Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01193

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01193

 

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102Ш2021/01256 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч БГД-ийн ИТАА-нд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э- нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 4 дүгээр хороог хариуцсан зохион байгуулагчаар ажилд орсон. Ажил үүргийн тодорхойлолтын дагуу хагас жил, бүтэн жилд хэвийн урамшуулал авч ажилладаг байсан. 2020 оны сонгуулийн үр дүнгээр удирдлага солигдсоны улмаас ажлаас гар гэх шаардлага тавьж эхэлсэн. Ажлаа хүлээлгэж өгөх юм бол 1 сарын тэтгэмж өгнө, өөрийн хүсэлтээр ажлаас гар гэж хэлснийг нь хүлээн зөвшөөрөөгүй. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудаж шалгалт авсан. Уг шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч байна уу гэхэд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг өргөдлийг гараар бичиж өгсөн. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажил хүлээж авах зүйлс гэнэт болсон. Ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй мөн би ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, миний ажлыг шалгасан зүйлгүй, надад ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй тул намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай тогтоолоор Хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоохоор Ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 'Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дугаартай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Комиссын бүрэлдэхүүн журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулан ажилласан. Энэ нь Улсын Дээд Шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох болон аттестатчиллын комисс, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй. Шалгалтаар Б.Э- 45 хувь буюу тэнцээгүй гэсэн үнэлгээ авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээ-г дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Тус шалгалт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад танхимд шалгалтын материалыг засаж, дүнг танилцуулсан. Үүнээс хойш нэг сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Сонсох ажиллагаа буюу мэдэгдэх ажиллагаа хийгдсэн. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүйн тухайд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны А/138 дугаартай Захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дах хэсэгт зааснаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Б.Э-гийн тухайд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн үнэлэлт ирүүлсэн бөгөөд уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээ-нд заасан гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн тухайд Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь албан хаагчийн Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилт явц, үр дүн, чанарын талаар зохих үнэлэлт дүгнэлт өгч, урамшуулах, арга хэмжээ тооцох эрхтэй бөгөөд 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх хэсэгт заасан ажилтан өөрийн хариуцан хийж буй ажил үүргээ мэргэжил, ур чадвар, зохих чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн учраас Б.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Уранмандахын тайлбарыг дэмжиж байна, гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-г БГД-ийн ИТАА-ны 4 дүгээр хорооны Иргэний танхим хариуцсан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 3.542.952 төгрөгийг, хариуцагч БГД-ийн ИТАА-наас гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-гийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг БГД-ийн ИТАА-нд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.2 дах хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан. Үүнээс үзвэл тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр гарсан байх шаардлагатай. Энэ дагуу Ажлын албаны даргын 2020 оны А/03 дугаар тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, А/09 дүгээр тушаалаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулж, үүний дагуу комиссоос нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болохыг тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасан үндэслэлийг бүрдүүлж байгаа бөгөөд мөн нэхэмжлэгчийн хэрэгжүүлсэн ажил хангалтгүй тухайд баримтаар нотолж хэрэгт хавсаргасан. Иймд шүүхээс үүрэг, чиглэл шаардлага тавьсныг биелүүлээгүй тухай баримтаар нотлоогүй үндэслэлээр хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Энэ тухайд харин нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар ажил үүргээ хангалттай биелүүлсэн болон мэргэжил, ур чадварын хувьд хангалттай байсан гэдгээ баримтаар нотолж мэтгэлцээгүй байхад шүүх ямар нотлох баримтад үндэслэн уг дүгнэлтийг гаргасан нь тодорхойгүй байна. Мөн шүүхийн шийдвэрт ... ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалд тэнцэхгүй бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцоогүй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Учир нь нэгдүгээрт уг үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 заасан бөгөөд хуулиар тусгайлан зохицуулсан тул хөдөлмөрийн гэрээнд дэлгэрэнгүй зохицуулахыг шаардахгүй. Хоёрдугаарт ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.1-д Энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 29, 37, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно гэж, мөн зүйлийн 7.2 дахь хэсэгт ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцалж болохоос гадна ажилтан дараах зөрчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болно гэж заасан. Үүний 1.2.4 дэх хэсэгт өөрийн хариуцан хийж буй ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадахгүй, чадахгүй болох нь тогтоогдсон бол хамаарахаар заасан. Иймд дээрх зохицуулалтаас харвал хөдөлмөрийн гэрээндээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэрээг цуцлах эрхийг ажил олгогчид олгосон. Мөн ажилтан ажил үүргээ хийж чадахгүй болох нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан. Гэвч шүүхээс энэ талаар талууд тохиролцоогүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хуульд заасан мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулж, танилцуулсан гэж үзэх боломжгүй буюу бичгийн баримтаар тогтоогдоогүй, уг мэдэгдлийг ажилтнаас авсан шалгалтын дүн танилцуулсан баримт гэж дүгнэжээ . Энэ тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчид ажилтанд гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэ дагуу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл өгсөн. Тус мэдэгдэлд мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хангалтгүй үнэлгээ авч, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн гэрээ байгуулагдснаар эхэлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсноор эрх зүйн харилцаа дуусгавар болно. Иймд үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдэл нь тухайн албан хаагч уг ажилдаа ажиллах боломжгүй буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох агуулгыг илэрхийлж байхад шүүхээс мэдэгдэл гэж үзэхгүй гэж тайлбарласан нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчээс уг баримттай танилцсаны үндсэн дээр уг мэдэгдэлд гарын үсэг зурахгүй тухай тайлбар бичсэн нь хэрэгт авагдсан тул бичгийн баримтаар тогтоогдоогүй гэж үзэх боломжгүй байна. Иймээс шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн зэрэг дээр дурдсан үндэслэлүүдээр хууль бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч БГД-ийн ИТАА-нд иргэний танхим хариуцсан зохион байгуулагч, иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргаар 2018 оны 12 сарын 11-ний өдрөөс ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 тоот тушаалаар мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөгджээ. /хх-ийн 4/

 

Ажил олгогч дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталсан.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Б.Э-г мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсан тул ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Хариуцагч байгууллагын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баталж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар шалгалт авах комиссын бүрэлдэхүүнийг баталж, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах удирдамжийг баталж, комиссын бүрэлдэхүүн ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн үнэлгээтэй, 20 тестээр зохион байгуулахаар шийдвэрлэж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажилчдаас шалгалт авахад Б.Э- нь 45 хувь буюу тэнцээгүй гэсэн үнэлгээ авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 72-90/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй явдалд ажилтныг буруутгах үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж, томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргад үүрэг болгосон байх бөгөөд уг тогтоолд тус ажлын албаны үйлчилгээний албан хаагчдаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах талаар дурдаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өгсөн чиглэлийн дагуу ... шалгалт зохион байгуулсан .... гэсэн тайлбар үндэслэлгүй байна. / хх-ийн 42, 43-55, 161/

 

Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах гэж заасан байхад хариуцагч байгууллагын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын дагуу зөвхөн тестийн шалгалт авсан нь шалгуулагчийг бодитой шалгуураар дүгнэсэн гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 89-90/ Ийм учраас нэхэмжлэгчийн ....бидний ажлыг дүгнээгүй, ганцхан шалгалт авсан.... гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

 

Хариуцагч байгууллага нь ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн үнэлгээтэй, 20 тестээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч Б.Э-д мэдэгдсэн талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байгааг, нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэтхэн дуудан хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтанд унасан гэх тайлбартай харьцуулан үнэлэхэд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан эрх тэгш байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Урьдчилан мэдэгдэхгүйгээр шалгалт авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй.

 

Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын зорилгыг ...Ажлын албаны албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, чадварлаг мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэхэд оршино гэж, шалгалт зохион байгуулах удирдамжийн зорилгыг төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг зохион байгуулах, мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх гэж тус тус тодорхойлжээ.

 

Гэвч эдгээр зорилгыг хэрэгжүүлэх арга нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлагдсан журам, дүрэмд нийцсэн, хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүй байх учиртай.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллагын дээрх Б/19 тоот тушаалд нэхэмжлэгч Б.Э-г ...гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зөрчил гаргасан гэсэн үндэслэл заасан боловч ямар баримтад тулгуурласан нь тодорхой бус, уг байдлыг нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтан зөрчил гаргасныг шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт Төрийн жинхэнэ албан хаагчийн 2020 оны төлөвлөгөө гэх нэртэй баримт, Б.Э-гийн 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн тайлан, төлөвлөгөөний биелэлт зэрэг баримтууд авагдсан байх боловч эдгээр баримтуудад Б.Э- гарын үсэг зураагүй, үнэлгээг хэзээ, хэрхэн үйлдсэн нь тодорхой бус байна. /хх-ийн 93-129/

 

Мөн хариуцагч нь Б.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэг сарын өмнө бичгээр мэдэгдээгүй, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримтад гарын үсэг зуруулаагүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх40/

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хувьд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн дүнгээр буюу 3 542 952 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, Төсвийн тухай хуулийн, Хөдөлмөрийн тухай хуулийн, Төрийн албаны тухай хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102Ш2021/01256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч БГД-ийн ИТАА- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Н.БАТЗОРИГ