Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 861

 

Э.Ст холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Яндаг,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Сийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Эы С, 1976 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:СФ76090501/;

Э.С нь өөрөө гадаад улсад зорчих виз гаргах эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй байж “Солонгос Улсад зорчих виз гаргаж өгнө, визний материал бүрдүүлэхэд болон нийт зардал нь 6.500.000 төгрөг болно, виз гарахаас өмнө 4.000.000 төгрөг урьдчилгаанд өгнө, гарсны дараа 2.500.000 төгрөг авна, найдвартай гаргана” гэж итгүүлэн

хохирогч Г.Гэрэлтуяагаас 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” үйлчилгээний төв дээр байрлах “Хас” банкаар дамжуулан “Төрийн банк” дахь 10580021938 дугаарын дансаар 4.000.000 төгрөгийг,

хохирогч Х.Батсүрэнгээс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “112”-ын автобусны буудлын хажууд байрлах “Төрийн банк”-ны салбараар тус банк дахь 10580021938 дугаарын дансаар 4.000.000 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэн бусдад нийт 8.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Эы Сийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ст 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сээс нийт 8.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Гэрэлтуяад 4.000.000 төгрөг, хохирогч Х.Батсүрэнд 4.000.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан хорих ялыг өөр ялаар сольж өгнө үү. Гэрэлтуяа намайг “охиноо явуулж өгсөн хүмүүстэйгээ холбогдоод намайг явуулж өгөөч” гэж гуйхад нь миний охиноос ялгаа юу байхав туслаад явуулаад өгчих юмсан гэсэн маань бүтэлгүйтэж, би ийм хэцүү байдалд ороод байна. Би тухайн үед Гэрэлтуяаг гуйхад нь “үгүй, чадахгүй” гэж хэлсэн бол өнөөдөр ийм хүнд байдалд орохгүй байсан. Би 3 настай охиныхоо хамт амьдардаг. Охиноо одоо яаж байгаа бол гэж маш их санаа зовж байна. Би энэ явдлаас маш их зүйл ойлгож, ухаарч, гэмшиж байна. Хүнийг мөнгө төгрөгөөр нь хохироогоод бас 3 настай балчир охиноо өнчрүүлж, санахын зовлон амсуулаад үнэхээр их харамсаж байна. Миний хувийн байдал болон бяцхан охиныг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.    

Шүүгдэгч Э.Сийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Сийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцож байна. Шүүгдэгч Э.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ухамсарлан ойлгож байгаа нөхцөл байдал байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 3 настай охины хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь тогтоогдож байна. Хохирогч Г.Гэрэлтуяа, Х.Батсүрэн нар “хохирол төлбөрөө хүлээн авсан, цаашид гомдол, саналгүй болно” гэх хүсэлтийг бичгийн хэлбэрээр надад өгсөн. Өчигдөр хохирогч нарын хохирлыг төлж барагдуулж гомдол, саналгүй болгосон. Иймд түүнд оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Яндаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Э.Ст ял шийтгэлийг оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Сонгинохайрхан дүүргиийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өмгөөлөгчийн гаргасан хохирол төлсөн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Э.С нь өөрөө гадаад улсад зорчих виз гаргах эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй байж “Солонгос Улсад зорчих виз гаргаж өгнө, визний материал бүрдүүлэхэд болон нийт зардал нь 6.500.000 төгрөг болно, виз гарахаас өмнө 4.000.000 төгрөг урьдчилгаанд өгнө, гарсны дараа 2.500.000 төгрөг авна, найдвартай гаргана” гэж итгүүлэн

хохирогч Г.Гэрэлтуяагаас 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” үйлчилгээний төв дээр байрлах “Хас” банкаар дамжуулан “Төрийн банк” дахь 10580021938 дугаарын дансаар 4.000.000 төгрөгийг,

хохирогч Х.Батсүрэнгээс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “112”-ын автобусны буудлын хажууд байрлах “Төрийн банк”-ны салбараар тус банк дахь 10580021938 дугаарын дансаар 4.000.000 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэн бусдад нийт 8.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Гэрэлтуяагийн “...Тухайн үед С эгч “манай дүү Солонгос улсын иргэншилтэй болсон учир виз асуудалгүй гаргаж өгнө өө” гээд надад хүмүүсийн материалыг үзүүлээд “ийм материал бүрдүүлбэл виз ер нь асуудалгүй гарч байгаа, чи материалаа бүрдүүлээд өгчих, хүмүүсийнх хурдан гараад байгаа” гэж хэд хэдэн удаа тааралдахдаа хэлж байсан. ...Би тэр үед С эгчид итгэсэн. Тэгээд хүний нутаг руу яаж ганцаараа явах вэ гэж бодоод өөрийн найз Х.Батсүрэн рүү холбогдоод “миний таньдаг эгч Солонгос улсын виз гаргаж байгаа юм байна, би материалаа бүрдүүлж өгөх гэж байгаа, чи материалаа бүрдүүлээд өгчихөөч, хоёулаа хамт явъя” гэж хэлэхэд зөвшөөрсөн. ...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн хажууд байдаг “Хас” банкинд биеэрээ очиж 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр материал бүрдүүлэхэд шаардагдах үлдэгдэл 4.000.000 төгрөгөө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 112-н автобусны буудлын хажуу талын “Төрийн банк” дээрээс шилжүүлсэн. ...” /хх 19-20/,

            хохирогч Х.Батсүрэнгийн “...Би тухайн үед гэр бүлтэйгээ зөвлөлдөөд Солонгос улсын визэнд орохоор болоод Гэрэлтуяатай уулзаж ямар материал бүрдүүлэхийг нь асуугаад 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бүрдүүлсэн материалаа урьдчилгаа 4.000.000 төгрөгийн хамт Гэрэлтуяад өгөөд Гэрэлтуяагийн хамт бүрдүүлсэн материалаа оффицеруудын ордны хажууд нэг цайны газар хүргэж өгсөн. Виз гарахад шаардагдах 8.000.000 төгрөгийг Гэрэлтуяа данснаасаа шилжүүлсэн. ...” /хх 52-53/,

шүүгдэгч Э.Сийн “...Тухайн үед зүс таних Гэрэлтуяа гэх эмэгтэй над руу залгаад Солонгос улс руу гаргаад өгөөч гээд гуйгаад байсан. Учир нь, манай охин болон ах дүү нарын хоёр хүүхэд Солонгос улс руу гараад явчихсан юм. Тэрийг Гэрэлтуяа гэх эмэгтэй сонсчихоод надаас Солонгос улс руу явуулаад өгөөч, виз гаргадаг хүмүүстэйгээ холбоод явуулаад өгөөч гээд над руу байнга залгаад байсан. ...Тэр үед Гэрэлтуяа гэх эмэгтэй ганцаараа явна гэж ярьж байгаад найз залуутайгаа хоёулаа явахаар боллоо хоёр хүний материал бүрдүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 9-нд билүү 10-нд Гэрэлтуяа гэх эмэгтэй миний данс руу нийт хоёр хүний урьдчилгаа мөнгө гээд 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би хөдөө байсан болохоор Улаанбаатар хотод байсан найз Майнжаргалыг Гэрэлтуяа гэх хүмүүстэй уулзуулж материалыг нь авахуулсан. ...” /хх 38-40/ гэх мэдүүлгүүд,

Төрийн банкны орлогын баримт /хх 5/, шүүгдэгч Э.Сийн Төрийн банкны депозит дансны хуулга /хх 92-101/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Сийг  бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Сийн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч Э.Сийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн байх боловч Э.С нь одоо 3 нас 4 сартай охин М.Анирын хамт хоёулаа амьдардаг нөхцөл байдлыг харгалзан заавал нийгмээс тусгаарлан хорих ял шийтгэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Э.Сийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны охины хамт амьдардаг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн гаргасан “...Хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан “Хохирол төлбөр төлсөн” гэх баримтыг гаргаж өгсөн боловч уг баримт нь нотлох баримтын хуульд заасан шаардлага хангахгүй, хохирогч нар нь шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ зурсан гарын үсгийн байдлаас үзэхэд өөрсдөө энэ баримтыг бичсэн гэдэг нь эргэлзээтэй байх тул хохирол төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эы Сийг 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Э.Сийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 36 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 288 цагийг хасч, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 412 цагаар тогтоосугай.”

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн заалтуудыг нэмж оруулсугай.

2. Шүүгдэгч Э.Сийг нэн даруй сулласугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ