Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01139

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01139

 

 

 

Д.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2021/01091 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Гын хариуцагч Б.Т, Ш.Д нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 12 498 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ш.Ды өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ш.Д, түүний өмгөөлөгч Ш.Г, хариуцагч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Ниссан Х Трэйл /Nissan X Trail/ маркийн 46-4... УАЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байхад Б.Т, Ш.Д нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тухайн автомашинд хохирол учруулсан. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээгээр 11 241 600 төгрөг, журмын хашааны төлбөр 75 000 төгрөг, ачилт 90 000 төгрөг, ачилт хашааны зардал 70 000 төгрөг, үнэлгээний зардал 440 000 төгрөг, оношилгоо 45 000 төгрөг, үнэлгээний хөлс 520 000 төгрөгийн зардал гарсан. Дээрх нийт 12 498 000 төгрөгийн зардлыг Ш.Д, Б.Т нараар хувааж төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ш.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр миний бие Өвөрхангай аймгаас Улаанбаатар явах замд Б.Т нь жолоо барих эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож санаатайгаар шулуун замд явсан тээврийн хэрэгслийн урдуур үргэлжилсэн цагаан шугам давж огцом эргэн орж ирсний улмаас энэхүү осол гарсан. Иймд уг ослоос гарсан хохирлыг санаатайгаар үйлдсэн Б.Т төлнө гэжээ.

 

Хариуцагч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Т нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулаагүй. Эгнээ байраа зөв эзэлж явсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн зөрчилдөө Зөрчлийн тухай хуульд зааснаар анхан шатны шүүхээс 30 хоног баривчлах ял шийтгэл ногдуулсныг биеэр эдэлсэн. Уг тээврийн хөдөлгөөнд 66-65УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан замын хөдөлгөөнд оролцохдоо хохирол учруулахгүйгээр, хөдөлгөөнд ноцтой байдал учруулахгүйгээр хөдөлгөөний зохисгүй байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн уг заалтыг зөрчсөн зөрчил гарсан болох нь эрүүгийн хэргийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар дээрх эд мөрийн баримт, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Ш.Дыг хариуцагчаар татсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар нотлогдоно. Ш.Д нь Тоёота Аллион маркийн 66-65 УБУ хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа өмнө нь явсан жолооч Б.Тийн Тоёота кролла филдер маркийн 95-7...УБН улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн араас хурдтай ирж мөргөсний улмаас тээврийн хэрэгсэл урагш түрэгдэн ертөнцийн зүгээр баруун зүгт байрласан цагаан өнгийн Ниссан экстрайл маркийн 46-4... УАЕ улсын дугаартай жолооч Д.Гын жолоодож явсан тээврийн хэрэгсэл мөн Тоёота приус маркийн 30-4... УБО улсын дугаартай жолооч н.Сүхбаатарын жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Энэ нь хангалттай нотлогддог. Ш.Д хурдтай явж байсан талаар түүний ээж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө 2 дугаар эгнээнд орох гэтэл ачааны автомашин явж байсан, машины өмнө явсан Тоёота филдер маркийн машиныг мөргөсөн гэх мэдүүлгээр нотлогддог. Хэрэв Ш.Д нь хурд хэтрүүлэхгүй явж байсан бол өөрийнхөө жолоодож явсан тээврийн хэрэгсэлд аюул саад учруулахгүйгээр зогсоох боломжтой байсан гэж үзэж байна. Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дугаар заалтыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явсан боловч энэ нь осол гарахад нөлөөлөөгүй, дүрмийн дагуу явж байсан. Б.Т уулзвараас төв зам руу орж ирэхэд 1 дүгээр зурвас, камерын бичлэгээс хөдөлгөөнгүй байдал харагддаг. 2, 3 дахь эгнээнд ороод, тасархай зураас байдаг тийшээ эргэхээр 3 дахь эгнээ рүү орохоор зүүн тийшээ дохио өгөөд, эргэх гээд явж байсан машины араас жолооч Ш.Д хүчтэй мөргөсөн, түүний буруу юм. Б.Т согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь буруу учраас буруугаа хүлээж байгаа. Ш.Д хүлээн зөвшөөрөх юм бол хэдэн төгрөгийн хохирол гарсны 50 хувийг би төлөх болно гэсэн санал гаргаж байгааг дамжуулж өгөөрөө гэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлын 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Т нь жолоодох эрхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон боловч осол гарах шалтгаантай хамааралтай гэж үзэхгүй байна. Ш.Дыг бичлэгээс харахад Тээврийн прокурорын албаны захирамжийг үндэслэн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг нь батлагдсан. Хариуцагч 2 талыг хэн нэгнийг 100 хувь буруутгах нь болсон үйл явдалд тохирохгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Төөс 6 240 800 төгрөгийг, хариуцагч Ш.Даас 6 240 800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 518 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Т болон хариуцагч Г.Дэлгэрсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 107 327,8 төгрөг, нийт 214 655,6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Т, Ш.Д нараас тус бүр 164 000 төгрөг нийт 328 000 төгрөг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төрийн сангийн 100900005414 тоот дансанд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.Ды өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т үргэлжилсэн хос шугам 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, мөн дүрмийн 3.7а-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн дүрмийн аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтыг зөрчсөн байдаг.

Тээврийн цагдаагийн газрын осол, хэргийн үзлэгээр 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минутад Ш.Ды Тоёота Аллон 66-65 УНА маркийн машины тормозны мөрийн хэмжээ 14.0, 14.0 м байгааг тогтоосон байдаг. Энэ нь Б.Т жолоодож яваа тээврийн хэрэгслээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж үргэлжилсэн хос цагаан шугам давахаар огцом эргэснээс шулуун замд тээврийн хэрэгслээ жолоодож явсан Ш.Д зогсоох арга хэмжээ авсныг тодорхойлж байна.

Осол гарсан тухайн үед хамаарагдах тээврийн хэрэгслүүдийн хурдны хэмжээг тогтоогоогүй байдал, мөн Ш.Дд Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.33 дах хэсэгт зааснаар 10 000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас оногдуулсан нь Ш.Ды аюул, хохирол учруулахгүйн улмаас тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээг авсан боловч хальтиргаатай замд гулгаж, Б.Тийн жолоодож явсан машины зүүн хойд талд мөргөлдөж зогссон үйлдэлд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагч Ш.Даас 6 240 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гад олгох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Т, Ш.Д нарт холбогдуулан гэм хорын хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12 498 000 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч Б.Т хариуцагч Ш.Ды буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан, ... согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруугаа хүлээж байгаа, ... хохирлын 50 хувийг төлнө гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна. Хариуцагч Ш.Ды хувьд Б.Т согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, санаатайгаар шулуун замд явсан тээврийн хэрэгслийн урдуур орж үргэлжилсэн цагаан шугам давж огцом эргэсэн учир хохирлыг хариуцах ёстой гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүргийн үндсэн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн агуулгаас үзвэл гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг.

Хэрэгт Тээврийн хэрэгслийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд хөрөнгөд хийсэн Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 340 дугаар шийтгэвэр, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ. /1хх 102-153, 158-159,175, 221-224/

Хэрэгт буй бичгийн нотлох баримт болох Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Д.Б-ын хэрэгт эд мөрийн баримтаар тооцож авсан Сидинд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минут 46 секундэд МТ колонкийн урд талын асфальтан замын урд талын туслах замаас цагийн өнгийн дугаар нь тодорхойгүй автомашин гол замтай нийлээд МТ колонкийн урд хэсэгт машины хурдаа хасч үргэлжилсэн цагаан шугам давах гэж байхад хар өнгийн, жижиг суудлын машин хурдтай ирээд 14 цаг 30 минут 59 секундэд араас нь мөргөж, улмаар цагаан өнгийн эсрэг урсгалаас ирж явсан автомашин 1 дүгээр эгнээнд явж байсан машиныг урд хэсгээрээ мөргөсний дараа, араас ирж байсан жижиг суудлын автомашин нь цагаан өнгийн автомашиныг ар хэсгээс нь мөргөсөн байна гэж осол болсон үйл баримтыг бэхжүүлж авсан байна. /хх-152/

Тээврийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар тогтоолд жолооч Ш.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг, Б.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, мөн дүрмийн 3.7а, дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас уг осол үйлдэгдсэн гэж дүгнээд жолооч Ш.Дд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 33-т заасан арга хэмжээ авахыг, Б.Төд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар арга хэмжээ авахуулахаар холбогдох материалыг Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэхийг хариуцсан албан хаагч нарт тус тус даалгаж шийдвэрлэжээ. /1хх102-103/

Уг тогтоолд Ш.Д, Б.Т нар гомдол гаргаагүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон байна. Дээрх зөрчилтэй холбогдуулан хариуцагч Ш.Дд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 33-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 10 000 төгрөгөөр, хариуцагч Б.Төд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 340 дүгээр шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5.51-д зааснаар 30 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан болох нь хэргийн 158, 175 дахь талд авагдсан бичгийн баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх дээрх бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээд хариуцагч Ш.Д Тоёота Аллион маркийн 66-65 УБУ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 2 эгнээ, 4 урсгалтай зам дээр хурдтай явсны улмаас Б.Тийн жолоодож явсан Тоёота кролла филдер маркийн 95-7... УБН улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, уг автомашин эсрэг урсгал руу орж нэхэмжлэгч Д.Гын жолоодож явсан Ниссан экстрайл маркийн 46-4... УАЕ улсын дугаартай автомашиныг мөргөж, түүний эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч Ш.Д нь дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж, өөрийн гэм буруугүйг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Мөн түүнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлд хамааралгүй тул түүний тормосны мөрийн хэмжээ нь ... шулуун замд тээврийн хэрэгсэлээ жолоодож явахдаа зогсоох арга хэмжээ авсан, торгох арга хэмжээ авахуулсан гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх шинжээч Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан, нэхэмжлэгчээс гарсан бусад зардлын баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгч Д.Гын эд хөрөнгөд 12 481 600 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэн, хариуцагч Б.Төөс 6 240 800 төгрөг, хариуцагч Ш.Даас 6 240 800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Гад олгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч гэм хорын хохирлын шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсгийн заасныг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

Мөн нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн эзэмшигчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, Ш.Д, Б.Т нарын гэм буруутай үйлдлээс шалтгаалан түүний эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад уг маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь заалтыг хэрэглэсэн нь буруу байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь анх гаргасан 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 12 498 000 төгрөг болгон бууруулсан байхад уг хэмжээгээр хэргийг шийдвэрлээгүй, анхны гаргасан нэхэмжлэлийн дүнгээс нотлох баримтаар тогтоогдсон 12 481 600 төгрөгийг хасч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн нь мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ш.Ды өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2021/01091 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Даас 6 240 800 төгрөг, хариуцагч Б.Төөс 6 240 800 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Д.Гад олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Ды давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 107 327 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД