Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00894

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00195 дугаар шийдвэртэй, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Д, С.Б, С.Ц, Я.Ж нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай,

“Г” ХХК-д холбогдуулан хохиролд 1 709 800 төгрөг гаргуулах тухай С.Цийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-отгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мягмарчулуун, Ц.Одончимэг, хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантуяа, түүний өмгөөлөгч М.Золжаргал, хариуцагч Я.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нарын хамт сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр А/272 дугаар Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар энэ газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг. Гэтэл уг газар дээр Н.Д, С.Б, С.Ц, Я.Ж нар өнөөдөр хүртэл ямар ч гэрчилгээгүй зөвхөн урьд нь амьдарч байсан гэх шалтгаанаар оршин суудаг бөгөөд эдгээр иргэдэд Засаг дарга удаа дараа шаардах хуудас хүргүүлсэн.

Нэхэмжлэгч байгууллага энэ газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгэж байгаа. Нэхэмжлэгч энэ газрын 1 жилийн татварт 37 000 000 төгрөг төлдөг бөгөөд эдгээр иргэд татвар төлөхгүй үнэгүй амьдарч байна. 2019 онд газрын талбайд өөрчлөлт орж 1 83 га болсон ч эдгээр айлуудын газар хамаарахгүй. Иймд газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

С.Ц нь өөрийн сайн дураар хашаагаа барьсан. Манай байгууллага эдгээр хүмүүсийг албадан явуулах зорилготой хашааг буулгасан ба материал нь байгаа. Үнэтэй шинэ төмөр хэрэглэсэн зүйл байгаагүй, үүнийгээ аваад явж болно гэж хэлсэн. Хариуцагч С.Цийн тухайд эвлэрч болно гэжээ.

 

Хариуцагч С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ маргаан бүхий газар дээр 2005 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл 16 жилийн турш амьдарч байгаа. Анх энэ газарт Хан-Уул дүүргийн Засаг дарга, 11 дүгээр хорооны Засаг дарга, мөн газрын эзэмшигч н.Баярмаа нарын зөвшөөрөлтэй буусан. Н.Д миний бие 80 настай ээж Ж.Тогчи, хүү С.Б, түүний эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Бид уг газрын зөвшөөрлийг авахаар 2008 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн Газрын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богд хан уулын дархан цаазат газрын Захиргаа, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй жуулчлалын яаманд хүсэлт гаргаж газраа бичиг баримтжуулж авсан. 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр манай газар “Г” ХХК-ийн газартай кадастраар давхцаж байгаа болохыг мэдсэн.

2012 оноос 2015 он хүртэл маш олон компани хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэгдэж байсан боловч “Г” ХХК-ийн эрх авах хурал болоогүй бөгөөд дөрвөн удаагийн иргэд, нийтийн хурал дээр хэлэлцэгдээгүй.

“Г” ХХК 2012 онд газар эзэмших гэрээг сунгуулахдаа санаатай бидний газрыг кадастрт оруулж газрын зөвшөөрөл авсан. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дархан цаазат газрыг хууль зөрчиж шилжүүлсэн гэдгийг тогтоосон. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр захиргааны хэргийн шүүх хуралдаан дээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй яамны төлөөлөгч нь “Г” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо иргэний газрыг оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхийн шийдвэр иргэн бидний талд гарсан.

Байгаль орчин, ногоон хөгжил яам шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр газрын эрх олгосон тушаал гаргаж, уг тушаалын 31 дүгээрт Н.Д, 32 дугаарт С.Бг оруулсан байсныг 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр уг тушаалыг олж авснаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн яам болон “Г” ХХК-тай дахин маргах болсон. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн яамнаас А/187 тоот тушаал өнөөдөр хүртэл хүчинтэй байгаа мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК-ийг энэ газрыг журмын дагуу эзэмшдэг гэдэгт эргэлзэж байна. Нэхэмжлэгчийн авсан зөвшөөрөл, бичиг нь н.Намхай даргын гарын үсэгтэй байсан. Би энэ газарт 2009 оноос хойш амьдарч байгаа бөгөөд миний эзэмшлийн 479 м.кв талбай газар “Г” ХХК-ийн эзэмшил газрын кадастртай давхцаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ц нь 2007 оноос 2019 он хүртэл тухайн газарт амьдарч байсан. Уг газарт амьдарч байх хугацаанд дээврийн өнгөт төмрийг ашиглан гурван тал хашаа барьсан. Тухайн үед хашааг барихдаа 2 000 000 төгрөгийн зардал гаргасан. Хашааг нураах гэж байна, хашаагаа ав гэсэн мэдэгдэл өгөлгүй албадан нураасан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг хашааны үнэлгээг 1 629 800 төгрөг болохыг тогтоосон ба үнэлгээг хийлгэхэд 80 000 төгрөгийн зардал гарсан. Түүнчлэн С.Ц нь тухайн маргаан бүхий газарт оршин суудаггүй, хариуцагчаар татаад байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд “Г” ХХК-аас 1 709 800 төгрөг гаргуулж С.Цд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, 0170941 нэгж талбарын дугаартай 1,83 га газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хангаж, тухайн газрыг хариуцагч Н.Д, С.Б, Я.Ж нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасаар нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч С.Ц нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохирч, Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь С.Ц биш болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1 709 800 төгрөгийг 2021.02.25-ны өдөр олгохоор тохиролцоонд хүрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, С.Цийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 42 307 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэр бүхий хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Г ХХК-иас 21 153 төгрөг гаргуулж С.Цд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “Г” ХХК нь уг маргаан бүхий газрын эзэмшигч мөн эсэхэд эргэлзэж байна. Миний эзэмшлийн 479,5 м.кв талбай бүхий газрын кадастр “Г” ХХК-ийн 2 га эзэмшлийн газартай давхцаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ талаар шүүх дүгнэлт буруу хийж хууль зөрчиж нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байх тул хуулийн дагуу зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Маргаан бүхий Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ам 0170941 дугаартай 2 га газарт Н.Д болон С.Б бид 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 16 жилийн турш тасралтгүй амьдарч байгаа бөгөөд уг газрыг анх ашиглаж эхлэхдээ Хан-Уул дүүргийн засаг дарга болон холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу амьдарч хашаа татсан.

Уг газраа албан ёсны болгон бүртгүүлж баталгаажуулахаар 2008-2010 онуудад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, дүүргийн газрын албанд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй ч 2016 оны 06 дугаар сарын 09-нд “Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/187 дугаартай тушаалаар” зохих зөвшөөрлийг гаргаж өгсөн.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамтран Хан-Уул дүүргийн 11-хороонд зөвшөөрөлгүй оршин сууж байсан иргэдийг гэрчилгээжүүлж ажлын хүрээнд айл өрхийн судалгааг гаргахад С.Б, Н. Д нар нь “А/паркын/ тоот хаягт оршин суудаг тул зохих гэрчилгээг гаргуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж байсан боловч гэрчилгээ гаргах асуудал удааширсан.

Нэхэмжлэгч тал 2008, 2010 онуудад газрын гэрчилгээ гаргуулж авахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, дүүргийн газрын албанд удаа дараа хүсэлт гаргаж хандсаар байтал 2012 онд “Г” ХХК-д маргаан бүхий газрын өмчлөх зөвшөөрөл олгосон нь шударга бус байна.

“Г” ХХК-нд олгосон газрыг н.Дашдолгор 2007 онд анх Г.Баярмаагаас авч, 2008 онд “Сүрэг алт” ХХК-д шилжүүлсэн. Тухайн байгууллага нь 2012 онд “Г” ХХК нд шилжүүлсэн байдаг.

н.Дашдолгороос маргаан бүхий газрыг шилжүүлж авсан “Сүрэг алт” ХХК нь Тусгай хамгаалалтай газрын тухай хуульд заасан үйл ажиллагаанд хамаарахгүй зориулалтаар ашигласан буюу Тусгай хамгаалалтай дархан цаазад газрын хязгаарлалтын бүсэд “Солор гарден” хотхоныг барьсан байна. “Сүрэг алт” ХХК-аас газар ашиглах эзэмших эрхийг шилжүүлж авсан “Г” ХХК үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч С.Ц, Я.Ж, Н.Д, С.Б нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, нэгж талбарын 0170941 дугаартай, 1.83 га газрыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгч “Г” ХХК-д холбогдуулан өөрийгөө хариуцагч биш болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хохиролд 1 709 800 төгрөг гаргуулахаар хариуцагч С.Ц сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Г” ХХК болон хариуцагч С.Ц нар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч С.Цийг хариуцагч биш болохыг хүлээн зөвшөөрч, хохирол буюу хашааны үнэд 1 709 800 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор түүнд олгохоор тохиролцжээ. Уг эвлэрлийг баталгаажуулахдаа анхан шатны шүүх алдаа гаргасныг залруулах боломжтой. Эвлэрлийн гэрээний агуулгыг С.Цийг хариуцагч биш гэсэн хүсэл зоригийг нэхэмжлэгч илэрхийлсэн тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх учиртай. Харин хохирол төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдал болон уг хохирлыг төлөх хугацааны талаарх тохиролцоо нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан эвлэрлийн гэрээнд тавигдах шаардлагад нийцэх тул энэ хэмжээнд эвлэрлийг батлах нь зүйтэй байжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулав.

 

Мөн сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А-272 тоот тушаалаар “Г” ХХК-д “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвтэрт газар ашиглах гэрчилгээ”-г хуульд тогтоомжид нийцүүлэн олгохыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад зөвшөөрсөн байх бөгөөд тус яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга уг тушаалыг үндэслэн “Г” ХХК-д 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын ДЦГ, Зайсагийн аманд 2 га талбай бүхий газрыг аялал жуучлалын зориулалтаар “Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрч 2012/60 тоот гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгожээ. /хх181-187/

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/196 тоот тушаалаар “Г” ХХК-д олгосон 2 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байна. /хх44/

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/197 тоот тушаалаар “Г” ХХК-ийн ашиглалтын талбайн зарим хэсгээр автозам баригдсан тул ирүүлсэн хүсэлт, хамгаалалтын хамгаалалтын захиргааны саналаар 1661 м.кв талбайг хасч нийт 1,83 га газрыг ашиглах эрхтэй болгосон байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга уг тушаалыг үндэслэн “Г” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын ДЦГ, Зайсагийн аманд 1,83 га талбай бүхий газрыг аялал жуучлалын зориулалтаар “Тасгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглахыг зөвшөөрч 0171219 тоот гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгожээ. /хх186, 3/

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дугаар шийдвэр, Захирагааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2016/0512 дугаар магадлал, Монгол Улсын дээд, шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 344 дугаар тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Н.Д, С.Б нарын “...Сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар "Г" ХХК-д ашиглуулсан 2 га газрын нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах, Н.Д, С.Б нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх179-182/

 

Анхан шатны шүүх дээрх баримтуудыг талуудын тайлбартай тал бүрээс нь харьцуулан “Г” ХХК эзэмших эрхтэй болохыг зөв тогтоосон боловч уг эрх нь 0171219 тоот гэрээний хавсралтаар олгогдсон солбилцолын хүрээнд хүчинтэй.

 

Хариуцагч Н.Д, С.Б нарын гаргасан хүсэлтийг үндэслэж анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 09 дүгээр сарын 05а/6214 тоот албан бичиг ирүүлсэн ба уг албан бичигт “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09 өдрийн А/187 тоот тушаалын хавсралтын 31-т Н.Д, 32-т С.Б нарт газар ашиглах эрх олгогдсон боловч Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгогдоогүй” гэжээ. Уг А/187 тоот тушаал нь дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байна. Иймд А/187 тоот тушаалын дагуу газар ашиглах гэрээг холбогдох этгээдтэй байгуулаагүй тохиолдолд хариуцагч Н.Д болон С.Б нарын газар ашиглах эрхийг хуулийн дагуу олж авсан гэх байдал эргэлзээтэй байна. /хх 183/

 

Хариуцагч Я.Ж газар ашиглах эрх давхцаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ашиглах эрхтэй газрыг солбицлын хүрээгээр Н.Д, С.Б, Ч.Ж нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Н.Д, С.Б, Ч.Ж нарын нь уг маргаан бүхий газарт 2005 оноос хойш амьдарч байгаа газрыг эзэмших эрхтэй гэж тайлбар гаргаж байгаа боловч тэдгээрт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул тэдгээрийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, 0170941 нэгж талбарын дугаартай,

1. 1060 55 10.594”Е 470 52 33.561” И,

2. 1060 55’ 06.052”Е 470 52 34.322” И,

3. 1060 55’ 06.961”Е 470 52 36.800” И,

4. 1060 55’ 03.756”Е 470 52 37.350” И,

5. 1060 55’ 04.180”Е 470 52 38.328” И,

6. 1060 55’ 04.469”Е 470 52 38.857” И,

7. 1060 55’ 04.885”Е 470 52 39.100” И,

8. 1060 55’ 05.758”Е 470 52 39.295” И,

9. 1060 55’ 07.159”Е 470 52 39.465” И,

10. 1060 55’ 11.075”Е 470 52 39.139” И солбицолтой 1,83 га газрыг хариуцагч Н.Д, С.Б, Я.Ж нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч С.Цд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасаар нэхэмжлэгч “Г” ХХК-аас 1 709 800 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор гаргуулж хариуцагч С.Ц олгож талууд эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч Н.Дын төлсөн 70 200 төгрөг, Я.Жы төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА