Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01315

 

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01315

 

 

Н.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01496 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.Нэхэмжлэгч Н.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Х-тай 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Б.Х- зээлийн төлбөрөө төлөхгүй алга болсон тул шүүхээр эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон. Үндсэн зээл, зээлийн хүүд нийт 16 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх автомашин барьцаанд тавина гэхээр нь зөвшөөрсөн боловч нөхөр нь гэх залуу автомашиныг унаад нотариат дээр очиход өөр хүний нэр дээр машин байна гэж нотариатч хэлэхэд нэрээ шилжүүлж ирнэ гэж яваад ирээгүй. Өгсөн гээд байгаа эд зүйлийг үзүүлсэн боловч миний бие аваагүй гэжээ.

Хариуцагч Б.Х- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 10 000 000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд бор ширэн ууттай 6-7 ширхэг мөнгөн аяга авсан ба түүний нэг нь хуучны мөнгөн аяга байсан. Мөн эрэгтэй мөнгөн гинж, бугуйвч, шүрэн толгойтой алтан нуухтай манан хөөрөг зэргийг зээлийн барьцаанд тавьсан. Зээлийн барьцааны зүйлийг нэхэмжлэлд тусгаагүй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Х-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 16 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 237 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улсын дээд шүүхэд хуралтай гэж шүүгчийн туслахад мэдэгдэн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэж дүгнэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улсын дээд шүүхэд хуралтай байсан тул шүүх хурлын хойшлуулж өгнө үү гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн. Гэтэл шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийг буцаах хүсэлт гаргасан боловч шүүх хуульд заагаагүй үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах захирамж гаргаж уг захирамжид хариуцагчийг гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон хэмээн маргасан хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн өмнөөс нотлох баримт цуглуулж нэхэмжлэгчид үйлчилсэн. Мөн Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагчийн эд хөрөнгийн байдал доройтсон зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийг эд хөрөнгийн байдал доройтсоныг нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг авсан талаар шүүх хуралдаанд тайлбарласныг шүүх анхаараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.М- нь хариуцагч Б.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 6 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хэргийн 3 дахь талд авагдсан баримтаар, талууд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч Н.М- нь 10 000 000 төгрөгийг зээлдэгч Б.Х-д зээлдэх, зээлдэгч нь 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсоны дагуу Н.М- нь Б.Х-д 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-3/

Анхан шатны шүүх Н.М-, Б.Х- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Зохигчид зээл, зээлийн тооцооллын талаар маргаагүй. Харин хариуцагч шүүхэд зээлийн барьцаанд 6-7 ширхэг мөнгөн аяга, мөн эрэгтэй мөнгөн гинж, бугуйвч, шүрэн толгойтой алиан нуухтай манан хөөрөг зэргийг тавьсан боловч энэ талаар нэхэмжлэлд тусгаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд зээлийн барьцаанд автомашин үзүүлсэн боловч аваагүй учраас өөр барьцаа хөрөнгө авсан болж байна, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарлажээ. /хх-12/

 

Иргэний хуулийн 208 дугаар 208.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 2.4-т зааснаар зээлдэгч нь үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч шаардах эрхтэй.

Талууд зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүүг нэг сарын 10 хувь байна гэж тохиролцсон байх тул зээлдэгч Б.Х- нь үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 6 000 000 төгрөг /1 сарын хүү 10 000 000 төгрөг х 10 сар= 1 000 000 төгрөг/ нийт төгрөг 16 000 000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 16 000 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.М-т олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х- нь оршин суух хаягтаа бүртгэлгүй, тухайн хаягтаа оршин суудаггүй тул нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж улмаар тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01071 дугаар шийдвэрээр Б.Х-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага Б.Х-ыг эрэн сурвалжлах олж тогтоох ажиллагаа явуулж Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-60 тоотод оршин сууж байгаа болохыг тогтоосон болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон байна. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж, хугацааг дахин шинээр тоолох үндэслэлтэй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримт болдог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... нэхэмжлэгч нь барьцааны зүйл авсан талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан... гэж дурдсан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд барьцааны зүйл аваагүй талаар тусгагдсан. Хариуцагч Б.Х- барьцааны зүйлийг нэхэмжлэгчид өгсөн гэх тайлбараа, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн гаргасан тайлбар буюу баримт нотолгоог үндэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 237 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА