Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/00230

 

Н-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01458 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01530 дугаар магадлалтай,                                                             

Н-ын нэхэмжлэлтэй,

Б , Х , А  нарт холбогдох

Б аас 1,866,118,791 төгрөг, Х ээс 102,553,960 төгрөг, А гаас 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагч Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагч Х , А  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинхорол, хариуцагч Х , А  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганболд, хариуцагч Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н  нь хариуцагч Б , Х , А  нарт холбогдуулан Б аас 1,866,118,791 төгрөг, Х ээс 102,553,960 төгрөг, А гаас 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01458 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б аас 73,340,800 төгрөг, Х ээс 2,996,630 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, Б т холбогдох шаардлагаас 1,792,777,992 төгрөг, Х т холбогдох шаардлагаас 99,557,330 төгрөг, А д холбогдох 22,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б аас 524,654 төгрөг, Х ээс 62,896 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01530 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б аас 1,866,118,791 төгрөгийг, хариуцагч Х ээс 102,553,960 төгрөгийг, хариуцагч А гаас 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “... 56.2 ...” гэснийг “56.1” гэж, “...524,654...” гэснийг “9,488,544” гэж, “...62,896...” гэснийг “670,720” гэж тус тус өөрчлөн, “төгрөгийг” гэсний дараа “хариуцагч А гаас 267,950 төгрөг” гэж нэмэн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2023.08.04-ний өдрийн 210/МА2023/01530 дугаар магадлалыг Монгол Улсын Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1-д "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ" гэснийг, ИХШХШТ хуулийн 6 дугаар 6.2-т "Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ", мөн зүйлийн 6.3-т "Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ" гэж заасныг тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр хянуулах гомдол гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүх хуралдаан зөвхөн нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ "хариуцагч нар 2012-2016 оны байгууллагын санхүүгийн баримтууд гаргаж өгсөн ...2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд Б ын зүгээс гарсан төлбөрийн зөрүү гаргаж тайлбарласан хэлсэн..." гэж мэдүүлсэн. Миний зүгээс нэхэмжлэгч талын энэ давж заалдах гомдолд анхан шатны шүүхээс хийсэн шийдвэрийн үндэслэх хэсэгт байгаа аль дүгнэлтийг ямар учраас зөвшөөрөхгүй байгааг заагаагүй тул энэ нь ИХШХШТ хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т "шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа" мөн зүйлийн 162.2.5-т "гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт" тодорхой заагаагүй тул мэтгэлцэх боломж бүрдэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь хуульд нийцэх болох тухайг давж заалдах шатны шүүхэд мэдүүлсэн. Давж заалдах шүүхийн бүрэлдэхүүн болон хэргийн оролцож нэхэмжлэгч тал нэмэлт тайлбар, асуулт асуугаагүй бөгөөд үүгээр давж заалдах шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат дууссан бөгөөд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд талуудын хооронд мэтгэлцээгүй асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Энэ нь ИХШХШТ хуулийн 166 дугаар зүйлийн 166.5-д заасныг зөрчсөн болно. Өөрөөр хэлбэл, ямар ч нотлох баримтын үндэслэлтэй эсэх талаар мэтгэлцээн болоогүй тул давж заалдах шатны шүүхийн энэхүү өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1, ИХШХШТ хуулийн 6 дугаар 6.2, 6.3-т заасныг тус тус зөрчсөн болно.

Хоёр: Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтыг шууд ИХШХШ тухай хуульд заасан нотлох баримт гэж үзэх үү энэ нь хууль ёсоор бүрдүүлсэн нотлох баримт мөн үү гэдэгт огт дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч талаас гарган өгсөн баримт нь эрүүгийн хэргийн шүүхийн цагаатгах ба шийтгэх тогтоолын үндэслэл болсон бол ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцэх бол бидний авч үзэж буй нөхцөлд дээрх баримтуудыг ИХШХШТ хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасан эрхээ анхан шатны шүүх эдлээгүй байхад давж заалдах шатны шүүх мэтгэлцээн явуулаагүй байж эргэлзээтэй нотлох баримт гэж үзэж болохгүй юм. Ингэвэл хэргийн оролцогчийн эрх хязгаарлагдаж шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй болохыг анхан шатны шүүх анхаарсангүй.

Гурав: Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд ИХШХШ тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-т “Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хурапдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна" мөн зүйлийн 163.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар эрхийг танилцуулсан баримт байхгүй тул энэ нь Улсын дээд шүүхийн нийт шүүхийн хуралдааны 2023.04.14-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 26-д “Хуулийн 163.1 дэх заалтын "Давж заалдах гомдлыг ...хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ гомдлын өргөдлийг хүлээн авсан шүүгч буюу нарийн бичгийн дарга гомдол гаргах, бичих эрх бүхий этгээд гаргасан буюу бичсэн эсэх, улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх, хуульд заасан давж заалдах хугацаанд гарсан эсэхийг нарийн шалган хүлээн авч зохигчид буюу тэдний төлөөлөгч, өмгөөлөгчид заавал танилцуулж, үүнийгээ баталгаажуулан гарын үсэг зуруулсан байвал зохино. Харин зохигчид буюу тэдний төлөөлөгч, өмгөөлөгч хариу тайлбар гаргах эсэх нь тэдний эрх учир заавал тайлбар гаргуулахаар шаардахгүй. Харин ийм эрхтэй болохыг тайлбарлаж өгнө” гэснийг хэрэгжүүлээгүй байна. Хавтаст хэрэгт шүүхээс ийм эрхийг тайлбарлаж өгсөн баримт хэрэгт байхгүй байгаа нь Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзнэ.

Дөрөв: Давж заалдах шатны шүүхийн үндэслэх хэсэгт хавтаст хэрэгт байгаа хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг хэрхэн яаж үнэлсэн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Улсын дээд шүүхийн нийт шүүхийн хуралдааны 2023.04.14-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124,166,167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 24.Хуулийн 161.3 дахь заалтын "...хэргийг бүхэлд нь хянана" гэдэг нь зохигч талын нэг нь давж заалдсан, мэтгэлцэж байгаа нөгөө тал нь хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд давж заалдах журмаар хянан шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ уг хэргийн нотлох баримт хийгээд үйл баримт, түүнд үнэлэлт дүгнэлт өгсөн байдал, шүүхийн шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг бүхэлд нь хянан шийдвэрлэхийг хэлнэ..,” гэж тайлбарласантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт байгаа дүгнэлтийг няцаасан түүнийг өөрчлөх болсон үндэслэлийг заагаагүй нь хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж мөн үзнэ. Иймд магадлал Монгол Улсын Үндсэн Хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1, ИХШХШТ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-т заасныг зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Х , А  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.04-ний өдрийн 210/МА2023/01530 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. Хэрэгт нэхэмжлэгч талаас гарган өгсөн нэхэмжлэл түүнийгээ нотолсон, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болж буй баримтууд болох шинжээчийн дүгнэлтүүд, аудитын дүгнэлт, шинжээч, гэрч нарын болон холбогдогч нарын мэдүүлэг хүсэлтүүд нь бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон эрүүгийн хэргээс хуулбарлан ирүүлсэн баримтууд байна. Эдгээр нотлох баримтууд нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд нотлох баримт болохгүй юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч, гэрч нарын болон холбогдогч нарын мэдүүлэг хүсэлтүүдийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн зарчмыг баримтлан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох ёстой. Хариуцагч А г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцсон мөрдөгчиин шийдвэрииг Нын 2017.07.05-ны өдрийн 115 дугаартай прокурорын тогтоолоор сэжигтнээр тооцсон шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч Х ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.1, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан мөрдөгчийн шийдвэрийг Нын 2017.07.01-ний өдрийн 113 дугаартай прокурорын тогтоолоор Мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж мөрдөгчийн шийдвэрийг  хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч Б т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон байдаг. Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч, гэрч нарын болон холбогдогч нарын мэдүүлэг хүсэлтүүдийг үндэслэсэн, хэрэгт цугларсан баримтаас хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу Улсын дээд шүүхийн тайлбар зөвлөмжөөс өөрөөр хэрэглэсэн, нотлох баримтыг хасаагүй үнэлсэн магадлал, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.19-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2023/01211 тогтоолоор хариуцагч Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагч Х , А  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгч Н  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг үндэслэн хариуцагч Б , Х , А  нарт холбогдуулан төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...хариуцагч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж цалин, урамшуулал, тэтгэмж нэрээр хувьдаа мөнгө завшиж, төрд хохирол учруулсан, Б ыг хамаарал бүхий этгээдүүдийн дансаар мөнгө авсан, Сангийн яамнаас зөвшөөрөл авалгүй, холбогдох байгууллагад бүртгүүлэхгүйгээр данс нээж 1,165,047,311 төгрөгийг авсан, өөртөө давуу байдлыг бий болгосон” гэжээ. 

Хариуцагч Б  нь “...хувьдаа мөнгө завшсан зүйлгүй, таван яамны санхүүгийн асуудлыг хялбарчлах зорилгоор данс нээсэн, прокурорын нэхэмжлээд байгаа мөнгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан” гэж, хариуцагч Х , А  нар нь “...сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан боловч уг тогтоолыг хүчингүйд тооцсон учраас хэргийн оролцогч биш. Х , А  нар нь төрийн ажил, үйлчилгээ эрхлэх дүрэм журмын хүрээнд таван яамтай хамтран ажиллаж, энэ хүрээнд тодорхой ажлууд хийж байсан, хувьдаа мөнгө завшсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

8.Нэхэмжлэгч Н  нь хариуцагч Б аас П д 2014.06.06-ны өдөр шилжүүлсэн 130,000,000 төгрөг, 2014.09.24-ний өдөр шилжүүлсэн 25,000,000 төгрөг, 2014.09.12-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөг, нийт 205,000,000 төгрөг, Б д 2012.12.07-ны өдөр шилжүүлсэн 78,682,500 төгрөг, 2013.03.22-ны өдөр шилжүүлсэн 51,026,100 төгрөг, нийт 129,708,600 төгрөг, “Т ” ХХК-д шилжүүлсэн 4,000,000 төгрөг, “А ” ХХК-д 2012.07.23-ны өдөр шилжүүлсэн 13,099,500 төгрөг, 104900001742 тоот дансанд цалин, тэтгэмж урамшуулал утгаар шилжүүлсэн 349,263,380 төгрөг, 104900046609 тоот данснаас 758 удаагийн үйлдлээр авсан гэх 1,165,047,312 төгрөг, нийт 1,866,118,791 төгрөгийг,

Хариуцагч Х ээс  2012.11.30-ны өдрийн 48,000,000 төгрөг, 2014.07.24-ний өдрийн 4,553,960 төгрөг, 2016.04.05-ны өдрийн 50,000,000 төгрөг, нийт 102,553,960 төгрөгийг,

Хариуцагч А гаас 2014.05.19-ний өдрийн 17,000,000 төгрөг, 2015.07.23-ны өдрийн 5,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар тус тус нэхэмжилсэн байна.

9.Анхан шатны шүүх хариуцагч Б аас 73,340,800 төгрөг, Х ээс 2,996,630 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, Б т холбогдох шаардлагаас 1,792,777,992 төгрөг, Х т холбогдох шаардлагаас 99,557,330 төгрөг, А д холбогдох 22,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.

10.Давж заалдах шатны шүүх “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн гэм хорыг хариуцуулахаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоосон, ... хариуцагч Б аас 1,866,118,791 төгрөгийг, хариуцагч Х ээс 102,553,960 төгрөгийг, хариуцагч А гаас 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцнэ” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

11.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Одсүрэн нь “...Би гэм буруутай гэж үзэж байна. Учир нь байгууллагын данснаас өөр данс нээх шалтгаан нь үйл ажиллагаагаа хялбарчлах гэж тайлбарласан. Байгууллагын дансны хувьд гүйлгээний хязгаар гэж байдаггүй. Өөр данс нээх хангалттай үндэслэл гэж бодохгүй байна. Хариуцагч тал орлого, зарлагынхаа талаар сайн тайлбарлаж чадахгүй байна. Хэрэгт холбоотой хүмүүс дутуу байна. Нэхэмжилж байгаа мөнгийг бүрэн хэмжээгээр төлөх эсэхийг тодорхойлох нь эргэлзээтэй. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгийг төлөх ёстой гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан. 

12.“...”Төрийн үйлчилгээ” ТӨААТҮГ нь төрийн захиргааны төв байгууллагуудын шаардлагад нийцсэн нийтлэг үйлчилгээг явуулж, тэдгээрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүү, аж ахуй, хангалтыг хариуцах, цэвэрлэгээ, үйлчилгээ, өрөө тасалгааны тохижилт, цахилгаан, дулаан, ахуйн хэрэгцээний халуун хүйтэн ус, барилгын болон сантехникийн урсгал засвар, шуудан холбооны үйлчилгээг хариуцах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байсан ба хариуцагч Б  нь тус байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор, хариуцагч Х  нь тооцооны нягтлан бодогчоор, хариуцагч А  нь нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан, ”Төрийн үйлчилгээ” ТӨААТҮГ нь татан буугдсан тул прокурор энэхүү нэхэмжлэлийг гаргажээ.

13.Хариуцагч Б ыг 2013.03.22-ны өдрөөс 2016.06.20-ны өдрийн хооронд “Төрийн үйлчилгээ” ТӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан үргэлжилсэн үйлдлээр мөнгө завшсан гэх, Х ийг өөртөө нийт 102,553,960 төгрөгийн давуу байдлыг бий болгосон гэх, А  нь 2014.05.19-ний өдөр цалин урьдчилгаа нэрээр 17,000,000 төгрөгийг бэлнээр, 2015.07.23-ны өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банк дахь 10330021046 тоот дансанд цалин нэрээр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө нийт 22,000,000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх ба Нын 2021.11.24-ний өдрийн 15 дугаартай Прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Б , Х , А  нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож Б  нь 1,866,118,791 төгрөг, Х  нь 102,553,960 төгрөг, А  нь 22,000,000 төгрөгийн хохирол төсөвт учруулсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна” гэж дүгнэсэн.

Харин Нын 2017.07.03-ны өдрийн 113 дугаартай Прокурорын тогтоолоор Х ийг яллагдагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгож, 2017.07.05-ны өдрийн 115 дугаартай Прокурорын тогтоолоор А г сэжигтнээр тооцсон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

14.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчөөгүй хэдий ч маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Хариуцагч нарыг эрүүгийн хэрэг үйлдэх замаар ”Төрийн үйлчилгээ” ТӨААТҮГ-т хохирол учруулсан үйл баримтын талаар хоёр шатны шүүх ижил дүгнэлт хийсэн. Харин хохирлыг хариуцах хэмжээний тухайд зөрүүтэй шийдэл гаргасан буюу анхан шатны шүүх орлого буюу буцааж төлсөн гэх зарим баримтаар төлбөрийг хасаж тооцсон бол давж заалдах шатны шүүх хариуцагч нар хохирлыг бүхэлд нь төлөх ёстой гэж ялгаатай дүгнэлт хийсэн байна.

14.1.Хэрэгт авагдсан баримт болон хариуцагч нарын гаргасан гомдлын хүрээнд авч үзвэл, анхан шатны шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо хариуцагч нарын гаргаж өгсөн баримт болон шинжээчийн дүгнэлтийг үндэслээд зарим хохирол төлөгдсөн гэсэн дүгнэлт  хийсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд хохирлоос төлсөн гэж хариуцагч талаас гаргасан баримтуудыг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийснийг буруутгахгүй.

Гэхдээ анхан шатны шүүх хариуцагч Б ын хохирол төлөх үүргийн хувьд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.03.21-ний өдрийн 051 дугаар  дүгнэлт болон “Голден пэйж аудит” ХХК-ийн А/38 дугаар тайлангаар “...хариуцагч Б  нь бизнес дебит картыг өөртөө гаргуулан авч, 104900046609 данснаас 758 удаагийн үйлдлээр 1,165,047,311 төгрөг авсан” үйл баримт тогтоогдсон, энэ мөнгийг буцааж төлсөн болон хэрхэн захиран зарцуулсан талаарх  баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагч Б т холбогдох нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзнэ.

Харин Б д шилжүүлсэн 129,708,600 төгрөгөөс  69,340,800 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлсэн болон үйл ажиллагаанд зарцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, 2015.04.23-ны өдөр Аялал жуулчлалын гэрээг “Тэнгэр трэвел” ХХК-тай Б  байгуулсан, 4,000,000 төгрөг байгууллагын данснаас гарсан боловч буцааж шилжүүлсэн баримт байхгүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Б аас 1,238,388,111 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хуулийн  497.1, 510.1-д нийцнэ.

14.2.Хариуцагч Х ээс нэхэмжилсэн 102,553,960 төгрөгөөс нийт 99,557,330 төгрөгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж гэж дүгнэн, баримтгүй 2,996,630 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж, харин хариуцагч А гаас нэхэмжилсэн 22,000,000 төгрөгийн тухайд буцаалт утгатайгаар хийсэн баримтаар уг мөнгө байгууллагад буцаан орсон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

15.Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01530 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б аас 1,238,388,111 төгрөгийг, Х ээс 2,996,630 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, Б т холбогдох шаардлагаас 672,730,680 төгрөг, Х т холбогдох шаардлагаас 99,557,330 төгрөг, А д холбогдох 22,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “524,654 төгрөг” гэснийг ”6,349,890.55” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагч Х , А  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч нар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ2023/11316 дугаар захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА                                 

                                   ШҮҮГЧИД                                                 Н.БАТЗОРИГ

                                                                                                     Н.БАЯРМАА

                                                                                                     Н.БАТЧИМЭГ 

                                                                                                      Д.ЦОЛМОН