Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2021/01256

 

 

 

 

 

   2021 оны 05 сарын 18 өдөр

    Дугаар 102/ШШ2021/01256

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байрны .... тоотод оршин суух  Боржигон овогт Батсанаагийн Энхмаагийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Замчдын гудамж, Нутгийн удирдлагын ордон,*******нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад                     

 

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранмандах, А.Уранбилэг, Г.Насанжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний бие 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 4 дүгээр хороог хариуцсан зохион байгуулагчаар ажилд орсон.

        Ажил үүргийн тодорхойлолтын дагуу хагас жил, бүтэн жилд хэвийн урамшуулал авч ажилладаг байсан. 2020 оны сонгуулийн үр дүнгээр удирдлага солигдсоны улмаас ажлаас гар гэх шаардлага тавьж эхэлсэн.

        Ажлаа хүлээлгэж өгөх юм бол 1 сарын тэтгэмж өгнө, иймд өөрийн хүсэлтээр ажлаас гар гэж хэлсэн. Түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй.

       2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудаж шалгалт авсан.

       Энэ шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч байна уу? гэхээр нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг өргөдлийг гараар бичиж өгсөн.

       Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажил хүлээж авах зүйлс гэнэт болсон. Ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй мөн би ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, миний ажлыг шалгасан зүйлгүй, надад ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй тул намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай “Тогтоол”-оор Хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан.

          Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоохоор Ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаартай “Тушаал”-аар ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ‘'Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай” А/09 дугаартай “Тушаал”-аар комиссын бүрэлдэхүүнийг баталсан.

           Комиссын бүрэлдэхүүн журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулан ажилласан.

          Энэ нь Улсын Дээд Шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар “Тогтоол”-ын 15 дугаар зүйлийн 15.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох болон аттестатчиллын комисс, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарласны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй.

        Шалгалтаар ******* 45 хувь буюу “тэнцээгүй” гэсэн үнэлгээ авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээ”-г дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн.

        Тус шалгалт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад танхимд шалгалтын материалыг засаж, дүнг танилцуулсан.

         Үүнээс хойш нэг сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна.

        Сонсох ажиллагаа буюу мэдэгдэх ажиллагаа хийгдсэн. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүйн тухайд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны А/138 дугаартай Захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь хэсэгт зааснаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж дүгнэх, үнэлгээнээс хамаарч “хангалтгүй” үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан.

        *******гийн тухайд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн үнэлэлт ирүүлсэн бөгөөд уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон.

        “Хөдөлмөрийн гэрээ”-нд заасан гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн тухайд Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь албан хаагчийн Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилт явц, үр дүн, чанарын талаар зохих үнэлэлт дүгнэлт өгч, урамшуулах, арга хэмжээ тооцох эрхтэй бөгөөд 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх хэсэгт заасан ажилтан өөрийн хариуцан хийж буй ажил үүргээ мэргэжил, ур чадвар, зохих чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн учраас *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уранбилэг, Г.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           С.Уранмандахын тайлбарыг дэмжиж байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч *******, хариуцагч*******нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна. 

        

         Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

       

         Нэхэмжлэгч *******, ажил олгогчийн хооронд тодорхой нөхцөл зааж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр*******ны 4 дүгээр хорооны Иргэний танхим хариуцсан зохион байгуулагчийн ажилд томилон, ТҮ-5-1 ангиллын цалинтай ажиллуулахаар харилцан тохиролцож, ажилласан талаар зохигчид маргахгүй байна.

 

         Хариуцагч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаартай “Тушаал”-аар нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн “хангалтгүй” үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 130 дугаар зүйлийн 130.2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.5, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7.10, 6 дугаар зүйлийн 6.3, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлан, ажлаас чөлөөлжээ.

 

        Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай Хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах “Тогтоол”-оор Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрмийн  1 дүгээрт: Зохион байгуулалтын бүтэц, орон тоог 2 дугаар хавсралтаар баталж, батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хүрээнд ажилтан албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж томилох, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргалд үүрэг болгосон байна.

       Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлд Захиргаа нь албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих, ажилтан өөрийн хувийн хэрэг болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн үнэлгээ зэрэгтэй танилцаж шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ баяжилт хийх, гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн үнэлгээнд нэмэлт тайлбар хийх, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд “хангалтгүй” үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, 9 дүгээр зүйлд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг ажлын албаны хэмжээнд Захиргаа, хуулийн хэлтэс, хэлтэс, ажилтан албан хаагчдын хувьд ёс зүйн хороо хариуцан хэрэгжүүлэхээр зааж, илэрсэн зөрчлийг арилгах, байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй шуурхай байдлыг хангахдаа журам болон холбогдох бусад дүрэм, журмыг удирдлага болгохоор зааж, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Ажлын албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах эрхтэй байна.

 

       Шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэлийн талаар “нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж дүгнэх, үнэлгээнээс хамаарч “хангалтгүй” үнэлгээ авсан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, хариуцан хийж байгаа ажлаа мэргэжил, ур чадварын зохих чанар, стандарт шаардлагын дагуу хийж чадаагүй,

 

       Нэхэмжлэгч “бидний ажлыг дүгнээгүй, ганцхан шалгалт авсан. Би ажлаа сайн хийсэн учраас цалингийн урамшуулал авсан нь баримтаар нотлогдоно” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

        Зохигчдын тайлбар, бичгийн баримтуудаас үзэхэд, хариуцагч байгууллага нэхэмжлэгчээс мэдлэг ур чадварыг шалгасан шалгалтыг авсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг яаж шаардсан, мэргэжил ур чадвар, албан тушаалдаа тэнцэхгүйг шалгалтаас гадна ажлын ямар үзүүлэлтээр шалгаж тогтоогдсон, удирдлагаас өгсөн үүрэг чиглэл, шаардлага тавьснаас биелэгдээгүй ажил болон даалгаврын хэрэгжилт, улирлын ажлын үр дүнг тооцож дүгнэсэн нь тодорхойгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан хариуцагчийн төлөөлөгч нар дээрх үйлдлийг нотлох баримтуудаар үгүйсгэж, няцааж чадахгүй байна.

 

       Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог.   

 

        Тэрээр хариуцагч байгууллага “нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ архивт байхгүй, олдохгүй байгаа”, нэхэмжлэгч “надад гэрээ өгөөгүй боловч байгууллагын жишиг гэрээг баримтаар шүүхэд өгсөн” гэсэн тайлбараар,    

        Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан иргэнтэй ”Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй ба ажил олгогч хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлээгүйд ажилтан буруугүй бөгөөд хэрвээ ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байсан бол тухайн ажилтны эрх зүйн байдал хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтантай нэгэн адил байдаг тул нэхэмжлэгчийг “Хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу ажиллажээ гэж үзлээ.

 

         Нэхэмжлэгчийн шүүхэд баримтаар өгсөн жишиг “Хөдөлмөрийн гэрээ”-ний 7 дугаар бүлгийн 1.1-1.2.8 дугаар зүйл хүртэл ямар зөрчлийг “ноцтой зөрчил” гэж тооцохыг талууд харилцан тохиролцож тогтоосон талаар заажээ.

 

Иймээс зохигчдын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ээр ажилтан мэргэжил ур чадварын хувьд ажил албан тушаалд тэнцэхгүй бол ноцтой зөрчилд тооцож “Хөдөлмөрийн гэрээ”-г шууд цуцлахаар тохиролцоогүй,

  

        Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч, ажилтанд гэрээг цуцлах мэдэгдлийг нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд энэ ажиллагааг хийсэн гэдгээ хариуцагчийн төлөөлөгч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл” гэж тайлбарласныг шүүх хуульд заасан мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулж, танилцуулсан нь гэж үзэх боломжгүй буюу бичгийн баримтаар тогтоогдоогүй, уг мэдэгдлийг ажилтнаас авсан шалгалтын дүн танилцуулсан баримт гэж дүгнээд, нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан үеийн олговрыг олгох нь зүйтэй.

 

         Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2020 оны 10, 11, 12 дугаар сарын цалингаас тооцоход, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 2.720.481:3=906.827 төгрөг /нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрийн дунджаар хуваахад 906.827:21.5= 42.178 төгрөг / нэг өдрийн цалин/

       

        Ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин ажлын 84 /хоног/ х 42.178 /нэг өдрийн цалин/= 3.542.952 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

        Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаартай 2020 тушаалыг хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 3.542.952 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71.637 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******г*******ны 4 дүгээр хорооны Иргэний танхим хариуцсан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

           

        2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 3.542.952 төгрөгийг, хариуцагч*******наас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

        3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанд даалгасугай.

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 71.637 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА