Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/шш2021/01498

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 08 өдөр

    Дугаар 102/ШШ2021/01498

Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, .... дүгээр хороо, .... тоотод байрлах   “Таванбогд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

         

Хариуцагч Баянгол дүүрэг, ....дугаар хороолол, .... дугаар хороо, .... байрлах  “Монголын санхүү хөгжлийн корпораци ББСБ” ХХК

 

Хариуцагч Хан-Уул дүүрэг, .... дүгээр хороо, .... дүгээр хэсэг, .... цогцолборын .... дугаар байрны .... тоотод оршин суух  Уранбаярын Эрдэнэзулд холбогдох 179.343.753 төгрөг 12 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Т.Солонго, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

           Нэхэмжлэгч “Таванбогд” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Т.Солонго нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “Монголын санхүү хөгжлийн корпораци ББСБ” ХХК, автомашин борлуулагч “Таванбогд” ХХК-иас “Тоёота ланд круйзер” маркийн автомашиныг авахад шаардлагатай үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд “Таванбогд финанс” ББСБ” ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 13/0179 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, сарын 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашины үлдэгдэл төлбөр 111.300.000 төгрөгийг зээлсэн.

Хариуцагч “Монголын санхүү хөгжлийн корпораци” ХХК зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авсан “Тоёота ланд круйзер” маркийн 159.000.000 төгрөгийн үнэтэй, JTMHH05JX04066175 арлын дугаартай, 00-45-УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 13/0179-1 дугаартай “Фидуцийн гэрээ” байгуулан барьцаалсан.

Зээлдэгч гэрээ байгуулагдсанаас хойш 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл 76.912.919 төгрөгийг төлсөн бөгөөд мөн хугацаанаас хойш зээлээ төлөхгүй, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа зөрчсөн учраас хариуцагчид төлбөрөө төлөхийг амаар болон мэдэгдэх хуудсаар шаардаж, сануулсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

           Иймд хуульд заасны дагуу зээлийн үндсэн төлбөр 80.700.442 төгрөг 94 мөнгө, хүүд 83.304.187 төгрөг 66 мөнгө, нэмэгдүүлсэн хүүд 10.880.033 төгрөг 72 мөнгө, “Бодь даатгал”-ын нөхөн төлбөрийн өглөг 4.459.088 төгрөг 80 мөнгө, нийт 179.343.753 төгрөг 12 мөнгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

           Мөн хариуцагч зээлийн төлбөр болон автомашиныг шилжүүлэх ямар нэгэн хүсэлтийг манай байгууллагад гаргаж байгаагүйг гэрч нар гэрчилж, Д.Баттулга,******* гэх хувь хүмүүсийн тохиролцоо байсан нь нотлогдсон.

            Түүнчлэн хариуцагч*******д холбогдох шаардлагаасаа татгалзаад, дээрх төлбөрөө “Монголын санхүү хөгжлийн корпораци ББСБ” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна, гэжээ.

 

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Нэхэмжлэлийн шаардлагын зарим төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй.

           Харин нийт төлбөр болох 179.343.753 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Тухайн худалдан авсан суудлын автомашиныг хариуцагч******* одоо унаж байгаа.

           Анх зээл аваад, дараа нь зээлийн хүүг нэхэмжлэгчийн зүгээс “зогсоолоо” гэж мэдэгдсэн боловч өнөөдөр тийм зүйл болоогүй, баримт байхгүй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тайлбарлаж байна.

           “Монголын санхүү хөгжлийн корпораци ББСБ” ХХК, хариуцагчтай 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 13/0179 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 111.300.000 төгрөгийг авч, барьцаанд автомашиныг барьцаалсан талаар маргахгүй.

           Түүнчлэн зээлдэгч гэрээ байгуулснаас хойш 30.599.557 төгрөгийг төлсөн.

           Өнөөдрийн байдлаар 80.700.422 төгрөг 94 мөнгөний төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн хүү 83.304.187 төгрөг 66 мөнгөний тухайд:

“Таванбогд финанс ББСБ” ХХК зээлийн хүүг тооцохдоо хүүг жилийн 360 хоногоор тооцож, нэг хоногт 77.910 төгрөгийн хүү тооцон нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаартай “Тушаал”-ын хавсралтаар баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “энэ журмыг банк үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд уг журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар “хүү бодох давтамж жилийн хүүг 365-т хувааж, хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно” гэж журамласан.

Энэхүү журмын дагуу тооцвол нэг хоногт 76.843 төгрөг болохоор байна.

2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/0179 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт зааснаар “зээлийг олгосон өдрөөс эхлэн 360 хоногоор тооцно” гэж заасан.

Өнгөрсөн хугацаанд хоног тутамд 1067 төгрөгийн хүү илүү тооцсон байна.

Түүнийг хасуулах хүсэлттэй буюу “Таванбогд финанс ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/02 дугаартай шийдвэрт банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн.

 Гэтэл талуудын хооронд байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ” 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 36 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дууссан.

Банк, эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд зээлийн хүүг нэхэмжлэх эрхтэй хэдий ч “Таванбогд финанс ББСБ” ХХК 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгож, тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаагаа зогсоосон ба түүнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхгүй.

“Таванбогд финанс ББСБ” ХХК-ийн зээлийн хороо 2017 онд хуралдаж, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/0179 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”- ний хүүг зогсоох шийдвэр гаргасан байдаг.

 “Монголын санхүү хөгжлийн корпораци” ХХК-ийн үүсгэн байгуулагч******* барьцаа хөрөнгө болох автомашины эзэмшлийг өөрийн найз Д.Баттулгад 2016 онд шилжүүлсэн бөгөөд энэ байгаа тухайгаа “Таванбогд финанс ББСБ” ХХК-д мэдэгдсэн.

 Мөн тухайн үед “Барьцаат зээлийн гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн учир цуцлах үндэслэл бүрдсэн боловч цуцлаагүй.

 Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2017 онд дууссан тул түүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 Нэхэмжлэгч, хариуцагч*******аас юу шаардаж байгаа нь тодорхойгүй тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Таванбогд” ХХК, хариуцагч “Монголын санхүү хөгжлийн корпораци ББСБ” ХХК,*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 179.343.753 төгрөг 12 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр зээлийн төлбөр 80.700.422 төгрөг төлөхийг зөвшөөрч, зарим хэсгийг болон хариуцагч Ж.Эрдэнэзулд холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

        Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

              

        Анх хариуцагч “Монголын санхүү хөгжлийн корпораци ББСБ” ХХК, “Таванбогд финанс” ББСБ” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 13/0179, 13/0179-1 дугаартай “Барьцаат зээл болон Фидуцийн гэрээ” байгуулж, сарын 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 111.300.000 төгрөгийг, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Тоёота ланд круйзер” маркийн, 00-45-УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, талуудын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

 

       “Таванбогд финанс ББСБ” ХХК, 2014 онд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд болох нь Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 1/269 дугаартай “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”, 1/269 дугаартай гэрчилгээний хавсралтаар батлагдаж байна.

 

           Тиймээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанчлан “Зээл болон барьцааны гэрээ”-нүүдийг бичгээр байгуулж, хуулийн үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Харин 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05/09 дугаартай “Таванбогд” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын “Компани нэгтгэх тухай” шийдвэрээр “Таванбогд финанс ББСБ” ХХК-ийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон компанийн эрх, үүрэг, хариуцлагыг “Таванбогд” ХХК-д нэгтгэж, “Таванбогд финанс ББСБ” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг “Таванбогд” ХХК-ийн дэд захирал Б.Энхсайханд олгон, өөрчлөн зохион байгуулагдсан мэдээллээ Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн нь бичгийн баримтуудаар тогтоогдож, Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт заасанчлан “Таванбогд” ХХК, хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

           Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “автомашиныг Д.Баттулгад 2016 онд шилжүүлж, энэ тухайгаа “Таванбогд финанс ББСБ” ХХК-д мэдэгдэж, хүүг зогсоох шийдвэр гаргасан. 2017 онд гэрээ дууссан тул түүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй”,

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “манай байгууллагаас тийм шийдвэр гараагүй. Хариуцагчийн зүгээс энэ талаар гаргасан өргөдөл, хүсэлт байхгүй. Өнөөдөр өөрөө автомашиныг унаад, хэрэглээд явж байна. Төлбөрөө төлөх үүрэгтэй” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

           Хэрэгт авагдсан баримтаар, гэрч Д.Баттулга “2018 онд 00-45-УБУ улсын дугаартай суудлын автомашиныг би аваад, 2019 оны сүүлээр надад санхүүгийн хүндрэл гараад эргүүлж*******д өгсөн. Энэ хугацаанд албан ёсоор “Таванбогд финанс ББСБ” ХХК-д мэдэгдэн, зээл, автомашиныг шилжүүлж авсан зүйл болоогүй. Харин тухайн хугацааны зээлийн хуваарьт төлбөрийг би төлсөн. Буцааж өгснөөс хойшхийг******* төлөх ёстой. Энэ асуудал бид хоёрын хооронд тохиролцож хийгдсэн. Үүнд банк бус хамааралгүй. Одоо автомашиныг******* унаж байгаа”,

 

           Гэрч Г.Зандан “Албан ёсоор Д.Баттулга руу зээл шилжигдээгүй. ББСБ-д мэдэгдэхгүйгээр автомашин авсан хүн гуравдагч этгээд рүү сайн дураараа шилжүүлсэн нь бидэнд хамааралгүй”,

 

           Гэрч Г.Мөнх-Эрдэм “Тухайн үед эдийн засагч хийж байсан. Монголын санхүү хөгжлийн корпорациас зээлийг шаардаж байсан.Зээлийн хороо хүүг зогсоох талаар хуралдаж байгаагүй. Манайд албан ёсоор Д.Баттулга гэдэг хүнд зээл, автомашиныг шилжүүлэх хүсэлтийг байгууллага, Д.Эрдэнэзул хоёулаа гаргаж байгаагүй ” гэх мэдүүлэг, талуудын тайлбар, зээл төлсөн баримтаар хариуцагч зээлийн төлбөрийг төлөх нь тогтоогдож, Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу хариуцагч 111.300.000 төгрөгийг авснаа зөвшөөрч маргаагүй ба гэрээний салшгүй хэсэг зээл төлөлтийн хуваарийг зөрчиж төлбөрөө төлөөгүй байх тул үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

           Шүүх зээлийн төлбөрийг тооцохдоо, зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, хариуцагчид мөнгийг шилжүүлэн, зээлийг 36 сарын хугацаатай олгосон байх бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дуусаж, гэрээний хугацаа дууссан цаг мөчөөс хойш талууд “дахин гэрээг сунгаж байгуулаагүй” гэх зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сар хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзээд,

 

        Зээлийн тооцооллыг бодоход:

          

             -Үндсэн зээл 111.300.000 төгрөг үүнээс төлөөд үлдсэн үндсэн зээл 80.700.443 төгрөг

             -Хариуцагч 2014, 2015 онд хүүд 11.500.000 төгрөг төлж, нэхэмжилсэн 20.336.498 төгрөг /хүү/-11.499.707 төгрөг /төлсөн хүү/ =8.836.448 төгрөг /хүү/

            -8.836.448 төгрөг /хүү/ х 20%=1.767.290 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/

            -80.700.443 төгрөг /үндсэн зээл/ + 8.836.448 төгрөг /хүү/ + 1.767.290 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/=91.304.184 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдоогүй даатгалын нөхөн төлбөр 4.459.088 төгрөг болон 88.039.569 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

           Нэхэмжлэгч, хариуцагч*******д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.054. 699 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 91.304.184 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 614.471 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн                        115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

    

           1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монголын санхүү хөгжлийн корпораци ББСБ” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 91.304.184 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид “Таванбогд” ХХК-д олгож, үлдсэн 88.039.569 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Таванбогд” ХХК, хариуцагч*******д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.054.699 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 614.471 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА