Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00071

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 01 15 183/ШШ2021/00071

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 00000 тоотод оршин суух, Д.С //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 00000 тоотод оршин суух,Г.Б //-д холбогдох,

 

үл хөдлөх эд хөрөнгөөс нүүлгэн гаргаж, албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гэрч Т.Н, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.С нь 2014 онд М ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулж энэхүү маргаан бүхий орон сууцыг өмчилж авсан. 2017 оны 02 сарын 02-ны өдөр шинээр баригдсан орон сууцын бүртгэл баталгаажуулах гэсэн хүсэлт, ХГ болон М ХХК-тай байгуулсан гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэгчид гэрчилгээ олгосон байдаг. Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг н.Д гэх хүний хүсэлтээр түрээсэлж байгаад цааш худалдах зорилгоор аман тохиролцоо хийж түрээсэлсэн. Энэ хугацаанд н.Д нь бусдад буюу хариуцагч Г.Б-д худалдсантай холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Сүүлд олж мэдсэнээр н.Д-ийг Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тогтоол гарчихсан байсан. Энэ тогтоолын хүрээнд эрүүгийн хэрэг нь шийдэгдэж Г.Б нь өөрт учирсан хохирлыг н.Д-ээс гаргуулж авсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд ХГ ХХК-д нийтдээ 377.800.000 төгрөгийг төлж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан үйл баримт тогтоогдож байгаа тул хууль ёсны өмчлөгч бол нэхэмжлэгч Д.С юм. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Тиймээс хариуцагч Г.Б болон гуравдагч этгээд н.Д нарын гаргасан тайлбар үндэслэлгүй, Нийслэлийн шүүхийн магадлал гарснаас хойш хариуцагч нь Д.С-тай уулзаж танай байранд үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байна. Нэг м.кв-ыг 2.500.000 төгрөгөөр үнэлэх санал тавихад нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, учир нь зах зээлийн ханш одоогоор нэг м.кв нь 3.700.000 төгрөг байгаа учир хариуцагчийн саналыг хүлээж авах боломжгүй юм. Энэ шүүх хуралдааныг зарлагдсанаас хойш гуравдагч этгээдийн төлөөлөгчтэй уулзаж тухайн эрүүгийн хэрэгтэй холбоотой мэдээлэл авсан. Би гуравдагч этгээдийн төлөөлөгчийг өнөөдрийн шүүх хуралдаанд ирнэ гэж ойлгосон боловч ирсэнгүй, харин хариуцагч өөрөө нэхэмжлэгчтэй уулзсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 00000 тоот хаягт байх орон сууцнаас Г.Б-ийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Д.С гаргажээ. Уг орон сууцыг Г.Б 2016.03.14-нд

1. Ланд-200 маркийн авто машиныг 120.000.000 төгрөгөөр бодож /тооцож/,

2. Зайсангийн аманд байрлалтай 57.5 м.кв байрыг 115.000.000 төгрөгөөр тооцож,

3. Дээрх байрны грашийг 20.000.000 төгрөгөөр тооцож,

4. Бэлнээр 60.000.000 төгрөг шилжүүлж,

5. Мөн 3.000.000 төгрөг бэлнээр өгч

Нийт 318.000.000 Ж.Д-с худалдаж авсан байна. Харин Г.Б нэхэмжлэлд дурдсанаар уг орон сууцыг 2016 оны 02 дугаар сард Д.С-гаас худалдан авч 2016 оны 02 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл нийт 26.000.000 төгрөг төлсөн байна. Ш.Д худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө дамжуулан Г.Б-д худалдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үүнтэй холбоотой тайлбар гаргасан байгаа. Энэ орон сууцыг анх худалдах, худалдан авах харилцаа үүссэн эсэх нь эргэлзээтэй, анхнаасаа М ХХК-ийн захирал Төмөрбаатарын Э, Ж.Д хоёр хүний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байсан. Төв аймагт байдаг ордод хамтран хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулна гээд хамтран ажиллахаар тохиролцсон. Хамтдаа компани байгуулж энэ дээр Д гэдэг хүн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Н нь бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж чадаагүй, М ХХК-ийн нэр дээр авах эрхтэй тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй байсан нэг байр биш гурван байрны асуудал юм. Гурван байраар хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулна гэсэн. Д гэдэг хүн маань бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулаад дараа нь худалдан борлуулах эсэх асуудал яригдаж байхад Н би энэ асуудлаас гарлаа гэсэн. Д нь энэ ажилд байсан бүх бэлэн мөнгөө оруулсан тул энэ байрнуудаа хэрхэх талаар ярьж байрнуудыг чинь худалдаж авъя гэж харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний харилцаа руу шилжсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Д.С-гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 0000 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Г.Б-д холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа ...уг байрыг нийтдээ 318.000.000 төгрөгөөр Ж.Д-ээс худалдан авсан гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...бэлэн мөнгөө оруулсан тул энэ байрнуудаа хэрхэх талаар ярьж байрнуудыг чинь худалдаж авъя гэж харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний харилцаа руу шилжсэн гэжээ.

 

Шүүх хуралдааны товыг хариуцагч болон гуравдагч этгээд нарт мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, өөрсдийн эзгүйд шүүх хуралдааныг хийхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хэлэлцэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд 0000 тоот орон сууц нь иргэн Д.С-гийн өмчлөлд бүртгэлтэй, тус үл хөдлөх эд хөрөнгө нь Х банк болон иргэн Д.С нарын хооронд байгуулсан 2018.09.26-ны өдрийн 00000 тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.12.09-ний өдрийн 000 албан тоот, Х банкны 2020.01.27-ны өдрийн 0000 албан тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасны дагуу 2017.01.18-ны өдрийн 00000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тухайн 117.83 м/кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Д.С болсон байна.

 

Хариуцагч Г.Б хариу тайлбартаа ...2016.03.11-нд нийтдээ 318.000.000 төгрөгөөр Ж.Д-ээс худалдаж авсан, харин Ж.Д нь 2016 оны 2 сард уг орон сууцыг Д.С-гаас худалдаж аваад Г.Б-д худалдсан гэх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч Д.С болон Г.Б нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, тэрээр тухайн орон сууцны өмчлөгч Д.Сгийн шаардах эрхийн хүрээнд хариуцагч Г.Б-ийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т.Н-гийн ...тухайн үед Д.С манай компанид нярав хийдэг байсан. Манай компани ХГ-т хөрөнгө оруулалт хийгээд түүний хариуд хэдэн байр авсан. Тэр байрнуудын нэг байрыг нь Д.С худалдаж авсан үйл явдал болсон мэдүүлэг, мөн ...маргаан бүхий 0000 тоот гэснийг 0000 тоот болгон залруулж, Д.С нь орон сууцны үнэ 377,056,000.00 төгрөгийг бүрэн төлсөн, орон сууцны төлбөрийн тооцоогүй тул бүртгэж авахыг хүссэн хүсэлтийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан нь үнэн болохыг тайлбарласан ХГ ХХК-ийн 2021.01.14-ний өдрийн 00000 албан бичгээс үзэхэд нэхэмжлэгчид орон сууц өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн байна.

 

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2020.01.10-ны өдрийн албан тоот, хавсаргасан баримтаас үзэхэд Д.С нь тухайн орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр олгохыг хүссэн 2017.01.17-ны өдрийн хүсэлт, ХГ ХХК-тай орон сууцны тооцоогүй тул бүртгэж авахыг хүссэн ХГ ХХК-ийн хүсэлт, Д.С болон М ХХК-ийн хооронд байгуулсан 2014.10.20-ний өдрийн орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ зэрэг бичгийн баримтууд орон сууцны хувийн хэрэгт авагдсан болох нь тогтоогджээ.

 

Түүнчлэн Ж.Д нь 2016 оны 2 сараас эхлэн түрээсийн төлбөр, байрны үнэ гэсэн шилжүүлгийн утга бүхий тодорхой хэмжээний мөнгийг Д.Сгийн Х банкны дансанд шилжүүлж байсан талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу тухайн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Д.С-гийн нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх бөгөөд энэ нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаардаг.

 

Хариуцагчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ж.Д-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...маргаан бүхий орон сууцыг М ХХК-ийн захирал Т.Н гэх хүнээс зээлээр худалдан авч, цааш нь гуравдагч этгээдэд борлуулахаар тохиролцсон. Орон сууцны төлбөрийг М ХХК-ийн нягтлан бодогч гэх Д.С-гийн дансанд төлж байсан гэжээ.

 

Гэвч өөрийн тайлбарыг нотолсон баримтгүй, М ХХК-ийн захирал гэх Т.Н, Ж.Д нарын хоорондын төлбөр тооцооны асуудал энэ хэрэгт хамааралгүй, тухайн орон сууцны өмчлөгчөөр Д.С-г бүртгэсэн бүртгэлийн талаар маргаан үүсээгүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй болно.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.03-ны 777 дугаар магадлалд ...эд хөрөнгийн чанартай үнэлж болох хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлүүлсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч тал 2020.07.21-ний өдөр 2,043,330.00 төгрөгийг төлсөн болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-өөс 2,113,530 /70,200+2,043,330.00/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,113,530 /70,200+2,043,330.00/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.Сгийн нэхэмжлэлийг хангаж, 0000 тоот орон сууцнаас хариуцагч Г.Б болон түүний гэр бүлийг нүүлгэн гаргаж, орон сууцыг албадан чөлөөлүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-өөс 2,113,530 /70,200+2,043,330/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+2,043,330/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ