Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/шш2021/01496

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 08 өдөр                  Дугаар 102/ШШ2021/01496                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, .... дугаар хороолол, .... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух  Нямдорж овогтой Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг, .... дугаар хороолол, .... дугаар хороо, .... гудамж, .... дугаар байрны .... тоотод оршин суух  Номтынхон овогт Бадармаагийн Хонгорзулд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

       Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Миний бие иргэн*******тай 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 10.000.000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн.

       Өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй намайг чирэгдүүлж байна. Зөндөө хугацаа орлоо. Мөнгийг маань өгөхгүй, гэрт нь очиход байхгүй. Арга ядаад шүүхээр эрэн сурвалжлуулах, цагдаагийн байгууллагад хандахад гадагшаа гараад явсан байсан.

        Үүний дараа*******ыг хилээр орж ирснийг мэдээд гэрт нь очиход бас байхгүй байсан тул шүүхэд мөнгөө нэхэмжлэхээр хандсан.

        Одоо сураг сонсоход бас гадагшаа явах гэж байгаа дуулдсан тул үндсэн зээл, хүү тооцоод 16.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

        Дээрх мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Мөн надад барьцаа хөрөнгө өгсөн гэж хэлж байсан.

        Анх машин барьцаанд тавина гэхээр нь зөвшөөрөөд тухайн үед нөхөр нь гэх залуу машиныг унаад нотариат дээр очиход “өөр хүний нэр дээр машин байна” гэж нотариат хэлэхэд нэрээ шилжүүлж ирнэ гэж яваад эргэж ирээгүй.

      Өгсөн гээд байгаа эд зүйлийг үзүүлсэн би авахгүй гэж хэлэхэд буцаагаад авсан тэр хоёр.

       Надад манай нөхөр гэж хэлээд байгаа болохоос биш хамтран амьдарч байгаад одоо больсон хоёр байна. Нөхөр гээд байгаа хүн рүү би залгаад, чи гэрчээр ирж асуугдаач гэхээр надад хэлэх юм байхгүй. Бид тусдаа амьдарч байгаа.******* гадаадаас “нээрээ ирсэн гэж үү” гэж асуугаад байсан.

       Би хол байна, сүлжээ тасраад байна гэж хэлээд, утсаа таслаад, фэйс дээрээ блок хийсэн намайг гэжээ.

 

       Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:

       Тус шүүхэд иргэн *******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна.

Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Нэхэмжлэлдээ 10 хувийн хүүтэй, 10.000.000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд бор ширэн ууттай 6-7 ширхэг мөнгөн аяга авсан ба түүний нэг нь хуучны мөнгөн аяга байсан.

Мөн эрэгтэй мөнгөн гинж, бугуйвч, шүрэн толгойтой алтан нуухтай манан хөөрөг зэргийг зээлийн барьцаанд тавьж өгсөн болно.

Зээлийн барьцааны талаар өргөдөлд тусгаагүй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч *******, хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 16.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасанчлан “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр танилцан, гарын үсгээ зурж, шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улсын Дээд шүүх дээр хуралтай болсон тул шүүх хурлыг хуулийн дагуу эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүгчийн туслахад мэдэгдэж, шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

        Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 10.000.000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг нотариатаар баталгаажуулан байгуулсан болох нь бичгийн баримт, гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

          

        Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ нь нотлогдож, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй.

         

        Мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* 5000, 20.000-ын мөнгөн дэвсгэртээр бэлнээр 10.000.000 төгрөг өгснийг,  хариуцагч******* “Зээлийн гэрээ”-ний ар талын хуудсанд “10.000.000 төгрөгийг бэлэн хүлээн авлаа” гэж гарын үсгээ зурсан талаар маргаагүй.

 

         Харин хариуцагч “зээлийн барьцаанд эд зүйлс тавьсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй”, нэхэмжлэгч “Б.Хонгорзул миний нөхөр гэж танилцуулсан залуутайгаа ирээд, зээлийн барьцаанд машин тавихыг санал болгосныг би зөвшөөрөөд, нотариат дээр очиход, өөр хүний нэр дээр машин байсан тул аваагүй. нэрээ шилжүүлээд ирье гэж гарч яваад дахиж ирээгүй. Эд зүйлсийг надад үзүүлснийг авахгүй гэж хэлэхэд буцаагаад аваад явсан” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үгүйсгэх үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй буюу шүүх энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоход хэрэгжүүлээгүй, гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзаж, нэхэмжлэгчид эд зүйл өгсөн эсэх баримтаа гаргаж няцааж, нотолж чадаагүй болно.

     

        Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч зээлийн хүүгийн хэмжээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой байгаа буюу хүүг багасгах хүсэлтийг гаргаагүй ба 10.000.000 төгрөг зээлж авсан талаар зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гарган, маргахгүй байна.

 

        Иймээс хариуцагч зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байх тул гэрээний тооцооллыг бодоход:

10.000.000 төгрөг / үндсэн зээл/ х 10%/зээлийн хүү/ = 1.000.000 төгрөг /сарын хүү/

            1.000.000 төгрөг х 6 /сар/ = 6.000.000 төгрөг /6 сарын хүү/

            10.000.000 төгрөг /үндсэн зээл/+ 6.000.000 төгрөг /хүү/=16.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

       Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч *******, хариуцагч*******ыг эрэн сурвалжлуулахаар 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гарган, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01071 дугаартай Шийдвэрээр*******ыг эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 27жл/2-2654 дугаартай Албан бичигт дурдагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс ажиллагааг хийж, хаягийг тогтоон,******* хуулийн байгууллагад биечлэн ирэхдээ “миний бие******* 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Замын үүд боомтоор орж ирсэн гээд оршин суух хаяг, утасны дугаар тэмдэглэж үлдээсэн нь бичгийн баримтаар тогтоогдсон тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна гэж үзлээ.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.950  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 237.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн      115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 16.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай. 

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.950  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 237.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АРИУНАА