Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2021/01091

 

 

 

 

   

 

 

 

 

     2021          05           14                                                  184/ШШ2021/01091

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч  Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Д.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Т

 

Хариуцагч: Ш.Д нарт холбогдох

 

“Гэм хорын төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагч Ш.Д-ны өмгөөлөгч Ш.Ганхуяг, хариуцагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг,  иргэдийн төлөөлөгч С.Сувдмандах, нарийн бичгийн даргад Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт болсон зам тээврийн ослын улмаас надад учирсан хохирлыг Б.Т-өөс гаргуулж авах хүсэлтэй байна. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Эвлэрүүлэн зуучлагчаар шийдүүлэхээр хүсэлт гаргасан боловч Б.Т-ийн өмгөөлөгч энэ осолд хоёр хариуцагч байгаа гэж үзэж байгаа тул эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлээгүй. Иймд шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г нь 2020 оны 01 сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт /Nissan X Trail/ маркийн 45-45 УАЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байхад жолооч Б.Т, Ш.Д нар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тухайн автомашинд хохирол учруулсан. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээгээр 11,241,600 төгрөг, журмын хашааны төлбөр 75,000 төгрөг, ачилт 90,000 төгрөг, ачилт хашааны зардал 70,000 төгрөг, үнэлгээний зардал 440,000 төгрөг, оношилгоо 45,000 төгрөг, үнэлгээний хөлс 520,000 төгрөгийн зардал гарсан. Дээрх нийт 12,498000 төгрөгийн зардлыг Ш.Д, Б.Т нараар хувааж төлүүлэхээр нэхэмжилж байна... гэв.

Хариуцагч Ш.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 01 дүгээр сарын 19-нд Дэлгэрсайхан миний бие Өвөрхангай аймгаас Улаанбаатар явах замд Тамиртөгс нь жолоо барих эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож санаатайгаар шулуун замд явсан тээврийн хэрэгслийн урдуур үргэлжилсэн цагаан шугам давж огцом эргэн орж ирсний улмаас энэхүү осол гарсан. Иймд миний хувьд уг ослоос гарсан хохирлыг санаатайгаар үйлдсэн Тамиртөгс төлнө гэжээ.

Хариуцагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа... Хэдийгээр Тамиртөгс нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч гэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулаагүй. Эгнээ байраа зөв эзэлж явсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн зөрчилдөө Зөрчлийн тухай хуульд зааснаар анхан шатны шүүхээс 30  хоног баривчлах ял шийтгэл ногдуулсныг биеэр эдэлсэн. Уг тээврийн хөдөлгөөнд 66-65УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3  дугаар зүйлд зааснаар замын хөдөлгөөнд оролцохдоо хохирол учруулахгүйгээр, хөдөлгөөнд ноцтой байдал учруулахгүйгээр хөдөлгөөний зохисгүй байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн  уг заалтыг зөрчсөн зөрчил гарсан болох нь эрүүгийн хэргийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар дээрх эд мөрийн баримт, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Ш.Д-ныг хариуцагчаар татсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар нотлогдоно. Ш.Д нь ньТоёота Аллион маркийн  66-65УБУ  хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа өмнө нь явсан жолооч Б.Т-ийн Тоёота кролла филдер маркийн 95-73УБН улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн араас хурдтай ирж мөргөсний улмаас тээврийн хэрэгсэл урагш түрэгдэн ертөнцийн зүгээр баруун зүгт байрласан цагаан өнгийн Ниссан экстрайл  маркийн  45-45 УАЕ улсын дугаартай жолооч Ганбатын жолоодож явсан тээврийн хэрэгсэл мөн Тоёота приус маркийн 30-45 УБО улсын дугаартай жолооч Сүхбаатарын жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Энэ нь хангалттай нотлогддог. Дэлгэрсайхан хурдтай явж байсан талаар түүний ээж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө 2 дугаар эгнээнд орох гэтэл ачааны автомашин явж байсан, машины өмнө явсан Тоёота филдер маркийн машиныг мөргөсөн гэх мэдүүлгээр нотлогддог. Хэрэв Дэлгэрсайхан нь хурд хэтрүүлэхгүй явж байсан бол өөрийнхөө жолоодож явсан тээврийн хэрэгсэлд аюул саад учруулахгүйгээр зогсоох боломжтой байсан гэж үзэж байна. Жолооч Б.Т нь хөдөлгөөнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан ч гэсэн хурд багатай, хөдөлгөөнд саад учруулахгүйгээр эсрэг талын урсгал руу орохгүйгээр яваад гэртээ харих бүрэн боломжтой байсан... Б.Т нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дугаар заалтыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явсан боловч энэ нь осол гарахад нөлөөлөөгүй, дүрмийн дагуу явж байсан. Хариуцагч Ш.Д-ны өмгөөлөгч ярьж байна. Дэлгэрсайхан ямар ч буруугүй байсан, Б.Т тусгаарлах зурвасыг давсан гэж хэлж байна. Уулзвараас төв зам руу орж ирэхэд 1 дүгээр зурвас, камерын бичлэгээс хөдөлгөөнгүй байдал харагддаг. 2 дахь эгнээнд ороод, 3 дахь эгнээнд ороод, тасархай зураас байдаг тийшээ эргэхээр 3 дахь эгнээ рүү орох гээд зүүн тийшээ дохио өгөөд, зүүн тал тийшээ эргэх гээд явж байсан машины араас жолооч Ш.Д хүчтэй мөргөсөн. Энэ бол зөрчил шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл дээр тодорхой байдаг. Хариуцагч Дэлгэрсайханы буруу байгаа юм. Б.Т согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь буруу учраас буруугаа хүлээж байгаа. Дэлгэрсайхан хүлээн зөвшөөрөх юм бол хэдэн төгрөгийн хохирол гарсны 50 хувийг би төлөх болно гэсэн санал гаргаж байгааг дамжуулж өгөөрөө гэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлын 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Иргэдийн төлөөлөгч С.Сувдмандах, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд:  Иргэн Б.Т нь жолоодох эрхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон боловч осол гаргах шалтгаантай хамааралтай гэж үзэхгүй байна. Ш.Д-ныг бичлэгээс харахад Тээврийн прокурорын албаны захирамжийг үндэслэн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг нь батлагдсан. Хариуцагч 2 талыг хэн нэгнийг 100 хувь буруутгах нь болсон үйл явдалд тохирохгүй гэж үзэж байна гэв.

 

   Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Төд  холбогдуулан “Гэм хорын хохиролд 15,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч шаардлагаа багасгаж 12,498.000 төгрөгийг шаардаж байна.

 

          Шүүхийн 2020.06.30-ны өдрийн 184/ШТ2020/00202 дугаар тогтоолоор Ш.Д-ныг иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулав. /хх 95/

          

             Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Ш.Д ньТоёота Аллион маркийн  66-65УБУ улсын дугаартай  хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу ирж явахдаа  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцийн урд талын асфальтан 2 эгнээ, 4 урсгалтай зам дээр хариуцагч  Б.Т-ийн  жолоодож явсан Тоёота кролла филдер маркийн 95-73УБН улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэл эсрэг урсгал  руу орж нэхэмжлэгч Д.Гын жолоодож явсан Ниссан экстрайл маркийн 45-45 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөхөд тус 45-45 УАЕ тээврийн хэрэгсэл нь В.Сүхбаатарын жолоодож явсан Тоёото приус маркийн 30-45 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан болох нь нотлогдож байна. /хх 102-153,158,159,175/

          Хариуцагч Ш.Даас... шулуун замд явсан тээврийн хэрэгслийн урдуур 1,2,3-р үргэлжилсэн цагаан шугам давж огцом эргэж орж ирсний улмаас энэ осол гарсан. Иймд уг ослоос гарсан хохирлыг санаатайгаар үйлдсэн Тамиртөгс төлнө хэмээн тайлбарлаж,

          хариуцагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс...зам тээврийн осол 2 холбогдогчтой, жолооч Ш.Д нь хурд хэтрүүлэн явж байгаад өмнөө явсан тээврийн хэрэгслийг хүчтэй мөргөсний улмаас зам тээврийн осол, зөрчил гарсан, Ш.Д нь хурд хэтрүүлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж араас нь  хурдтай очиж мөргөөгүй бол энэ зам тээврийн осол, зөрчил гарахгүй байсан, осол гарахад жолооч Дэлгэрсайханы замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нөлөөлсөн тул төлбөрийг Ш.Дтай хувааж төлнө гэж маргажээ. 

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2020.01.19-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь хариуцагч нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тул хариуцагч Ш.Д-ныг Тоёота Аллион маркийн 66-65УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дах заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 33 дахь хэсэгт зааснаар 10000 /арван мянга/ төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас оногдуулсан,

         мөн  хариуцагч Б.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота кролла филдер маркийн 95-73УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.03-ны өдрийн 340 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн Тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5, 51-д зааснаар 30 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 /гуч/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан  болох нь нотлогдож байгаа бөгөөд тус шийтгэвэр, шийтгэлийн хуудас   хуулийн хүчин төгөлдөр болжээ.  /158-159, 175 /

            Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцийн урд талын асфальтан 2 эгнээ, 4 урсгалтай зам дээр гарсан ослын талаарх бичлэгийг дүрс бичлэг /CD/ болгон хуулж эд мөрийн баримтаар хураан авсан ба тус бичлэгт шүүх хуралдаан дээр үзлэг хийхэд: хариуцагч Ш.Д-ны жолоодож явсан Тоёота Аллион маркийн  66-65УБУ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл МТ шатахуун түгээх станцийн урд талын асфальтан 2 эгнээ, 4 урсгалтай зам дээр  хурдтай явж байгаад хариуцагч Б.Т-ийн жолоодож явсан Тоёота кролла филдер маркийн 95-73УБН улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн араас мөргөхөд тус тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу орж нэхэмжлэгч Д.Гын жолоодож явсан Ниссан экстрайл  маркийн 45-45 УАЕ улсын  дугаартай тээврийн хэрэгслийг мөргөхөд тус  45-45 УАЕ тээврийн хэрэгсэл нь В.Сүхбаатарын жолоодож явсан Тоёото приус маркийн 30-45УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч байгаа үйл баримт тусгагджээ. / 4 машин, хх159/     

              Тээврийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд... дээрх зам тээврийн осолд гэмт хэргийн шинжгүй буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийг удирдлага болгон ... 1.Бүртгэлийн 72 дугаартай гэмт хэргийн гомдол /мэдээлэл/-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж...шийдвэрлэсэн ба уг тогтоолд талууд гомдол гаргаагүй байна./хх 102-103/

           Иймд дээрх Прокурорын тогтоол, шийтгэлийн хуудас, шийтгэвэр болон дүрс бичлэгт хийсэн үзлэгээр мөн  гомдол мэдээлэл шалгах явцад  Б.Улсболдын гэрчээр өгсөн мэдүүлэгт: 2020.01.19-ний өдөр би зам дагуу ганцаараа алхаж явтал Тамиртөгс Тоёота филдер маркийн машинтай ганцаараа явж байхаар нь машинд суугаад Тамиртөгс МТ шатахуун түгээх станцийн урд талын туслах замаас төв зам руу ороод тусгаарлах зурвас давах гээд явж байтал араас машин ирээд мөргөсөн. Эсрэг урсгал руу машинтайгаа ортол Тамиртөгсийн машиныг урдаас нь машин мөргөсөн. Тэгээд буусан чинь 4 машин мөргөлдсөн байсан...Тамиртөгсийн жолоодож явсан машинд их эвдрэл учирсан гэсэн мэдүүлэг /хх 129/,        

         В.Сүхбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэгт: 2020.01.19-ний өдөр би өөрийн эзэмшилийн 30-45УБО улсын дугаартай приус маркийн машинтай охин Хаш-Эрдэнэтэй хамт МТ шатахуун түгээх станцийн урд талын асфальтан зам дээр... 1-р эгнээнд явж байтал цагаан өнгийн Экстрайл маркийн автомашин гэнэт гарч ирээд “аа” гэхийн завдалгүй мөргөлдсөн...Тоёота филдер, экстрайл маркийн автомашин нар мөргөлдөөд экстрайл машин миний явж байсан эгнээнд орж ирснээс болж авто осол болсон гэх мэдүүлэг  /хх 130/  зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Ш.Д болон түүний өмгөөлөгч нарын... шулуун замд явсан тээврийн хэрэгслийн урдуур 1,2,3-р үргэлжилсэн цагаан шугам давж огцом эргэж орж ирсний улмаас энэ осол гарсан тул уг ослоос гарсан хохирлыг Тамиртөгс төлнө гэх  тайлбар нь үгүйсгэгдэв.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан ба хариуцагч Ш.Д, Б.Т нар нь өөрсдийн буруугаас  зам тээврийн осол болоогүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн  499.3 дах хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заажээ.

          Хариуцагч Б.Т-өөс гомдол мэдээлэл шалгах явцад гэрчээр мэдүүлэхдээ...миний төрсөн охин дүү Ариунтуяагийн нөхөр болох Ганболдын Ганхүүгийн эзэмшлийн машин нь 95-73УБН улсын дугаартай Тоёота кролло филдер маркийн машин байгаа. Уг машин нь ББСБ-ийн нэр дээр байдаг. Манай хүргэн Ганхүү хөдөө ажлаар явахдаа машинаа үлдээсэн. Би Ганхүүгийн машинаар түлээний мод авах гээд очтол мод байхгүй байхаар нь гэр лүүгээ явж байгаад осол гаргасан гэсэн,

       мөн Г.Ганхүү  гэрчээр мэдүүлэхдээ: Би Сүхбаатар аймаг руу 2020.1.14-нд яваад  2020.1.20-ны өдөр УБ хотод ирэхэд манай хүргэн ах Тамиртөгс нь миний эзэмшлийн Тоёота филдер маркийн машиныг жолоодож яваад авто осол гаргасанг мэдсэн. Миний машинд учирсан эвдрэл гэмтлийн мөнгөө би нэхэмжлэхгүй, надад санал хүсэлт байхгүй гэсэн,

       тээврийн хэрэгслийн гэрчилгээнд: 9573УБН TOYOTA Corolla Fielder  суудлын зориулалтай цагаан, өмчлөгч Есөн шижир инвест ББСБ ХХК гэсэн бүртгэлтэй боловч уг автомашиныг Г.Ганхүүг өөрийн эзэмшилд байлган ашиглагдаж байсан болох нь  гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, тэрээр хөдөө орон нутаг руу явахдаа автомашиныг  Б.Т-ийн  хашаанд байршуулан тавьсан байхад нь  хариуцагч 2020.01.19-ны өдөр түүний зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад осол гаргажээ. /хх  126- 127, 227/

         Иймд хариуцагч Б.Т нь 95-73УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байсан Г.Ганхүүгээс тухайн тээврийн хэрэгслийг ашиглах буюу жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авахгүйгээр жолоодож  зам тээврийн осол гаргаж  бусдын эд хөрөнгөд  хохирол учруулсан  байх тул нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Нэхэмжлэгч Д.Г нь 2020.01.19-нд Ниссан экстрайл  маркийн 45-45 УАЕ маркийн дугаартай тээврийн хэрэгслийг П.Мөнхтулгаас 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан болох нь хэргийн 90, 91-р талд авагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дах хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Ганбатын эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагч Ш.Д, Б.Т нараар хамтран  төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

                        Нэхэмжлэгчид учирсан хохирлын талаар:

 

      Нэхэмжлэгч Д.Г нь 2020.04.13-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэм хорын хохиролд 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад шаардлагаа багасгаж 12.498.000 төгрөг шаарджээ.

 

       Үүнд: “Дамно” ХХК-ийн үнэлгээ 11.241.600 төгрөг, журмын хашааны төлбөр 75.000 төгрөг, ачилтын хөлс 90.000 төгрөг, ачилт хашааны зардал 70.000 төгрөг,  үнэлгээний зардал 440.000 төгрөг, оношилгооны хөлс 45.000 төгрөг,Кости-Эстимэйт ХХК-д төлсөн үнэлгээ хөлс 520.000 төгрөг, нийт 12.498.000 төгрөгийг хариуцагч Ш.Д, Б.Т нараар  50, 50 хувь хувааж төлүүлэхээр шаардсан ба                 шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тооцоход 12.498.000 төгрөг биш 12.481.600 төгрөгийн тооцоолол гарган тул  15.000.000 төгрөгийн шаардлагаас хасаж, үлдэх 2,518.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов. /хх 4, 16-21, 203, 209-227/

 

           Шүүхийн 184/ШТ2020/00273 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаар үнэлгээ гаргуулахаар “Дамно” ХХК-ийг томилоход 11.241.600 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлт ирүүлсэн болохыг дурдав.

  

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:

 

 Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд:  Иргэн Б.Т нь жолоодох эрхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон боловч осол гаргах шалтгаантай хамааралтай гэж үзэхгүй байна. Ш.Д-ныг бичлэгээс харахад Тээврийн прокурорын албаны захирамжийг үндэслэн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг нь батлагдсан. Хариуцагч 2 талыг хэн нэгнийг 100 хувь буруутгах нь болсон үйл явдалд тохирохгүй гэж үзэж байна гэв.

 

        Шүүх бүрэлдэхүүнээс: хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад дүрс бичлэгт хийсэн үзлэг, зохигч нарын тайлбар зэргийг үнэлж дүгнээд 2020.01.19-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарах болсон шалтгаан  нөхцөл нь  хариуцагч нар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хариуцагч Ш.Д-ны жолоодож явсан  ньТоёота Аллион маркийн  66-65УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурдтай явж байгаад МТ шатахуун түгээх станцийн урд талын асфальтан 2 эгнээ, 4 урсгалтай зам дээр  хариуцагч  Б.Т-ийн  жолоодож явсан Тоёота кролла филдер маркийн 95-73УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөхөд  тус тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу орж нэхэмжлэгч Д.Гын жолоодож явсан Ниссан экстрайл  маркийн 45-45 УАЕ улсын  дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн,

        хариуцагч Ш.Д, Б.Т нар нь зам тээврийн осол өөрсдийн буруугаас болоогүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.  

       

          Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцагч Ш.Д, Б.Т нараар  төлүүлэхдээ  12.481.600 төгрөгийн төлбөрийг 50, 50 хувиар  хувааж 6.240.800 төгрөгийг тус бүр гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгохоор шийдвэрлэв.

 

           Шүүхийн  2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШТ2020/00185  дугаар тогтоолоор Тээврийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу ирүүлсэн хэргийн 102-153-р талд авагдсан нотлох баримтуудыг болон нэхэмжлэгч талын гаргаж өгсөн дүрс бичлэг /CD/ болон бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж, зам тээврийн осол гаргасан талаар гомдол мэдээлэл шалгах явцад цугларсан бичгийн нотлох баримтуудыг энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар бичмэл нотлох баримтад тооцож шүүх үнэлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжид  тус бүр 107.327,8 төгрөг, нийт 214.655,6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгов. /хх -29/

 

Шинжээчийн зардлын талаар:

 

        Шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШТ2020/00273 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахаар “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилж, ажлын хөлсийг  Сонгинохайрхан  дүүргийн  Иргэний хэргийн  анхан  шатны  шүүхийн Тамгын газраар төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2021.03.11-нд  328.000 төгрөгийг  төлсөн  байх тул  хариуцагч Б.Т, Ш.Д нараас тус бүр 164,000 төгрөгийг  гаргуулж, шүүхийн Тамгын газар олгох нь зүйтэй байна.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118,119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон                                                                

                                                                                                         ТОГТООХ нь :

 

  1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-өөс 6.240.800 төгрөгийг, хариуцагч Ш.Даас 6.240.800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,518.400  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Т болон хариуцагч Г.Дэлгэрсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 107.327,8 төгрөг, нийт 214.655,6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54 .2 дах хэсэгт зааснаар  хариуцагч Б.Т,  Ш.Д нараас  тус бүр 164,000 төгрөг нийт 328.000 төгрөг  гаргуулж,  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төрийн сангийн 100900005414 тоот дансанд шилжүүлэхийг даалгасугай. 

  4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.  

  5.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

       

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОЮУНЖАРГАЛ

 

 

                ШҮҮГЧИД                                      В.АМАРТҮВШИН

 

 

                                                                   Ч.НЯМСҮРЭН

 

 

.