Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01260

 

 

 

 

 

 

 

 

 

У.Эсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/01348 дугаар шийдвэртэй, У.Эсийн нэхэмжлэлтэй М.Аихад холбогдох гэрээний үүрэгт 39,544,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уламбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Аих нь У.Эс, Х.Уламбаатар нарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, “Богд-Ар” хотхоны 11 дүгээр байрны 105 тоот үйлчилгээний зориулалттай ажлын байрыг паб, рестораны чиглэлээр олон жилийн турш түрээслэсэн. Гэрээний хугацаа дуусахад 2 тал харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл дахин сунгасан.

Гэтэл М.Аих гэрээний 3.1.2, 4.1, 8.1-т заасныг удаа дараа зөрчиж, өмнөх жилүүдийн болон 2020 оны 09 дүгээр сарыг оролцуулан ус, дулаан ашигласны зардал 5,194,000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 2,000,000 төгрөг, хогны төлбөр 750,000 төгрөг нийт 7,944,000 төгрөгийг төлөөгүй.

Мөн гэрээний 4.1, 8.1-т заасан төлбөрүүдийг төлөөгүй. Үүнд: 2020 оны 01 дүгээр сарын дутуу төлөгдсөн 5,500,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх сарын 6,000,000 төгрөгөөр тооцож нийт түрээсийн төлбөрт нийт 41,500,000 төгрөг болно.

Хариуцагчаас паб, рестораны чиглэлээр ажиллаж байсан зарим тоног төхөөрөмжийг үнэлж 2,900,000 төгрөгт тооцсон боловч албан ёсны үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 2,370,000 төгрөг болсон. Цар тахалтай холбогдуулан 2020 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг 0 төгрөгөөр тоосон ба бусад сарын үндсэн түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тооцож, бодоход нийт 7,000,000 төгрөгийг хасаж хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Иймд ашиглалт болон СӨХ-ын зардал 7,944,000 төгрөг, түрээс 41,500,000 төгрөг, нийт 49,444,00 төгрөгөөс 9,900,000 /2,900,000+7,000,000/ төгрөгийг хасч хариуцагчаас нийт 39,544,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж байсан боловч цар тахал, хөл хорионы улмаас түрээсийн төлбөр төлөөгүй асуудал үүссэн. Талууд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан. 2020 оны 01 дүгээр сар, 04 дүгээр сар, 05 дугаар сарын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээ байхгүй байхад 17,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эдгээр мөнгөн дүнг хасуулаад шийдвэрлүүлнэ гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Аихаас түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 39,544,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Эст олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,670 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 355,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийг хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээнд дурдсан хаягийн дагуу буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, чулуутын 4 дүгээр гудамжны 18 тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан итгэмжлэл, иргэний үнэмлэхээр нотлогддог. Энэ талаар шүүх хуралдааны явцад хариуцагчаас хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх хүсэттэй байгаагаа илэрхийлсэн боловч хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийн харьяаллыг зөрчин хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжпэгч У.Эс болон хариуцагч А.Аривжих нарын хооронд 2020 оны 05 сарын 20-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт буюу улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн баримт хэрэгт авагдаагүй. Иймд дээрхи гэрээ нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Маргааны зүйл болоод буй Ү-2205036756 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 11 дүгээр байрны С-1 тоотыг түрээслэгч нь түрээсийн гэрээний 1.4-т зааснаар “Нийтийн хоол, бар, рестораны зориулалтаар ашиглана” гэж заасан байдаг. Гэвч дээрхи зориулатаар ашиглахад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн зөвшөөрөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлүүдийг шаарддаг. Гэвч түрээсэлж буй обьектыг дээрхи зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрлүүд байхгүйн улмаас зориулалтын дагуу ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь түрээслэгчийн түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах, үр шимийг хүртэх эрхийг хязгаарласан.

Иймд дээрхи хүчин төгөлдөр бус, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй түрээсийн гэрээг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч У.Эс хариуцагч М.Аихад холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 39,544,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

У.Эс, М.Аих нар 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулж, У.Эс нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-2205036756 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж 11 дүгээр байр, С-1 тоот /гэрээнд Богд-Ар 11 дүгээр байрны 105 тоот гэж тодорхойлсон/ хаягт оршин байх 171,31 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 жил буюу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаатайгаар М.Аихад түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сарын 6,000,000 төгрөгөөр тооцож У.Эст төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй. /хх8-11/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний талаар тохиролцсон боловч түрээсийн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх учиртай. Гэтэл талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус болжээ. Түрээсийн гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх тул талууд хэлцлийн дагуу авсан зүйлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хэн алиндаа буцаан шилжүүлнэ. Хариуцагч И.Арвижих нь бусдын эд хөрөнгийг ашигласан, уг ашиглалтыг буцаан өгөх боломжгүй тул хэлцлээр тохиролцсон хэмжээний мөнгөн төлбөрийг төлөх аргаар үр дагаврыг арилгана.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ гэх бичгийн баримтын 4.1-т сарын түрээсийн төлбөрийг 6,000,000 төгрөг гэж талууд тохиролцсон байх ба хариуцагч уг хэмжээгээр эд хөрөнгийг ашигласан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 9 сарыг дуусах хүртэлх 4 сарын хугацаанд 24,000,000 /4 сар * 6,000,000/ төгрөг төлөхөөр байна. Нэхэмжлэгч У.Эс нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “цар тахалтай холбоотойгоор түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тооцоход татгалзахгүй” гэж тайлбарласан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэвэл 4 сарын төлбөрт 20,000,000 /4 сар * 5,000,000/ төгрөгийг М.Аихаас гаргуулж У.Эст олгох нь зүйтэй юм.

 

Түүнчлэн түрээсийн гэрээ гэх бичгийн баримтын 8.1-т М.Аих нь 2019 оны төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 3,500,000 төгрөг, 2020 оны 1 сар дутуу төлөгдсөн 5,500,000 төгрөг, 2020 оны 4 сарын төлбөр 6,000,000 төгрөг, 5 сарын төлбөр 6,000,000 төгрөгөөр 450,000 төгрөг хасагдаж, 5,550,000 төгрөг, нийт нийт 20,550,000 төгрөгийг У.Эст төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Үүнээс нэхэмжлэгч нь 2019 онд хамаарах төлбөр 3,500,000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар 17,050,000 /20,550,000 - 3,500,000/ төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэнэ. /хх10-11/

 

Хариуцагч нь гэрээний 8.1-д заасан төлбөрийн үүргийг нэхэмжилсэн нэхэмжлэлд тайлбар гаргаагүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 17,500,000 төгрөгийг эс зөвшөөрсөн үндэслэлээ тайлбарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “нэг талын тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан үр дагаврыг үүсгэх юм.

Иймд М.Аихаас 17,050,000 төгрөгийг гаргуулж У.Эст олгох нь зүйтэй.

 

Мөн М.Аих нь бусдын эд хөрөнгийг ашиглах явцад ус, дулаан, СӨХ зэрэг ашиглалтын зардал гаргасан тул тэрээр Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 09дүгээр сарыг дуусах хүртэлх 4 сараар тооцож төлөх үүрэгтэй байна. Уг төлбөрийг “Богд асар инженеринг” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн нэхэмжлэх гэх баримтыг үндэслэж 1 сарын 205,026 төгрөгөөр тооцож 820,104 /205,026 * 4 сар/ төгрөгийг, СӨХ-ны төлбөрийг “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэх гэх баримтыг үндэслэж 1 сарын 59,620 төгрөгөөр тооцож, 238,480 /59,620 * 4 сар/ төгрөгийг нэхэмжлэгч У.Эст төлөх үүрэгтэй.

Харин нэхэмжлэлээс 6,885,416 /7,944,000-1,058,584/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь талууд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс өмнөх хугацааны тооцоонд ашиглалтын зардал болон СӨХ-ны төлбөрийн талаар тохиролцоогүй тул үүрэг үүссэн гэж дүгнэхгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн тоног төхөөрөмжүүдийг 2,900,000 төгрөгөөр үнэлэж нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон, уг тоног төхөөрөмжийг хариуцагч нь буцаан авах талаар маргаагүй тул хариуцагчийн төлөх төлбөрөөс 2,900,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Уг тоног төхөөрөмжийг “Сэлэнгэ эстимэйнт” ХХК-аар үнэлүүлсэн бөгөөд уг үнэлгээний тайлангаар 2,370,000 төгрөг боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй энэ нотлох баримтаар маргааныг шийдвэрлэхгүй. /хх31/

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагч М.Аихаас 35,208,584 /20,000,000 + 17,050,000 + 1,058,584 -2,900,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Эст олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 186.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Хариуцагч М.Аих нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг гардан авсан баримтад оршин суугаа хаягаа Баянгол дүүргийн 17 дугаар хороо 47А-202 тоот хаягт оршин суух гэж тодорхойлсон бөгөөд тэрээр харьяалалын талаар маргаагүй байсан тул нь нэхэмжлэлийг хүлээн авах үед харьяалал зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ. Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харьяаллын талаар хүсэлт гаргасан нь нэхэмжлэлийг анх хүлээн авахдаа алдаа гаргасан гэж тогтоохгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасан удиртгал хэсэгт шийдвэрийг ямар шүүх гаргаж байгаа, шүүгчийг нэрлэн заагаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/01348 дугаар шийдвэрийн

удиртгал хэсэгт нэхэмжлэгч гэдгийг өмнө “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар” гэж нэмж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1-т” гэж, “39,544,000 төгрөгийг” гэснийг “35,208,584 төгрөгийг” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлээс 4,335,416 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1,” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2,” гэж, “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 355,670 төгрөгийг” гэснийг “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 333,993 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                           ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА