Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00671

 

 

 

 

 

 

 

 

 

“ББТМ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 183/ШШ2021/00408 дугаар шийдвэртэй “ББТМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/22273 тоот албан бичгээр тавьсан хориг арга хэмжээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ББТМ” ХХК нь “Т” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч компани юм. Үлдсэн 60 хувийг 30, 30 хувиар Бүгд найрамдах Хятад ард улсын бүртгэлтэй хоёр компани эзэмшдэг.

Уг компаниудын хооронд харилцан тохиролцооны дагуу үйл ажиллагаа явуулах, гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх, компанийн удирдлагын 30, 30 хувийг эзэмшдэг компаниас томилогдсон хүмүүс ажилладаг байсан. 2011 оноос уг компанийн удирдлагууд компанийг өр төлбөрт оруулж, алдагдалтай ажилласан. Үүнээс үүдэлтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа хэрэг нь хувьцаа эзэмшигч нарын эрх ашигт нөлөөлж байна гэх үүднээс гомдол гаргаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хориг арга хэмжээ нь хууль тогтоомжид заагаагүй ажиллагаа явагдаж байгаа учир хууль зөрчиж байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэгчээс авч хэрэгжүүлсэн албан бичиг нь уг агуулгын шаардлагыг хангахгүй байна. Тийм учир хориг арга хэмжээг цуцлуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь төлбөр төлөөгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Компанийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч албадан дуудлага худалдаанд оруулсан зүйл байхгүй. Зөвхөн хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсан гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.2.14-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Т ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд 2017.09.12-ны өдрийн 3/22273 тоот албан бичгээр тавьсан хориг арга хэмжээг хүчингүй болгохыг хүссэн “ББТМ” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Анхан шатны шүүх “Төлбөр авагч “ЖЯШ” ХХК, төлбөр төлөгч “Т” ХХК-ийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээний маргаанд “ББТМ” ХХК нь бие даасан шаардлага гаргасан эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон эсэх нь тогтоогдоогүй, компанийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн талаар нотолсон баримтгүй, тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд биш байх тул гомдол гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй болно” гэсэн дүгнэлт хийснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гуравдагч этгээд гэдгийг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаанд оролцсон гуравдагч этгээд гэдгээр тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд гэдэг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд хэн ч байж болохоор зохицуулагдсан байх бөгөөд тухайн гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой бие даасан шаардлага гаргасан эсэхээс хамааран бие даасан шаардлага гаргасан, гаргаагүй гэж эрх зүйн статус нь тодорхойлогдохоор зохицуулалтыг агуулсан байна.

“ББТМ” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд болон шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Т” ХХК-ийг төлөөлөөгүй бөгөөд гагцхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн хориг арга хэмжээ нь хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэн шүүхэд хандсан.

Шийдвэр гүйцэтгэгчийн “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/22273 тоот албан бичгээр хориг арга хэмжээ тавьсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасанд нийцнэ гэж дүгнэсэн нь буруу.

Шийдвэр гүйцэтгэгчийн 3/22273 тоот албан бичиг нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй тухай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зохицуулалтаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн агуулгын хувьд компанийн хуулийн этгээдийн бүртгэлд хориг арга хэмжээ авч байгаа буюу компанийн хөдөлгөөнийг зогсоож байгаа үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар зохицуулсан бөгөөд уг бүлэгт хуулийн этгээдийн хувьцааны шилжилт хөдөлгөөн, гүйцэтгэх захирлыг солих, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгөө өөрчлөх, зэрэг хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар тусгаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасан төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэсэн ерөнхий заалтын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасантай нийцэхгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчимд нийцээгүй. Хариуцагч талын зүгээс өөрийн татгалзал түүний үндэслэлийн талаар шүүхэд тайлбар гаргаагүй, татгалзлаа нотлох үйл баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн тайлбар, асуултад үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ББТМ” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/22273 тоот албан бичгээр тавьсан хориг арга хэмжээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 744 дугаар захирамжаар “Т” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 500 000 000 төгрөг гаргуулж “ЖЯШ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

“Т” ХХК нь 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдсан, 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “ББТМ” ХХК тус компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн нь улсын бүртгэлийн газрын лавлагаагаар тогтоогдсон.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/22273 тоот албан бичгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлсэн, уг албан бичигт Тунсинь” ХХК-ийн бүртгэлд хориг тавьж хариу ирүүлэхийг хүссэн байна.

 

“ББТМ” ХХК-ийн улсын бүртгэлд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хориг тавьсан тэмдэглэлийг үйлджээ. /хх10/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т “төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх” арга хэмжээ авсныг буруутгах боломжгүй.

Уг ажиллагаа нь компанийн үйл ажиллагааг зогсоогоогүй, Компанийн тухай хууль болон Иргэний хуульд заасан компанийн хувьцаа эзэмшигчийн эрхэд нөлөөлөхгүй юм. Хуулийн этгээдийн чадамжийг улсын бүртгэлээр тодорхойлдог тул сайн дурын үндсэн дээр компанийг татан буулгах боломжийг хязгаарлахад чиглэгдсэн шийдвэр гүйцэтгэх газрын арга хэмжээ хуулиар зөвшөөрөгдсөн. Компанийн хувьцааны шилжилт хөдөлгөөн, гүйцэтгэх захирлыг солих, үйл ажиллагааны чиглэл өөрчлөх хориглолтод нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй тул компанийн бүртгэлийн хориг арга хэмжээг хүчингүй болгох боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 183/ШШ2021/00408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “44 дүгээр зүйлийн 44.2, 44.2.14-т” гэснийг “122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

                                          ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА