Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 184/2023/00596/И |
Дугаар | 001/ХТ2023/00223 |
Огноо | 2023-11-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2023/00223
Н ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/02493 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2023/01603 дугаар магадлалтай,
281,097,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н нь хариуцагч “Э ” ХХК-д холбогдуулан 281,097,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/02493 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар нэхэмжлэгч Н ын хариуцагч “Э ” ХХК-аас 281,097,980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,563,440 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2023/01603 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/02493 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3” гэснийг “...186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.7 дахь хэсгийг тус тус баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хэргийн 10-14 дүгээр талд авагдсан баримтаар иргэн Д болон Н нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1-т зааснаар Зээлийн эрх зүйн харилцаа үүссэн..., хэргийн 10,11,12,13,14 дугаар талд авагдсан... 2 сарын хугацаатай,... буцаан өгөхөөр зээлж авлаа,... хүүтэй... банкны зээлийн хүүгээр тооцно" гэсэн баримтаас үзэхэд Н ын 2007.07.24-ний өдрийн 1,500,000 төгрөг, 2008.02.28-ны өдрийн 3,000 ам.доллар, 2011.05.07-ны өдрийн 20,000,000 төгрөг, 2013.05.13-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн нь Д тай иргэний хувиар зээлийн гэрээний харилцаанд орсон, энэхүү зээлийн гэрээний шаардах эрх 2015.11.20-ны өдрийн тооцоо нийлсэн өдрөөс хойш тоолох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. ... энэхүү төлбөрт 2006.07.28-ны өдрийн 15,000 ам.доллар, 2007.04.18-ны өдөр 34,000 ам.доллар, “Э ” ХХК-д хамааралтай, хариуцах үүрэгтэй,... хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. ... Мөн Иргэний хуулийн 78,79 дүгээр зүйлүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй болно” хэмээн дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд "...Д болон нэхэмжлэгч нар нь 2015.11.20-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэж, харилцан гарын үсэг зурсан, уг баримтын агуулга нь Д нэхэмжлэгчид нийт 74,000 ам.доллар болон 26,000,000 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулсан байна. Уг үнийн дүнд нэхэмжлэгчээс хамтын үйл ажиллагааны хураамжид төлсөн 34,174,250 төгрөг орсныг хариуцагч "Э ” ХХК-аас нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон гэж үзэхгүй. Учир нь “Э ” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хураамжид төлсөн төлсөн дээрх 34,174,250 төгрөгийн үүрэг 2015.11.20-ны өдрийн тооцоо нийлсэн баримт үйлдсэнээр дуусгавар болсон байна. ... тухайн баримтад заасан 2006.07.28-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид хураамж 15,000 ам.доллар төлсөн гэж үзэх, мөн нэхэмжлэгчээс 2007.07.24-ний өдрийн 1,500,000 төгрөг, 2008.02.28-ны өдрийн 3,000 ам доллар, 2008.09.30-ны өдөр 12,000 ам.доллар, 2011.05.07-ны өдөр 20,000,000 төгрөг, 2013.05.13-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. ... Иймд 2015.11.20-ны өдөр тооцоо нийлсэн хэлцлийн дагуу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх 74,000 ам.доллар, 26,000,000 төгрөг буюу нийт 281,097,980 төгрөгийг шаардах эрхгүй. ... Өөрөөр хэлбэл, уг маргаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1. анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх “Э ” ХХК-аас нийт хамтран ажиллах гэрээний гүйцэтгэл нийт 281,097,980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ талуудын 2006.07.28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ байгуулах үеийн анхны хүсэл зорилго, хамтран ажиллах гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Н шаардах эрхийн талаар нотлох баримтыг үнэлж шийдвэрлэхдээ хуульд зааснаас өөрөөр тайлбарлаж, зөрүүтэйгээр хэрэглэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээж чадсангүй хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь: Нэхэмжлэгч Н ын хувьд хариуцагч “Э ” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулах болсон шалтгаан нь "Э ” ХХК нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй жил бүр "Гурван зуун мянган” ширхэг амны хаалтыг нийлүүлэх гэрээ байгуулсан байсан явдал юм. Дээр дурдсан нөхцөл байдал байсан болохоор нэхэмжлэгч “Э ” ХХК-тай Хамтран ажиллах, хөрөнгө оруулахаар шийдэж талууд 2006.07.28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний үйлдвэрлэгч талын үүрэг гэсний 4 дэх агуулга буюу Хөрөнгө оруулагчтай ... хуулийн дагуу буюу хоорондын тохиролцоогоор ашиг хуваарилалт хийнэ. 5 дахь агуулга Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монголд оруулж ирж хүлээн авсны дараа тооцоо хийж ашгийн хуваарилалт, ... удирдах талаар хууль эрх зүйн гэрээ хэлэлцээр байгуулна. Хоёр.Хөрөнгө оруулагч тал гээд 1 дэх агуулга Үйлдвэр явуулах түүхий эд авахад зориулан 15,000 ам.долларын хөрөнгө оруулалт эхний ээлжинд хийнэ хэмээн талууд тохиролцож гэрээ байгуулсан. Уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээ болох талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон. Талуудын дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь эхний ээлжинд 15,000 ам.долларын хөрөнгө оруулж, хариуцагч “Э ” ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байгаа. Мөн 2007.04.18-ны өдөр хоёр дахь удаагаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж хариуцагч “Э ” ХХК-д нийт 34,174,250 төгрөг өгсөн. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээ болох талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон. Үүнээс хойш нэхэмжлэгч нь 2007.07.24-ний өдрийн 1,500,000 төгрөг, 2008.02.28-ны өдрийн 3,000 ам.доллар, 2008.09.30-ны өдөр 12,000 ам.доллар, 2011.03.15-ны өдөр 10,000 ам.доллар, 2011.03.15-ны өдөр 3,500,000 төгрөг, 2011.05.07-ны өдрийн 20,000,000 төгрөг, 2013.05.13-ны өдөр 1,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж өгсөн. Уг харилцаанд дүгнэлт өгсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр баримтаар Г.Нямтулга гэдэг хувь хүнд өгөөд байгаа боловч, бодит байдал дээр “Э " ХХК-тай 2006.07.28-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө нэмэгдүүлж өгсөн асуудал гэдгийг ойлгон хүлээж авна уу. Үүнийг тайлбарлавал: Талууд хууль эрх зүйн мэдлэггүйгээс хамтран ажиллах гэрээ, зээлийн харилцааг хольж хутгасан зүйл байх боловч тэдний хооронд хийгдсэн болон байгуулагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дах хэсэгт зааснаас үзэхэд хамтран ажиллах гэрээний харилцаа болох нь тодорхой харагдана.
“Э ” ХХК нь тоног төхөөрөмж хүлээн аваад 2007.08.10-ны өдөр Орхон аймгийн Говил багт байрлах, хуучин холбооны байранд "Лописток” маркийн амны хаалт үйлдвэрлэж Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж эхэлсэн. Ингээд үйлдвэрийн ажил эхэлсэн, худалдан авагч байсан тул Н нь 2007.07.24-ний өдрийн 1,500,000 төгрөг, 2008.02.28-ны өдрийн 3,000 ам доллар, 2008.09.30-ны өдөр 12,000 ам.доллар, 2011.03.15-ны өдөр 10,000 ам доллар, 2011.03.15-ны өдөр 3,500,000 төгрөг, 2011.05.07-ны өдрийн 20,000,000 төгрөг, 2013.05.13-ны өдөр 1,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ үед маскны үйлдвэрлэл явагдаж байсан учраас Н нь энэ байдлаар хөрөнгө оруулалтаа нэмж явж байсан. Энэ байдлаар хөрөнгө нэмэгдүүлэхдээ хэрхэн яагаад иргэн Д тай иргэнээр баримт үйлдсэнийг тайлбарлавал: Нэхэмжлэгч Н нь Д гэдэг хувь хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, хувь хүн гэдэг талаас нь түүнийг дэмжих нөхцөл боломж байхгүй түүнийг сайн таньж мэдэхгүй. Зөвхөн "Э " ХХК амны хаалт үйлдвэрлэх, үйл ажиллагаа явуулах, тус компанийн үйл ажиллагааг явуулаад олсон ашгаас хувь буюу ашиг авах чин хүсэл сонирхол байсан. Иймд дээрх мөнгө өгсөн талуудын хоорондын харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээний харилцаа гэж үзэх бүрэн боломжтой. Талуудын байгуулсан 2006.07.28-ны өдөр Хамтран ажиллах гэрээний дагуу Н 2006 оноос 2013 оныг хүртэл “Э ” ХХК-д хөрөнгө оруулж үүргээ биелүүлснээр гэрээний зорилго биелэгдсэн. Гэрээний зорилго биелэгдсэн нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн ч хариуцагч “Э " ХХК нь үүргээ биелүүлэхгүй энэ хугацаанд ганц ашиг нэхэмжлэгчид өгөөгүй. Энэ талаар буюу үүргээ биелүүлсэн талаарх баримтыг шүүхэд өгөөгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч компани Хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөн тул Н хамтран ажиллах гэрээнээс гарах үндэслэл бүрдсэн. Талуудын 2006.07.28-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээнд гэрээнээс гарах журам, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээний хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа зэргийг тохиролцоогүй боловч энэ гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
Гэрээнээс хуульд заасан үндэслэлээр буюу Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно" гэсний дагуу гэрээнээс гарч, ингээд талууд 2015.11.20-ны өдөр тооцоо нийлэх баримт үйлдсэн. Нэхэмжлэгч Н ын хувьд Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт “Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох гэж зааснаар нийт 281,097,980 төгрөг гэж талуудын тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтыг үндэслэн шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй. Хавтаст хэргийн 15 дугаар хуудаст байх талуудын хооронд хийгдсэн 2015.11.20-ны өдрийн тооцоо нийлсэн баримт нь 2006.07.28-ны өдрөөс хойш дээр дурдсан цаг хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагч “Э " ХХК-д хөрөнгө оруулалт оруулж байсныг нотлох баримт ба Н ын 2006 оноос 2013 оныг хүртэл “Э ” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч энэ хугацаанд ганц ашиг аваагүй тул хамтран ажиллах гэрээнээс гарахаар болж талууд энэ талаар тооцоо нийлж байсан баримт юм. Тэрнээс шинээр үүргийн харилцаа, хэлцэл хийгээд байгаа буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа шинээр үүсгэсэн асуудал огт биш байхад давж заалдах шатны шүүх бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч Н ын хөрөнгө оруулсан мөнгөөр хариуцагч “Э ” ХХК нь анхны хөрөнгө санхүүжилтээ босгож, үйлдвэрлэл үйлчилгээний анхны гараагаа эхлүүлж өнөөдрийг хүртэл үндсэн үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөлгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ нь хавтаст хэргийн 6 хуудас Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар харагддаг. Нөгөөтэйгүүр хариуцагч нь оруулсан хөрөнгөөр үйлдвэрлэл үйлчилгээндээ зарцуулсан гэдэг дээр маргаагүй.
Анхан шатны шүүхийн шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй ба дараах хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг өгч байна. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл 138 дугаар тал гэрч Б ын мэдүүлгээр тооцоо нийлэх актыг 5 жилийн хугацаанд төлөхөөр талууд харилцан тохирсныг нотолсон. Аливаа гэрээ хэлцэл бизнес хууль дүрэм баримтлахын сацуу талуудын итгэлцэл дээр тулгуурлан явагддаг бөгөөд талуудын хооронд итгэлцэл их байхын хэрээр бичиг баримт гэрээ хэлцэлгүй явагдах талтайг шүүх анхааран үзнэ гэдэгт итгэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 болон 75.2.3 дугаар зүйлд “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байх бөгөөд 2015.11.20-ны өдрөөс хойш 5 жилээр тооцвол 2020.11.20-ны өдөр тухайн 5 жил дууссанаас хойш 2023.11.20-ны өдөр хүртэл нэхэмжлэгч Н шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг үүссэн цаг үеэс эхлэн тооцно гэсэнтэй нийцнэ. Гэтэл шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгон тогтоож байгаа нь баримтад нийцсэнгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно” гэж заасан хэргийн үйл баримтын тухайд Н хариуцагч “Э ” ХХК-ийн тухайн үеийн удирдлага Д тай ам болон бичгээр гэрээ байгуулан, харилцан тохирч хөрөнгө оруулалт оруулж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдохын зэрэгцээ давхар шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Иргэн Н ын хувьд 2006 оноос эхлүүлэн хамтран ажиллана гэсэн хуулийн этгээдэд ихээхэн хэмжээний мөнгө өгч буцаан авсан зүйл огт үгүй байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн шийдвэрлэж, зальтай хүн, хуулийн этгээдэд хууль зүйн боломж олгож байгааг шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг удирдлага болгон иргэн хүнийхээ хувьд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие өмгөөлөгч Ж ын хяналтын гомдлыг дэмжиж байгаа ба эрхэм шүүгч та бүхнээс шударга ёсыг тогтоогоод өгөөч гэж хүсч байна. Миний бие “Э " ХХК-д 2006-2013 он хүртэл хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө мөнгө өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Энэ мөнгө, хөрөнгө нь миний 6-7 жилийн цалин хөлс, шударгаар олсон мөнгө байсан. Бодит байдал дээр “Э ” ХХК-ийн захирал Д нь ах чинь чиний тусыг мартахгүй, амны хаалтын үйлдвэрийг хөл дээр нь босгоод компанийнхаа хувийг эзэмшүүлнэ, жил бүр ногдол ашиг өгнө, чи болж байгаа бүх процессыг мэдэж байгаа учраас намайг ойлгодог ганц хүн нь чи гэж байнга ярьдаг байсан. Хэрэв талийгаач Д өнөөдөр амьд сэрүүн байсан бол энэ талаар үнэн бодит байдлыг хэлэх байсан байх. Гэтэл үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг хариуцагч нь Д байна гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Э ” ХХК нь эвлэрлийн гэрээ байгуулаад “Эрдэнэт үйлдвэр" ХХК-аас 300 сая төгрөг, мөн миний өгсөн мөнгөөр БНХАУ-ын Шанхай хотын үйлдвэрээс “Амны хаалт”-ын тоног төхөөрөмжийг худалдан авч Сонгинохайрхан дүүргийн нутагт “Сэлэнгэ" захын байранд үйлдвэрээ нээгээд ажиллаж байх үед нь буюу 2015.11.20-ны өдөр би Б ын хамт очиж, оруулсан хөрөнгө, мөнгөний тооцоог хийсэн. "Э " ХХК-ийн захирал Д өөрөө дээрх мөнгөөр үйлдвэр байгуулснаа ярьж, 5 жилийн хугацаанд, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдрээд борлуулалт хэвийн болохоор оруулсан мөнгийг чинь эргүүлж өгнө, компанийн хувь эзэмшүүлж, ногдол ашиг өгч байна гэж хэлснийг гэрч Б гэрчилсэн. Энэ амны хаалтын үйлдвэр одоо ч хэвийн үйл ажиллагаагаа явуулж, амны хаалтаа Монголын байгууллага, үйлдвэрүүдэд нийлүүлээд явж байгаа.
Хариуцагч Г.Э энэ үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй. Би “Э " ХХК-д бодит байдлаар өгсөн мөнгө, хөрөнгийг нэхэмжилсэн бөгөөд “Э " ХХК-ийн эахирал Д ын эргээд өгөхөөр амласан мөнгийг нэхээгүй болно. Жишээлбэл, 2007.07.20-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу 85 сая төгрөг өгнө гэж тохирсон. Энэ гэрээний дагуу би анхны хөрөнгө оруулалт 35 сая төгрөгийг цагт нь өгсөн боловч харин 85 сая төгрөг болгож өгнө гэсэн гэрээний заалтын дагуу 85 сая төгрөг нэхэмжлээгүй болно. Мөн “Э " ХХК-ийн захирал Д Монголын улс төрд нөлөө бүхий хүн Р ийн хүү Э тэй хамт явж байгаа. Борлуулалт хийхэд туслаж байна. Түүний аавын нөлөөг ашиглаад “Оюу толгой” компани, “Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Шивээ овоо” нүүрсний үйлдвэрт амны хаалтаа борлуулж эхэлсэн. Удахгүй санхүүгийн хувьд гайгүй болно. Чиний мөнгийг өгнө гэж ярьдаг байсан. Хүн мөнгөний бараа хараад ирэхээрээ хүнийг хуурч, хулхидаж болно гэж боддог, шийддэг юм байна. “Э " ХХК-ийн захирал Д 2015 онд уг компанийг Г.Э гэдэг хүнд шилжүүлсэн тухай надад хэлээгүй, би үүсгэн байгуулагч, эзэн, захирап гэж байсан. Д ыг нас барна гэж яаж бодох билээ дээ. Анхан болон давж заалдах шатны шүүх иргэн хүний хохирсон эрхийг хангах талаас нь бус харин хохирсон дээр нь хохироосон шийдвэр гаргасан. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.19-ний өдрийн 184/ШШ2023/02493 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.14-ний өдрийн 210/МА2023/01603 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.19-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2023/01212 тогтоолоор нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Ж ын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Н нь хариуцагч “Э ” ХХК-д холбогдуулан 281,097,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...”Э ” ХХК-тэй 2006.07.28-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”, 2007.07.20-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус компанийн захирал Д тай байгуулан нийт 280,560,000 төгрөгийг “Э ” ХХК-д өгсөн. Тухайн үед “Э ” ХХК тоног төхөөрөмжөө хүлээн аваад ОХУ-ын Леписток маркийн амны хаалт үйлдвэрлэдэг болж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлж эхэлсэн нь миний итгэлийг нэмэгдүүлсэн. Ийнхүү 2015.11.20-ны өдөр Д тай Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Хүнсний Сэлэнгэ захын байранд байрлах амны хаалтны үйлдвэрт нь очиж уулзахад "... гэрээгээ цуцлая, оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг чинь буцаагаад өгье, тооцоо нийлье” гэсэн учраас 2006-2013 он хүртэл хөрөнгө оруулсан мөнгөө тооцоход нийт 74,000 мянган ам.доллар болон 26,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухай тооцоо нийлсэн баримт үйлдсэн боловч одоог хүртэл энэ мөнгийг буцаан төлөөгүй. Д 2018 оны 11 сард нас барсан, 2015 онд компаниа Г.Э гэдэг хүнд 450,000,000 төгрөгөөр худалдсан байсан. Иймд “Э ” ХХК-аас нийт 281,097,980 төгрөг гаргуулна” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...2015 онд “Э ” ХХК-ийг Д болон Ч нараас 100 хувь худалдан авч өөрийн хөрөнгө оруулалтаараа үйл ажиллагаа явуулж байна. Д болон Н нарын хоорондын асуудал нь манай компани болон надтай ямар нэгэн хамааралгүй. Компанийг анх авахад ямар нэгэн эд хөрөнгө болон тоног төхөөрөмж хүлээж аваагүй. “Э ” ХХК нь хуулийн дагуу надад шилжин ирсэн, нэхэмжлэл надад болон хуулийн этгээдэд холбогдолгүй. Д ыг 2015-2018 оны хооронд өөрийн компани дээр гүйцэтгэх удирдлагаар ажиллуулсан бөгөөд уг асуудлыг надад нэг ч удаа хэлж ярьж байсан удаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.
7.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н нь “Э ” ХХК-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулах, ашиг олох болон амны хаалтны /маск/ үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 2006.07.28-ны өдөр 15,000 ам.доллар, 2007.04.18-ны өдөр 34,000 ам доллар, 2007.07.24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2008.02.28-ны өдөр 3,000 ам.доллар, 2008.09.30-ны өдөр 12,000 ам.доллар, 2011.03.15-ны өдөр 10,000 ам.доллар, 2011.03.15-ны өдөр 3,500,000 төгрөг, 2011.05.07-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр, 2013.05.13-ны өдөр 1,000,000 төгрөгийг Д ын Голомт банк дахь 30190663825 тоот дансаар, нийт 281,097,980 төгрөг шилжүүлсэн.
“Э ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагаар 2007.03.01-ний өдрөөс 2018 он хүртэл Д ажилласан, тэрээр 2018 оны 11 сард нас барсан, “Э ” ХХК нь “Э ” гэж нэрээ өөрчилсөн, 2015.06.08-ны өдрөөс эхлэн Г.Э нь хувьцаа эзэмшигч болсон буюу уг компанийг 2015 онд Д ас 450,000,000 төгрөгөөр худалдаж авсан,
2015.11.20-ны өдөр Н болон Д нар нь 2006-2013 он хүртэлх шилжүүлсэн мөнгө, хөрөнгөө тооцож, 74,000 ам.доллар болон 26,000,000 төгрөгийн хэмжээнд тооцоо нийлж, баримт үйлдсэн,
2022.02.28-ны өдөр нэхэмжлэгч Н нь “Э ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, өмчлөгч болох Д , түүний эхнэр Ч нарыг Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан боловч гэрээнээс үүдэлтэй маргаан, гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн ба хэргийг шалгах явцад Д д мөнгө өгөхдөө үйлдсэн баримтууд, хэрэгт авагдсан гэрээнүүд болон холбогдох бусад баримтад зурсан гарын үсгийг Д ын гарын үсэг мөн болохыг шинжээч тогтоосон зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
8.Талийгаач Д болон нэхэмжлэгч Н нарын хооронд үүссэн өр, авлагын асуудал нь хариуцагч компанид хамааралтай эсэх, Г.Э нь “Э ” ХХК-ийг өөрийн өмчлөлд авахдаа энэ үүрэг буюу өмнөх өрийг шилжүүлэн авсан эсэх нь маргааны зүйл болжээ.
9.Нэхэмжлэгч Н ын Д д 2007.07.24-ний өдрийн 1,500,000 төгрөг, 2008.02.28-ны өдрийн 3,000 ам.доллар, 2011.03.15-ны өдрийн 10,000 ам.доллар, 3,500,000 төгрөг, 2008.09.30-ны 12,000 ам.доллар, 2011.05.07-ны 20,000,000 төгрөг, 2013.05.13-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн үйл баримтын тухайд “...талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн эрх зүйн харилцаа үүссэн” гэж анхан шатны шүүх тодорхойлохдоо “...сарын хугацаатай, ... буцаан өгөхөөр зээлж авлаа, ... хүүтэй, ... банкны зээлийн хүүгээр тооцно” гэсэн баримтуудыг үндэслэл болгосон, улмаар “...талуудын 2015.11.20-ны өдрийн тооцоо нийлсэн өдрөөс хойш энэхүү зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.
Түүнчлэн ...төсөл, санал, ашиг орлого, зардлын тооцоолол, прокурорын тогтоол, гарын үсгийн талаарх шинжээчийн дүгнэлт, гэрч Б ын ...2015 онд тооцоо нийлж, 5 жилийн хугацаанд төлөхөөр ярилцаж байсан гэх мэдүүлэг болон Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан, 2022.08.18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоол зэрэг баримтаар “...хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэхгүй, ...иргэнд шилжүүлсэн хөрөнгийг “Э ” ХХК-аас шаардах эрхгүй” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
“Э ” ХХК нь 2007.07.20-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр Н той 35,000,000 төгрөгийг 6 жилийн хугацаанд хөрөнгө оруулах, хамтран ажиллах, ашиг олохоор тохиролцсон боловч энэ дагуу мөнгө шилжүүлсэн, хувь хураамж төлсөн баримтгүй, харин 2006.07.28-ны өдөр 15,000 ам долларыг, 2007.04.18-ны өдөр 34,174,250 төгрөгийг Н “Э ” ХХК-д өгсөн байх бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан буюу талууд ашиг орлого хуваарилах, хугацаа, эрх үүрэг, хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго зэргийг тохиролцсон, хамтран ажиллах гэрээний агуулга, шинжийг хангасан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Н шаардах эрхтэй.
Хариуцагч “Э ” ХХК нь 74,000 ам доллар, 26,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд 2015.11.20-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэнээр Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон буюу энэ үеэс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д нийцсэн байна.
10.Давж заалдах шатны шүүх “...Д болон нэхэмжлэгч нар нь 2015.11.20-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдсэнээр Д нь нэхэмжлэгчид нийт 74,000 ам.доллар болон 26,000,000 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулсан, үүнд нэхэмжлэгчийн хамтын үйл ажиллагааны хураамжид төлсөн 34,174,250 төгрөг орсныг хариуцагч “Э ” ХХК төлөхөөр тохиролцсон гэж үзэхгүй. ...хамтран ажиллах гэрээний хураамжид төлсөн 34,174,250 төгрөгийн үүрэг тооцоо нийлсэн баримт үйлдсэнээр дуусгавар болсон, ... тухайн баримтад заасан ... ам.доллар болон төгрөгийг хариуцагч “Э ” ХХК-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул ...тооцоо нийлсэн хэлцлийн дагуу тухайн мөнгөн хөрөнгийг төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 281,097,980 төгрөгийг шаардах эрхгүй” гэж дүгнээд, “... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш байхад нэхэмжлэгчийг хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй” гэж буруутгаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүйгээс хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдолд зааснаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
11.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Н нь 2015.11.20-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 2022.02.28-ны өдөр “Э ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, өмчлөгч болох Д , түүний эхнэр Ч нарыг Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулснаас өөрөөр хариуцагч хуулийн этгээд болон Д нараас үүргийн гүйцэтгэл шаардаж байсан тухай баримт хэрэгт байхгүй, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2023/01603 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/02493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 1,564,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД