Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2021/00545

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК холбогдох

Гэрээний үүрэг 3 552 196 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б/Архангай аймгаас онлайнаар/  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “М” ТӨҮГ-ын харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэртэй “М” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Агаарын шугам ашигласан үйлчилгээний тухай гэрээ” байгуулан 1 квт цахилгаан эрчим хүчийг 237 төгрөгөөр тооцож, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тухайн сарын 20-ны өдөр төлж барагдуулж байхаар тохиролцсон байдаг. “М” ТӨҮГ-ын харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэр нь гэрээнд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллаж байсан “М” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр болох 7 606 278 төгрөгний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй учир цахилгаан эрчим хүчийг хязгаарласан боловч тус компаны захирал Д.О нь “М” ТӨҮГ-ын харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захиргаанд хандан 10 дугаар сарын цахилгаан эрчим хүчний төлбөр болох 7 606 278 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 20-нд төлж барагдуулсан гэсэн албан тоотоор хандаж цахилгаан эрчим хүчинд холбогдуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин холболт хийсэн байдаг. “М” ХХК нь 10, 11 дүгээр сард цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр болох нийт 12 352 396 төгрөгийг тухай тайлант онд төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлж барагдуулахыг шаардсан боловч одоохондоо “төлбөрийн боломж байхгүй” гэсэн тайлбар өгч байсан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн, “М” ХХК-ний саналын дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг санал болгож харилцан тохиролцсоны үндсэн дээр 6 800 000 төгрөгөөр тооцож, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр суутган тооцох нөхцөлтэйгөөр орлогод авсан, 2016 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр 1 609 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 3 552 196 төгрөг төлөөгүй байгаа билээ. Энэ тухай “М” ТӨҮГ–ын авлага барагдуулах тухай 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/2044 тоот албан бичгийг “М” ХХК-д хандан шуудангаар явуулсан, мөн захирал болох Д.Отай утсаар ярьж холбогдоход ямар нэгэн татгалзсан хариу өгөөгүй болно. Иймд “М” ТӨҮГ-ын харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэртэй байгуулсан “Агаарын шугам ашигласан үйлчилгээний тухай” гэрээний 3.8-д заасны дагуу “М” ХХК-аас “хэрэглэгч нь цахилгааны үнийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй” мөн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасны дагуу цахилгаан эрчим хүч хэрэглэсний үлдэгдэл төлбөр болох 3 552 196 /гурван сая таван зуун тавин хоёр мянга нэг зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Д.О 2015 оны 09 дүгээр сард Л.Гантулга, Цогоо нартай хамтран Төв аймгийн Заамар сумын Хашаат багийн нутаг дэвсгэрт байрлах Алтан Дорнод-Монгол ХХК-ний ашигласан талбайд алт олборлохоор хамтран ажиллаж эхэлсэн. Дээрхи 2 хүн маань аж ахуй нэгжгүй байсан учир би өөрийн компанийн нэр дээр анхлан бүх гэрээг байгуулсан юм. Үүнд: “Зэрэгцээ” алтны уурхайтай тог ашиглах гэрээг байгуулсан. Үйл ажиллагаагаа хамтран явуулж байх хугацаанд тогны мөнгө төлөөгүй шалтгаанаар тог таслах үед би өөрийн эзэмшлийн алт угаах төхөөрөмжөө 8 сая төгрөгний өрөнд өгөх хүсэлт гаргаж өгсний дагуу дахин тог залгаж өгсөн юм. Ингээд бид хамтран үйл ажиллагаа явуулж байтал Цогоогийн эхнэр Жавзаа “одоо та хэрэггүй, цаашид бид өөрсдөө үйл ажиллагаагаа явуулна” гэсний дагуу би гэртээ буцсан юм. Би явахдаа Цогоо, Гантулга нарт миний нэр дээр байгуулсан гэрээний дагуу бүх төлбөр тооцоог хийгээрэй гэдгийг анхааруулж хэлсэн. Тэд зөвшөөрсөн. Би дээрхи хүмүүстэй 1 сар орчим байх хугацаанд “Улаанбаатар” хотоос Цогоогийн эхнэр Жавзаагийн хүсэлтийн дагуу эксковаторын зээлийн гэрээ байгуулан өгсөн ба мөн төлбөрийг нь одоо болтол төлөөгүй байгаа. Намайг явсны дараа Цогоо, Гантулга нар үйл ажиллагаагаа явуулан үлдсэн юм. Би анх хамтрахдаа 1 ч төгрөг нийлүүлээгүй учир тэд намайг явуулсан байх гэж бодсон. Үүнээс хойш 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Гантулга 2 000 000 төгрөг төлсөн байна. Мөн 2016 оны хавар над руу Зэрэгцээ компаниас залгаж өр төлөхийг шаардахад би үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй тооцоо хийгээрэй гэдгийг хэлсэн. “Зэрэгцээ” ХХК-ний хүмүүс Цогоо, Гантулга нарын ашиглаж байсан скруберыг барьцаанд авсан байсан. Над руу ярих үед нь наад скруберыг нь барьцаалсан юм чинь та нар наад хүмүүстэй тооцоо хийгээрэй гэдгийг нь хэлсэн. Үүнээс хойш хэн ч яриагүй. Учир нь би Цогоо, Гантулга нарыг тооцоогоо хийгээд алт угаах төхөөрөмжөө авсан байх гэж бодсон. Зэрэгцээ компаний удирдлага тухайн үед нь барьцаалсан төхөөрөмжөө өгөхгүй, тооцоогоо хийсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан гэж бодож байна. Иймд би дээрхи нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй. Би ажиллаж байсан хугацааны төлбөрөө төлсөн. Энэ төлбөрийг тог ашиглаж үйл ажиллагаа явуулсан хүмүүс төлнө гэж бодож байна. Иргэн Цогоо, эхнэр Жавзаа нар нь Сэлэнгэ аймгийн Бугат тосгонд амьдардаг. Иргэн Гантулга Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд амьдардаг. Эдгээр хүмүүсийг оролцуулах хүсэлтэй. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1 609 000 төгрөгийг би төлөөгүй, хэн төлснийг нь мэдэхгүй гэв.

            Шүүх зохигчдын мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “М” ТӨҮГ нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтийг хангуулах буюу 3 552 196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Зэрэгцээ” алтны үйлдвэр нь “М” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Агаарын шугам ашигласан үйлчилгээний тухай гэрээ” байгуулан 1 квт цахилгаан эрчим хүчийг 237 төгрөгөөр тооцож, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тухайн сарын 20-ны өдөр төлж байхаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Уг гэрээнд захирал Д.О гарын үсэг зурсан бөгөөд цахилгааны төлбөрийг хүлээн зөвшөөрч өр барагдуулах талаар албан бичгийг ирүүлж байсан. Мөн “М” ХХК-ний захирал Д.Отай утсаар холбогдож өр барагдуулах талаар шаардлага хүргүүлдэг боловч бичгээр хариуг ирүүлээгүй, хамтран ажилладаг байсан Гантулга, Цогоо нартай хамтарч төлнө гэдэг байсан. “Зэрэгцээ” алтны үйлдвэр манай охин компани байсан ба “М” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс татан буугдсан. Бид төлбөр барагдуулах талаар хариуцагч компаний захирал Д.Отай утсаар ярьдаг байсан бөгөөд тэрээр төлнө гэдгээ илэрхийлдэг байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Би 2015 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаад явсан. Цогоогийн эхнэр Жавзаа намайг яв гэж хэлсэн. Би байх хугацааны цахилгааны төлбөрөө төлсөн ба надаас хойш үлдсэн Гантулга Цогоо хоёр энэ төлбөрийг хариуцах ёстой. Тоног төхөөрөмжөө 8 000 000 төгрөгт тооцоод үлдээсэн. Барьцаанд усан буу авсан байж түүгээр нь төлбөрийг нь төлүүлэхгүй хэзээ хойно надаас шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Агаарын шугам ашигласан үйлчилгээний тухай гэрээ байгуулагдаж, нийлүүлэгчийн эрх үүргийг “М” ХХК-г төлөөлж Зэрэгцээ алтны үйлдвэр эдлэх, агаарын шугам ашиглуулсан, цахилгааны үйлчилгээ үзүүлсний хөлсийг 1 квт цахилгаан эрчим хүчийг 237 төгрөгөөр тооцож, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатайгаар байгуулсан байна.

Дээрхи хугацаанд ашигласан цахилгаан эрчим хүчний төлбөр нийт 12 352 396 төгрөг болсноос “М” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 609 000 төгрөг төлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг санал болгосны дагуу 6 800 000 төгрөгт тооцож цахилгаан эрчим хүчний төлбөрт суутгасан ба гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасны дагуу үлдэгдэл төлбөр 3 552 196 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан төлбөр тооцооны задаргаагаар “М” ХХК нь 2015 оны 10 дугаар сард 7 606 278 төгрөгийн, 2015 оны 11 дүгээр сард 6 354 918 төгрөгийн үнэ бүхий цахилгаан эрчим хүч хэрэглэсэн ба нийт 13 961 196 төгрөг болсон үүнээс хариуцагч 10 409 000 төгрөгийн төлбөрийг эд хөрөнгө болон бэлэн мөнгөөр төлсөн бөгөөд 3 552 196 төгрөгийн төлбөр үлдсэн болох нь тогтоогдож байна.   

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар цахилгаан эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоолоор “М” ХХК-г Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А-1/206 дугаартай албан бичигт 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 532 дугаар тогтоолоор тус  үйлдвэрийн газрын 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлахдаа Шижир алт болон Зэрэгцээ алтны үйлдвэрийг нэгтгэхээр тооцон, орон тооны дээд хязгаарыг 1 540 байхаар тогтоож, үйл ажиллагааг нэгтгэн бүтцийн өөрчлөлт хийж, батлагдсан орон тоонд багтаан зохион байгуулах чиглэл өгсний дагуу “М” ТӨҮГ-ын захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/181 дугаартай тушаалаар “М” ТӨҮГ-ын харъяа Зэрэгцээ алтны үйлдвэрийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон татан буулгаж, нэгтгэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Компаний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч “М” ТӨҮГ нь хариуцагч “М” ХХК-аас гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байна.

“М” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1/1086 дугаартай албан бичгээр “М” ХХК-ний цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрийн үлдэгдэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барагдуулж ажиллахыг Зэрэгцээ алтны үйлдвэрийн захирал М.Үүрцайх, Ерөнхий нягтлан бодогч Б.Мөнхбаяр нарт үүрэг болгосон ба хариуцагч “М” ХХК нь хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 609 000 төгрөгийг төлбөр төлж, 3 552 196 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч төлбөр төлөхийг удаа дараа утсаар шаардаж байсан гэж тайлбарладаг ба энэ талаархи баримтгүй, утасны дуудлага хийгдэж байсан эсэхийг нотолсон лавлагааг хэрэгт ирүүлээгүй, хариуцагч “М” ХХК-ний захирал Д.О 2016 оны хавар төлбөрөө төл гэж  ярьсан түүнээс хойш яриагүй гэж мэтгэлцдэг.

“М” ТӨҮГ-аас “М” ХХК-ний хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр авч, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр авлага барагдуулах тухай албан бичгийг “М” ХХК-д хаяглан хүргүүлсэн боловч тухайн албан бичгийг хариуцагч хүлээн аваагүй гэж маргадаг, баримт гардуулсан талаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

Хариуцагчийн хамгийн сүүлд төлсөн төлбөрөөс хойш буюу 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзвэл 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул гэрээний үүрэг 3 552 196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 71 785 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас гэрээний үүрэг 3 552 196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 785 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.АРИУНЦЭЦЭГ