Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00698

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00698

 

 

 

 

Т.У, Х.Я нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00197 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.У, Х.Я нарын нэхэмжлэлтэй хариуцагч ХЭ ХХК-д холбогдуулан гаргасан тийзний үнэ 573 390 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Бид гэр бүлээрээ 2020.06.11-ний өдөр орон нутгийн нислэгээр нисэх билет захиалсан. Онлайнаар захиалахад овог, нэр дээр 20 минут эргэлзэж, байдаг боломжоороо бөглөсөн. Монгол улсын иргэн дотооддоо нислэг үйлдэх бол регистрийн дугаараар орж захиалга өгнө гэсэн шаардлагаар гадаад паспортын нэрээр бичиж, төлбөрөө төлж захиалгаа өгсөн. Захиалга өгөөд 2-3 хоногийн дараа ХЭ ХХК-иас хариу ирээгүй. Захиалга хийх үед захиалгын баталгаажуулах мэйл ирсэн. Үүнээс хойш 3 дах хоногт нь залгаж асуусан боловч бидний мэдээлэл олдохгүй байна, овог нэр чинь солигдсон тул манай мэйл руу чат бич гэсэн.  Ингээд 2020.06.14-ний өдөр ХЭ ХХК-ийн имэйл хаягт хүсэлт явуулсан боловч 70 000 төгрөгөөр нэр солих боломжтой гэх хариу хэлсэн. Улаангомоос нисэх боломжтой эсэх, Улаангомоос Улаанбаатар чиглэлд нэг талын төлбөрөөр явуулах боломжтой эсэхийг асуухад төвөөс боломжгүй гэж анхааруулсан гэсэн. Ингээд бид 2020.06.17-ны өдөр ХЭ ХХК-ийн төв оффист очиж уулзахад хариу өгөөгүй. Аргаа бараад бүх мөнгөө буцаан авъя, тасалбараа буцаая гэхэд 70 000 төгрөг өгч байж буцаана гэсэн. Захиалсан хоёр тасалбар нь тусдаа билет байсан учир өргөдөл гаргаж, 3-4 хоногт таны дансанд мөнгө орно гэхдээ мөнгө хасагдаж магадгүй гэсэн. Өргөдөл гаргаснаас сарын дараа нэг билетийн мөнгө ороогүй байсан. Би өргөдөлдөө хоёр билет буцаана гэж бичсэн гэхэд мэдэхгүй, Увс дах манай ажилтан та нарыг билет авахад буцаагдахгүй гэж хэлсэн байгаа гэсэн.

 

 

Иймд хариуцагч ХЭ ХХК-иас билетийн үнэ 573 390 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч нар нь 2020.06.11-ний өдөр ХЭ ХХК-ийн цахим системээр зааврын дагуу бөглөөд.......... чиглэлийн Q ангилалын тийз 1 ширхэг, буцаах солих боломжгүй М ангиллын 3 ширхэг тийзийг худалдан авч, тооцоог олон улсын картаар хийсэн. Төлбөр төлөхдөө манай компанийн гүйцэтгэх захирлын 2018.02.04-ний өдрийн В17/67 тоот тушаалд дурдсан тийзийн болон тарифын нөхцлийг өөрсдөө хүлээн зөвшөөрч, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. ХЭ ХХК-иас тийз авч байгаа хүмүүст 2 төрлийн боломж байдаг. Нэгдүгээрт манай тийз борлуулах төв буюу тийзийн агентлагуудаас авах боломжтой, хоёрдугаарт цахим тик систем рүү ороод өөрөө мэдээллээ үнэн зөв бөглөөд төлбөрөө олон улсын карт ашиглаад төлөөд тийз худалдаж авдаг. Цахимаар худалдаж авсан тохиолдолд имэйл хаяг руу нь баталгаажсан гэсэн имэйл очдог үүнийг Асистемээс өгдөг. Харин ХЭ ХХК-иас цахимаар тик авахад имэйлээр баталгаажсан гэсэн хариу очдог. Нэхэмжлэгч тийз захиалахдаа овог нэрээ солиод бичсэн байсан. Манай компанийн журмын дагуу шимтгэл 70 000 төгрөг төлөөд овог нэрээ солиод явж болно гэснийг зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч нь цахимаар тийз захиалаад, тийзийн нөхцлийг зөвшөөрч төлбөрөө төлөөд худалдаад авсан. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч АМ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд үүссэн асуудалд манай компанийн зүгээс ямар нэгэн санал тайлбар байхгүй. Манайх шүүх хуралдаанд хариуцагч, гуравдагч этгээдээр оролцох байгууллага биш. АМ ХХК нь Хонконг улсад бүртгэлтэй олон улсын аялал жуулчлалын технологийн компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар юм. Тиймээс АIT групп гэдэг гадаад компанийг төлөөлж тайлбар гаргах боломжгүй. Манай байгууллага нь нэхэмжлэгч тал болон ХЭ ХХК-тай байгуулсан гэрээгүй. АМ төлөөлөгчийн газар нь Монгол Улсад тийз борлуулагч агентлагуудад системийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлдэг, ХЭ ХХК-тай ямар ч хамааралгүй, тусдаа хэрэглэгч гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 382 дугаар зүйлийн 382.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХЭ ХХК-иас тийзний үнэ 573 390 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.У, Х.Я нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 851.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтаар ХЭ ХХК-ийн www.hunnuair.com цахим хаяг нь тээвэрлэлтийн гэрээ байгуулах саналын дуудлага байсан ба бид 2020.6.11-ний өдөр бүртгүүлж, төлбөрөө шилжүүлсэн нь тус саналын дуудлага хүлээн авсан үйлдэл байсан. ХЭ ХХК-ийн зүгээс гэрээ байгуулах саналын дуудлагад хариу ирүүлээгүй ба зөвхөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Амадиус компаний автомат серверээс баталгаажуулах имэйл ирсэн.

Бидний 2020.06.11-ний өдрийн гүйцэтгэсэн захиалгын систем англи хэл дээр байсан бөгөөд Firstname, Lastname гэсэн асуулга байсныг бид өөрсдийн гадаад пасспортын нэрээр бөглөсөн ба ХЭ ХХК үүнийг нислэгийн аюулгүй байдалд нөлөөлнө гэж тайлбарласаныг шүүгч хүлээж авсан. Иргэний хуулийн 201-р зүйлий 201.1-д заасаны дагуу бидэнд ашигтайгаар тайлбарлана гэснийг шүүгч буруушаасан. Дээрх Firstname, Lastname гэсэн үгийг ХЭ ХХК-аас өөрт ашигтайгаар Овог, Нэр гэж орчуулсан бөгөөд үүнд аль үгийг Surname, аль үгийг Givenname гэж ойлгох талаар тайлбарлахад шүүх хүлээн аваагүй ба бие даасан шинжээч томилон тайлбаруулах хүсэлт гаргахад шүүгч татгалзсан.

Бидний 2020.06.11-ний өдрийн гүйцэтгэсэн захиалгын нэгийг ХЭ ХХК-иас М ангилал, нөгөөг Q ангилал байсан гэх ба захиалгын үед бүгд стандарт нөхцөлтэй байсан бөгөөд стандарт бус нөхцөлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан ноцтой төөрөгдөлд хүргэх хэмжээнд үл анзаарагдам байдлаар оруулсан. Энэ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасаны дагуу хүчин төгөлдөр бус нөхцөл. Дээрх М ба Q гэх ангилалын тасалбар захиалгад гадаад пасспортын нэр буюу иргэний үнэмлэхийн нэр байх ёстой гэж ХЭ ХХК-ийн В17/67 тоот дотоод журмын дагуу 280 000 төгрөг шударга бусаар шаардсан. Тус дотоод журмаар, зөвхөн зорчигч солигдож өөр зорчигч нисэх болон тухайн зорчигч зорчих өдрөө солиулах тухай журам болохыг шүүгчид тайлбарлахад хүлээж аваагүй.

Тухайн захиалгын мэдээлэл нь АНУ-ын А компаний серверт гурван долоо хоног хадгалагдаад устдаг тухай гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгоход ХЭ ХХК-ийн гадаад паспортын нэр бус иргэний үнэмлэхийн нэр байх ёстой гэх шаардлага нь ач холбогдол багатай байсан. ХЭ ХХК-аас бидэнтэй гэрээний нөхцөл болон гэрээ байгуулах талаар огт холбогдохгүй байгаагаас бид өөрсдөө холбогдоход дээрх шалтгаанаар гэрээ байгуулахаас шууд татгалзсан бөгөөд бид өөрийн биеэр очиж шаардсаны дагуу өргөдөлөө өгч, төлбөрөө буцааж авах тухай мэдэгдэл тус компаний ажилтнаас хүлээн авсан болно. Гэвч бид 31 хоногийн дотор төлбөрөө буцааж аваагүй бөгөөд өргөдөл хүлээн авсан ажилтан жирэмсэн хүнийг илт доромжилж харьцсан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт заасны дагуу эрхээ хамгаалуулах эрхтэй.

Бид ХЭ ХХК-тай Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.8-д заасан цахимаар гэрээ байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 382 дугаар зүйлийн 382.1 дэх хэсэгт заасан зорчих тииз, тасалбарыг гардаж аваагүй. ХЭ ХХК-аас Q гэх ангиллын билетийг бидний зөв оруулсан цахим хаягаар нисэх өдрөөс долоо хоногийн өмнө илгээх ёстой байтал огт илгээгээгүй, төлбөрийн баримт олгоогүй болно. Энэ тухай ХЭ ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч илгээгээгүй гэдгээ зөвшөөрсөн. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож ХЭ ХХК-аас 573 390 төгргөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.У, Х.Я нар нь хариуцагч ХЭ ХХК-д холбогдуулан тийзний үнэд төлсөн 573 390 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 22/

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т.У, Х.Я нар нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний оройн 22 цаг 40 минутын орчимд ХЭ ХХК-ийн .......цахим хуудсаар нэвтэрч гурван хүүхдийн хамт 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ....... хүртэл нисэхээр, 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ........ чиглэлд Х.Я нисэхээр, 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ........., 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаангомоос-Улаанбаатар чиглэлд тус тус нислэгийн тийз захиалсан. /хх 7-8/

Дээрх нислэгийн тийзний 1 ширхэг нь Q ангиллын, 3 ширхэг нь М ангиллын тийз байсан гэж талууд тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал тийзний үнэд 879 000 төгрөг болон мөн 354 600 төгрөг тус тус шилжүүлсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. /хх 5/

Түүнчлэн нэхэмжлэгч нар тийз захиалахдаа овог нэрээ сольж бичсэн гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд талуудын хэн аль нь үүнийг үгүйсгээгүй байна.

Захиалгыг хийснээс хойш 2-3 хоногийн дотор тийзийн бүртгэлийг баталгаажуулсан эсэх талаар ХЭ ХХК-иас нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй, цахим билет ирүүлээгүй бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч нарын болон хүүхдүүдийн овог нэр, нисэх өдөр нь солигдсон болохыг хариуцагч талаас мэдэгдсэн тухайд талуудын хэн аль нь маргахгүй тайлбарлажээ. /хх 1-2, 22/

ХЭ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 17/67 тоот Зорчигчийн тарифын нөхцлийг батлах тухай тушаал, тушаалын хавсралтаар Q ангиллын тийз нь захиалга оруулсан даруйд бичигддэг, тийзний өөрчлөлт болон буцаалт, цуцлалт хийх, зорчигчийн нэр солих боломжгүй хатуу нөхцөлтэй, харин М ангиллын тийзийг буцаасан тохиолдолд 70 000 төгрөгийн торгууль суутгагддаг журам тогтоожээ. /хх 25-27/

Нэхэмжлэгч тал 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус компаний ......... хаягаар хүсэлт илгээж овог нэрийг сольсон алдааг залруулахыг хүссэн ч хүн тус бүрээс 70 000 төгрөг төлөхийг шаардсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

Дээрх журмын дагуу 70 000 төгрөгийн хураамж төлөх шаардлага тавьсан тул нэхэмжлэгч тал нислэг хийж чадаагүй, захиалсан хоёр тасалбар нь тусгай билет байсан гэх тул өргөдөл бичиж мөнгөө буцаан авсан ч нэг билетийн мөнгийг буцаагаагүй. Хариуцагч Гэрээгээ цуцалвал буцаалт хийхгүй тусгай билет, мөн 70 000 төгрөг төлөх М ангиллын билет захиалсан тул буцаахгүй гэж маргаж байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 383 дугаар зүйлийн 383.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд ямар нэгэн байдлаар саатал учруулахааргүй бол зорчигч нь тээвэрлэлтийн гэрээг хэдийд ч цуцалж болох бөгөөд гэрээг цуцалснаас үүссэн хохирлыг тээвэрлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 382 дугаар зүйлийн 382.1 дэх хэсэгт зорчигч тээвэрлэлтийн гэрээг зорчих пайз, тасалбарыг зорчигчид гардуулснаар байгуулагдсан гэж үзнэ гэж заасан. Талуудын тайлбараас үзэхэд хариуцагч ХЭ ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Т.У, Х.Я нарт зорчих пайз, тасалбарыг гардуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Зорчих пайз, тасалбарыг гардуулах нь гэрээг байгуулсан гэж үзэх нөхцөл юм. Зорчих тасалбарыг эзэмшигч этгээдийг тээвэрлэгч нь тээвэрлэх үүрэгтэй бөгөөд зорчих тасалбарын эзэмшил нь эзэмшигч этгээддээ материаллаг эрхийн үндэслэл болохын зэрэгцээ тээврийн үйлчилгээг авах хууль ёсны эрхтэй гэдгийг харуулдаг.

 

Зохигчийн тайлбараас овог нэр, нислэг хийх өдөр, имэйл хаяг зэргийг буруу бичсэнээс, мөн 70 000 төгрөгийн хураамж шимтгэл төлөх нөхцлийг хүлээж аваагүй зэрэг шалтгаанаар талууд гэрээг байгуулаагүй байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.

 

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн нислэгийн үйлчилгээ авах буюу тээвэрлэлтийн гэрээ байгуулах саналыг түүний хүсэл зоригоо алдаатай илэрхийлсэн шалтгаанаар хүлээн аваагүй, зорчих пайз, тасалбарыг гардуулаагүй, харин хүн тус бүрийн 70 000 төгрөгийн шимтгэл төлөх замаар нислэг хийх өдрөө шинээр товлон гэрээ байгуулах санал тавьсаныг нэхэмжлэгч тал хүлээж аваагүй байна. /хх 88 дугаар хуудасны ар тал/

 

Хэдийгээр Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3 дах хэсэгт зааснаар хэлэлцээний явцад аль нэг талын хайхрамжгүй үйлдлээс болж гэрээг байгуулаагүй бол хэлэлцээ хийхтэй холбогдон гарсан зардлыг хайхрамжгүй хандсан тал нөгөө талд нөхөн төлөх үүрэг үүсч болох хэдий ч хариуцагч нь тасалбарын үнэд урьдчилан шилжүүлсэн 573 390 төгрөгийг буцаахгүй байгаа шалтгаанаа тасалбарын ангилал нь буцаагдах боломжгүй гэх тайлбар, ХЭ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 17/67 тоот Зорчигчийн тарифын нөхцлийг батлах тухай тушаал, тушаалын хавсралтаас өөр баримтаар нотлоогүй. /хх 22, 25-27/

ХЭ ХХК-ийн агаарын тээвэрлэлтийн гэрээ байгуулахаар нийтэд санал болгож байгаа нөхцөл нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон гэрээний стандарт нөхцөл юм.

Нэхэмжлэгч Т.Ууганбаярын тайлбараас үзэхэд тэрээр ХЭ ХХК-д хандан 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Билет захиалахдаа нисэх өдрийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэснийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэж систем хүлээж авсаныг анзаараагүй, гадаад паспортын дагуу нэр овгоо сольж бичсэн, паспортын хугацааны дуусах огноог оруулсан,өөрийн цахим хаяг болох ........... .........гэж андуурсан болохыг дурдаж, өөрсдийн овог нэрийг сольж бүртгэн, боломжтой бол нислэгийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болгож өгөхийг хүсэхдээ нислэг хийх өдрөөс 6 хоногийн өмнө буюу боломжит хугацааны өмнө хүсэлт тавьжээ. Уг тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

Нотлох үүргийн хуваарилалтаар 573 390 төгрөгийг буцаан олгохгүй байх шалтгаан нөхцлөө нотлох нь хариуцагчийн үүрэг юм. Хариуцагч нь нислэгийн өдрийг өөрчилвөл 70 000 төгрөгийн хураамж авах хэрэгцээ шаардлага, уг стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон шалтгаан, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдал, өөрт нь хохирол учирсан эсэхийг нотлоогүй.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байх юм. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон гэж үзэхээр байх бөгөөд хүн тус бүрээс 70 000 төгрөгийн шимтгэл суутган авах, улмаар нислэгийн үйлчилгээ авч чадаагүй нэхэмжлэгч талын 573 390 төгрөгийг буцаан олгохгүй байх гэрээний нөхцөл нь хүчин төгөлдөр бус юм.

Иймд нэхэмжлэгч талын ХЭ ХХК-тай гэрээ байгуулаагүй, захиалгыг баталгаажуулаагүй тул 573 390 төгрөгөө буцаан авна гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00197 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ХЭ ХХК-иас тийзний үнэ 573 390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.У, Х.Я нарт олгосугай 

2 дах заалтыг ...нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 851 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХЭ ХХК-иас 17 851 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.У, Х.Я нарт хувь тэнцүүлэн олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 852 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Ш.ОЮУНХАНД