Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00197

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.У,

Нэхэмжлэгч: Х.Я нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХЭ ХХК-д холбогдох,

агаарын нислэгийн тийзний үнэ 573,390 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Б, Г.О, нарийн бичгийн даргад Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020.06.11-ний өдөр орон нутгийн нислэгээр нисэх билет захиалсан. Онлайнаар захиалахад овог, нэр дээр 20 минут эргэлзэж, байдаг боломжоороо бөглөсөн. Монгол улсын иргэн дотооддоо нислэг үйлдэх бол регистрийн дугаараар орж захиалга өгнө гэсэн шаардлагаар гадаад паспортын нэрээр бичиж, төлбөрөө төлж захиалгаа өгсөн. Захиалга өгөөд 2-3 хоногийн дараа ХЭ ХХК-иас ямар ч хариу ирээгүй. Захиалга хийх үед захиалгын баталгаажуулах мэйл ирсэн. Харин ХЭ ХХК-ийн хаягтай захиалгын холбогдолтой ямар ч мэйл ирээгүй, утсаар холбогдоогүй. Үүнээс хойш 3 хоног дээр нь би залгаж асуусан боловч бид нарын мэдээлэл олдохгүй байна, овог нэр чинь солигдсон байна манай мэйл руу чат бич гэсэн. Тэгээд би 2020.06.14-ний өдөр ХЭ ХХК-ийн мэйл хаяг руу хүсэлт явуулсан боловч 70,000 төгрөгөөр нэр солих боломжтой гэж хариу хэлсэн. Улаангомоос нисэх боломжтой эсэх талаар, Улаангомоос Улаанбаатар чиглэл рүү нэг талын төлбөрөөр явуулах боломжтой эсэхийг асуухад төвөөс боломжгүй гэж анхааруулсан гэсэн. Тэгээд би 2020.06.17-ны өдөр төв оффис дээр нь очиж уулзсан. Биднийг хүлээж авсан ажилтан бидний талаар урьдчилаад мэдчихсэн байсан.Бидний оронд өөр хүн нисэхгүй, би өөрөө ниснэ миний регистрийн дугаар утасны хаяг бүгд систем дээр бүртгэлтэй байгаа гэж хэлсэн боловч хариу өгөөгүй. Харилцагчийн үйлчилгээний ажилтаныг нь асуухад манайд тийм ажилтан байхгүй гэсэн, аргаа бараад бүх мөнгөө буцаан авъя, тасалбараа буцаая гэхэд 70,000 төгрөг өгч байж буцаана гэж хэлсэн. Захиалсан хоёр тасалбар нь тусдаа билет байсан болохоор өргөдөл бичээд авсан. 3-4 хоногт таны дансанд мөнгө орно гэхдээ мөнгө хасагдаж магадгүй гэсэн. Энэ хугацаанд бидэнтэй холбоо бариагүй. Манай эхнэр сонгуулийн өмнөх нь ярихад танай билет буцаагдсан байна би санхүүгийн хүн биш болохоор мөнгийг чинь орсныг хэлж мэдэхгүй байна, удаж байж орно гэсэн. Өргөдөл өгөөд сарын дараа Улаангомоос ирж уулзахад дөнгөж сая мөнгийг чинь шилжүүлсэн гэхээр нь шалгахад нэг билетийн мөнгө ороогүй байсан хариуцагч компанид хэлэхэд өргөдөлийг чинь харъя гэсэн. Өргөдлөө хайж байгаад олоход нь би хоёр билет буцаана гэж бичсэн байна гэхэд би мэдэхгүй, өргөдөл хүлээн авсан хүн танд хэлсэн биздээ гэж илт худлаа хэлсэн. Тэгээд өргөдөл хүлээн авсан хүнтэй уулзахад та нар билетээ Увсаас авсан биз дээ, Увсын манай ажилтан та нарыг билет авахад та нарт буцаагдахгүй гэж хэлсэн байгаа гэсэн. Манай эхнэр бүхэл бүтэн сар хүлээж байхад танайхас нэг яриагүй байж одоо ингэж хэлдэг нь ямар учиртай юм, хэрвээ буцаагдахгүй билет байсан бол би яах гэж жирэмсэн, нэг ойтой хүүхэдтэйгээ ядарч ирэх юм гэж хэлсэн. Иймд хариуцагч ХЭ ХХК-иас 573,390 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь 2020.06.11-ний өдөр ХЭ цахим системээр зааврын дагуу үе шаттайгаар бөглөөд Улаангом-Улаанбаатар чиглэлийн Q ангилалын тийз 1 ширхэг, буцаах боломжгүй, тасалбар солих боломжгүй, М ангилалын 3 ширхэг тийзийг худалдан аваад төлбөр тооцоог олон улсын картаар хийгээд төлсөн. Төлбөр төлөхдөө манай компанийн гүйцэтгэх захирлын 2018.02.04-ний өдрийн .... тоот тушаалд дурдсан тийзийн болон тарифын нөхцлийг өөрсдөө хүлээн зөвшөөрч, Иргэний хуулийн 382 дугаар зүйл 382.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. ХЭ ХХК-иас тийз авч байгаа хүмүүст 2 төрлийн боломж байдаг. Нэгдүгээрт манай тийз борлуулах төв буюу тийзийн агентлагуудаас очиж тийзээ худалдаж аваад төлбөрөө төлөөд авах боломжтой, харин хоёрдугаарт нь нэхэмжлэгчийн авснаар буюу цахим тик систем рүү ороод өөрөө мэдээллээ үнэн зөв бөглөөд төлбөрөө олон улсын карт ашиглаад төлөөд явах хоёр төрлийн аргаар тийз худалдаж авдаг. Цахимаар худалдаж авсан тохиолдолд имэйл хаяг руу нь баталгаажсан гэсэн имэйл очдог үүнийг Амадиус системээс өгдөг гэж манай мэдээ лавлагааны мэргэжилтэн хэлж байсан. Харин ХЭ ХХК-иас цахимаар тик авахад та авсан уу ирээрэй гээд утсаар залгахгүй таны имэйлд баталгаажсан гэсэн хариу очино. Энэ нэхэмжлэгч тийз захиалахдаа өөрөө овог нэрээ солиод бичсэн байсан. Тухайн нислэгээр зорчихдоо та манай компанийн дүрэм журмын дагуу шимтгэл 70,000 төгрөг төлөөд овог нэрээ солиод явж болно гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Иргэний агаарын адилхан систем хэрэглэж, адилхан байх албагүй бип хариуцлагатай агаарын тээвэр учраас тийм асуудал гаргахыг хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 382 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээний дагуу мөнгө нэхсэн, тээвэрлэлтийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага байхгүй. Нэхэмжлэгч нь цахимаар тийз захиалаад, тийзийн нөхцлийг зөвшөөрч төлбөрөө төлөөд худалдаад авсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй үзэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХЭ ХХК болон Т.У нарын хооронд үүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгөний асуудал дээр манай компаны хувьд ямар нэгэн санал тайлбар байхгүй байна. Манай байгууллага шүүх хуралдаанд хариуцагч, гуравдагч этгээдээр оролцох байгууллага биш. АМ ХХК нь Хонконг улсад бүртгэлтэй олон улсын аялал жуулчлалын технологийн компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар юм. Тийм учраас бид А групп гэдэг гадаад компанийг төлөөлж тайлбар гаргах боломжгүй. Мөн энэ байгууллагыг төлөөлөөд оролцох эрх зүйн ямар нэгэн эрх хэмжээ байхгүй. Манай байгууллага нь нэхэмжлэгч тал болон ХЭ ХХК-тай нэг ч гэрээ хэлэлцээр байхгүй. Манайх АМ төлөөлөгчийн газар нь Монгол Улсад тийз борлуулагч агентлагуудад системийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлдэг, ХЭ ХХК-тай ямар ч хамааралгүй, тусдаа хэрэглэгч юм. А групп компанийн өмнөөс өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоогүй, ямар нэгэн хариуцлага хүлээх эрх зүйн статус байхгүй. Манай байгууллага нь төлөөлөгчийн газар учраас Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тийм учраас нэхэмжлэлийг гардаж авах хариу тайлбар өгөх хууль зүйн ямар ч боломж байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Т.У, Х.Я нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нар агаарын нислэгийн тийзний үнэ 573,390 төгрөгийг хариуцагч ХЭ ХХК-иас буцаан гаргуулахыг шаардсан, харин хариуцагч тал ...нэхэмжлэгч нь цахимаар тийз захиалахдаа овог нэр болон өөрийн электрон шуудангийн хаягийг буруу оруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.У, Х.Я нар гэр бүлийн хүмүүс байх бөгөөд 2020.06.11-ний өдөр ХЭ ХХК-ийн www.......com цахим хаягаар нэвтрэн орж, Т.У нь 3 хүүхдийн хамт 2020.06.25-ны өдөр Улаанбаатараас Улаангом, 2020.07.14-ний өдөр Улаангомоос Улаанбаатар чиглэлд, эхнэр Х.Я нь 2020.07.14-ний өдөр Улаанбаатараас Улаангом, 2020.07.14-ний өдөр Улаангомоос Улаанбаатар чиглэлд тус тус нийслэгийн тийз захиалж 879,000 төгрөг, 354,600 төгрөгийн төлбөр тооцоог тус тус олон улсын карт ашиглан төлсөн болох нь захиалгын хуудас, төлбөр төлсөн банкны хуулгаар тогтоогдсон байна.

 

Шүүх талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 380.2-т зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно, 382 дугаар зүйлийн 382.1-д зорчигч тээвэрлэлтийн гэрээг зорчих пайз, тасалбарыг зорчигчид гардуулснаар байгуулагдсан гэж үзнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэлд дурдсанаар дээрх захиалгыг хийсэн өдрөөс хойш 2-3 өдрийн дотор бүртгэлийг баталгаажуулсан эсэх талаар ХЭ ХХК-иас мэдэгдээгүй, цахим билет ирүүлээгүй байх бөгөөд 2020.06.14-ний өдөр нэхэмжлэгч нарын болон хүүхдүүдийн овог нэр, нисэх өдөр нь солигдсон болохыг мэдэгдсэн байна.

ХЭ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.02.14-ний өдрийн ..... дугаар Зорчигчийн тарифын нөхцөлийг батлах тухай тушаал, тушаалын хавсралтаас үзэхэд Q ангиллын тийз нь захиалга оруулсан даруйд бичигддэг, тийзний өөрчлөлт болон буцаалт, цуцлалт хийх, зорчигчийн нэр солих боломжгүй хатуу нөхцөлтэй, харин М ангиллын тийзийг буцаасан тохиолдолд 70,000 төгрөгний торгууль суутгагддаг энгийн нөхцөлтэй тийз байна.

Нэхэмжлэгч нар нь Q ангиллын тийз 1 ширхэг, М ангиллын 3 ширхэг тийз худалдан авсан байх бөгөөд ХЭ ХХК-ийн электрон тийз худалдан авахад үйлчилгээний нөхцөлийг анхааруулах цонхонд дээрх тийзнүүдийг өөрчлөх, цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна.

Талуудын тайлбар, гэрч Н.Г-ийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нар анх цахимаар нислэгийн тийз худалдан авахдаа тийзийн нөхцөл буюу тээвэрлэгчээс тавьж буй гэрээний нөхцөлтэй танилцсан, улмаар зөвшөөрсөний үндсэн дээр дараагийн төлбөр тооцоо төлөх горимд шилжсэнээр тийз худалдан авсан болох нь тогтоогдсон байна.

Т.У нь ХЭ ХХК-д гаргасан 2020.06.16-ны өдрийн хүсэлтдээ ...билет захиалахдаа нисэх өдрийг 2020.06.22 гэснийг 2020.06.25-нд гэж систем хүлээж авсаныг анзаараагүй, гадаад паспортын дагуу нэр, овгоо сольж бичсэн, гадаад паспортын дуусах огноог оруулсан, өөрийн цахим хаяг болох ....[email protected] гэж андуурсан болохыг дурдаж, өөрсдийн овог нэрийг сольж бүртгэн, боломжтой бол нислэгийг 2020.06.22 болгож өгөхийг хүссэн байна.

Нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлтээс үзэхэд анх тийз захиалахдаа өөрсдийн болон хүүхдүүдийн овог нэрийг сольж бичсэнээс тухайн зорчигчийн мэдээлэл буруу болсон байх бөгөөд ХЭ ХХК-ийн зүгээс овог нэрийг зөв болгож өөрчлөхөд тодорхой хэмжээний шимтгэл төлөхийг мэдэгдэхэд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, улмаар ХЭ ХХК-иар тээвэрлүүлэхээс татгалзсан байна.

Иргэний хуулийн 383 дугаар зүйлийн 383.1-д зааснаар гэрээнд ямар нэгэн байдлаар саатал учруулахааргүй бол зорчигч нь тээвэрлэлтийн гэрээг хэдийд ч цуцалж болох бөгөөд гэрээг цуцалснаас үүссэн хохирлыг тээвэрлэгчид төлөх үүрэгтэй болно.

 

Дээрх зүйл заалтын агуулгаас харахад тээвэрлэгч гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй бөгөөд зөвхөн тээвэрлүүлэгчийн зүгээс гэрээг цуцлах шаардлага шаардлага гаргаж байгаа гэж ойлгодог.

 

Иймд ХЭ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.02.14-ний өдрийн .... дугаар Зорчигчийн тарифын нөхцөлийг батлах тухай тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийн захиалсан Q ангиллын 1 ширхэг тийзний үнийг буцаагаагүй, М ангиллын 3 ширхэг тийзний үнэ 879,000 төгрөгнөөс буцаалтын шимтгэл суутгасаныг буруутгах үндэслэлгүй бөгөөд тээвэрлэгч компанийн зүгээс гэрээний үүргийн зөрчил гаргаагүй байна.

 

Хэргийн оролцогчдын хүсэлтээр ХЭ ХХК-ийн цахим тийз захиалгын системд үзлэг хийсэн тэмдэглэлд талууд гарын үсэг зурахаас татгалзсан байх тул тухайн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 382 дугаар зүйлийн 382.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХЭ ХХК-иас тийзний үнэ 573,390 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.У, Х.Я нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,851.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ