Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/00408

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2021/00408 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн гомдолтой,

 

Хариуцагч: Н-т холбогдох,

 

...Т ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд 2017.09.12-ны өдрийн ... тоот албан бичгээр тавьсан хориг арга арга хэмжээг хүчингүй болгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б ХХК нь Т ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч компани юм. Үлдсэн 60 хувийг 30, 30 хувиар Бүгд найрамдах Хятад улсын бүртгэлтэй хоёр компани эзэмшдэг. Уг компаниудын хооронд харилцан тохиролцооны дагуу үйл ажиллагаа явуулах, гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх, компанийн удирдлагын 30, 30 хувийг эзэмшдэг, томилогдсон хүмүүс ажилладаг байсан. 2011 оноос уг компанийн удирдлагууд компанийг өр төлбөрт оруулж, алдагдалтай ажилласан. Үүнээс үүдэлтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа хэрэг нь хувьцаа эзэмшигч нарын эрх ашигт нөлөөлж байна гэх үүднээс гомдол гаргаж байна. Н-т холбогдох хориг арга хэмжээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8.1.4-т зааснаар буюу хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Уг арга хэмжээ нь хууль тогтоомжид заагаагүй ажиллагаа явагдаж байгаа учир хууль зөрчиж байна гэж үзэж байна. Мөн Компанийн тухай хуулийн 9.1-д компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа нийт хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Мөн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12.1-т шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэгчээс авч хэрэгжүүлсэн албан бичиг нь уг агуулгын шаардлагыг хангахгүй байна. Тийм учир хориг арга хэмжээг цуцлуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай зүгээс төлбөр төлөгч Т ХХК нь огт төлбөр төлөөгүй гэж үзэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Компанийн нэр дээр бүртгэлтэй үл эд хөрөнгийг битүүмжлэх болон хураан авч албадан дуудлага худалдаанд оруулсан зүйл байхгүй. Зөвхөн хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсан байгаа. Өөр тайлбар байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Б ХХК-ийн гаргасан гомдолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Б ХХК шүүхэд гаргасан гомдолдоо ...Т ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд 2017.09.12-ны өдрийн ... тоот албан бичгээр тавьсан хориг арга арга хэмжээг хүчингүй болгох-ыг хүссэн байна.

 

Дээрх гомдолыг гаргах үндэслэлээ ...Т ХХК-ийг БНХАУ-ын нэр бүхий 2 компанитай 2006 онд хамтран байгуулсан, Б ХХК 40 хувийг, үлдэх хувийг дээрх 2 компани 30,30 хувиар эзэмшдэг, өр төлбөр бий болоход оролцоогүй, тус компанид мэдэгдээгүй гэж тайлбарлажээ.

 

Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд Б ХХК нь 40 хувийн хувьцаа эзэмшигчээр 2009.03.12-нд бүртгэгдсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2017.09.12-ны өдрийн ... тоотоор хориг тавьсаныг 2019.09.09-ний өдөр бүртгэсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Т ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж ХХК-д маргаангүй бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2011.05.30-ны өдрийн .... дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан, тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.09.12-ны өдрийн ... тоот албан бичгээр шүүхийн шийдвэрээр төлбөртэй хуулийн этгээдийн хаяг, регистр, харилцах данс, үүсгэн байгуулагчдын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гарган, хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьж хариу ирүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт мэдэгдсэн байх бөгөөд нэр бүхий 3 хуулийн этгээдийн дотор Т ХХК орсон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно, 44.2Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна, 44.2.2иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах, 44.2.14.төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.09.12-ны өдрийн ... тоот албан бичгээр мэдээлэл шаардсан болон хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсан арга хэмжээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн байх тул шүүх дээрх арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Б ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг Шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан байх бөгөөд тус албаны 2020.07.16-ны өдрийн ....  дугаартай Өргөдөлд хариу өгөх тухай албан бичигт ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.14-т зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, мөн хуулийн 27.2.6-д зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11/13-51 дүгээр тогтоолоор холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг, түүнчлэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Б ХХК-ийн эрх хөндөгдсөн гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.5-д заасны дагуу гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэхийг тус тус мэдэгджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж заажээ.

 

Төлбөр авагч Ж ХХК, төлбөр төлөгч Т ХХК-ийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээний маргаанд Б ХХК нь бие даасан шаардлага гаргасан эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон эсэх нь тогтоогдоогүй, компанийн эрх ашиг нь хэрхэн зөрчигдсөн талаар нотолсон баримтгүй, тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд биш байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан гомдол гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.2.14-т зааснаар Н-т холбогдох Т ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд 2017.09.12-ны өдрийн ... тоот албан бичгээр тавьсан хориг арга арга хэмжээг хүчингүй болгох-ыг хүссэн Б ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ