Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/шш2021/01348

 

                                                  

 

 

 

 

2021 оны 05 сарын 25 өдөр                  Дугаар 102/ШШ2021/01348                            Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамжны .... дугаар байрны ... тоотод оршин суух , Хишигтийнхэн овогт Уламбаатарын Эрхэсийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч Баянгол дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух Мөнхжаргал овогтой Арвижихад холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 39.544.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уламбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уламбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         ******* Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, “Богд-Ар” хотхоны 11 дүгээр байрны 105 тоот үйлчилгээний зориулалттай ажлын байрыг иргэн*******ад паб, рестораны чиглэлээр олон жилийн турш, түрээсийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

        Гэрээний хугацаа дууссантай холбогдуулан 2 тал тохиролцсоны үндсэн дээр гэрээгээ 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дахин сунгаж, үргэлжлүүлэн ажилласан юмаа.

        Гэтэл******* гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2,4 дүгээр зүйлийн  4.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчиж, өмнөх жилүүдийн болон 2020 оны 09 дүгээр сарыг оролцуулан ус, дулаан ашигласны зардал 5.194.000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 2.000.000 төгрөг, хогны төлбөр 750.000 төгрөг нийт 7.944.000 төгрөгийг төлөөгүй.

        Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар дараах үндсэн төлбөр төлөгдөөгүй.

        Үүнд:

       -2020 оны 01 дүгээр сарын дутуу төлөгдсөн 5.500.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх сарын түрээсийн төлбөрийг 6.000.000 төгрөгөөр тооцоход нийт 41.500.000 төгрөг болсон.

        2020 оны 2, 3 дугаар сард үйл ажиллагаа нь доголдож байсан тул үндсэн түрээс 0 төгрөг байхаар тохиролцсон.

        Хариуцагчаас паб, рестораны чиглэлээр ажиллаж байсан зарим тоног төхөөрөмжийг үнэлж авсан дүн 2.900.000 төгрөг. Хавсралт 1 гэдэг нь зах зээлийн үнээр тооцсон.

       Дараа нь албан ёсны үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 2.370.000 төгрөг болсон. Цар тахал гээд үндсэн түрээсийн төлбөрийг 5.000.000 төгрөгөөр тооцож, сарын түрээс болгоноос 1.000.000 төгрөгийг хасахад нийт 7.000.000 төгрөгийг хасаж хөнгөлөлт үзүүлсэн байдаг.

       Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу торгууль, алдангийг тооцоогүй. Иймээс 39.544.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Хариуцагч цар тахалтай үед түрээсэлж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байсан боловч хөл хорионы улмаас түрээсийн төлбөр төлөөгүй асуудал үүссэн.

        Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан.

        2020  оны 01 дүгээр сар, 04 дүгээр сар, 05 дугаар сарын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Харин хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эдгээр мөнгөн дүнг хасуулаад, шийдвэрлүүлэх тайлбартай байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     

         Нэхэмжлэгч *******, хариуцагч*******ад холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 39.544.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зарим хэсгийг төлнө, үлдсэн мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

         Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

        2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар “Түрээсийн гэрээ” байгуулж, Баянгол дүүрэг, “Богд-Арын” 11 дүгээр байрны 105 тоот байрыг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, сарын 6.000.000 төгрөгөөр түрээслэхээр, ус, дулаан, цахилгаан, СӨХ,  хогны төлбөрийг түрээслэгч бие даан төлж, гэрээний нэмэлт 8 дугаар заалтаар түрээслэгч өмнөх түрээсийн гэрээний төлөгдөөгүй дутуу төлбөр 20.550.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдож байна.

 

      Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасанчлан түрээслүүлэгч нийтийн хоол, бар, рестораны зориулалтаар ашиглахаар түрээслэгчийн эзэмшилд байрыг шилжүүлэн өгч, хариуцагч тодорхой хугацааны түрээсийн төлбөр төлж байсан талаар маргахгүй байна.

 

        Түүнчлэн түрээслэгч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.2, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг авах, түрээслүүлэгч гэрээнд заасан нөхцлийн дагуу байрыг ашиглах эрхтэйг заасан ба зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч түрээсийн төлбөр, тог, ус, цахилгаан, СӨХ-ны мөнгөө төлөх үүрэгтэй нь бичгийн баримт, талуудын тайлбар, байрны төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдож байна.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “байрыг түрээсэлсэн гэдэг дээр маргахгүй. 2020 оны 05 дугаар сараас өмнөх гэрээ хамаагүй, хойших төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 01 дүгээр сар, 04 дүгээр сар, 05 дугаар сар гээд нэхэмжлээд байгаа үнийн дүнг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл гэрээ хэрэгт авагдаагүй байхад 2020 оны 05 дугаар сараас өмнөх төлбөрийг нэхэмжилж байна. Хэрэв өр төлбөртэй байсан бол тухайн үед асуудлаа шийдээд, дараагийн гэрээний сунгалтаа хийх боломжтой байсан тул 2020 оны 06 дугаар сараас 09 дүгээр сар хүртэлх төлбөрийг төлнө” гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас төлбөрийг төлөхгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

          Шүүх тооцооллыг бодож үзэхэд, нэхэмжлэгч сарын түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг байхаар тохиролцсон боловч цар тахалын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан сарын түрээсийн төлбөрийг 5.000.000 төгрөгт тооцоход , 7 сарын түрээсийн төлбөр 35.000.000 төгрөг, үүн дээр баримтаар нотлогдож байгаа ус дулааны зардал 5.194.000 төгрөг, СӨХ, хогны төлбөр 2.750.000 төгрөг нийт 43.444.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр болж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 39.544.000 төгрөгийг гаруулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355.670 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 355.670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн             115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 39.544.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355.670 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 355.670  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

       

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА