Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 30

 

“МРЦ” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч “МБА ХХК” ХХК-т-нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00126 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “МРЦ” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МБА ХХК” ХХК-т-нд холбогдох

 

 “3.552.196 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагчийн төлөөлөгч Д.Оын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /онлайнаар/ хариуцагчийн төлөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “МРЦ” ТӨҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“МРЦ” ТӨҮГ-ын харьяа Зэрэгцээ алтны үйлдвэртэй МБА ХХК ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Агаарын шугам ашигласан үйлчилгээний тухай гэрээ байгуулан 1 квт цахилгаан эрчим хүчийг 237 төгрөгөөр тооцож, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тухайн сарын 20-ны өдөр төлж барагдуулж байхаар тохиролцсон байдаг. “МРЦ” ТӨҮГ-ийн харьяа Зэрэгцээ алтны үйлдвэр нь гэрээнд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллаж байсан МБА ХХК ХХК нь 2015 оны 10 дугаар сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр болох 7.606.278 төгрөгний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй учир цахилгаан эрчим хүчийг хязгаарласан боловч тус компанийн захирал Д.О нь “МРЦ” ТӨҮГ-ийн харьяа Зэрэгцээ алтны үйлдвэрийн захиргаанд хандан 10 дугаар сарын цахилгаан эрчим хүчний төлбөр болох 7.606.278 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-нд төлж барагдуулсан гэсэн албан тоотоор хандаж цахилгаан эрчим хүчинд холбогдуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2015 оны 10 сарын 31-ны өдөр дахин холболт хийсэн байдаг.

 “МБА ХХК” ХХК нь 10, 11 дүгээр сард цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр болох нийт 12.352.396 төгрөгийг тухай тайлант онд төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлж барагдуулахыг шаардсан боловч одоохондоо төлбөрийн боломж байхгүй гэсэн тайлбар өгч байсан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн, “МБА ХХК” ХХК-ны саналын дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг санал болгож харилцан тохиролцсоны үндсэн дээр 6.800.000 төгрөгөөр тооцож 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр суутган тооцох нөхцөлтэйгөөр орлогод авсан, 2016 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр 1.609.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 3.552.196 төгрөг төлөөгүй байгаа билээ.

Энэ тухай “МРЦ” ТӨҮГ ийн авлага барагдуулах тухай 2020.07.24-ний өдрийн 1/2044 тоот албан бичгийг МБА ХХК ХХК-д хандан шуудангаар явуулсан, мөн захирал болох Д.Отай утсаар ярьж холбогдоход ямар нэгэн татгалзсан хариу өгөөгүй болно. Иймд “МРЦ” ТӨҮГ-ийн харьяа Зэрэгцээ алтны үйлдвэртэй байгуулсан Агаарын шугам ашигласан үйлчилгээний тухай гэрээний 3.8-д заасны дагуу “МБА ХХК” ХХК-аас хэрэглэгч нь цахилгааны үнийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй мөн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасны дагуу цахилгаан эрчим хүч хэрэглэсний үлдэгдэл төлбөр болох 3.552.196 /гурван сая таван зуун тавин хоёр мянга нэг зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “МБА ХХК” ХХК шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа:

Миний бие Д.О 2015 оны 09 дүгээр сард Л.Гантулга, Цогоо нартай хамтран Төв аймгийн Заамар сумын Хашаат багийн нутаг дэвсгэрт байрлах Алтан Дорнод-Монгол ХХК-ний ашигласан талбайд алт олборлохоор хамтран ажиллахаар эхэлсэн болно. Дээрх 2 хүн маань аж ахуй нэгжгүй байсан учир би өөрийн компанийн нэр дээр анхлан бүх гэрээг байгуулсан юм.

Үүнд: Зэрэгцээ алтны уурхайтай тог ашиглах гэрээг байгуулсан. Үйл ажиллагаагаа хамтран явуулж байх хугацаанд тогны мөнгө төлөөгүй шалтгаанаар тог таслах үед нь би өөрийн эзэмшлийн алт угаах төхөөрөмжөө 8 сая төгрөгийн өрөнд өгөх хүсэлт гаргаж өгсний дагуу дахин тог залгаж өгсөн юм. Ингээд бид хамтран үйл ажиллагаа явуулж байтал Цогоогийн эхнэр Жавзаа одоо та хэрэггүй, цаашид бид өөрсдөө үйл ажиллагаагаа явуулна гэсний дагуу би гэртээ буцсан юм. Би явахдаа Цогоо, Гантулга нарт миний нэр дээр байгуулсан гэрээний дагуу бүх төлбөр тооцоог хийгээрэй гэдгийг анхааруулж хэлсэн. Тэд зөвшөөрсөн. Би дээрх хүмүүстэй 1 сар орчим байх хугацаанд Улаанбаатар хотоос Цогоогийн эхнэр Жавзаагийн хүсэлтийн дагуу экскаватор зээлийн гэрээ байгуулан өгсөн ба, мөн төлбөрийг нь одоо болтол төлөөгүй байгаа. Намайг явсны дараа Цогоо, Гантулга нар үйл ажиллагаагаа явуулан үлдсэн юм. Би анх хамтрахдаа 1 ч төгрөг нийлүүлээгүй учир тэд намайг явуулсан байх гэж бодсон. Үүнээс хойш 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Гантулга 2,000,000 төгрөг төлсөн байна. Мөн 2016 онд над руу Зэрэгцээ компаниас залгаж өр төлөхийг шаардахад би үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй тооцоо хийгээрэй гэдгийг хэлсэн. “Зэрэгцээ” ХХК-ыг хүмүүс Цогоо, Гантулга нарын ашиглаж байсан скруберыг барьцаанд авсан байсан. Над руу ярих үед нь наад скруберыг нь барьцаалсан юм чинь та нар наад хүмүүстэй тооцоо хийгээрэй гэдгийг нь хэлсэн.

Үүнээс хойш хэн ч яриагүй. Учир нь би Цогоо, Гантулга нарыг тооцоогоо хийгээд алт угаах төхөөрөмжөө авсан байх гэж бодсон. Зэрэгцээ компанийн удирдлага тухайн үед нь барьцаалсан төхөөрөмжөө өгөхгүй, тооцоогоо хийсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан гэж бодож байна. Иймд би дээрх нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй. Тог ашиглаж үйл ажиллагаа явуулсан хүмүүсийг төлнө гэж бодож байна. Иргэн Цогоо, эхнэр Жавзаа нар нь Сэлэнгэ аймгийн Бугат тосгонд амьдардаг. Иргэн Гантулга Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд амьдардаг сурагтай байсан. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1.609.000 төгрөгийг би төлөөгүй, хэн төлснийг нь мэдэхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00126 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “МБА ХХК” ХХК-аас 3.552.196 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МРЦ” ТӨҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.785 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МБА ХХК” ХХК-иас 71.785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МРЦ” ТӨҮГ-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “МБА ХХК” ХХК-ийн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүх “МРЦ” ТӨҮГ -ын нэхэмжлэлтэй “МБА ХХК” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэлээ. 1.Учир нь шүүх гэрээний үүрэг гэж дүгнэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 3.552.196 төгрөг гаргаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ерөнхий ангид заасан хөөн хэлэлцэх хугацаа, нэн ялангуяа мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн хуулийн заалтыг анхаарч үзсэнгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш ямар нэгэн гомдлын шаардлага,нэхэмжлэл гаргаагүй манай байгууллагатай энэ талаар харьцаагүй бүхэл бүтэн 4 жил 10 сар гаран болсон байхад нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 13 өдөр хүлээн аваад мөн оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.Энэ нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчсөн байна. 2.Уг иргэний хэрэгтэй холбогдуулж жинхэнэ хариуцагч нь Цогоо, Гантулга, Жавзаа нарын хүмүүс байгаа талаар шүүхэд амаар хэлж хүсэлт тавьсаар байтал миний тавьсан хүсэлтийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “МРЦ” ТӨҮГазар гэрээний үүрэг цахилгааны төлбөр 3.552.196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч Д.О “...Зэрэгцээ алт үйлдвэрээс өр төлөхийг шаардсан, ....би Цогоо, Гантулга нарыг тооцоогоо хийгээд алт угаах төхөөрөмжийг нэхэмжлэгч авсан гэж бодож байсан,  дээрх нэхэмжилсэн төлбөрийг би төлөхгүй” гэх тайлбар гаргаж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч “Зэрэгцээ алтны үйлдвэр” нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч “Мөнхбаян Алт” ХХК-тай “Агаарын шугам ашигласан үйлчилгээний тухай” гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч нь “Зэрэгцээ алтны үйлдвэр” гэж үзэхээр байна.

2. Хариуцагч “Мөнхбаян Алт” ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 13.961.196 төгрөгний цахилгаан зарцуулсан ба тэрээр гэрээний дагуу төлөгдөх цахилгааны төлбөрийг бүрэн төлөөгүй тул нэхэмжлэгч тал гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч гэрээний тал бус  “МРЦ” Төрийн өмчит үйлдвэрийн газар дээрх гэрээг үндэслэж цахилгааны төлбөрийг шаардах эрхийг шууд үүсгэхгүй юм. Тодруулбал  “Зэрэгцээ алт” үйлдвэр нь “МРЦ” ТӨҮГ-тай хамаарал бүхий этгээд мөн болох нь тодорхой бус, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргаж буй “... 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Шижир Алт”-г  /2072947регистрийн дугаартай/ “МРЦ” ТӨҮГ-т нэгтгэсэн нь Зэрэгцээ алт үйлдвэр юм” гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ  талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “Мөнхбаян Алт” ХХК нь  2016 оны 9 дүгээр сард цахилгааны төлбөрт тооцож ПГШ-75 маркийн угаах төхөөрөмжийн ширээг 8.000.000 төгрөгөөр тооцож авах санал хүргүүлсэн ба нэхэмжлэгч “Зэрэгцээ алтны үйлдвэр” нь  уг ширээг 6.840.618 төгрөгөөр тооцож хүлээн авсан болохоо хариуцагч талд мэдэгдсэн эсэх,  хариуцагч тал цахилгааны төлбөрөөс хэдэн төгрөг төлөх, уг төлбөрөө хэзээ, хэрхэн төлөх талаар  ямар байр суурьтай байсан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд энэ байдлыг шүүх  талуудаас тодруулаагүй байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч Д.От шүүх хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч тэрээр шүүхэд хариу тайлбараа хэзээ ирүүлсэн нь тодорхой бус /огноо бичигдээгүй/, шүүх хуралдаан хийх өдөр түүнд хэргийн материалыг танилцуулсан нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан,  шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар өөр этгээдийг татан оролцуулах шаардлагатай эсэхийг  анхаарч үзээгүй байна.

Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгч Д.Оын шүүхэд гаргасан “...нэхэмжлэгч 2016 оны 11 сарын 26-ны өдрөөс хойш манай байгууллагатай энэ төлбөрийн талаар харьцаагүй 4 жил 10 сар гаран болсон байхад шүүх нэхэмжлэлийг  2020 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь буруу, жинхэнэ хариуцагч нь Цогоо, Гантулга нар гэдгийг амаар хэлж хүсэлт тавьсаар байхад хүсэлтийг хүлээн аваагүй шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх  давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.785 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ