Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/00337

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2021/00337 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш-т холбогдох,

 

Орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.04.13-ны өдрийн ... захирамжаар иргэн ... надаас 46.244.935 төгрөг гаргуулж Ф ХХК-д олгох тухай шийдвэр гарсан. Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Хан уул дүүргийн ... дугаар хороо, .... гудамж, ... дугаар байрны ... тоотод байрлах 54.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгөнд Н хүсэлтээр хийсэн Б. ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас аваагүй, харилцан тохиролцуулах ~алаар ажиллагаа хийлгүйгээр шууд хөндлөнгийн шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн байна. Гэтэл дээрх шинжээчээр томилогдсон Б ХХК-ийн орон сууцанд хийсэн үнэлгээ нь уг орон сууцны үнэ ханшийг бодитоор судалж үзэлгүйгээр хийснээс зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлгээ хийж, миний үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэнд гомдолтой. Б ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан, үнэлгээ хийсэн аргачлал зэрэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэж байна.

Иймд Хан уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1320.04.13-ны өдрийн ... дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд иргэн Л.О миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод байрлах 54.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн Б ХХК-ийн 2020.09.07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа, хуульд заасан харьяаллын дагуу шүүхэд гомдлоо гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.04.13-ны өдрийн ... дугаар захирамжаар Л.О-аас 46.244.935 төгрөгийг гаргуулж Ф ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн ... дугаартай, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, .... дугаар байрны ... тоот хаягт байршилтай 54.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020.05.25-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн .... тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Л.О-т шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Л.О-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар байрны ... тоот хаягт байршилтай 54.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг 2020.08.18-ны өдөр ... дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.08.25-ны өдрийн .... дугаар тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр авагч Ф ХХК-иас хураагдсан хөрөнгөд шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2020.08.31-ний өдрийн ... дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Б ХХК нь 92.386.800 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020.09.09-ний өдрийн ... дугаар албан бичгээр төлбөр төлөгч Л.О-т мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хийгдсэн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ зээлийг нэхэмжлэгчийн ах нь авч хэрэглэсэн гэдэг, байр нь зарагдахдаа хүрвэл ах нь төлөх чадвартай хүн байгаа гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Л.О-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч 2020.09.11-ний өдрийн нэхэмжлэлдээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчсөн, энэ дарааллын дагуу ажиллагааг явуулаагүй, хөрөнгийг үнэлгээний тайлан, үнэлгээ хийсэн аргачлал зэрэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн байна.

 

Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд Ф ХХК, Л.Д нарын хоорондын зээлийн гэрээний үүрэгт 46,229,935,48 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаанд Хан-Уул дүүрэг дэх Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2020.03.25-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тус шүүхийн 2020.04.13-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж гарсан байна.

 

Дээрх шүүгчийн захирамж болон 2020.05.12-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Л.О-т холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020.05.25-ны өдрийн ..... дүгээр тогтоол гарсан, улмаар төлбөр төлөгч Л.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод байрлах 54.7 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.18-ны өдрийн ..... дугаар тогтоол, мөн 2020.08.23-ны өдрийн .....тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол тус тус гарч төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

Төлбөр төлөгч Л.О нь тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 240.000.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулах саналыг 2020.08.27-ны өдөр ирүүлсэн, төлбөр авагч Ф ХХК шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтэй буйгаа 2019.11.20-ны өдөр бичгээр ирүүлжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.31-ний өдрийн .... дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Б ХХК-ийг томилсон, түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгийг 92,386,800 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг тайлангийн хамт төлбөр төлөгчид 2020.09.09-нд хүргүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно.

 

Төлбөр төлөгч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.13-ны өдрийн ... дугаар шийдвэртэй иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 2020.09.30-ны өдрийн .... дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.О нь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад 2021.01.22-ны өдөр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Б ХХК-ийн 2020.09.07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Л.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн ..... дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ