Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00195

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2021/00195 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ГХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Д,

 

Хариуцагч: С.Б,

 

Хариуцагч: С.Ц,

 

Хариуцагч: Я.Б нарт холбогдох,

 

газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохирол 1,709,800 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч С.Ц-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Х.М, Ц.О, хариуцагч Н.Д, хариуцагч Я.Б, хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ГХХК 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .......  2 га газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр иргэн Б, Ц, Б, Д нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн утга нь манай компани 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 0000 дугаар Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар энэ газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг. Уг газарт дээр дурдсан нэр бүхий 4 иргэн өнөөдөр хүртэл ямар ч гэрчилгээгүй зөвхөн урьд нь амьдарч байсан гэдэг шалтгаанаар өнөөдөр хүртэл оршин суудаг. Газрын тухай хууль болон засаг даргаас удаа дараа хууль бус эзэмшлээс албадан гарах шаардлага удаа дараа төрийн байгууллага шаардах хуудас хүргүүлсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн газраас нэр бүхий 4 иргэнийг албадан нүүлгэж өгнө үү. Учир нь энэ газрыг аялал жуулчлал буюу зориулалтын дагуу ашиглах гэхээр эдгээр иргэд саад болж байна. Энэ газрын жилийн татвар нь 37.0 сая төгрөг, энэ татварыг төлөөд эдгээр иргэд газар дээр үнэгүй амьдарч байгаа нь нэхэмжлэгчийг хохироож байна. 2019 онд газрын талбайд өөрчлөлт орсон боловч эдгээр айлуудын байгаа газарт хамаарахгүй, нөгөө талаар нь автозам баригдсан тул газрын талбайн хэмжээ 1,83 га болсон, иймд нэхэмжлэлийг хангаж, 1,83 га газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хүү Б бид энэ газар дээр 2005 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл 16 жилийн турш амьдарсаар байна. Анх Хан-Уул дүүргийн Засаг дарга З, 11 дүгээр хорооны засаг дарга Л, энэ газрыг эзэмшигч Б нарын зөвшөөрөлтэй буусан билээ. Д миний бие нь 62 настай ээж Ж.Т 80 настай, миний төрсөн хүү С.Б эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Биднийг 9 жилийн турш сэтгэл санааны дарамтад оруулж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжийг алдагдуулж, шүүх цагдаагаар явуулж, маргаан үүсэж цаг хугацаа алдагдуулж орон сууц барих гэсэн эд материалын маргааны эрсдэлд оруулж, өмгөөлөгчийн хөлс төлүүлэх холбогдох материалыг олгоход цаг хугацааг адагдуулах гэх мэт хийх ёсгүй ажил гаргаж биднийг амьдрах эрхийг зөрчиж хохирол учруулсаар байгаа нь хууль бус юм. Монгол улсын үндсэн хуульд заасны дагуу иргэд бидний өөрсдийн амьдрах чадвар нутгаа өөрөө сонгосон бөгөөд бидний эрхийг ноцтойгоор зөрчин саад бэрхшээл учруулж байгаа нь санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг мөн гэж үзэж байна. Иргэд бид нар нь өнөөдрийн амьдарч байгаа газрынхаа зөвшөөрлийг авахаар 2008 оны 12 дугаар сараас хөөцөлдөж Хан-Уул дүүргийн Газрын алба, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Богд хан уулын дархан цаазат газрын Захиргаанд хүсэлтээ хүргүүлж байсан. Тухайн үед Зайсангийн аманд 240 гаруй айл өрх газрын зөвшөөрөлгүй он удаан жил амьдарсаар ирсэн байсан бөгөөд нийт иргэд нэгдсэн журмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Богд хан уулын дархан цаазат газрын захиргаанд үе үеийн их хурлын гишүүдээр дамжуулан удаа дараа нэгдсэн журмаар хүсэлтээ хүргүүлсний үндсэн дээр 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны үүсгэж Улсын их хурлын байнгын хорооноос ирүүлсэн чиглэлийн дагуу Зайсангийн аманд он удаан жил амьдарч байгаа иргэдийн газрыг бүртгүүлснээс зөрчилдүүлсэн шийдвэр 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гарч нийт иргэд нэгдсэн зохион байгуулалтай өргөдөл хүсэлттэй холбогдох материалуудаа Байгаль орчин хүнс хөдөө аж ахуй жуулчлалын яаманд, Богд хан уулын дархан цаазат газрын захиргаанд өгч газраа бичиг баримтжуулж авсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр иргэн манай газар нь Г ХХК-тай газрын кадастрын давхцаж байна гэж мэдэгдсэн. Иймд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэгч Г ХХК-тай бүтэн 9 жилийн турш шүүхээр явж маргасаар байна. ГХХК буюу иргэн Ц.Д нь 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш ажлын дараа манай гэрийг оруулсан кадастрын зураг авч байгаатай Э ТББ байгууллагын тэргүүн Ц.Ө бид хоёр маргалдаж маргааш нь буюу 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 11 дүгээр хорооны засаг дарга С.Т дээр орж байдлыг танилцуулж, өргөдөл хүсэлтээ өгсөн. Тэр үед Засаг дарга С.Т нь таны хүсэлтийг хүлээж авснаа энэ асуудлыг хорооны иргэдийн нийтийн хурлаар орж хэлэлцэгдэж байж зөвшөөрөгдөх учир та хүлээж бай гэж хариу өгсөн. 2012 оны 7 дугаар сараас 2016 он хүртэл энэ компаний материал олдохгүй байсан. 2012 оноос 2015 он хүртэл маш олон компани газрын тухай хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэгдэж байсан боловч Г компани эрх авах хурал болоогүй бөгөөд дөрвөн удаа иргэдийн нийтийн хурал дээр хэлэлцэгдээгүй. 2012 оны 7 дугаар сард уг газрыг ашиглах эрх Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас авчихсан байсан нь иргэн биднийг хардахад хүргэж байна. Зуун модны энгэр дэх энэ газрыг 2007 онд иргэн Ц.Д авсан гэж шүүх дээр үргэлж маргадаг бөгөөд Зуун модны энгэрт газар авсан боловч уг газар нь бидний газартай давхцаагүй байдаг байсан үнэн юмаа. Энэ компанийн 2012 онд гэрээгээ сунгуулахдаа иргэн бидний байшин хашааг харсаар байж санаатайгаар кадастртаа оруулж газрын зөвшөөрөл авсан нь үнэн. Иргэн Ц.Д нь уг газрыг ашиглах эрхтэй байхдаа С гэх алтны компанид уг газрыг шилжүүлсэн. Энэ хугацаанд С компани тодорхой хэмжээний газар дээр нь С хотхоныг барьсан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дархан цаазат газрын албан ёсны нэрийг хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж өөр компанид шилжүүлсэн нь хууль бус гэдгийг тогтоосон. Ийм учир 2012 онд шинээр Г ХХК-тай гэрээгээр ашиглаж байгаа гэж үзвэл хуульд нийцнэ гэж үзэж уг компаний газар ашиглах эрхийг бүрэн цуцалж өгнө үү гэж хүсэлт тавьсан иргэн миний өмгөөлөгч Г.Ц-ын хүсэлтийг хангахгүйгээр орхисон Г ХХК-ийн эрх ашгийг хангаж шийдвэрлэсэн. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн шүүх хурал дээр Байгал орчин аялал жуулчлал яамны хуулийн төлөөлөгч Б.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож Байгаль орчин хүнс хөдөө аж ахуй яам нь уг компанид эрх олгохдоо иргэний газрыг оруулснаа хүлээн зөвшөөрснөөр шүүхийн шийдвэр иргэн бидний талд гарсан. Байгаль орчин ногоон хөгжил яам шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зайсангийн иргэдэд газрын эрх олгох тушаалын нэрсийн жагсаалтын 31 дүгээрт Н.Д, 32 дугаарт С.Б-г оруулж эрх олгосон байсан. Гэтэл энэ үүргийг 11 дүгээр хорооны засаг дарга С.Т нуун дарагдуулж байсны улмаас миний бие нь мэдээгүй нь улмаас Захиргааны хэргийн давж заалдах хуралдаан дээр мэдүүлж чадаагүй учир Дээд шүүхийн шийдвэр ГҮШ-ийн талд гарсан юм. 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр газар ашиглах эрх олгосон тушаалыг олж авснаар Байгаль орчин яам болон Г ХХК-тай дахин маргах болсон. Уг хавтаст хэрэгт холбогдох материалыг шүүгчийн туслахаар дамжуулан хүргүүлсэн учир энд дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Хууль зүйн яамны сайд Н-д хандаж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 000 тоот тушаал өнөөдөр хүртэл хүчинтэй байгаа мэдэгдлийг шүүгчид хүргүүлсэн байгаа. Иймд өнөөдрийн шүүх бүрэлдэхүүн баримт материалыг үндэслэн шүүхийн шийдвэрийг үнэн зөв гаргана гэдэгт итгэж байна гэв.

 

Хариуцагч С.Ц-ийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэр бүхий этгээдэд холбогдуулан газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар хариуцагч С.Ц-ийн хувьд тухайн газарт оршин суудаггүй, амьдардаггүй тул нэхэмжлэлийн шаардлагатай яаж холбогдож хариуцагчаар татаад байгаа нь ойлгомжгүй, хариуцагч мөн эсэх нь тодорхойгүй. Хэрэв хариуцагч мөн гээд чөлөөлүүлэх шийдвэр гаргавал яаж чөлөөлөх юм. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байгаа учраас С.Ц-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Я.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Н.Д-ын хариу тайлбартай санал нэг байна. Миний хувьд энэ газрыг ГХХК эзэмшигч нь мөн эсэхэд эргэлзэж байгаа. Нэхэмжлэгчийн авсан зөвшөөрөл, бичиг нь Н даргын гарын үсэгтэй байсан. Би энэ газарт 2009 оноос хойш амьдран сууж байгаа, 479 м.кв талбайтай газрын кадастр зураг, Г ХХК-ийн 2 га талбайтай давхцалгүй байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч С.Ц нь 2007 оноос 2019 он хүртэл тухайн газарт амьдарч байсан. Уг газарт амьдарч байх хугацаанд дээврийн өнгөт төмрийг ашиглан гурван тал хашаа барьсан. Тухайн үед хашааг барихдаа 2,000,000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарладаг боловч 2,000,000 төгрөгийн баримт байхгүй. Хашаа нураах гэж байна, хашаагаа ав гэсэн мэдэгдэл өгөлгүйгээр тухайн хашааг албадан нураасан. Тухайн үед Г ХХК-ийн захирлаар ажиллаж байсан н.Б даалгавраар тухайн компанийн хамгаалалтын ажилтан 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хашааг нь эвдэж буулгаад, тараагаад хаясан. Үүнийг хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс үнэлгээний газарт хандсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Вендо үнэлгээний газраас 000 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан. Уг хөрөнгийн үнэлгээний тайлангаар 11 дүгээр хороо, мөнх зайсан гудамж, 2 дугаар хэсэг задгайд байрлах дээврийн төмөр хашаа нураасантай холбогдуулан хохирлын үнэлгээг өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж, хөрөнгийн үнэлгээ тайлан болон холбогдох баримтыг хамт хүргүүлсэн. Уг хашааны үнэлгээг зардлын хандлагаар үнэлэгдэж тогтоосон хөрөнгийн үнэлгээ 1,629,800 төгрөг болсон энэ үнэлгээг хийхэд 80,000 төгрөгийн зардал гарсан. Дээврийн бүхэл төмөр нь хэдэн ширхэг, ямар үнэтэй байхыг үнэлгээний тайлангийн хавсралт дээр тодорхой тусгагдсан. Ийм учраас хариуцагч С.Ц-ийн зүгээс нурааж, буулгаж элэгдсэн, дахиж ашиглахгүй болсон дээврийн төмрийн хохиролд нийтдээ 1,709,800 төгрөг нэхэмжилж байгаа тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэв

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид нарын зүгээс хашаа барих шаардлага тавиагүй. С.Ц нь өөрийн сайн дураар хашаагаа барьсан. Манайх эдгээр хүмүүсийг албадан явуулах зорилготой учраас хашааг буулгасан материал нь байгаа. Үнэтэй шинэ төмөр хэрэглэсэн зүйл байгаагүй үүнийгээ аваад явж болно гэж хэлсэн. Манай компаний зүгээс газрынхаа төлбөрийг төлөөд, хөрөнгө оруулагчтайгаа үйл ажиллагаагаа эхлүүлж явж чадахгүй хохирч байна. Хариуцагч С.Ц-ийн тухайд эвлэрч болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хариуцагч Н.Д, С.Б, Я.Б нарт холбогдох газар чөлөөлүүлэх тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч С.Ц-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүнийг үндсэн нэхэмжлэлийн хариуцагч биш гэх үндэслэлээр эвлэрсэн нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч С.Ц нарын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь анх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ........ 2.0 га газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Н.Д, С.Б, С.Ц, Я.Б нарт холбогдуулан гаргасныг нэр бүхий хариуцагч нар зөвшөөрөөгүй болно.

 

Тухайлбал хариуцагч Н.Д, С.Б, Я.Б нар ...уг газарт он удаан жил амьдарч байгаа, газрын зургийн давхцал байхгүй гэх үндэслэлээр, хариуцагч С.Ц ...нэхэмжлэлд дурдсан газрыг бодитоор эзэмшээгүй, энэ хэргийн хариуцагч биш гэх үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ц ...өөрийн амьдарч байхад барьсан дээврийн төмрөн хашааг нураасантай холбогдуулан хохирол 1,629,800 төгрөг, үнэлгээний хөлс 80,000 төгрөг нийтдээ 1,709,800 төгрөг-ийг Г ХХК-иас шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч С.Ц, нэхэмжлэгч Г ХХК хоорондоо эвлэрсэн 2021.01.26-ны өдрийн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн болно.

 

Дээрх эвлэрлийн гэрээнээс үзэхэд Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь С.Ц биш болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,709,800 төгрөгийг 2021.02.25-ны өдөр олгохоор тохиролцоонд хүрч эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар Г ХХК, С.Ц нарын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Тус шүүхийн 2020.08.27-ны өдрийн 0000 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн Талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.05.20-ний өдрийн 0000 дугаар тушаалаас үзэхэд Г ХХК-ийн ашиглалтын талбайн зарим хэсгээр автозам баригдсан тул ирүүлсэн хүсэлт, хамгаалалтын захиргааны саналаар 1661 м/кв талбайг хасаж нийт 1,83 га газрыг ашиглах эрхтэй болсныг дурдсан байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дээрх тушаалыг үндэслэн чөлөөлүүлэх газрын хэмжээг өөрчилж, 1,83 га газрыг нэр бүхий иргэдийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд маргаан бүхий газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.05.20-ний өдрийн 0000 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэгт орших Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалтай газар нутгийн .... 1.83 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг Г ХХК-д 5 жилийн хугацаагаар олгосон байх бөгөөд гэрчилгээний хавсралтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012.07.20-ний өдрийн ...... дугаар тушаалаар анх олгосон, 2017.07.18-ны өдрийн ...... тоот тушаалаар 2022.07.18-ныг хүртэл 5 жилийн хугацаатай сунгасан, Хамгаалалтын захиргааны 2018.10.05-ны өдрийн ..... тоот санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.05.20-ний өдрийн ...... дугаар тушаалыг үндэслэн солбицолд өөрчлөлт оруулан нөхөж олгосон болохыг тусгажээ.

 

Хариуцагч Н.Д, С.Б нар урьд нь ...Сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ..... дугаар тушаалын "Г" ХХК-д холбогдох хэсгийн өөрсдийн оршин сууж байгаа газартай давхцаж байгаа хэсгээр хүчингүй болгуулах, өөртөө газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдад холбогдуулан гаргасан байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016.11.01-ний өдрийн ..... дугаар тогтоолоос үзэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ..... 2 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2012.07.20-ны өдрийн .....  дугаар тушаал, .....  дугаар гэрчилгээгээр "Г" ХХК ашиглах эрхтэй болсныг, уг газрыг ашиглах эрх анх 2004 оноос иргэн, аж ахуйн нэгжид үүсэж, улмаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр /зөвшөөрснөөр/ газар ашиглах эрх өөр өөр этгээдэд шилжсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэжээ.

 

Улмаар нэр бүхий хүмүүсийг тухайн байршилд суурьшин амьдрахаас өмнө газар ашиглах эрх бусдад үүссэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2012.07.20-ны өдрийн ....  дугаар тушаалаар "Г" ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар олгосон 2 га газрыг ашиглах эрх олгосны улмаас нэр бүхий хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэж, Н.Д, С.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015.06.12-ны өдрийн ..... дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах ....  зохих зөвшөөрөлгүй удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, эдгээр айлуудад газар ашиглах гэрчилгээг зохих журмын дагуу олгох хүсэлтийг Хан-Уул дүүргийн .....  дүгээр хорооны Засаг даргын 2015.06.21-ний өдрийн .... дүгээр албан бичгээр холбогдох байгууллагад хүргүүлснээс өөрөөр Н.Д нар оршин сууж байгаа газраа ашиглахаар эрх бүхий этгээдэд хандаж байсан талаарх нотлох баримтгүй болохыг дүгнэжээ.

 

Богдхан уулын дархан цаазат газрын .... аманд газар ашиглагч .....  дугаартай Г ХХК-ийн 2.0 га газрын эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан, тэрээр Г ХХК нь тухайн газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран .... тоот газар эзэмших, ашиглах гэрээний газрын төлбөрийг хугацаанд төлж байсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017.07.18-ны өдрийн .... тоот тушаал, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргээр тус тус тогтоогдсон байна.

 

Иймд Г ХХК нь тухайн газрыг 2012 оноос хойш эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь нэр бүхий хариуцагч нарын үйлдэл саад болсон байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэх бөгөөд шударга эзэмшигч нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил мөн хуулийн 92 дүгээр зүйлийн 92.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана, 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус заажээ.

 

Нэр бүхий хариуцагч нар оршин сууж байгаа газраа баталгаажуулахаар эрх бүхий этгээдэд хандаж байсан талаар нотолсон баримтгүй, тухайн газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаа нь тогтоогдоогүй, харин зохих зөвшөөрөлгүй удаан хугацаагаар тухайн газар оршин сууж байсан нь тогтоогдсон байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан заалт нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаардаг бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгч ГХХК ашиглах эрхтэй болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016.11.01-ний өдрийн 344 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК-ийн Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо,....  ам, ...... нэгж талбарын дугаартай 1,83 га газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хангаж, тухайн газрыг хариуцагч Н.Д, С.Б, Я.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасаар нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч С.Ц нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохирч, Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь С.Ц биш болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,709,800 төгрөгийг 2021.02.25-ны өдөр олгохоор тохиролцоонд хүрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, С.Ц-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 42,307 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэр бүхий хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Г ХХК-иас 21,153 төгрөг гаргуулж С.Цд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ