Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00700

 

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00700

 

 

Л.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00337 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГ-т холбогдох орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/Ш32020/05062 захирамжаар 46 244 935 төгрөгийг Файнэншил трипл групп ББСБ ХХК-д төлөхөөр болсон. Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоотод байршилтай, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017337 дугаарт бүртгэлтэй, 54,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг НШШГ- Баян модот ХХК-аар тогтоолгосныг зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас аваагүй, харилцан тохиролцуулах талаар ажиллагаа хийхгүйгээр шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Гэтэл Баян модот ХХК нь уг орон сууцны үнэ ханшийг бодитоор судалж үзэлгүйгээр зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн. Баян модот ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан, үнэлгээ хийсэн аргачлал зэрэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоотод байрлах 54,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн Баян модот ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/05062 дугаар захирамжаар Л.О-аас 46 244 935 төгрөгийг гаргуулж Файнэншил трипл групп ББСБ ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2206017337 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоот хаягт байршилтай 54,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20290741 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Л.О-т шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоот хаягт байршилтай төлбөр төлөгч Л.О-ын өмчлөлийн 54,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20290741/02 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн өдрийн 20290741/04 дугаар тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр авагч Файнэншил трипл групп ББСБ ХХК шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8/392 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Баян модот ХХК нь 92 386 800 төгрөгөөр үнэлсэн талаар 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4-179/32403 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Л.О-т мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Файнэншил трипл групп ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГ-т холбогдох Баян модот ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Л.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.О- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоот хаягт байршилтай төлбөр төлөгч Л.О-ын өмчлөлийн 54,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг НШШГ- хураах ажиллагааг хийж, тус хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхэд 92 386 800 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Учир нь тус хөрөнгө нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ, цэнэ нь өсөх үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд зах зээлийн үнэ нь 100 000 000 төгрөгөөс 120 000 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа тул хэт бага үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоотод байрлах 54,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 92 386 800 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байгааг шүүх харгалзан үзээгүй. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцуулах талаар ажиллагаа хийлгүйгээр шинжээч томилсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч НШШГ-т холбогдуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 67 дугаар байр, 33 тоот хаягт байрлах, 54,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 92 386 800 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан.

Нэхэмжлэгч нь шинжээч уг орон сууцны үнэ ханшийг бодитойгоор судлаж үзэхгүйгээр зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлсэн, мөн үнэлгээний тайлан, аргачлал нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэснийг үндэслэл болгожээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2020/05062 дугаар захирамжаар Л.О- нь 46 229 935 төгрөгийг Файнэншил трипл групп ББСБ ХХК-д төлөх, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 67 дугаар байр, 33 тоот хаягт байрлах 54,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрлэснийг баталсан байна. /хх-36-37/

Төлбөр төлөгч Л.О- нь дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2020/06846 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, мөн өдрийн 183/ГХ2020/00480 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасыг үндэслэн НШШГ- шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-35,38-39/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 20290741 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 67 дугаар байр, 33 тоот хаягт байрлах Л.О-ын өмчлөлийн 54,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20290741 дугаар тогтоолоор хураасан. /хх-40-47/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Л.О- үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 240 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлсэн боловч төлбөр авагч Файнэншил трипл групп ББСБ ХХК шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8/392 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн. /хх-47-78, 49/

Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 67 дугаар байр, 33 тоот хаягт байрлах Л.О-ын өмчлөлийн 54,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийхдээ, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу орлогын болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэжээ.

Тухайн орон сууцыг түүнтэй ойролцоо хугацаанд ашиглалтад орсон, ижил хийцтэй, үнэлгээ хийж буй орон сууц болох Хан-Уул дүүрэг, Улаанбаатар сувилал, мөн дүүргийн 115 дугаар сургуулийн ойролцоо байрлах 2 өрөө орон сууцтай харьцуулан үзэж, орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 92 386 800 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-54-63/

Хариуцагч НШШГ- Баян модот ХХК-ийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн, нэхэмжлэгч Л.О- нь мөн хуулийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гомдлоо гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч Л.О- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй бөгөөд уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Мөн төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллгаа явуулахад саад болохгүй юм.

Дээр дурдсан үнэдэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.БАЙГАЛМАА