Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 181/2021/00249

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт байрлах, “Ү” ГХОХХК  -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “М д” ХК / -д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 48.801.400 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Ү” ГХОХХК 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “М Д” ХК-тай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, компанийн эзэмшлийн 18-21УБР улсын дугаартай, арлын JTEEB71J007041490 дугаартай, Тоёота ланд круйзер 76 маркийн цагаан өнгийн авто машиныг 100.000.000 төгрөгөөр үнэлүүлэн, “супер жолоо” багцаар даатгуулж, даатгалын хураамжид 1.000.000 төгрөг төлсөн. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот руу явах замд Төв аймгийн Баянцагаан сум, Довын голын гуанзнаас урагш Улаанбаатар хотоос 125 километрт онхолдож даатгалын зүйлд хохирол учирсан. “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хийсэн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тайлангаар тээврийн хэрэгсэлд 48.801.400 төгрөгийн хохирол учирсан дүгнэлт гарсан. Манай компани 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/20 тоот албан бичгээр “М Д” ХК-д хандан даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч “М Д” ХК-аас 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бичгээр өгсөн хариундаа “...2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Замын цагдаагийн газраас нөхөн үзлэг хийж, зам тээврийн ослын акт, дүгнэлт гаргасан бөгөөд ийнхүү 90 хоногийн дараа ирүүлсэн нөхөн үзлэгийн актаар болсон гэх ослын бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байна” хэмээн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Бид дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд хандан гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо манай гомдлыг хүлээн авч хянаад 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9/3544 “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” шийдвэрийг “М Д” ХК-д хүргүүлж, даатгалын тохиолдолд үүссэн байх тул нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж, даатгуулагчийг хохиролгүй болгохыг үүрэг болгосон. Уг шийдвэрийн дагуу дахин “М Д” ХК-д хандаж, нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэхэд мөн олгохгүй гэдгээ дахин мэдэгдсэн.

Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээгээр авч үзвэл, гэрээний тусгай нөхцлийн 12 дугаар зүйлийн 12.1.11 дэх хэсэгт заасан “хэсэгчилсэн сүйрэл”-д хамаарч байгаа юм. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр буюу осол гарахад Төв аймаг дахь Цагдаагийн хэлтэс рүү манай компанийн нягтлан бодогч Ууганцэцэг /89032190/ ослын дуудлага өгсөн боловч хүн гэмтээгүй, даатгалаар шийдвэрлүүлэх боломжтой хэмээн цагдаагийн байгууллагаас тухайн үед хэргийн газар дээр үзлэг, шалгалт хийгээгүй. Тиймээс манай компанийн зүгээс зам тээврийн ослын акт, хэрэг хаагдсан тогтоол зэрэг баримтыг гаргаж өгөх ямар ч боломжгүй байсан тул осол гарсан гэдгийг нотлох зорилгоор уг ослыг бүртгэн авсан Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “мэдээ, мэдээллийн бүртгэлийн хуудас”-ыг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/20 тоот даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэндээ хавсарган “М Д” ХК-д гаргаж өгсөн.

“М Д” ХК-ийн зүгээс “бүртгэлийн хуудас”-ыг үндэслэн олгох боломжгүй, заавал хэрэг үүсгэж, шалгасан байх ёстой, гэхдээ эцсийн шийдвэрийг компанийн удирдлагууд хэлэлцэж шийдвэрлэнэ гээд манай материалыг анх хүлээж авсан. Ингээд осол гарснаас хойш улс орон даяар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор хөл хорио тогтоох, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор манай асуудал сунжирсан. Энэхүү нөхцөл байдал манай компаниас үл хамаарах шалтгаанаар цаг хугацаа алдсан тал бий. Гэхдээ дээрх нөхцөл байдлууд нь даатгалын гэрээний тусгай нөхцлийн 12 дугаар зүйлийн 12.1.29-т “Даатгуулагч ... нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, ... улс орон даяар болон тодорхой бүс нутагт онц байдал зарласан, эдгээрээс гадна өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон”-ыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна.

Хэдийгээр осол гарснаас хойш 90 хоногийн дараа ирүүлсэн байх боловч Замын цагдаагийн газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны “Зам тээврийн осол тогтоосон акт”-аас үзэхэд зам тээврийн осол гарсан буюу даатгалын тохиолдол бий болсон гэдэг нь хангалттай тодорхой нотлогдоно. Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч тушаалтай, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандах 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг 125/147 дахь километрийн замд Тоёота ландкруйзер 70 маркийн 18-21 УБР улсны дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон гэх зам тээврийн ослын газарт 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12.10 цагт үзлэг, хэмжилт хийхэд уг осол нь онхолдсон хэлбэрээр гарсан болохыг тогтоосон болно.

Мөн “осол гарсан замын байдал” нь асфальт тэгш, мөстэй, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, салхитай, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй, явган хүний замгүй, хашлагагүй байсан байсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай замд Тоёота ландкруйзер 70 маркийн 18-21 УБР улсны дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Цогтбаяр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж зөрчил гаргасан жолооч Ц.Цогтбаярт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасны дагуу 100.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан болох нь “Осол гарсан замын байдлын тэмдэглэл”, “Зөрчил гаргагчид хариуцлага тооцож, арга хэмжээ авсан тухай тасалбар” зэргээр нотлогдож байна.

“М Д” ХК-аас ослын бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй гэж үзэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байгаа нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.

Гэрээнд нөхөн төлбөрийг даатгуулагчийн өргөдөл, даатгалын гэрээ, баталгааны эх хувь, оролцогч талуудын жолооны үнэмлэх, жолоочийн албан журмын даатгалын баталгааны хуудас, даатгалын тохиолдол бий болсныг нотлох Замын цагдаагийн газрын акт, тодорхойлолт, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хохирлын хэмжээг тодорхойлсон хөндлөнгийн эрх бүхий байгууллагын тайлан зэрэг материалыг үндэслэн олгоно гэж заасан. Харин гэрээний дээрх зүйлийн 1.2-т ослын зураглал, фото зураг, видео бичлэг, хохирлын шалтгаан, бусад алба, мэргэжлийн холбогдох байгууллагын тодорхойлолт, дүгнэлт зэргийг даатгагч шаардлагатай гэж үзвэл нэмж бүрдүүлэхээр тодорхойлсон. Манай компанийн зүгээс осол гарсан үеийн фото зургийг авч баримтжуулан нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэндээ хавсаргаж өгсөн бөгөөд тухайн үед өнгөрч явсан машинтай хүмүүсийн утасны дугаарыг авч үлдсэн, шаардлагатай гэвэл тэдгээр хүмүүсийг утсаар нь холбогдоод мэдээлэл авах боломжтой гэдгийг даатгалын мэргэжилтэнтэй уулзахдаа хэлсэн.

Гэрээний 6.1-т “Даатгалын зүйлийн даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнээс багагүй байх тохиолдолд олгохоор тооцсон нөхөн төлбөрийг 100 хувиар тооцон олгоно” гэж заасан тул авто машинд учирсан хохирлыг 100 хувиар нөхөн төлүүлэхээр шаардаж байна. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гарсан зам тээврийн ослын улмаас 18-21 УНР улсын дугаартай, Тоёота ландкруйзер 76 маркийн авто машинд учирсан 48.801.400 төгрөгийн хохирлыг “М Д” ХК-аар нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Ү” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “М Д” ХК-тай 22С1920000880 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Жолооч Ц.Цогтбаяр нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт даатгалын зүйл болох 18-21 УБР дугаартай Тоёота маркийн Ланд круйзер 70 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ онхолдон хохирол учирсан хэмээн нөхөн төлбөрийн материал бүрдүүлэн өгсөн байна. Нэхэмжлэгч дээрх ослыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн боловч ослын газар очиж үзлэг хийгээгүй хэмээн Төв аймаг дахь Цагдаагийн газрын мэдээ, мэдээллийн бүртгэлийн хуудсыг ирүүлсэн. Тус хуудас нь зам тээврийн ослын нөхцөл  байдлыг бүрэн тогтооход хангалтгүй байсан тул манай компанийн зүгээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-д “шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно” хэмээн заасны дагуу осол, түүний шалтгааныг тодорхойлсон баримт материалын дэлгэрэнгүйг бүрдүүлж ирүүлэхийг хүссэн. Гэтэл зам тээврийн осол болсон өдрөөс хойш 3 сарын дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Замын цагдаагийн газраас нөхөн үзлэг хийж, зам тээврийн ослын акт, дүгнэлт гаргасан бөгөөд ийнхүү 90 хоногийн дараа ирүүлсэн нөхөн үзлэгийн актаар болсон гэх ослын бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон. Даатгагч нь даатгалын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй бөгөөд аливаа зам тээврийн осол гарахад жолоо барих эрхтэй этгээд тээврийн хэрэгслийг жолоодож явсан эсэх, жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдсан байсан эсэх зэрэг даатгалын гэрээний хүрээнд зайлшгүй тогтоох шаардлагатай нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэдэг.

Тухайн үед ослын талаар манайд дуудлага өгөхөд “цагдаа дуудах,  иртэл хөдөлгөхгүй байх, акт тогтоолгох” талаар утсаар зааварчилгааг өгсөн байдаг. Гэтэл зааварчилгааг дагаагүй цагдаа ослын акт үйлдээгүй, харин сүүлд 3 сарын дараа нөхөн үйлдсэн акт ирүүлсэн. Зааварчилгаанаас гадна Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.г-д “жолооч ослын үед цагдаад яаралтай мэдэгдэх, иртэл хүлээх үүрэгтэй” гэж заасан. Мөн дүрмийн 3.6-д “даатгалын байгууллагатай харилцан маргаангүйгээр шийдвэрлэхээр тохиролцсон” гэж үзсэн тохиолдолд цагдаа очихгүйгээр жолооч тээврийн хэрэгслийг хөдөлгөх боломжтой нөхцлийг заасан. Гэтэл тухайн тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн энэ зохицуулалт хамаарахгүй тул зааварчилгаа өгсөн эсэхээс үл хамаараад жолооч өөрөө ослын газарт цагдаа иртэл тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгах үүрэгтэй болно. Ийнхүү даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгоход шаардлагатай бүхий л нөхцөл орчин бүрдсэнийг тогтоох боломжгүй болсон.

Иймд гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.19.3-д заасан “даатгалын тохиолдлыг нотлох боломжгүй бол”, мөн гэрээний 12.5.19.15-д заасан “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол” нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасны дагуу татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг

шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Ү” ГХОХХК “М Д” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 48.801.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “Ү” ГХОХХК, нөгөө талаас “М Д” ХК нар 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр харилцан тохиролцож, Даатгуулагч нь өөрийн компанийн өмчлөлийн 18-21УБР улсын дугаартай Тоёота ландкруйзер маркийн тээврийн хэрэгслийг байгалийн, хөдөлгөөний үеийн, хөдөлгөөний бус үеийн зэрэг гэрээнд дурдсан даатгалын эрсдлээр нэг жилийн хугацаатай даатгуулах, хураамжид  даатгалын үнэлгээний нэг хувиар тооцон 1.000.000 төгрөг төлөхөөр, Даатгагч нь даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр тус тус харилцан тохиролцож, 1101093 тоот “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулжээ. /хх 14-18, 33-40/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний хугацаанд даатгалын зүйл болох 18-21 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгаас ирэх замд Улаанбаатар хотоос 125 километр зайтай Төв аймгийн нутаг дэвсгэрт онхолдсон үйл баримтад зохигчид маргаагүй. Мөн нэхэмжлэгч хураамж төлсөн үйл баримтад маргаагүй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нөхөн төлбөр хүсэхэд “М Д” ХК-иас гэрээний 12.5.19.3-д заасан “даатгалын тохиолдлыг нотлох боломжгүй” үндэслэлээр олгохоос татгалзжээ. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад тус байгууллагын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “нөхөн төлбөр олгохоос дээрх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй” гэж үзэн, улмаар олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч байгууллагад мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ. /хх 24, 25, 29-32/

Нэхэмжлэгч уг осол даатгалын тохиолдолд хамаарна гэж нөхөн төлбөр шаардав. Хариуцагч ослын актыг сүүлд нөхөн үйлдсэн, тухайн үед цагдаа ирэхийг хүлээж ослын газарт акт үйлдүүлээгүйгээс осол юунаас болсон шалтгаан нөхцлийг бодитоор тогтоох боломжгүй болсон гэж тайлбарлан гэрээний 12.5.19.3-т заасан  “даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй”, гэрээний 12.5.19.15-д заасан, “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.  Мөн “гэрээгээр хүлээсэн үүрэг” гэдгээ цагдаа дуудаж акт тогтоолгох талаар зааварчилга өгсөөр байтал тухайн үед акт тогтоолгоогүй, нөхөн үйлдсэн, мөн гэрээнд заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж шүүх хуралдаанд тодруулж тайлбарлав.

Тухайн өдөр хотоос 125 км гаруй зайтай, сүлжээгүй газар осол болсон талаар нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад утсаар дуудлага өгч мэдэгдсэн, хариуцагчийн зүгээс “цагдаа дуудах, цагдаа иртэл хүлээх” талаар зааварчилга өгсөн болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Энэ үйл баримтад талууд маргаагүй. /хх

Хавтаст хэргийн 21 дэх талд “мэдээ мэдээллийн бүртгэл”-ийн холбогдох хэсгийн хуулбарыг баримтаар ирүүлсэн бөгөөд уг баримт Төв аймгийн цагдаагийн газрын бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэг гэдэгт талууд маргаагүй. Уг баримтаас үзвэл “18-21УБР машин онхолдсон, хүн гэмтээгүй” гэсэн дуудлагыг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өгсөн, Цагдаагийн байгууллага бүртгэж, улмаар “мэдээллийг бүртгэлд бүртгэсэн, даатгалаар шийдүүлэх” хэмээн тэмдэглэсэн, харин хэргийн газар руу явсан хэсгийг  “чагталж” тэмдэглэжээ. Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч өгсөн зааварчилгааны дагуу осол болсон газрын харьяалах нутаг дэвсгэр дэх Төв аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн, дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас ослын газарт очоогүй болох нь тогтоогдож байна. /хх 21/

            Замын Хөдөлгөөний дүрмийн 3.5.г-д жолооч “ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх”, “цагдаагийн ажилтанг хүлээх” үүргийн талаар заасан ч тухайн осол болсон газар Улаанбаатар хотоос зайтай буюу 120 гаруй км хол болсон, түүнчлэн үүргийнхээ дагуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очоогүй явдалд даатгуулагчийг буруутгах үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн нэхэмжлэгч 2020 оны 3 дугаар сарын 16, 25-ны өдөр анх нөхөн төлбөр гаргуулахаар хариуцагчид хандсан, улмаар нэмэлт материал шаардсны дагуу Төв аймгийн  цагдаагийн газраас акт тогтоосныг нэмсэн байх тул гэрээний 7.1.2-т заасан “даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлж өгөх” үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тухай хариуцагчийн татгалзал мөн үндэслэлгүй.

            Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн актаар тухайн өдрийн буюу 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ослын шалтгаан нөхцлийг жолооч Ц.Цогтбаяр Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчснөөс осол гарсан гэж дүгнэжээ. /хх 26-28/

Иймд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар шаардах эрхтэй.

            Хэрэгт авагдсан баримтаар “Хөрөнгө эстимэйт” ХХК-иас даатгалын зүйлд  учирсан хохирлын үнэлгээг 48.851.400 төгрөг гэж тогтоосон, хариуцагч энэ талаар  маргаж, мэтгэлцээгүй болно. /22-23/

            Зохигчдын хоорондох гэрээний 12.1.11-т “даатгалын зүйлийн сүйрсэн хэсгийг сэргээн засварлах зардал нь тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээний 90-ээс доошгүй хувиар хэмжигдсэн хохирлыг хэсэгчилсэн сүйрэл” гэж, 12.5.13.2.1-д “хэсэгчлэн сүйрсэн хэсгийг сэргээн засварлах эсхүл шинэ сэлбэгээр солих зардлуудын аль багаар олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно” гэж, 12.5.14-т  “нөхөн төлбөрөөс өөрийн хүлээх хариуцлагын хэсгийг хасах”-аар заажээ. Мөн гэрээний 12.5.18-т “олгохоор тооцсон хохирлыг 50 хувиар тооцон нөхөн төлнө” гэж үүнээс 12.5.18.3-т “эрсдэл учирч болохыг магадлах шаардлагагүй, хохирол учрах нь тодорхой орчин нөхцөлд даатгалын зүйлийг шилжүүлсэн буюу зайлсхийгээгүй нь эрх бүхий байгууллагаар нотолж баталгаажуулсан бол” гэж тус тус заажээ.

Төв аймгийн замын цагдаагийн газраас ослын шалтгаан нөхцлийг  “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн хэмээн дүгнэсэн тул дээрх нөхцөл гэрээний 12.5.18.3-т заасан “даатгалын зүйлд хохирол учирч болох орчин нөхцөлд зайлсхийгээгүй” нөхцөлд хамаарч байна.

Гэрээгээр өөрийн хүлээх хариуцлагыг 10 хувь байхаар мөн талууд тохирсон байх тул даатгалын зүйлд учирсан нийт 48.851.400 төгрөгний хохирлын хэмжээнээс өөрийн хүлээх 10 хувийг хасвал 43.966.260 төгрөг байна. Үүнийг гэрээний 12.5.18.3-т зааснаар 50 хувиар тооцон 21.983.130 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 21.983.130 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан “М Д” ХК-иас 21.983.130 /хорин нэгэн сая есөн зуун наян гурван мянга нэг зуун гучин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ү” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26.818.270 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401.957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 267.865 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ