| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2021/00135/И |
| Дугаар | 133/ШШ2021/00242 |
| Огноо | 2021-06-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 133/ШШ2021/00242
| 2021 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 133/ШШ2021/00242 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ж.Д-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Д миний бие нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар жолооч, нярвын албан ажилд томилогдсон бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар жинхлэн томилогдсон. Гэтэл байгууллагын дарга өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Ж.Д намайг хуулийн үндэслэлгүйгээр ямар ч шалтаг шалтгаангүйгээр тус газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн учир шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Ж.Д намайг урьд эрхэлж байсан Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Д нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түр, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр жинхлэн томилогдсон байдаг. Говь-Алтай аймагт орон нутгийн сонгууль болж, Газрын албаны дарга солигдонгуутаа Ж.Д-г ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгаагүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын жолооч, нярвын ажил нь байнгын орон тоо байдаг. Хөдөлмөрийн гэрээ нь 2016 онд байгуулагдсан байдаг. Энэнээс хойш дахиж ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Тийм учраас урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар ирүүлсэн байсан. Хөдөлмөрийн гэрээн дээр хүчин төгөлдөр бус байх үндэслэл ажиглагдахгүй байгаа. Энэ тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Д-г газрын даргын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн Б/02 дугаар Ажилд жинхлэх тухай тушаалаар ажилд томилсон байна. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд байгуулсан цаг хугацаанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу сунгагдан ажиллаж байсан байна. Түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан талаар мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг буюу гэрээний хугацаа дууссан ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тушаалын үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.14, 3.16 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна. Үндэслэлийн тухайд төрийн үйлчилгээний албан тушаалтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой харилцааг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан буюу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл, 38 дугаар зүйлийн 38.1.2 ажил олгогч санаачилсан хуулийн зохицуулалтууд мөн байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.14 төрийн үйлчилгээний албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлийг үндэслэн дарга тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, халж шилжүүлж болно, 3.16 дугаар зүйлд ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас нь чөлөөлнө... зэрэг зохицуулалт нь хуульд нийцсэн. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох цуцлах үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлүүд гэдгийг шууд заасан байна. Иймд байгууллагын даргын ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэхээр байна. 1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч ...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд... эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан байна. Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой маргаанд тухайн ажилтан шүүхэд хандаж өмнө ажиллаж байсан ажил болон албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай онолын болоод практик ойлголт байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны гол асуудал бол нэхэмжлэлийн шаардлага юм. Ж.Д-г ажилд авсан 2017 оны Б/02 дугаар тушаалд ...жолооч, нярвын албан тушаалд 2017 оны 04 сарын 18-ны өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албан тушаалд томилсугай... гэж бичсэн байдаг. Нэгдүгээрт тус байгууллагад Ж.Д-г ажиллах хугацаанд болон өнөөдрийн байдлаар нярвын орон тоо, цалингийн сан байхгүй. Тийм ч учраас Ж.Д-г ажлаас чөлөөлөхдөө жолоочийн ажил албан тушаал эрхэлж байсан гэж үзсэн. Хоёрдугаарт жолооч, нярвын ажил албан тушаал бол төрийн жинхэнэ албан тушаал биш юм. Үүнээс үзэхэд ажилд томилсон тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий гараагүй буюу хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байгаа юм. Нэхэмжлэгчийн тухайд шаардах эрх аль байдлаар үүсэх байсныг тодруулах хэрэгтэй. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар нь өмнө байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний эрх зүйн үр дагавар, түүнийг судалж шаардлагатай тохиолдолд гэрээг шинэчлэх, мөн байгууллагын бүтэц орон тоо, цалингийн сан, Засгийн газрын аймгуудын бүтэц орон тоо баталсан шийдвэртэй уялдуулан арга хэмжээ авч эхлээд байгаа. Дээр нь Ерөнхий сайд төрийн албыг цомхотгох талаар ажил эхлүүлж байгаа учир хүний нөөцтэй холбоотой ажлууд мөн адил явагдана гэж бодож байна. Хөдөлмөрийн гэрээний тухайд нэхэмжлэгчийн зүгээс байгууллагын хувийн хэрэгт хамаарах зарим баримтыг хуулбарлаж өгье гэж хэлж авч яваад өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээг хүртэл байгууллагын хувийг авч яваад шүүхэд хандан өөрт байхгүй мэтээр тайлбарлаж байгууллагаас гаргуулах хүсэлтийг гаргасан байдаг. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчээс гаргасан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл байгууллагын хүний нөөцийн баримт юм. Нэхэмжлэгчтэй захиргаа буюу ажил олгогч 2017 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж үзнэ. Уг шаардлагыг хангаагүй гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болно. Тухайлбал, ажил олгогч, ажилтан өөртөө давуу байдлыг тогтоосон хөдөлмөрийн гэрээний нөхцөл буюу тухайн заалт хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт өгч байх нь ач холбогдолтой гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг гэрээнд заавал тусгасан байх ёстой бөгөөд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаанд гэрээний нөхцөлийг хэрхэн тохирсныг шүүх заавал анхаарч үздэг. Дээрх нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж үзэх хуулийн зохицуулалттай. Энэ үүднээс авч үзвэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээрх гол нөхцөлийг дурдаагүй байдаг. Тухайлбал: 1.1-д Ж.Даваасүрэн нь тус байгууллагад нярав, жолоочийн ажил үүргийг гүйцэтгэнэ гэх бөгөөд ажил үүргийг тодорхойлсон байна. /нярвын орон тоо байхгүй байхад тус албан тушаалд томилсон./ 1.2-т цалингийн хэмжээ, 1.3, 1.5-д хөдөлмөрийн нөхцөл зэргийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл албан тушаалын нэр байхгүй, ямар ажил эрхлэх нь тодорхойгүй байна. Эсхүл хөдөлмөрийн гэрээний 1.1 дэх заалтыг албан тушаалын нэр заасан гэж үзвэл ямар ажил, үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй. Нярвын ямар ажил, жолоочийн ямар ажил, байгууллагын яг аль чиг үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажилтан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг гэж үздэг. Хуульд заасан тодорхой шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд бас бэрхшээлтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус болох нөхцөл харагдаж байна гэж үзэж байна. Дээрх байдлаас үзэхэд Ж.Д-г анх ажилд авсан тушаал хүчин төгөлдөр бус, байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байхад хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотойгоор урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардах эрхгүй гэж үзэж байна. Харин нэхэмжлэлийн шаардлагыг өөр хэлбэр, агуулгаар гаргах нь зүйтэй байсан гэж үзэхээр байна. Ийм үйл баримт байгаа учир нэгдүгээрт маргаан бүхий тушаал хуульд нийцсэн байна гэж үзэх, хоёрдугаарт гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус, хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй учир хөдөлмөрийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй. Иймд дээрх агуулгаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ж.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ж.Д нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Д нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт жолоочоор ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаал, мөн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ. Нэхэмжлэгч Ж.Д нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Ж.Д-тэй 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нярав, жолоочоор ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэг, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.14, 3.16 дахь заалтыг тус тус үндэслэн Ж.Д-г ажлаас халсан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа гэрээний хугацаа дууссан ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Д-г ТҮ-3-2 зэрэглэлээр цалинжуулж, албан үүргээ гүйцэтгэхэд зориулан ажлын автомашин, сэлбэг, техник хэрэгслээр ханган ажиллуулж байсан болох нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаал, мөн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж, 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.Даваасүрэнг ажилд томилох, ажлаас чөлөөлөх харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15.байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгохоор заасан байна.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/123 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг баталсан байх бөгөөд уг хавсралтад 2 гэрээт ажилтны орон тоог баталсан байна. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тушаалын хавсралт Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.28-д байгууллагын жолоочид тавигдах шаардлагыг тусгайлан оруулж өгсөн байна. Эндээс үзэхэд гэрээт ажилтны орон тоо нь тухайн байгууллагын орон тооны бүтцэд батлагдсан, хөдөлмөрийн дотоод журамдаа байгууллагын жолоочид тавигдах шаардлагыг тусгайлан зааж өгсөн зэргээс байгууллагын жолоочийн орон тоо нь байнгын ажлын байр байна гэж шүүх дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно.
Харин энэ зүйлийн 23.2.2.-т дээрх гэрээг талууд харилцан тохирлцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино.
Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах үндэслэл, шаардлага үүсээгүй байхад байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь ажилтны эрхийг зөрчсөн байх бөгөөд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл, мөн хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг тус тус заасан байна. Мөн хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай. Гэтэл хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Ж.Д-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсгийг баримталсан байгаа нь хуульд заасан журмыг баримтлаагүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Ж.Д-г ажилд авсан 2017 оны Б/02 дугаар тушаалд ...жолооч, нярвын албан тушаалд 2017 оны 04 сарын 18-ны өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албан тушаалд томилсугай... гэж бичсэн байдаг. Нэгдүгээрт тус байгууллагад Ж.Д-г ажиллах хугацаанд болон өнөөдрийн байдлаар нярвын орон тоо, цалингийн сан байхгүй. Тийм ч учраас Ж.Д-г ажлаас чөлөөлөхдөө жолоочийн ажил албан тушаал эрхэлж байсан гэж үзсэн. Хоёрдугаарт жолооч, нярвын ажил албан тушаал бол төрийн жинхэнэ албан тушаал биш юм. Үүнээс үзэхэд ажилд томилсон тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий гараагүй буюу хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байгаа юм... Ж.Д нь тус байгууллагад нярав, жолоочийн ажил үүргийг гүйцэтгэнэ гэх бөгөөд ажил үүргийг тодорхойлсон байна. /нярвын орон тоо байхгүй байхад тус албан тушаалд томилсон./ 1.2-т цалингийн хэмжээ, 1.3, 1.5-д хөдөлмөрийн нөхцөл зэргийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл албан тушаалын нэр байхгүй, ямар ажил эрхлэх нь тодорхойгүй байна. Эсхүл хөдөлмөрийн гэрээний 1.1 дэх заалтыг албан тушаалын нэр заасан гэж үзвэл ямар ажил, үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй. Нярвын ямар ажил, жолоочийн ямар ажил, байгууллагын яг аль чиг үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажилтан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг гэж үздэг. Хуульд заасан тодорхой шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд бас бэрхшээлтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус болох нөхцөл харагдаж байна гэж үзэж байна гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч Ж.Д нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд- нярваар ажиллаж байгаагүй гэдэгтэй маргадаггүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ...Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.... Ажил олгогч нь хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд ажилд томилох, чөлөөлөх шийдвэрийг гаргах, уг шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй болно.
Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар төрийн албанд мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах бөгөөд байгууллагын удирдлага өөрчлөгдөх нь өмнө ажиллаж байсан удирдлагын гаргасан шийдвэрийн үр дагавар, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд ажил олгогч уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь ажилтны эрхийг зөрчих үндэслэл болох ёсгүй юм.
Иймд нэхэмжлэгч Ж.Д-г Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ж.Д-г Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Ж.Д-н 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 4 сар 2 хоногийн олговор 2.743.204 /хоёр сая долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Д-н 000011000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 01 дүгээр сарын цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход:
685.215+637.715+687.715=2.010.645 төгрөг байна. 2.010.645:3=670.215 төгрөг /1 сарын цалингийн дундаж/. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 670.215:21,5=31.172 төгрөг байх тул 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 4 сар 2 хоногоор тооцож 2.743.204 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах нь зүйтэй байна.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу шүүх хариуцагчийн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах боломжийг хангаж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.743.204 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 58.841 төгрөг, нийт 129.041 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Д-г Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.743.204 /хоёр сая долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д-д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Д-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.743.204 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 58.841 төгрөг, нийт 129.041 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ