Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаар эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 2016 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг захад байрлах иргэн ын эзэмшлийн цайны газарт хууль бусаар нэвтэрч Хонины мах 23 кг, 15 ширхэг ургамалын тос, 8 кг хиам, 500 грамм помидор, 2 кг чанасан ямааны мах, түмпэн зэрэг эд зүйлийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 215.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 2016 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг захад байрлах иргэн ын эзэмшлийн цайны газарт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр ******* аймгийн ******* сумын нутгаас Завхан аймгийн нутагруу оргон зайлж, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.   /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь *******этэй бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 2016 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг захад байрлах иргэн ын эзэмшлийн цайны газарт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан,

дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр ******* аймгийн ******* сумын нутгаас Завхан аймгийн нутагруу оргон зайлж, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би “” зах дээр Хоссана нэртэй зоогийн газрыг ажиллуулдаг юм. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад манай зоогийн газрын ажилтан өглөө залгаж яриад зоогийн газрын цонхоор хулгай орсон байна гэдгийг хэлсэн. Тэгээд зоогийн газраа яваад очтол зоогийн газрын хувцасны өрөөний хөндлөн байрлалтай вакум цонх хагарсан байсан. Зоогийн газрын хаалга, цоож бүрэн бүтэн, эвдэгдсэн зүйлгүй харагдсан. Хаалгаа онгойлоод ороход дотор заалны хэсэгт харанхуйд чүдэнз хавирсан бололтой чүдэнзний моднууд харагдаж байсан. Зоогийн газарт байсан эд зүйлээ бүртгэж үзтэл хонины мах 23 кг, нэг хайрцаг ургамлын тос, хайрцагтаа 15 ширхэг байдаг, 8 кг хиам, 500 гр помидор, түмпэнтэй чанаж тавьсан ямааны 2 кг мах зэрэг зүйлс хулгайд алдагдсан. ...Би үнэлгээтэй танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Хулгай орсоны маргааш хоолны ямар ч материалгүй болчихсон байсан. Донской янтарь гэсэн бичигтэй цаасан хайрцагтай ургамлын тосыг хулгай ордгийн урд өдөр нь буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нь худалдан аваад маргааш өдөр нь хэрэглэх гэж байгаад тэр шөнөө хулгайд алдсан юм. Ургамлын тос нь хайрцгандаа яг 15 ширхэг ордог ба хайрцгандаа дүүрэн буюу 15 ширхэг ургамлын тостой, ам нь наалттай байсан. Яг худалдан авсан баримт бол байхгүй, харин би өөрийнхөө бүртгэлийн дэвтэр дээр авсан зүйлүүдээ бичиж тэмдэглэдэг юм. Тэрэн дээр ургамлын тос, хиам зэргийг авсан талаар бичсэн байгаа. Харин мах авсан талаар бичсэн эсэхээ санахгүй байна. Эдгээр зүйлүүдийг би үзлээ, манай цайны газраас алдагдсан эд зүйлүүд мөн байна. Цаасан хайрцганд нь ургамлын тос 15 ширхэг багтдаг, энэ хайрцгаар дүүрэн ургамлын тос байсан юм. Би бүх хохирлоо төлүүлж авсан, надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 81-86/

гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 02 дугаар сарын 29-ний шөнө дунд биднийг унтаж байхад шөнийн 02 цагийн үед эхлээд ******* ганцаараа орж ирээд танайд жаахан юм тавиадахъя, хүний юм байгаа юм, маргааш авъя гэсэн. Тэгээд гаднаас нэг цаасан хайрцагтай юм, 3 ширхэг хар өнгийн тортой юмнууд зөөж оруулж ирээд манай гэрт тавьчихаад маргааш ирж авна гэж хэлчихээд яваад өгсөн. Явахаасаа өмнө скоч байна уу гээд аваад цаасан хайрцагтай юмыг нь скочдоод манай орон доогуур хийсэн. Тэгээд тэр хоёрыг явсан хойгуур нь би тэр ууттай юмнуудыг нь үзсэн чинь 10 төгрөгний уут гэж нэрлэдэг цагаан өнгийн нимгэн уутанд хийсэн 4 ширхэг мах, бас нэг 10-ын уутанд хийсэн махнууд байсан. Мөн нэг хар уутанд хийсэн нэлээд их хиам байсан. Эдгээр эд зүйлүүдээ дараагийн өдрүүдэд нь ******* 2 удаа ирж авч явсан. Дараа нь *******тай эдгээр зүйлүүдийг манайд авч ирсэн нэг залуу нь ирж хиам, ургамлын тос авч явсан. Тэр үедээ тэр хоёр хоёулаа архи уучихсан байсан. Нийтдээ нэг цаасан хайрцагтай зүйл, 2 ширхэг том гялгар ууттай зүйлийг л авчирсан. Хиамыг нь гэдэг залуу нь нэг удаа ирж хиамнаас нь авахаар нь би нэлээд ихийг нь өгөөд явуулсан. Тэгээд үлдэгдлийг нь тэр гэдэг хаячихаарай гэхээр нь би гэртээ байлгаж байгаад зарим нь муудчихаар нь хаячихсан. Манайд одоо өөр зүйл байхгүй 5 ширхэг ургамлын тос, нэг цаасан хайрцаг байсныг нь би өчигдөр цагдаад xyрaaлгаcaн гэх мэдүүлэг /хх-ийн 89-93/

сэжигтэн *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 02 сарын 29-ний шөнө 23 цагийн үед *******ын хамт хоёулаа гуанзнаас юм хулгайлах гээд захын гэх зоогийн газрын жижиг цонхыг хагалж байгаад би дотор нь орсон. Харин гадаа ******* хүн харж байсан. Би ороод гуанзнаас жижиг гялгар уутанд хийсэн 3-4 ширхэг мах, ургамалын тос 13 ширхэг, мах нь 4 ууттай байсан, хиам 15 ширхэгийг аваад цонхоор *******т өгөөд би цонхоор нь гараад захын хажууд *******ын таньдаг айлд нь очоод тэндээ үлдээсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 114-118/

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн:

, ******* нарыг би өмнө нь таньдаг байсан өмнө нь надтай хамт барилгын ажил хийж байсан юм. Тэгээд би 2016 оын 04 дүгээр сарын сүүлээр , ******* нартай захын хажууд тааралдаад ажилд явах уу гэсэн чинь тэр хоёр явъя гэсэн. Тэгээд бид нар явсан юм. Тэгж явахдаа бол тэр хоёр надад хэрэгт шалгагдаж байгаа талаараа юу ч хэлээгүй. Харин Завхан аймагт очсон байхдаа байцаагч утсаар яриад байна. Бид хоёр хэрэгт шалгагдаж байгаа, та яриадахаач гэхээр нь би утсаар ярьж хэзээ ******* аймагт очих талаараа, хэлсэн. Очихдоо *******, нарыг аваад очъё гэж хэлсэн. Тэгсэн чинь тэрийг мэдчихээд тэр өдрийнхөө орой *******, хоёр гэнэт алга болчихсон. Би яасан юм бол, хаачсан юм бол гээд хайгаад ерөөсөө олдоогүй. Бүүр дараа нь ******* нь Улаанбаатар хотод байна гэж ярьж байсан. Цалин мөнгөө дараа нь шилжүүлүүлж авсан. Тэр хоёр надад хэрэгт шалгагдаж байгаа талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй. Би ч мэдээгүй. Харин мөрдөн байцаагчтай утсаар яриад мэдээд ажлаа дуусахаар дагуулж очих талаар ярихад тэрийг мэдчихээд надаас зугтаачихсан. Тэр хоёр надтай хамт Завхан аймагруу яваад тэндээ байж байгаад надад хэлэлгүй явчихсан юм. Завхан аймагт чулууны уурхай дээр ажиллаж байсан юм. Тэнд очоод хулгайн хэрэгт шалгагдаж байгаа л гэж хэлсэн. Яг юу болсон, ямар хэрэгт шалгагдаж байгаа талаараа тодорхой зүйл хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 98-100/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчний 2016 оны 03 сарын 13-ны өдрийн: 23 кг хонины мах 115.000 төгрөг, 2 кг ямааны мах 8.000 төгрөг, 8 кг хиам 44.000 төгрөг, 500 гр помидор 2.500 төгрөг, 15 ширхэг ургамлын тос 40.500 төгрөг, түмпэн 5.000 төгрөг, нийт 215.000 төгрөгийн үнэтэй гэх эд зүйлс үнэлсэн тухай тайлан / хх-ийн 107-109/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчний 2016 оны 05 сарын 02-ны өдрийн: 0,5 см-ийн цонхны шил 3.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 116-118/

- Эрүүгийн хэргийг тусгаарлах, нэгтгэх тогтоол /хх-ийн 1, 3/

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-12/

- хураан авах тогтоол, тэмдэглэл, /хх-ийн 20-21/

-туршилт хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 22-30, 45-48, 49-52/

-утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 54-63/

-ХБ, МБ-ийг түдгэлзүүлэх прокурорын тогтоол, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 64-66/

-2016 оны 05 сарын 23-ны өдрийн 121, 123, 103, дугаар мөрдөн байцаагчийн даалгавар, даалгаварын хариу албан бичигүүд /хх-ийн 69-75/

-зарлан дуудах хуудасны буцах хэсэг /хх-ийн 76-77/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 78-79/

-таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 120/

-*******аас гаргасан баталгаа /хх-ийн 121/

-Гурванбулаг сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 169/

-*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 171/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 172/

-эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол, илтгэх хуудас /хх-ийн 131-134/

-эвлэрлийн гэрээ /хх-ийн 187-188/

шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой 22-оос 23 цагийн хооронд намайг зах руу хамт яваад ирье гээд зах руу явсан. Захын түүхий эдийн хашаа руу бид хоёр алхаж орсон. намайг өдрийн цагаар хүмүүс тоглодог билльяардны ширээнүүд тавьдаг хавьд зогсож бай гэж хэлчихээд Хоссана зоогийн газарыг чиглээд ганцаараа алхасан. ийг явахыг хараад зогсож байтал хэсэг хугацааны дараа юм хагалах чимээ сонсогдсон. Түүнээс хойш удалгүй намайг дуудсан. Би явж очсон. Тэгтэл зоогийн газар руу ордог хаалганы урд талын цонхоор цаасан хайрцаг дүүрэн ургамалын тос, 7-оос 8 ширхэг хиам, гялгар ууттай махнууд гаргаад цонхоор нь надад өгсөн. Max нь гялгар тортой, ургамлын тос нь хайрцагтай байсан. өөрөө өвөртөө түмпэнтэй мах хийсэн байсан. Дээрх зүйлүүдийг цонхоор өгчихөөд дараа нь өөрөө гарч ирсэн. Тэр гялгар тортой махыг өөрөө өргөөд би хайрцагтай ургамлын тосыг нь бариад амьчуулын чиглэлд алхасан. Манай ахынд аваачина гэж байсан. Бид хоёр яваад гэдэг айлд аваачиж тавьчаад явсан юм.

Би ын үгэнд ороод явчихсан юм. Мөрдөн байцаагчийг утсаар ярихад нэгэнтээ зугтаасан юм чинь зугтаая гэж бодоод ирээгүй явсан юм. Мөрдөн байцаагчтай 2-оос 3 удаа утсаар ярьсан, би ярьсаныг мэдэж байгаа. Очихоор дотор хийчих байх гэж бодоод ирээгүй юм. Би , нартай хамт Завхан аймагт очиж чулуун дээр ажилласан. Тэгээд ажил дууссаны дараа тай хамт Улаанбаатар хотод очоод байж байгаад эргээд аймагт ирээд цагдаад баригдсан. 2016 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын 26-нд баригдах хүртлээ явсан гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч ******* нь *******этэй бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 2016 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг захад байрлах иргэн ын эзэмшлийн цайны газарт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан,

дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр ******* аймгийн ******* сумын нутгаас Завхан аймгийн нутагруу оргон зайлж, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзэв.

******* аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь “хохиролоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ургамлын тосны цаасан хайрцаг 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний гэр бүлийн дундын өмчлөлийн 32 инчийн шарп маркийн элсиди зурагтыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 16-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих хүнд ялд багтаан шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг хоёр жил нэг сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон дөчин ес хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан *******т хяналт тавихыг ******* аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан *******т сануулсугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн янтарь гэсэн бичигтэй цаасан хайрцаг 1 ширхэгийг устгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 32 инчийн шарп маркийн элсиди зурагтыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ