Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 777

 

Д.С-гийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Д.Дэлгэрцэцэг       даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00261 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Д.С-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-өд холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С- нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Хүннү-2222 хотхоны 108 дугаар байрны 602 тоот байрны хууль бусаар оршин сууж байгаа Г.Б-ийг хууль бус эзэмшлээс гаргуулж байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Ямар учраас Г.Б- энэ байранд ороод ирсэн гэвэл 2016 оны 2 дугаар сард иргэн Ж.Дашдэмбэрэлтэй Д.С- харилцан тохиролцож маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар тохиролцож тухайн үед түлхүүрийг гардуулсан. Ж.Дашдэмбэрэл нь урьдчилгаа болгон байрны төлбөрийг бүрэн төлж чадахгүй тийм учраас төлбөрийг бүрэн барагдуулах хүртэл танай байрыг сар бүр 1.000.000 төгрөгөөр түрээслэнэ гэж харилцан тохиролцсон. Үүний дараа Ж.Дашдэмбэрэл нь 2016 оны 2 дугаар сараас эхлээд байрны түрээсийн төлбөр 1.000.000 төгрөгийг өгч байсан боловч 2018 оны 4 дүгээр сар хүртэл энэхүү төлбөрийг төлөлгүй тохиролцоогоо зөрчиж эхэлсэн. Энэхүү гэрээний зөрчил эхэлснээр Д.С- нь өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр очиход Ж.Дашдэмбэрэлээс өөр хүн буюу Г.Б- оршин сууж байсан. Ямар учиртайг асуухад Ж.Дашдэмбэрэлээс худалдаж авсан гэж тайлбарладаг. Ж.Дашдэмбэрэл нь Г.Б-өд худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулах эрх бүхий этгээд биш учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Уг орон сууцыг Г.Б- 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ланд-200 маркийн авто машиныг 120.000.000 төгрөгөөр, Зайсангийн аманд байрлалтай 57.5 м.кв байрыг 115.000.000 төгрөгөөр, дээрх байрны грашийг 20.000.000 төгрөгөөр, бэлнээр 60.000.000 төгрөг шилжүүлж, 3.000.000 төгрөг бэлнээр өгч, нийт 318.000.000 Ж.Дашдэмбэрэлээс худалдаж авсан байна. Харин Г.Б- нэхэмжлэлд дурдсанаар уг орон сууцыг 2016 оны 2 дугаар сард Д.С-гаас худалдан авч 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл нийт 26.000.000 төгрөг төлсөн байна. Ш.Дашдэмбэрэл худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө дамжуулан Г.Б-өд худалдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Дашдэмбэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ орон сууцыг анх худалдах, худалдан авах харилцаа үүссэн эсэх нь эргэлзээтэй, анхнаасаа “Мөнхсан” ХХК-ийн захирал Т.Нямдаваа, Ж.Дашдэмбэрэл хоёр хүний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байсан. Төв аймагт байдаг ордод хамтран хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулна гээд хамтран ажиллахаар тохиролцсон. Хамтдаа компани байгуулж энэ дээр Ж.Дашдэмбэрэл гэдэг хүн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Т.Нямдаваа нь бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж чадаагүй, “Мөнхсан” ХХК-ийн нэр дээр авах эрхтэй тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй байсан нэг байр биш гурван байрны асуудал юм. Гурван байраар хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулна гэсэн. Ж.Дашдэмбэрэл гэдэг хүн маань бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулаад дараа нь худалдан борлуулах эсэх асуудал яригдаж байхад Т.Нямдаваа би энэ асуудлаас гарлаа гэсэн. Ж.Дашдэмбэрэл нь энэ ажилд байсан бүх бэлэн мөнгөө оруулсан тул энэ байрнуудаа хэрхэх талаар ярьж байрнуудыг чинь худалдаж авъя гэж харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний харилцаа руу шилжсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.С-гийн нэхэмжлэлийг хангаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222, Их Монгол улс гудамж, 108 дугаар байрны 602 тоот орон сууцнаас хариуцагч Г.Б- болон түүний гэр бүлийг нүүлгэн гаргаж, орон сууцыг албадан чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-өөс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримттай танилцуулалгүй шүүх хуралдаан явуулсанд гомдолтой байна.  Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар Д.С- маргаан бүхий орон сууцыг шийдвэрт нэр дурдагдсан хоёр компанийн аль компаниас худалдан авсан нь тодорхойгүй байхад мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шийдвэрлэх учиртай боловч хурлын товыг хариуцагч талд мэдэгдэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч Г.Б-өд холбогдуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222, Их Монгол улс гудамж, 108 дугаар байрны 602 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх шүүгчийн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 183/ШЗ2020/00046 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс болон Хаан банкнаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн ба үүнээс хойш хэрэгт эдгээр байгууллагаас ирүүлсэн 14 хуудас хэргийн материалыг хариуцагч талд танилцуулаагүй хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчжээ. /хх-ийн 72, 78-91, 92/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангах нь шүүхийн үүрэг. Энэхүү үүргийг бүрэн биелүүлээгүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт  зааснаар мэтгэлцэх үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Д.С- нь маргааны зүйл болох орон сууцын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, түүний өмчлөх эрх Хурд групп ХХК-ийн хүсэлт, Д.С- болон Мөнхсан ХХК-ийн хооронд байгуулсан 2014.10.20-ний өдрийн орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний үндсэн дээр бий болсон нь тогтоогдсон боловч түүнд өмчлөх эрхийг  үүсгэсэн үндэслэл маргаантай бол тухайн эрх өөрөө маргаантай болохыг шүүх анхааралгүй хэргийг хянан шийдвэрлэсэн  нь учир дутагдалтай болжээ.   

Хариуцагч Г.Б- маргаж байгаа орон сууц, грашийг нийт 318.000.000 төгрөгөөр Ж.Дашдэмбэрэлээс худалдаж авсан, Ж.Дашдэмбэрэл нь “Мөнхсан” ХХК-ийн захирал Т.Нямдаваагаас байрнуудыг чинь худалдаж авъя гэж харилцан тохиролцсон гэж тус тус тайлбарлаж, нэхэмжлэгчид орон сууц өмчлөх эрх үүсэх үндэслэл хууль ёсны эсэх асуудлаар маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн ажилладаг гэх “Мөнхсан” ХХК-ийн захирал Т.Нямдаваагийн байр суурийг болон нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрх 2017 онд үүсэхээс өмнөх нөхцөл байдлуудыг тодруулах зайлшгүй шаардлагатай юм.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгийн чанартай үнэлж болох хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргасан байхад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00261 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                               ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                                      Н.БАТЗОРИГ