Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00491

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00491

 

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00175 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Бгийн хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 6 дугаар байрны 34 тоотод байрлах 63.06 мкв 2 өрөө орон сууцанд амьдардаг. Тус байрыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01414 дугаар шийдвэрээр Г.Бгаас 135 264 675 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хугацаанд 30.5 сая төгрөг төлсөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 104 690 600 төгрөгөөр оруулах гэж байгааг зөвшөөрөхгүй. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Улаанбаатар хотын А зэрэглэлд орших 60 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэ нь 210 000 000 төгрөг, 1 м.кв байр 2-2,3 сая байдаг. Өмнө нь уг байрыг мөн багаар үнэлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх процесс зөрчсөн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож, хангаж шийдвэрлэж байсан. Гэтэл дахин 2020 оны 9 дүгээр сарын 28-нд Хөрөнгө эстимэйт ХХК-иас орон сууцыг 149 558 000 төгрөгөөр буюу хэт багаар үнэлсэн байх тул энэ үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан болно. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа андуурч буруу бичсэн байна. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4-154/37697 тоот мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 20-нд хүлээн авсан тул хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлээгүй болно гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дүгээр шийдвэрээр Г.Бгаас 135 264 675 төгрөг гаргуулж, Ард кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.Бгийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байрны 34 тоотод байрлах, 63.06 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан байна. Төлбөр төлөгч Г.Б болон төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг шинжээчээр тогтоолгох санал гаргасан. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууц 149 558 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Талуудад үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-154/36211, 4-154/36212 дугаартай мэдэгдлүүдээр мэдэгдэж, хүлээлгэн өгсөн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Г.Бд орон сууцаа бие даан борлуулах 1 сарын хугацаа авах эсэх талаар мэдэгдсэн болно. Төлбөр төлөгчөөс санал гаргаагүй тул шинжээчийн үнэлсэн үнэ болох 149 558 000 төгрөгийн 70 хувь буюу 104 690 600 төгрөгөөр дээрх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр оруулахад 107 190 600 төгрөгөөр худалдан борлуулагдсан болно. Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2020 оны 4-154/37697, 4-154/37698 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн тул хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дүгээр шийдвэрээр Г.Бгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 134 435 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 829 675 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ард Кредит ББСБ ХХК-д олгох, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаартай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 6 дугаар байрны 34 тоот, 63,06 мкв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Г.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 181/Ш32018/08817 дугаар албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 750 дугаар гүйцэтгэх хуудсыг НШШГГт хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээч Баян модот ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 145 915 000 төгрөгөөр үнэлсэн юм. Төлбөр төлөгч Г.Б уг үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур байна гэсэн үндэслэлээр анх гомдол гаргаж, процесс зөрчсөн гэж үзэж тус шүүхийн 2019 оны 11 дүгээр 20-ны өдрийн 181/ШШ2019/02365 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 8 дугаар сараас НШШГГ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин явуулж, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг дахин хураасан. Улмаар төлбөр төлөгчөөс үнийн санал авахад хөрөнгийг 350.0 сая төгрөгөөр үнэлсэн тул манай талаас уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан юм. Хүсэлтийн дагуу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шинжээчээр Хөрөнгө эстимэйт ХХК томилогдож, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үнэлгээний тайлан гарч, уг хөрөнгийг 149 558 000 төгрөгөөр үнэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж, уг хөрөнгийг манай компани худалдан авсан. Тус шүүх төлбөр төлөгч Г.Бгийн НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг дахин хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/Ш32020//14188 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно., 63.4. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. гэж заасан байх бөгөөд Г.Б өмнө хөрөнгийн үнэлгээний талаар гомдлыг шүүхэд гарган шийдвэрлүүлсэн тул дахин энэ асуудлаар шүүхэд гомдол гаргах эрхгүй юм. Мөн нэхэмжлэгч хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэсэн өмнө гаргаж байсан гомдлоо дахин гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа орон сууцныхаа 1 м.кв талбайн зах зээлийн үнэлгээ нь 3.5 сая төгрөг байна гэж хөндлөнгийн үнэлгээчний үнэлгээг бодитой бус гэсэн байна. Гэтэл зарын www.unegui.mn сайтаас үзэхэд, тухайн байрлалд байрлах орон сууцны үнэ ханш үнэлгээчний гаргасан үнэлгээ буюу орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2 371 678 (149 558 000 төгрөг/63.06 м.кв) төгрөг байгаа нь зах зээлийн бодит ханш бөгөөд уг хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн хараат бус үнэлгээчнээр хийлгэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Жишээ нь: Голомт хотхон, баруун 4 зам, 67.3 м.кв, 2 өрөө байр 174 980 000 төгрөг буюу 1 м.кв нь 2 600 000 төгрөг, 87 м.кв 3 өрөө байр 191 000 000 төгрөг буюу 1 м.кв нь 2 195 402 төгрөг, 3 өрөө 94 м.кв байр 230 000 000 төгрөг буюу 1 м.кв нь 2 446 808 төгрөг байна. Г.Б дээрх байдлаар үндэслэлгүйгээр гомдол гарган, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар, зориуд удаашруулж байгаа нь гуравдагч этгээд болох төлбөр авагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин маргах эрхгүй байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байр 34 тоот 2 өрөө орон сууцыг 149 558 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Б нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дугаар шийдвэрээр Ард кредит ББСБ ХХК-иас 135 264 675 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээ хийх явц дах хөрөнгийн үнэлгээний стандарт дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэмдэглэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байх талаар зохицуулсан. Мөн үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлийн дугаар тусгай хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл үйлчлүүлэгчийн нэр хаяг регистрийн дугаар болон шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, хугацаа болон тайлангийн он, сар өдөр, үнэлгээний зүйлийн төрөл түүний шинж байдлын тодорхойлолт, өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл, тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл, ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим тэдгээрийн нийцтэй байдал тогтоосон үнэ цэнэ стандарт аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл зэргийг тусгахаар заасан. Хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаас үзэхэд дээрх шаардлагыг тусгаагүй, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулаагүй байх тул үнэлгээ хуульд нийцээгүй, хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 20-ны өдрийн 1414 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Бгаас 134 435 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсгийн заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Хариуцагч байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилжээ.

Төлбөр төлөгч нь 2020 оны 9 сарын 16-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг 350 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хариуцагч НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасны дагуу 2020 оны 9 сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 6 дугаар байрны 34 тоот орон сууцыг 149 558 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх81-98/

Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн хийсэн 2020 оны 9 сарын 28-ны өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 10 сарын 07-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2020 оны 10 сарын 26-ны өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдлоо гаргасан. /хх1-2, 100/ Нэхэмжлэгч гомдол гаргах хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Түүнчлэн, хэргийн 81-98 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн харьцуулалтын аргыг сонгон хэрэглэж Сүхбаатар дүүрэг, Баруун 4-н зам Голомт хотхонд байрлах гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг Хөрөнгө Эстимэйт ХХК нь 149 558 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин нь тухайн орон сууцны үнэ цэнийг 149 558 000 төгрөгөөр тогтоохдоо 63,06 м.кв талбайгаар тооцон, худалдан борлуулахаар нийтэд зарласан үл хөдлөх хөрөнгө, түүний зах зээлийн үнэтэй харьцуулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдаагаар худалдах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал байхгүй болно. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд, хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  Д.БАЙГАЛМАА

Б.НАРМАНДАХ