Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00470

 

 

  “СТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 00дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/02704 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “СТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ОК” ХХК-д холбогдох автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан хороолол, Д-ын гудамж ДД-хотхоны барилгын зүүн талын00 дугаартай автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг  даалгах шаардлага гаргасан. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн агаар сэлгэлтийн хэсгийн дүүргэлтийн блок болон угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т “1 автозогсоол /үнийн дүн 24,080,300 төгрөг/ шилжүүлж өгнө” гэж заасан. “СТг” ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн. Компанийн зүгээс уг автозогсоолыг “СТг” ХХК-ийн н.Загдзүсэмийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн. н.Загдзүсэм гэрээний дагуу хууль ёсны эзэмшигч нь болоод уг автозогсоолд машинаа тавьж байгаа. Автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч талд даалгаж өгнө үү гэжээ.

 

2.  Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга

Ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой үр дүн шаарддаг. Улсын комисс барилгыг хүлээж авсан боловч агааржуулалтын ажил доголдолгүй хийж өгсөн гэх баримтгүй. Тухайн компанийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байснаас оршин суугч гомдол гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой болгоод хариуцагчид байгаа эд хөрөнгийг тодорхой болгоод өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой. Гэтэл 40 ширхэг зогсоолын гэрчилгээ “ОК” ХХК-аас шалтгаалаад гараагүй биш. Газрын эрх эзэмшиж байгаа этгээд болон улсын комисс ажиллаж зарим хэсэгт нь маргаантай байгаа учраас гарахгүй байгаа. Нөгөөтэйгүүр үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үүсэж байгаа. Гэтэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй. “ОК” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахтай холбоотой баримт өгөх чиг үүрэггүй.  Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар “СТ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан хороолол, Д-ын гудамж ДД-хотхон барилгын зүүн талын00 тоот автозогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хариуцагчаас гаргуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг “ОК” ХХК-д даалгаж, хариуцагчаас 278,351 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал,00 дугаартай автозогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хариуцагчаас гаргуулсан боловч нэхэмжлэгч хууль зүйн ямар үндэслэлээр хариуцагчаас шаардах эрхтэй шаардах эрхтэй талаар огт дүгнээгүй.

Анхан шатны шүүх “...улсын бүртгэлд бүртгүүлэхийг “ОК” ХХК-д даалгаж...” гэсэн байх боловч ямар хэлбэрээр бүртгүүлэх, хэний нэр дээр бүртгүүлэх, ямар хуулийн аль зүйл заалтаар хариуцагч бүртгүүлэх үүрэгтэй болсон, уг нөхцөл байдлыг ямар хуулийн заалтын хүрээнд шаардах эрхтэй болсон талаар огт дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг шаардах эрхийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд нэхэмжлэгч төлбөрөө шаардаж шүүх түүнийг хангаж эсхүл хангахаас татгалзаж шийдвэрлэх учиртай. Харин баримт бичиг, тодорхой үйлдэл хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргаж байгаа тохиолдолд Иргэний хууль болон өөр хуулийн зүйл заалтын дагуу шаардаж, хариуцагч энэ талаар маргаж мэтгэлцэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

4.2.Нөгөө талаар нэхэмжлэгч шүүхэд “... ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн...” гэж тайлбарласан. Гэтэл бодит нөхцөл байдалд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажлын үр дүн доголдолтой байсан тул оршин суугчдаас удаа дараа гомдол гаргасан талаар хариуцагч тайлбарлаж шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байсан. Мөн сөрөг нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан.

4.3. Гомдлын шаарддага гаргах хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, гомдлын шаардлага гаргаж байсан эсэх нь шүүхээс тухайн маргааныг шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд тодорхойлох асуудал юм. Гэтэл шүүх хуралдааны явцад энэ талаар мэтгэлцээн явагдаагүй асуудлаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болго өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх автозогсоолын өмчлөгчөөр ямар нэгэн этгээд бүртгэгдсэн эсэхийг шалгахад хэн этгээд бүртгэгдээгүй байсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч 2 үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч нэгийг нь шилжүүлэн өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулав.

  1. Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч “СТ” ХХК нь хариуцагч “ОК” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан хороолол, Д-ын гудамж, ДД-хотхоны зүүн талын00 дугаартай автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “... нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан...” гэж маргасан.

1.б. Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Агаар сэлгэлтийн систем, дүүргэлтийн блок худалдах, худалдан авах ба түүний угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч “СТ” ХХК нь агаар сэлгэлтийн систем, 124 айлын орон сууцны 155 м.куб МАК-ын үйлдвэрийн дүүргэлтийн блокын хамт нийлүүлж, түүнийгээ Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан хороолол, Д-ын гудамж ДД-хотхоны орон сууцны барилгад тээвэрлэн хүргэх, угсарч, суурилуулах, захиалагч “ОК” ХХК нь ажлын хөлсөнд 175,955,300 төгрөгийн үнэ бүхий 60,75 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, нэг автозогсоолыг өгөхөөр тохиролцжээ. (1 хав-6-8х)

Иймд  зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

           

1.в. “СТ” ХХК нь дээрх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2017/52 дугаар акт, Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. (хх-ийн 14-16,102-103)

            Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд “... тус барилгын халаалт салхивчний угсралтын ажил зураг төслийн дагуу гүйцэтгэгдсэн. Халаалт болон салхивчний гүйцэтгэлийн ажил боломжийн сайн хийгдсэн...” гэж тусгагдсан, хариуцагч нь ажлын хөлсөнд төлөхөөр тохиролцсон орон сууц, автозогсоолын бодит эзэмшлийг шилжүүлсэн зэргээс үзэхэд  Иргэний хуулийн  346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч “ОК” ХХК ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлс төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч “СТ” ХХК-аас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “ОК” ХХК-д хүргүүлсэн албан бичгээр “... гэрээт ажлыг батлагдсан зургийн дагуу чанартай гүйцэтгэсэн... гэрээт ажлын үнэ 175,955,300 төгрөг буюу 60,75 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, нэг автозогсоолын хамт тооцож өгөхөөр тохиролцсон боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тул 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэж өгөх” талаар мэдэгдэж байсан (хх-27) боловч орон сууц, автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

1.г. Хариуцагч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан, оршин суугчдаас гомдол гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Түүнчлэн, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2017/52 дугаар акт, Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт гарснаас хойш буюу  ажил хүлээн авснаас хойш Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацаанд 3 жилийн хугацаанд гомдлын шаардлага гаргаж байсан гэх байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хариуцагч талын хүсэлт ач холбогдолгүй гэж үзсэн нь зөв байна.

Хариуцагч “ОК” ХХК нь нэхэмжлэгч “СТ” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд өгөхөөр тохиролцсон орон сууцны өмчлөх эрхийг  шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Харин автозогсоолын өмчлөх эрхийг  шилжүүлэн өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч “СТ” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ОК” ХХК-аас автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч “СТ” ХХК нь автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан байхад шүүх өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хариуцагч “ОК” ХХК-аас гаргуулж шийдвэрлэснийг залруулан өөрчлөх нь зүйтэй.

  1. Давж заалдах гомдлын талаар.

2.а. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, доголдлын талаар мэдэгдэж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй  гэх гомдол үндэслэлгүй.

2.б. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

3. Харин анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болсноос гадна шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр тусгасан алдааг залруулж өөрчлөлт оруулах боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 00дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/02704 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан хороолол, Д-ын гудамж ДД-хотхон барилгын зүүн талын00 тоот автозогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгч “СТ” ХХК-д шилжүүлэн өгөхийг хариуцагч “ОК” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 278,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                              ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН 

                                                                               Н.БАТЗОРИГ