр дурдсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй, зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байр 34 тоот 2 өрөө орон сууцыг 149.558.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШЗ2020/14188 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ