Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00705

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00705

 

 

 

 

Г.У-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/00362 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.У-н нэхэмжлэлтэй хариуцагч ДХ ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, түүний өмгөөлөгч Г.Нямжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2020 оны 1 дүгээр сард ажилд ороод 2020.10.28-ны өдөр хуульчийн сонгон шалгаруулалт зарлагдаж 3 хоногийн чөлөө хүсч чөлөө дуусаад 2020.11.01-ний өдөр ажилдаа ирэхэд шинээр ажилд хүн авч миний ширээг авч тухайн хүнд өгсөн байсан. Надад ямар ч ажиллах орчин бүрдүүлэлгүй процессорыг хүртэл авсан. Тухайн үед захирлаас асуухад чамд ажиллах шаардлага байхгүй учир яв гэсэн. Би 2 хоног ажилдаа очилгүй байж байгаад ирэхэд 4320 тоот дугаартай гүйцэтгэх захирлын тушаалыг танилцуулсан. Миний бие захирлыг өөрийн дураар цар тахлаар шалтаглаж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа. Би хөл хорио тогтоох хүртэл хугацаанд ажилласан. 2020.12.03-ны өдөр нягтлангаар дамжуулан цахим шуудангаар 2020.11.30-ны өдрийн 4720 дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай тушаалыг авсан. Тушаалд Ковид-19 цар тахалтай холбоотойгоор компанийн үйл ажиллагаа суларч 2021 оны эдийн засаг ямар түвшинд байх нь тодорхой бус байгаа учир компанийн гүйцэтгэх захирлын зүгээс тухайн орон тоог цомхотгож, ерөнхий менежерт давхар хариуцуулахаар шийдвэрлэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлахыг тусгасан. Мэдэгдэл гардуулахад компанийн үйл ажиллагаа хямралгүй, хэвийн явагдаж байсан бөгөөд тухайн үед компани агуулах буюу шоу рүүм нээж, нэмж 2 ажлын орон тоо гаргаж 2 хүн ажилд авсан. Мөн тухайн үед цар тахалыг Монгол улс дотооддоо алдаагүй байсан. Гүйцэтгэх захирал н.М намайг орон тооны цомхотголоор ажлаас халах мэдэгдэл гардуулахаас өмнө өөрийн цахим хаягаараа хуульч ажилд авна гэсэн зарыг нийтэлсэн. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлүүд нь сандал ширээ авсан сольсон гэх боловч нотолсон баримт байхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь захиралтай маргасан гэх маргаан нь ажлаас халахад нөлөөлсөн эсэхийг нотолж чадахгүй байна. Компанийн үйл ажиллагаа хэвийн байсан гэдгийг нотолсон баримт байхгүй, 2 ажлын байр нэмсэн гэдэг нь мөн албан ёсны баримтаар тогтоогдооггүй. Харин ч 2 орон тоо цомхотгосон. Хуульч ажилд авна гэсэн зар тавьсан тухайд зарыг хариуцагч компанийн захирал нийтлэсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Мөн компанийн менежерт хуульчийн ажлыг давхар хариуцуулсан гэж тайлбарласан нь нэхэмжлэгч өөрөө дахин хүн ажилд аваагүй гэдгийг нотолж байна. Нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ДХ ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Г.У-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2020.11.2-ны өдрийн ДХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын №43/20 тоот Орон тооны цомхотгол хийх тухай тушаалыг Г.Уд гардуулсан байдаг. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал Ц.н.М нь 2020.10.31-ний өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа Хуульч ажилд шалгаруулж авна. Мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан туршлагатай байх. Цалин хангамж боломжийн сайн олгоно. Улаанбаатар хотод ажиллана. 7707-3344 гэсэн ажлын зар нийтэлсэн. Орны хүнийг ажилд шалгаруулж авна гэсэн зар нийтэлнэ гэдэг нь орон тоо хасагдсан гэж тайлбарлагдах үндэсгүй, шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцээгүй. Үүнээс харахад 2020.10.31-ний өдөр ажлын зар нийтэлсэн, 2020.11.2-ны өдөр Орон тооны цомхотхол хийх тухай тушаалыг гардуулсан ба хариуцагч ДХ ХХК-д эдийн засаг, санхүүгийн тодорхойгүй байдал үүссэний улмаас орон тоо цомхотгосон гэж харагдахгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед компанийн гүйцэтгэх захирлын нийтэлсэн ажлын зарын зургийг rap утсандаа авч хадгалсан байдаг бөгөөд шүүхэд гар утсандаа үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргаж үзлэг хийлгэсэн. Шүүхээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч ДХ ХХК-д холбогдуулан тус компанийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч орон тоо хасагдсан гэж маргажээ./хх 1-3, 39/

Нэхэмжлэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ДХ ХХК-ийн хуульчийн албан тушаалд 2 сарын туршилтын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр сарын 1 200 000 төгрөгийн цалинтай үндсэн ажилтнаар томилогдсон үйл баримт талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээгээр нотлогдсон./хх 9/

Мөн нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр компанийн ерөнхий нягтлан бодогч Д.Мөнчанар мэдэгдэл гарсан ирж ав гэсний дагуу очиж автал 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43/20 тоот Орон тооны цомхотгол хийх тухай гүйцэтгэх захирлын тушаал гардуулсан гэх тайлбарыг хариуцагч компанийн төлөөлөгч няцаагүй. /хх 13/

Түүнчлэн, нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хөл хорио тогтоох өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр нягтлан бодогчоос цахим шуудангаар 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 47/20 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаалыг илгээсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Энэ үйл баримт ДХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 47/20 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын эх хувиар нотлогджээ./хх 33/

Хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тушаал буюу мэдэгдэлд хуульч албан тушаалтай Гарьд овогтой Урангоод орон тоо хасагдаж буйг бичгээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэж байна гэжээ./хх 13/

Хэрэгт ДХ ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 49/20 тоот тэтгэмж олгох тухай гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Компаний дотоод журмын 8.1.5 дахь заалтыг үндэслэн нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 300 000 төгрөгийн тэтгэмжийг Г.Уд олгосон үйл баримт тогтоогджээ. /хх 34/

Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан, орон тоо бодитойгоор хасагдаагүй гэж маргаж байна. Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үндэслэлгүй дүгнэжээ./хх 63/

Хариуцагч байгууллагын хувьд хуульчийн орон тоо хасагдсан гэх тайлбараа нотолж мэдэгдэл өгсөн баримтыг гаргасан боловч мэдэгдлийг нэхэмжлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгч, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан.

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна гэжээ.

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох хэдий ч хуулиар тогтоосон хугацааг ажил олгогч баримтлах үүрэгтэй юм.

 

Ажилтанд орон тоо хасагдах тухай мэдэгдсэн өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нэг сарын хугацаа дуусаагүй, буюу нэг сарын хугацаанаас өмнө тушаал гаргасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын хураамж төлөхөд цалин хөлс тогтоосон баримт зэргийг харьцуулан үзвэл 1 000 000 төгрөгийн дундаж цалин хөлсийг тогтоосон байна.

Иймд цалин хөлсний хэмжээг сарын 1 000 000 төгрөгөөр тооцож 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 5 сарын хугацааны буюу 5 000 000 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Уг шийдвэр нь хуульд заасан зохих журмын дагуу өмнө нь олгосон тэтгэмжийн талаар хариуцагч байгууллага нэхэмжлэгчээс шаардах эрхийг хөндөхгүй бөгөөд зөвхөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гаргасан тушаалтай холбоотой үр дагаврыг шийдвэрлэв. Энэхүү шийдвэр нь хариуцагч байгуулагын хувьд цаашид хуульд заасан журмын дагуу шийдвэрээ гаргах эрхийг хаагаагүй болно.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх учиртай. Нэхэмжлэгч хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй гэж тайлбарласан байх бөгөөд ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан магадлал гаргах эрхтэй юм. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/00362 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Уг хариуцагч ДХ ХХК-ийн хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн найруулж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД