Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 0582

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ө, О.Б,

улсын яллагч Г.Я,

хохирогч Г.Г ,

хохирогч Х.Б ,

шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Э-гийн С-т холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 11 дүгээр гудамж 493 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Э-гийн С  /РД:............../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э  овогтой С нь өөрөө гадаад улсад зорчих виза гаргах эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй байж “Бүгд найрамдах Солонгос улсад зорчих виза гаргаж өгнө, визний материал бүрдүүлэхэд болон нийт зардал нь 6,500,000 төгрөг болно, виза гарахаас өмнө 4,000,000 төгрөг урьдчилгаанд өгнө, гарсны дараа 2,500,000 төгрөг авна найдвартай гаргана” гэж итгүүлэн хохирогч Г.Г гаас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо “Саппоро” үйлчилгээний төв дээр байрлах “Хас” банкаар дамжуулан “Төрийн банк” дахь ... дугаарын дансаар 4.000.000 төгрөгийг,

Хохирогч Х.Б гээс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо “112”-ын автобусны буудлын хажууд байрлах “Төрийн банк”-ны салбараар тус банк дахь ... дугаарын дансаар 4,000,000 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдэн бусдад нийт 8,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Г.Г гийн мэдүүлэг /хх-ийн 19-20х, шүүх хуралдааны тэмдэглэл/, Э.С-ийн Төрийн банк дахь ... дугаартай данс руу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг Г.Г шилжүүлсэн орлогын мэдүүлгийн хуулбар, Хас банкны ... дугаарын данснаас Г.Г  4.000.000 төгрөг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банк дахь ... дугаартай данс руу шилжүүлсэн төлбөрийн баримтын хуулбар /хх-ийн 5х/, хохирогч Х.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 52-53х, шүүх хуралдааны тэмдэглэл/, Э.С-ийн Төрийн банкны ... дугаартай дансны хуулгууд /хх-ийн 92-101х/, шүүгдэгч Э.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105х/, хүүхэд эрүүл бойжиж буй тодорхойлолт /хх-ийн 113х/, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 114х/, шүүгдэгч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35х, 39-40х, 71х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.С нь “Бүгд найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө, визний материал бүрдүүлэх болон нийт зардал нь 6.500.000 төгрөг болно, виз гарахаас өмнө 4.000.000 төгрөг урьдчилгаанд өгнө, найдвартай гаргана” хэмээн худал хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Г.Г гаас 4.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х.Б гээс 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Төрийн банкны ...дугаартай данс руу шилжүүлэн авч, нийт 8.000.000 төгрөгийг залилсан болох нь:

Хохирогч Г.Г гийн: “...2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод би амьдардаг байсан ба тухайн үед хажуу талын хашаанд С  гэж эгч амьдардаг байсан. Тухайн үед С  эгч “манай дүү Солонгос Улсын иргэншилтэй болчихсон учир виз асуудалгүй гаргаж өгнө өө” гээд надад хүмүүсийн бүрдүүлсэн материалыг үзүүлээд “ийм ийм материал бүрдүүлбэл виз ер нь асуудалгүй гарч байгаа, чи материалаа бүрдүүлээд өгчхөөч, хүмүүсийнх аягүй хурдан гараад байгаа” гэж хэд хэдэн удаа тааралдахдаа хэлж байсан. Тэгээд би 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр С эгчийн ... гэсэн дугаар руу нь холбогдоод “та Солонгос улсын виз гаргаж байгаа юм уу” гэж асуухад “гаргаж байгаа, материалаа бүрдүүлээд өгчихвөл 3-6 сарын хугацаанд гарч байгаа, нэг хүний 6.500.000 төгрөгөөр гаргаж байгаа, эхлээд материал бүрдүүлэхдээ 4.500.000 төгрөгийг виз гарсны дараа 2.000.000 төгрөгийг нь авч байгаа” гэж надад хэлсэн. Би тэр үед С  эгчид итгэсэн. Тэгээд хүний нутаг руу яаж ганцаараа явах вэ гэж бодоод өөрийн найз Х-ын Б  рүү холбогдоод “миний таньдаг эгч Солонгос улсын виз гаргаж байгаа юм байна аа, би материалаа бүрдүүлж өгөх гэж байгаа, чи материалаа бүрдүүлээд өгчхөөч, хоёулаа хамт явъя” гэж хэлэхэд Б  зөвшөөрөөд материалаа бүрдүүлэхэд шаардагдах зүйлс, мөнгө төгрөгийг нь буюу надад 4.000.000 төгрөгөө өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр С  эгчийн ... гэсэн дугаараар холбогдоод материалаа бүрдүүлчихлээ танд яаж өгөх бэ гэхэд намайг офицерын тойргийн баруун урд талд Тэнгэр плаза төвийн хойд талын байранд хүргэж өгөө, одоо чамаас материал авах хүн өнөөдөр 16 цагийн онгоцоор Солонгос руу чиний материалыг авч явна гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу заасан газарт нь очиход нэрийг нь сайн мэдэхгүй байна, нэг цайны газарт нь ороод нэг эрэгтэй хүнд материалаа өгсөн. Тэгээд материалаа өгсөн талаар хэлээд С  эгчийн ... дугаарын дансыг нь аваад материал бүрдүүлэхэд шаардагдах мөнгөө шилжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн хажууд байдаг Хас банканд биеэрээ очиж 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр материал бүрдүүлэхэд шаардагдах үлдэгдэл 4.000.000 төгрөгөө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 112-н автобусны буудлын хажуу талын Төрийн банк дээрээс шилжүүлсэн. ...Тэгээд найз Б  бид хоёр С  эгчийг холбогдохгүй болохоор нь 3 сарын дараа буюу 2019 оны 10 дугаар сард гэрт нь очиж уулзахад арай визний хариу гарах болоогүй байна, та хоёрын визний хариу 12 сардаа багтаад гарчих байх, та хоёрыг он гарахаас өмнө яаж ийж байгаад явуулна аа гэж хэлээд буцаасан болохоор нь 2019 оны 12 дугаар сард очиж уулзахад бас л арай болоогүй байна гэж байсан. Мөн 2020 оны 01 дүгээр сард утсаар нь холбогдоход та хоёр одоо 14 хоног хүлээгээдэх гэж хэлэхээр нь би 14 хоногийн дотор энэ асуудал шийдэгдэхгүй бол бид хоёр цагдаагийн байгууллагад хандана гэж хэлэхэд тэгье ээ гэхдээ чиний өгсөн мөнгөнөөс чинь материал бүрдүүлэхэд зарцуулагдсан байгаа учраас бүгдийг нь буцааж өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш бид хоёр зөндөө залгаад утас нь холбогдохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Х.Б гийн: “...2019 оны 7 дугаар сарын эхээр яг өдрийг нь сайн санахгүй байна, найз Г  над руу залгаад миний танил эгч Солонгос Улсын виз гаргаж байна. Би материалаа бүрдүүлж өгөх гэж байгаа, чи надтай хамт яваач ээ гэж утсаар хэлсэн. Би тухайн үед гэр бүлтэйгээ зөвлөлдөөд Солонгос Улсын визинд орохоор болоод Г тай уулзаж ямар материал бүрдүүлэхийг нь асуугаад 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бүрдүүлсэн материалаа урьдчилгаа 4.000.000 төгрөгийн хамт Г д өгөөд Г гийн хамт бүрдүүлсэн материалаа офицерын ордны хажууд нэг цайны газар хүргэж өгсөн. Виз гарахад шаардагдах 8.000.000 төгрөгийг нь болохоор Г  данснаасаа шилжүүлсэн. Тухайн үед материал бүрдүүлж өгсөн хүмүүсийн материал 3-аас 6 сарын хугацаанд гарч байгаа гэж байсан. Тэгээд Г  бид хоёр 2019 оны 10 дугаар сар хүртэл хараад виз гарахгүй нөгөө мөнгө, материал өгсөн эгч ярихгүй болохоор нь очиж уулзахад арай гараагүй байна, та хоёр 12 сард хүрээд ирээ гэж байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сард нөгөө эгч маань ч холбогдохгүй, виз маань ч гарсан юм уу болохоор нь нөгөө эгч дээр дахиж очиж уулзахад одоо удахгүй гарнаа, та хоёр хэдхэн хоног хүлээж бай гээд бид хоёрыг явуулсан. Тэгээд нөгөө мөнгө өгсөн эгч маань утсаа авахаа болиод, утас нь холбогдохоо больсон. Тэгэхээр нь Г  бид хоёр мөн очиж уулзахад одоо 14 хоног хүлээчих ээ гэж хэлсэн. Тэр үед нь Г  бид хоёр одоо 14 хоногийн дотор виз гаргаж өгөх аль эсвэл бидний мөнгийг буцааж өгөхгүй бол цагдаад хандана шүү гэхэд тэр эгч за тэгээ гэж хэлсэн. Тэгээд 14 хоногийн дараа тэр эгч ярихгүй утас нь ч холбогдохгүй болохоор нь бид хоёр ярилцаж байгаад Г  цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Төрийн банкны орлогын мэдүүлэг: “2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Э.С ийн ... дугаартай данс руу 4.000.000 төгрөг Г.Г  шилжүүлсэн”, Хас банкны төлбөрийн баримт: “2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ...дугаарын данснаас Г.Г  нь 4.000.000 төгрөгийг Төрийн банк дахь ... дугаартай данс руу шилжүүлсэн” тухай /хх-ийн 5х/,

Шүүгдэгч Э.С ийн Төрийн банкны ...дугаартай дансны хуулга /хх-ийн 92-101х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Хохирогч Г.Г  нь шүүгдэгч Э.С тэй хөрш зэргэлдээх айлын хүн төдийгүй шүүгдэгчийн охинтой найзалдаг байсан, Г.Г гийн ажиллуулдаг хүнсний дэлгүүрээр  Э.С нь үйлчлүүлдэг байсан зэргээр тодорхой хэмжээгээр бие биеэ таньдаг, танилын харилцаатай байсан нь тэдгээрийн аль алиных нь мэдүүлэгт дурдагдсан, мөн иргэн Х.Б  нь өөрийн найз Г.Г тай хамт явах зорилгоор Г.Г гаар дамжуулан мөнгөө шилжүүлснээс гадна өөрөө биечлэн Э.С тэй уулзаж харилцаж байсан байх бөгөөд  шүүгдэгч Э.С нь өөрөө Солонгос Улсын виз гаргах эрхгүй этгээд атал “Солонгос Улсын виз гаргаж өгнө, найз нөхдөдөө хэлээрэй” гэж худал хэлэн хуурч, зохиож ярих, бодит байдлыг гуйвуулах, нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тэднээс үнэ төлбөргүй мөнгө төгрөгийг шилжүүлэн авч гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байна.

Шүүгдэгч Э.С ийн дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч Э.С ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Э.С ийн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г д 4.000.000 төгрөгийн, Х.Б д 4.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Э.С ээс нийт 8.000.000 төгрөгийг гаргуулж, дээрх нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.С “...тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.С нь өөрөө ажил хөдөлмөр эрхэлж мөнгө олохоос илүүтэйгээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглан хуурч, өөрийн хийж чадахгүй зүйлийг чаддаг мэтээр ойлголт төрүүлэн худал ярьж өөртөө мөнгө шилжүүлэн авч байгаа үйлдлийн арга хэлбэр, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал, хохирогч нарт 8.000.0000 төгрөгийн хохирол учруулсан ч төлж барагдуулаагүй /хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч хохирол төлөгдөөгүй/, хохирол төлөхөөр санаа санаачилга гаргаагүй түүний хувийн байдал зэргийг харгалзан Э.С т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон гэж үзэхээр байгаа ба түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Тус хэрэгт авагдсан Баянзүрх дүүрэг 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтод шүүгдэгч Э.С нь бага насны хүүхэдтэйгээ хамт амьдардаг талаар дурдагдсан, мөн шүүгдэгч Э.С нь “3 настай охины хамт амьдардаг” гэх тул уг хүүхдийн асран хамгаалалттай холбоотой асуудлыг харьяа дүүргийн засаг даргадаа хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Б  овогт Э-ийн С ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С ээс нийт 8.000.000 /найман сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Г д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, хохирогч Х.Б д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг тус тус олгосугай.

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.С т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г. АЛТАНЦЭЦЭГ