Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00577

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш” ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2021/00249 дугаар шийдвэртэй, “Ш” ХХК нэхэмжлэлтэй “М” ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 48 801 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, өмгөөлөгч Э.Жанчивдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь “М” ХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, компанийн эзэмшлийн 11 УБР жртай, Тоёота ланд круйзер 76 маркийн цагаан өнгийн авто машиныг 100 000 000 төгрөгөөр үнэлүүлэн, супер жолоо багцаар даатгуулж, даатгалын хураамжид 1 000 000 төгрөг төлсөн.

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот руу явах замд Төв аймгийн Баянцагаан сум, Улаанбаатар хотоос 125 км онхолдож, даатгалын зүйлд хохирол учирсан. “А” ХХК-ийн хийсэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тайлангаар тээврийн хэрэгсэлд 48 801 400 төгрөгийн хохирол учирсан дүгнэлт гарсан.

Манай компани 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/20 тоот албан бичгээр “М” ХК-д хандан даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч “М” ХК-аас 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Замын цагдаагийн газраас нөхөн үзлэг хийж, зам тээврийн ослын акт, дүгнэлт гаргасан бөгөөд ийнхүү 90 хоногийн дараа ирүүлсэн нөхөн үзлэгийн актаар болсон гэх ослын бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байна” гэж нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Бид Санхүүгийн зохицуулах хороонд хандан гомдол гаргаж тус хороо 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 9/3544 албан бичгээр даатгалын тохиолдолд үүссэн байх тул нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж, даатгуулагчийг хохиролгүй болгохыг үүрэг болгосон. Уг шийдвэрийн дагуу дахин “М” ХК-д хандаж, нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэхэд мөн олгохгүй гэдгээ дахин мэдэгдсэн.

Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээгээр авч үзвэл, гэрээний тусгай нөхцөлийн 12 дугаар зүйлийн 12.1.11 дэх хэсэгт заасан хэсэгчилсэн сүйрэлд хамаарч байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу осол гарахад Төв аймаг дахь Цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн боловч “хүн гэмтээгүй, даатгалаар шийдвэрлүүлэх боломжтой” гэж цагдаагийн байгууллагаас тухайн үед хэргийн газар дээр үзлэг, шалгалт хийгээгүй.

Тиймээс манай компанийн зүгээс зам тээврийн ослын акт, хэрэг хаагдсан тогтоол зэрэг баримтыг гаргаж өгөх ямар ч боломжгүй байсан тул осол гарсан гэдгийг нотлох зорилгоор уг ослыг бүртгэн авсан Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн мэдээ, мэдээллийн бүртгэлийн хуудсыг 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/20 тоот даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэд хавсарган “М” ХК-д гаргаж өгсөн.

Иймд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу авто машинд учирсан 48 801 400 төгрөгийн хохирлыг “М” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Ш” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “М” ХК-тай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт даатгалын зүйл болох 11 УБР дугаартай Тоёота Ланд круйзер 70 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, хохирол учирсан гэж нөхөн төлбөрийн материал бүрдүүлэн өгсөн. Нэхэмжлэгч дээрх ослыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн боловч ослын газар очиж үзлэг хийгээгүй хэмээн Төв аймаг дахь Цагдаагийн газрын мэдээ, мэдээллийн бүртгэлийн хуудсыг ирүүлсэн.

Тус хуудас нь зам тээврийн ослын нөхцөл байдлыг бүрэн тогтооход хангалтгүй байсан тул манай компанийн зүгээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-д шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно хэмээн заасны дагуу осол, түүний шалтгааныг тодорхойлсон баримт материалын дэлгэрэнгүйг бүрдүүлж ирүүлэхийг хүссэн.

Гэтэл зам тээврийн осол болсон өдрөөс хойш 3 сарын дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын цагдаагийн газраас нөхөн үзлэг хийж, зам тээврийн ослын акт, дүгнэлт гаргасан бөгөөд ийнхүү 90 хоногийн дараа ирүүлсэн нөхөн үзлэгийн актаар болсон гэх ослын бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон.

Даатгагч нь даатгалын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй бөгөөд аливаа зам тээврийн осол гарахад жолоо барих эрхтэй этгээд тээврийн хэрэгслийг жолоодож явсан эсэх, жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдсан байсан эсэх зэрэг даатгалын гэрээний хүрээнд зайлшгүй тогтоох шаардлагатай нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэдэг.

Тухайн үед ослын талаар манайд дуудлага өгөхөд цагдаа дуудах, иртэл хөдөлгөхгүй байх, акт тогтоолгох талаар утсаар зааварчилгааг өгсөн байдаг. Гэтэл зааварчилгааг дагаагүй цагдаа ослын акт үйлдээгүй, харин сүүлд 3 сарын дараа нөхөн үйлдсэн акт ирүүлсэн. Зааварчилгаанаас гадна Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.г-д жолооч ослын үед цагдаад яаралтай мэдэгдэх, иртэл хүлээх үүрэгтэй гэж заасан. Мөн дүрмийн 3.6-д даатгалын байгууллагатай харилцан маргаангүйгээр шийдвэрлэхээр тохиролцсон гэж үзсэн тохиолдолд цагдаа очихгүйгээр жолооч тээврийн хэрэгслийг хөдөлгөх боломжтой нөхцөлийг заасан. Тухайн тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн энэ зохицуулалт хамаарахгүй тул зааварчилгаа өгсөн эсэхээс үл хамаараад жолооч өөрөө ослын газарт цагдаа иртэл тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгах үүрэгтэй болно. Ийнхүү даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгоход шаардлагатай бүхий л нөхцөл орчин бүрдсэнийг тогтоох боломжгүй болсон.

Иймд гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.19.3-д заасан даатгалын тохиолдлыг нотлох боломжгүй бол, мөн гэрээний 12.5.19.15-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасны дагуу татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан “М” ХК-иас 21 983 130 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26 818 270 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401 957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 267 865 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчтэй байгуулсан Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд талуудын эрх, үүрэг болон даатгалын тохиолдол бий болоход бүрдүүлэх материал, авах арга хэмжээний талаар тодорхой заасан. Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.1.5-д заасны дагуу даатгалын тохиолдол болоход даатгуулагч нь тухайн тохиолдлыг нотлох Замын цагдаагийн газрын акт, тодорхойлолтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд даатгуулагч гэрээнд заасан шаардлагатай баримт материалыг бүрдүүлж өгсний дараа даатгагч буюу “М” ХК нь үүргээ биелүүлэх боломж бүрдэх юм.

Гэтэл нэхэмжлэгч нь осол болсноос хойш 3 cap орчмын дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон актыг бүрдүүлж өгсөн. Ийнхүү осол болсон гэх хугацаанаас хойш 3 сарын дараа гаргасан зам тээврийн ослын актыг ослын бодит нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримт хэмээн хүлээн зөвшөөрөхгүй огт боломжгүй, замын цагдаагийн газарт ч мөн ийнхүү ослын газарт нөхөн үзлэг хийж, акт үйлдэх эрх хэмжээ хууль, дүрэм, журмаар олгогдоогүй тул “М” ХК-ийн зүгээс даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.19.3, 12.5.19.15-д зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Замын хөдөлгөөний дүрмийн З.6-д заасны дагуу “...ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон..." тохиолдолд л зам тээврийн ослын үед цагдаагийн байгууллага очихгүй байх үндэслэл болно. Бусад тохиолдолд буюу тухайн осол хөдөө орон нутагт алслагдмал газар болсон байх эсэх нь цагдаагийн байгууллага ослын газар очихгүй байж болох үндэслэлд хамаарахгүй юм.

Зам тээврийн осол болох үед “Ш” ХХК-ийн ажилтан ослын талаар дуудлага өгөхөд нь “М” ХК-ийн шуурхай дуудлагын ажилтан “...ослын газарт замын цагдаагийн газраар зайлшгүй үзлэг хийлгэх шаардлагатай, цагдааг иртэл ослын газраас хөдлөлгүйгээр хүлээх..." талаар тодорхой зааварчилгааг өгсөн нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно.

“М” ХК-ийн зүгээс ийнхүү цагдаагийн байгууллагаар ослын газар үзлэг хийх шаардлагатай хэмээн тодорхой үүрэг, зааварчилгаа өгсөн боловч  “Ш” ХХК нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн актаар ослын бодит нөхцөл байдлыг тогтоож, даатгалын гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдол болсон гэдгийг нотлох боломжгүй тул “М” ХК-ийн даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “М” ХК-аас 21 983 130 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 48 801 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Ш” ХХК нь “М” ХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр даатгагч “М” ХК нь даатгуулагчийн өмчлөлийн 11УБР жртай Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх14, 33-40/

 

“Ш” ХХК болон “М” ХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээг мөн зүйлийн 431.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан, даатгуулагч даатгалын хураамжийг төлсөн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот руу ирэх замд, Улаанбаатар хотоос 125 километр зайтай газар, Төв аймгийн нутаг дэвсгэрт дээрх тээврийн хэрэгсэл онхолдож, даатгалын тохиолдол бий болсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Даатгуулагч 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр даатгалын тохиолдол бий болсныг даатгагчид мөн өдөртөө утсаар мэдэгдсэн нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт зааснаар даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.

 

“Ш” ХХК-иас “М” ХК-д 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, мөн сарын 25-ны өдөр даатгалын нөхөн төлбөрийг авах талаар хүсэлт гаргахдаа хүсэлтэд нөхөн төлбөрийн хуудас, даатгалын гэрээ, жолоочийн жолооны үнэмлэх, жолоочийн албан журмын даатгалын баталгааны хуулбар, Төв аймгийн цагдаагийн газрын мэдээ, мэдээллийн бүртгэлийн дуудлага тэмдэглэсэн хэсэг, “А” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, ослын нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг, жолооч болон зорчигч нарын албан томилолтын хуудас, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар баримтуудыг хавсаргасан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-т зааснаар даатгагч нь даатгуулагчаас зам тээврийн осолтой холбоотой нэмэлт баримт шаардаж болно. Энэ эрхийн хүрээнд “М” ХК мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолтыг гаргуулахаар “Ш” ХХК-аас шаардсан. “Ш” ХХК нь Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт уг шаардлагатай холбоотой хүсэлт гаргасны дагуу тухайн цагдаагийн тасгаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “зам тээврийн осол дээр тогтоосон акт”, мөн сарын 15-ны өдөр тодорхойлолтыг тус тус үйлдэж “М” ХК-д хүргүүлжээ.

 

Зам тээврийн осол дээр тогтоосон актад “2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Улаанбаатар -Мандалговь чиглэлийн дагуу хатуу хучилттай замд Ландкруйзер-70 маркийн 11 УБР дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан” гэж дүгнэсэн, тодорхойлолтод осол гарсан болон жолооч Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн талаар дурджээ.

 

“М” ХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ зам тээврийн осол болсон өдрөөс хойш 3 сарын дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр замын цагдаагийн тасгаас нөхөн үзлэг хийж зам тээврийн ослын акт, дүгнэлт гаргасан бөгөөд ийнхүү 90 хоногийн дараа ирүүлсэн нөхөн үзлэгийн актаар болсон гэх ослын бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй, ийнхүү даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгоход шаардлагатай бүхий л нөхцөл орчин бүрдснийг тогтоох боломжгүй үед гэрээний 12.5.19.3-т зааснаар “даатгалын тохиолдлыг нотлох боломжгүй бол нөхөн төлбөрийг олгохгүй” гэж заасны дагуу нөхөн төлбөрийг олгохгүй гэх агуулгаар тайлбарласан ба уг татгалзал үндэслэлгүй болжээ. Учир нь зам тээврийн ослын талаар актыг замын цагдаагийн байгууллага 3 сарын дараа нөхөн үйлдсэнд нэхэмжлэгч буюу даатгуулагч буруугүй болно.

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь “нэхэмжлэгчид тодорхой зааварчилгаа өгсөн, Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д жолооч нар хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол уг дүрмийн 3.5.г-д заасан үүргээс чөлөөлөгдөх боломжтой, даатгалтай тохиролцсон гэдэгт хамаарахгүй учраас осол гарсан газарт цагдаа үзлэг хийх үүрэгтэй” гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д “Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын жолооч даатгалын байгууллагатай даатгалын нөхөн төлбөрийг маргаангүйгээр шийдвэрлэхээр тохиролцсон байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан үүргийг гүйцэтгэх ёстой.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.г-д “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ...цагдаагийн ажилтанг хүлээх...” гэж заасан ба даатгуулагч даатгалын байгууллагаас утсаар зааварчилгаа өгсний дагуу,  уг дүрмийн 3.5.г-д зааснаар замын цагдаагийн байгууллагад осол болсон талаар мэдэгдсэн боловч цагдаагийн ажилтан осол болсон газар очоогүйд даатгуулагчийг буруутгахгүй, нэхэмжлэгч байгууллагыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлсэн гэж дүгнэнэ.

 

Санхүүгийн зохицуулах хорооноос “М” ХК-д 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 9/3544 тоот албан бичгээр Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох гэж зааснаар нөхөн төлбөрийг олгох асуудлыг даруй шийдвэрлэж, хариу мэдэгдэхийг үүрэг болгосон, хариуцагч уг үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шүүхэд хандсан нь хуульд нийцжээ.

 

Даатгуулагчийг Даатгалын гэрээний 12.5.19.15-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

“А” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт гэх баримтад 11 УБР жртай, Тоёота Ланд круйзер 70 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, засварлах, солих шууд болон шууд бус зардал нийт 48 851 400 төгрөг гэж тогтоосон байна. /хх22-23/

 

Иймд анхан шатны шүүх талууд гэрээгээр өөрийн хүлээх хариуцлагыг 10 хувь байхаар тохиролцсон, даатгалын зүйлд учирсан хохирол 48 851 400 төгрөгөөс даатгуулагчийн хүлээх 10 хувийг хасч, даатгалын гэрээний 12.5.18-т “даатгалыг тохиолдолд олгохоор тооцсон хохирлыг 50 хувиар тооцон нөхөн төлнө” гэж зааснаар 43 966 260 төгрөгийн 50 хувь 21 983 130 төгрөгийг “М” ХК-аас гаргуулж “Ш” ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2021/00249 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 870 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА==