Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/00362

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2021/00362 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д ХХК -д холбогдох,

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч З.А, нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2020 оны 1 дүгээр сард ажилд ороод 2020.10.28-ны өдөр хуульчийн сонгон шалгаруулалт зарлагдаж 3 хоногийн чөлөө хүсч чөлөө дуусаад 2020.11.01-нд ажилдаа ирэхэд шинээр ажилд хүн авч миний ширээг авч тухайн хүнд өгсөн байсан. Надад ямар ч ажиллах орчин бүрдүүлэлгүй процессорыг хүртэл авсан. Тухайн үед захирлаас асуухад чамд ажиллах шаардлага байхгүй учир яв гэсэн. Тэгээд би 2 хоног ажилдаа очилгүй байж байгаад ирэхэд .... тоот дугаартай гүйцэтгэх захирлын тушаалыг танилцуулсан. Миний бие захирлыг өөрийн дураар цар тахалаар шалтаглаж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа. Би хөл хорио тогтоох хүртэл хугацаанд ажилласан. 2020.12.03-ны өдөр нягтлангаар дамжуулан цахим шуудангаар 2020.11.30-ны өдрийн ... дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай тушаалыг авсан. Тушаалд ковид-19 цар тахалтай холбоотойгоор компанийн үйл ажиллагаа суларч 2021 оны эдийн засаг ямар түвшинд байх нь тодорхой бус байгаа учир компанийн гүйцэтгэх захиралын зүгээс тухайн орон тоог цомхотгож, ерөнхий менежерт давхар хариуцуулахаар шийдвэрлэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлахыг тусгасан. Мэдэгдэл гардуулахад компанийн үйл ажиллагаа хямралгүй, хэвийн явагдаж байсан бөгөөд тухайн үед компани агуулах буюу show room нээж, нэмж 2 ажлын орон тоо гаргаж 2 хүн ажилд авсан. Мөн тухайн үед цар тахалыг Монгол улс дотооддоо алдаагүй байсан. Гүйцэтгэх захирал М намайг орон тооны цомхотголоор ажлаас халах мэдэгдэл гардуулахаас өмнө өөрийн цахим хаягаараа хуульч ажилд авна гэсэн зарыг нийтлэсэн байдаг. Намайг албан ёсны чөлөөтөй байх хугацаанд мэдэгдэлгүй миний ширээг өөр хүнд өгсөн талаар маргасны улмаас миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан. Тийм учир нэхэмжлэлийг гаргасан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн үндэслэлүүд нь сандал ширээ авсан сольсон гэх боловч нотолсон баримт байхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь захиралтай маргасан гэх маргаан нь ажлаас халахад нь нөлөөлсөн эсэхийг нотолж чадахгүй байна. Компанийн үйл ажиллагаа хэвийн байсан гэдгийн нотолсон баримт байхгүй, 2 ажлын байр нэмсэн гэдэг нь албан ёсны баримтаар тогтоогдохгүй байна. Харин ч эсрэгээрээ 2 орон тоог цомхотгосон нь харагдаж байна. Хуульч ажилд авна гэсэн зар тавьсан гэж байна. Үүнд дүгнэлт хийхэд тухайн зарыг хариуцагч компанийн захирал нийтлэсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Мөн компанийн менежерт хуульчийн ажлыг давхар хариуцуулсан гэж тайлбарласан нь нэхэмжлэгч өөрөө дахин хүн ажилд аваагүй гэдгийг нотолж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Г.Угийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн шаардлагыг Д ХХК-д холбогдуулан гаргасан, хариуцагч тал ...ажилчдын орон тоог цөөрүүлсэн, энэ орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.У нь Д ХХК-ийн захирлын 2020.01.27-ны өдрийн .... дугаар Ажилд авсан тухай тушаалаар хуульч албан тушаалд ажиллаж байсан, 2 сарын туршилтын хугацаагаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2020.04.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, туршилын хугацаа дууссан тул үндсэн ажилтан болсоноор хуульч албан тушаалд томилогдсон байна.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, компанийн дотоод журам болон бусад журамд заасан үндэслэлээр гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр дуусгавар болгохоор гэрээний 14-т заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

Д ХХК-ийн 2020.11.30-ны өдрийн ... дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай захирлын тушаалаар Г.У-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.11.30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Компанийн дотоод журмын 6.2.1 дэх хэсгийг, тус компанийн 2020.11.02-ны өдрийн гүйцэтгэх захирлын .... тоот мэдэгдэлийг дээрх тушаалын үндэслэл болгосон байх бөгөөд Д ХХК-ийн 2020.11.02-ны өдрийн ... дугаартай Орон тооны цомхотгол хийх тухай гэх захирлын тушаалаар хуульч албан тушаалтай Г.У-гийн орон тоо хасагдаж байгааг тухайн өдөр бичгээр мэдэгдсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгодог бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.

 

Иймд Д ХХК-ийн хуульч албан тушаалын орон тоо хасагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д зааснаар Г.У-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажилтанд нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор тус тус заажээ.

 

Д ХХК-ийн 2020.12.01-ний өдрийн 49/20 дугаар Тэтгэмж олгох тухай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Компанийн дотоод журмын 8.1.5 дахь заалтыг үндэслэн нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1,300,000 төгрөгийн тэтгэмжийг Г.У-д олгосон байна.

 

Иймд Г.У-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан Д ХХК-ийн захирлын 2020.11.30-ны өдрийн 47/20 дугаартай тушаалыг хуулийн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Д ХХК-ийн 2 орон тоо хасагдсан гэх хариуцагчийн тайлбар нь тус компанид ажиллаж буй даатгуулагчдийн 2020 оны 12 сарын, 2021 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангаар тогтоогдсон, харин хариуцагч талын ...хуульч ажилд авах тухай зар болон түүнийг нийтэлсэн өдөр, баримтжуулсан дэлгэцийн зураг авсан гэх өөрийн гар утсанд хийлгэсэн үзлэг нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсонгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Г.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ