Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2021/00309

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2021/00309 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О ХХК-д холбогдох,

 

2016.03.21-ний өдрийн Агаар сэлгэлтийн систем, дүүргэлтийн блок худалдах, худалдан авах ба түүний угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ..... тоот 60.75 м/кв 2 өрөө орон сууц, нэг авто зогсоолыг С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, түүний өмгөөлөгч Ж.У, хариуцагчийн өмгөөлөгч У.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Б, гэрч Ц.Х, Ж.А, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани .... хотхоны А болон Б блок байрны агааржуулалтын системийг хийх үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлж 2017 оны 2 дугаар сард дуусгаж хүлээлгэж өгөөд уг байр нь албан ёсоор ашиглатад орсон. Гэрээний 2.1-д гүйцэтгэгч нь Монгол улсын хууль, стандартад тохирсон, гэрээний 1-р хавсралтад тусгагдсан ажлыг хийсний дараа эрхийн болон биет байдлын доголдолгүй агаар сэлгэлтийн систем, 155 м/кв МАК-ийн дүүргэлтийн блок нийлүүлэх гэж заасан. Түүнийг Хан-Уул дүүрэгт байрлах тоот бүхий барилгад тээвэрлэн хүргэж, угсралт суурилуулалт хийнэ гэж гэрээний 2.1-д заасан байдаг. Гэрээний 3.2-т 175.000.000 төгрөгийн тооцоонд 2 өрөө байр болон нэг авто зогсоолыг оролцуулж төлнө гэж заасан байдаг. Манай компанийн зүгээс ажлыг хийж гүйцэтгэсний дараа төлбөр төлөхийг шаардахад тухайн байрыг эзэмшилд шилжүүлэн өгснөөр гэрээ дуусгавар болсон. Гэрээний 4.4-т зааснаар 3 жилийн баталгаа гаргадаг. Баталгаат хугацаанаас хойш үндсэн үүргийг биелүүлээгүй. Ашиглалтад орсноос хойш бүх байр нь худалдагдаж оршин суугч нар орчихсон байдаг. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан үүргийг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Гэрээ байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш маргаан бүхий байрыг хариуцагч талаас нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж өгсөн. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талын хүн уг байранд оршин сууж байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш гуравдагч этгээд гарч ирсэн. Бидэнд гуравдагч этгээд рүү байр шилжүүлснийг шүүх хуралдаан болохоос өмнө мэдэгдээгүй байсан. Хариуцагчийн зүгээс худалдсан зүйл байхгүй зээлэнд барьцаалсан гэх учир битүүлэг зүйл хэлж байсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс 2016.03.21-ний ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай компанийн нэр дээр энэ орон сууцыг болон автомашины зогсоолыг шилжүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч У.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэлийн гэрээ байдаг. Ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн дагуу ажлын гүйцэтгэлийг захиалагч талд хүлээн өгөх үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл ажлыг хүлээлгэж өгсөн гэх баримт байдаггүй. Үнэхээр ажлыг асуудалгүй хийсэн бол шинжээч томилуулахад татгалзах зүйл байхгүй л болов уу гэж бодож байна. Мөн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн асуудал байгаагүй, хариуцагч тал өөрөө нотлох ёстой гэх агуулга бүхий зүйл яриад байдаг. Гэтэл энэ нь нотлох боломжийн хувьд хэлэхэд бид нар барилгын тухай тусгай мэдлэггүй учир өөрөө нотлох боломжгүй байгаа юм. Эцэс сүүлд нь шинжээчийн дүгнэлтийн агуулгаар энэ хэрэг дахин сөхөгдөх асуудал гарвал нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байх болов уу гэдгийг нэмж хэлмээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол түүнд гомдол гаргах эрх нь хэргийн оролцогч нарт олгогддог. Одоогийн байдлаар шүүх хуралдаан хэлэлцэгдэж байгаа учир энэ эрх нь хязгаарлагдаж байгаа юм байна гэж би харж байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хөрөнгө нь гуравдагч этгээдийн нэр дээр байгаа учир манайхаас шаардаж болохгүй юм гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гуравдагч этгээдийн хувьд маргаан бүхий орон сууцыг 2017 онд худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэгт авагдаагүй зүйлийг яриад байна. Нэгэнт өмчлөгчөөр тогтоолгох асуудалд гэрээний үүрэг биелэгдсэн тохиолдолд шилжүүлэх эсэх асуудал яригдах ёстой. Гэтэл гэрээний үүргийн биелэлт буюу ажлын үр дүнд маргаж байгаа учир өмчлөгчөөр тогтоолгох нь эргэлзээтэй гэж үзэж байна. Маргаантай байсан учир хариуцагч тал тус байрыг гуравдагч этгээдэд худалдсан юм байна гэж харж байна. Хэрэв сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчийн гаргаад байгаа шаардлага нь байхгүй гэдгийг шүүхэд нотолчих юм бол байрны өмчлөгчийг 100% тогтоох боломж байсан гэж үзэж байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .... хороолол, ....  гудамж ..... хотхоны .... давхарын ... тоот 60.75 м/кв 2 өрөө орон сууц, нэг машины авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг О ХХК-д холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2016.03.21-ний өдрийн Агаар сэлгэлтийн систем, дүүргэлтийн блок худалдах, худалдан авах ба түүний угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .... хороолол, .... гудамж .... хотхоны А блок ... давхар, .... тоот 60.75 м/кв 2 өрөө орон сууц, нэг авто зогсоолыг С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгахыг хүссэн байна.

 

Хариуцагч О ХХК хариу тайлбартаа ...гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын доголдолыг бүрэн арилгасан цагт төлбөрийг зохих журмын дагуу төлнө гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2017.11.30-ны өдрийн ..... дугаар орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний дагуу төлбөрийг 100 хувь төлсөн тул уг орон сууц нь миний хууль ёсны өмч гэжээ.

 

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй болно.

Хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017.02.02-ны өдрийн ..... дугаар актаас үзэхэд иргэн О.Оийн захиалгатай, Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, .... автомашины дулаан зогсоолтой, ... байр сууц бүхий аялал жуулчлалын цогцолбор барилга барих ажилд нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажилласан байх бөгөөд түүний нэг нь О ХХК ерөнхий гүйцэтгэгч болсон байна.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно, 347.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж тус тус заажээ.

О ХХК нь 2016.03.21-ний өдрийн Агаар сэлгэлтийн систем, дүүргэлтийн блок худалдах, худалдан авах ба түүний угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээг С ХХК-тай байгуулсан байх бөгөөд гэрээний 2.1-д зааснаар захиалагчийн хэрэгцээнд нийцсэн агаар сэлгэлтийн систем/124 айлын орон сууцны/, 155 м/куб МАК-ын үйлдвэрийн дүүргэлтийн блокын хамт нийлүүлэх, түүнийгээ Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .... хороолол, .... гудамж .... хотхоны орон сууцны барилгад тээвэрлэн хүргэх, угсарч суурилуулах ажлыг гэрээний зүйл гэж тодорхойлжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт, талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд иргэн О.Оийн захиалгатай барилгын ажилд СС ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан байх бөгөөд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагч О.Оийн өмнө О ХХК хариуцахаар байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2016.03.21-ний өдрийн гэрээний 3.1-д зааснаар гэрээний нийт үнэ 175,955,300 төгрөг, гэрээний 3.2-т зааснаар захиалагч нь Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол, ... гудамж ... хотхоны А блок .... давхар ... тоот 60.75 м/кв 2 өрөө орон сууцны үнэ, барилгад нэг авто зогсоол үнийн дүн 24,080,300 төгрөг, нэг м/кв 2,500,000 төгрөг, орон сууцны нийт үнэ 151,875,000 төгрөг нийт үнэ 175,955,300 төгрөгт тооцож гүйцэтгэгч талд өгөхөөр тохирсон байна.

Гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .... хороолол, .... гудамж ... хотхоны А блок ... давхар ..... тоот 60.75 м/кв 2 өрөө орон сууц болон нэг авто зогсоолыг С ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн байх бөгөөд гэрээний зүйл, хугацаа, гэрээний үнэ, төлбөрийн талаар талууд маргаагүй атлаа гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын доголдлыг бүрэн арилгаагүй гэх үндэслэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөөс О ХХК татгалзсан байна.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017.02.02-ны өдрийн 2017/52 дугаар актаар Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, иргэн О.О-ийн захиалгатай 16 автомашины зогсоолтой 133 байр сууц бүхий аялал жуулчлалын цогцолбор барилгыг зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн, зориулалтаар ашиглахад Боломжтой гэж үзээд иргэн О.О-ийн мэдэлд шилжүүлсэн, дээрх цогцолбор барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын 2016.12.23-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг О ХХК өөрөө хянасан байдлаас үзэхэд комиссын бүрэлдэхүүнд хариуцагч компанийн төлөөлөгч орж ажилласан байна.

 

Мөн 2017.01.13-ны өдрийн Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд ...тус барилгын Халаалт салхивчийн угсралтын ажил нь зураг төслийн дагуу гүйцэтгэгдсэн, халаалт болон салхивчийн гүйцэтгэлийн ажил боломжийн сайн хийгдсэн, гадна дотор далд ажлын актуудыг тухайн үед нь үйлдэж баталгаажуулсан гэжээ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно, гэрээний 4.4-т гүйцэтгэгч нь 3 жилийн баталгаа гаргах ба баталгаат хугацаанаас хойш засвар үйлчилгээ хийлгэх талаар харилцан тохиролцож болно гэж заасан байна.

 

Хариуцагч тал оршин суугчдаас гомдол ирсэн гэх боловч нотолсон баримтгүй, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, баталгаат хугацаанаас хойш засвар үйлчилгээ хийлгэх талаар С ХХК-д санал хүсэлт гаргаагүй байна.

 

Харин С ХХК үл хөдлөх хөрөнгүүдийн холбогдох баримт бичиг, гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг хүсч 2018.01.15-ны өдрийн ....., 2019.08.14-ний өдрийн ..... дугаар албан тоотоор шаардлага, хүсэлтийг О ХХК-д удаа дараа хүргүүлж байсан, хариуцагч компани хариу өгөөгүй байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заасан байна.

Иймд С ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч бөгөөд 2016.03.21-ний өдрийн Агаар сэлгэлтийн систем, дүүргэлтийн блок худалдах, худалдан авах ба түүний угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол, ... гудамж ... хотхоны А блок ... давхар, .... тоот 60.75 м/кв 2 өрөө орон сууц, нэг авто зогсоолыг С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

О ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд тооцож тухайн орон сууцыг С ХХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгсөн атлаа иргэн .... 2017.11.30-ны өдрийн .... дугаар орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг байгуулж, уг орон сууцны нэг м/кв талбайн үнийг 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт үнэ 103,275,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр түүний өмчлөлд шилжүүлсэн нь буруу болжээ.

 

Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2020.05.01-ний өдрийн .... тоот албан бичиг, хавсаргасан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, .... хороолол, ... гудамж ... хотхоны ... байрны ...тоот 60.75 м/кв 2 өрөө орон сууц нь иргэн Г.А-ын өмчлөлд бүртгэлтэй байх боловч түүний өмчлөх эрх үүссэн үндэслэлийн талаар маргаантай байх тул өмчлөх эрхийн маргаантай гэж үзнэ.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна, 6.4Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж зааснаар С ХХК харьяа дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандах эрх нээлттэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол, ... гудамж ... хотхоны А блок ... давхар, ... тоот 60.75 м/кв 2 өрөө орон сууц, нэг авто зогсоолыг С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас1,038,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ