Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01284

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01284

 

 

Т ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01498 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч МСХК ББСБ ХХК, У.Э- нарт холбогдуулан гаргасан 179 343 753 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МСХК ББСБ ХХК, автомашин борлуулагч Т ХХК-аас Тоёота ланд круйзер маркийн автомашиныг авахад шаардлагатай үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд ТФ ББСБ ХХК-аас 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 13/0179 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, сарын 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашины үлдэгдэл төлбөр 111 300 000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч МСХК ББСБ ХХК зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авсан Тоёота ланд круйзер маркийн 159 000 000 төгрөгийн үнэтэй, JTMHH05JX04066175 арлын дугаартай, 00-45 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 13/0179-1 дугаартай Фидуцийн гэрээ байгуулан барьцаалсан. Зээлдэгч гэрээ байгуулагдсанаас хойш 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл 76 912 919 төгрөгийг төлсөн бөгөөд мөн хугацаанаас хойш зээлээ төлөхгүй, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа зөрчсөн учраас хариуцагчид төлбөрөө төлөхийг амаар болон мэдэгдэх хуудсаар шаардаж, сануулсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хуульд заасны дагуу зээлийн үндсэн төлбөр 80 700 442.94 төгрөг, хүүд 83 304 187.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10 880 033.72 төгрөг, Бодь даатгал-ын нөхөн төлбөрийн өглөг 4 459 088.80 төгрөг, нийт 179 343 753.12 төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн хариуцагч зээлийн төлбөр болон автомашиныг шилжүүлэх ямар нэгэн хүсэлтийг манай байгууллагад гаргаж байгаагүйг гэрч нар гэрчилж, Д.Б, У.Э- гэх хувь хүмүүсийн тохиролцоо байсан нь нотлогдсон. Түүнчлэн, хариуцагч У.Э-д холбогдох шаардлагаасаа татгалзаад, дээрх төлбөрөө МСХК ББСБ ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин нийт төлбөр болох 179 343 753 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Тухайн худалдан авсан суудлын автомашиныг хариуцагч У.Э- одоо унаж байгаа. Анх зээл аваад, дараа нь зээлийн хүүг нэхэмжлэгчийн зүгээс зогсоолоо гэж мэдэгдсэн боловч өнөөдөр тийм зүйл болоогүй, баримт байхгүй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тайлбарлаж байна. МСХК ББСБ ХХК, хариуцагчтай 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 13/0179 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 111 300 000 төгрөгийг авч, барьцаанд автомашиныг барьцаалсан талаар маргахгүй. Түүнчлэн, зээлдэгч гэрээ байгуулснаас хойш 30 599 557 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар 80 700 422.94 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн хүү 83 304 187.66 төгрөгийн тухайд ТФ ББСБ ХХК зээлийн хүүг тооцохдоо хүүг жилийн 360 хоногоор тооцож, нэг хоногт 77 910 төгрөгийн хүү тооцон нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаартай Тушаал-ын хавсралтаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт энэ журмыг банк үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд уг журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хүү бодох давтамж жилийн хүүг 365 хоногт хувааж, хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно гэж журамласан. Энэхүү журмын дагуу тооцвол нэг хоногт 76 843 төгрөг болохоор байна. 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/0179 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1.4-т зааснаар зээлийг олгосон өдрөөс эхлэн 360 хоногоор тооцно гэж заасан. Өнгөрсөн хугацаанд хоног тутамд 1067 төгрөгийн хүү илүү тооцсон байна. Түүнийг хасуулах хүсэлттэй буюу ТФ ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/02 дугаартай шийдвэрт банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 36 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дууссан. Банк, эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд зээлийн хүүг нэхэмжлэх эрхтэй хэдий ч ТФ ББСБ ХХК 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгож, тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаагаа зогсоосон ба түүнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхгүй. ТФ ББСБ ХХК-ийн зээлийн хороо 2017 онд хуралдаж, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/0179 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний хүүг зогсоох шийдвэр гаргасан. МСХК ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч У.Э- барьцаа хөрөнгө болох автомашины эзэмшлийг өөрийн найз Д.Баттулгад 2016 онд шилжүүлсэн бөгөөд энэ тухайгаа ТФ ББСБ ХХК-д мэдэгдсэн. Мөн тухайн үед Барьцаат зээлийн гэрээ-ний 7.1.1-д заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн учир цуцлах үндэслэл бүрдсэн боловч цуцлаагүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2017 онд дууссан тул түүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч У.Э-аас юу шаардаж байгаа нь тодорхойгүй тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МСХК ББСБ ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 91 304 184 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Т ХХК-д олгож, үлдсэн 88 039 569 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч У.Э-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 054 699 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 614 471 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь дүгнэхдээ ....Талуудын тайлбар, зээл төлсөн баримтаар хариуцагч зээлийн төлбөрийг төлөх нь тогтоогдож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу хариуцагч 111 300 000 төгрөгийг авснаа зөвшөөрч маргаагүй ба гэрээний салшгүй хэсэг зээл төлөлтийн хуваарийг зөрчиж төлбөрөө төлөөгүй байх тул үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байна гэдэг зөв дүгнэлт хийсэн боловч Шүүх зээлийн төлбөрийг тооцохдоо, зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж, хариуцагчид мөнгийг шилжүүлэн, зээлийг 36 сарын хугацаатай олгосон байх бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусаж, гэрээний хугацаа дууссан цаг мөчөөс хойш талууд дахин гэрээ сунгаж байгуулаагүй гэх зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгч тал 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сар хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд болон талууд харилцан тохиролцсон гэрээнд заасантай нийцэхгүй болно. Учир нь нь талуудын хооронд байгуулсан 13/0179 тоот барьцаат зээлийн гэрээний 2.3.5-д зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээсэн. Түүнчлэн, тус гэрээний 7.2 дахь зүйлд талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болохоор талууд харилцан тохиролцсон байтал хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон бусад нотлох баримтаар нотлогдсоор байтал хуулийг болон нотлох баримтыг бүрэн үнэлэлгүй шийдвэрлэсэн.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нийт 60 орчим сар огт төлбөр төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дууссан, гэрээг дахин сунгаж байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дур мэдэн бусдад автомашиныг шилжүүлэн гэрээний үүргийн зөрчил гаргаж байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон атал гэрээний хугацаа дууссан мэтээр шүүх шийдвэрлэн 88 039 569 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч талын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд 91 304 184 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэн, нэхэмжлэлийн шаардлагаас 88 039 569 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О зээлийн төлбөрт 80 700 422 төгрөг төлөхийг зөвшөөрч, зарим хэсгийг болон хариуцагч У.Э-д холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ гэжээ.

Хариуцагч МСХК ББСБ ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа 80 700 422.94 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болохоор хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар хүргүүлсэн боловч 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн нэмэлт тайлбартаа үндсэн зээлийн төлбөрт 40 296 403.9 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар хүргүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судалсны дараа хариуцагч тал нь эцсийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 69 200 443 төгрөг, хүүгийн төлбөрт 5 867 766 төгрөг, нийт 75 068 107 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тодорхойлсон. Гэрээ байгуулснаас хойш гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 30 599 557 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дуусах үед үндсэн зээлийн 80 700 442.94 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдөр 6 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 500 000 төгрөг тус тус төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу тооцож үзвэл үндсэн төлбөрийн үлдэгдэл 69 200 442.94 төгрөг байна.

Хариуцагч МСХК ББСБ ХХК нь барьцаат зээлийн гэрээний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаанд 49 274 475 төгрөгийн зээлийн хүү төлөх үүрэг хүлээсэн бөгөөд үүнээс 43 406 881 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа дуусах үед зээлийн хүүгийн төлбөрт 5 867 644 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Мөн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 508 076.9 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч МСХК ББСБ ХХК-аас гаргуулахаар тусгагдсан 91 304 184 төгрөгөөс үндсэн төлбөрт 69 200 443 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5 867 644 төгрөг, нийт 75 068 097 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 16 236 097 төгрөгийн хэмжээнд зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан 91 304 184 төгрөгөөс нийт 16 236 097 төгрөгийг буюу үндсэн зээлийн төлбөр 80 700 443 төгрөгөөс 11 500 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8 836 448 төгрөгөөс 2 968 804 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 767 290 төгрөгийг тус тус хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч МСХК ББСБ ХХК болон У.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 80 700 442 төгрөг, хүүд 83 304 187 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10 880 033 төгрөг, даатгалын нөхөн төлбөрийн өглөг 4 459 088 төгрөг, нийт 179 343 753 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Э-д холбогдуулан гаргасан шаардлагаас татгалзжээ. /хх1-3, 192/

 

Хариуцагч МСХК ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд 80 700 443 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг үгүйсгээгүй, үүнээс гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 11 500 000 төгрөгийг хасч, үлдэгдлээс нь хүү тооцвол 5 867 663 төгрөгийн хүү төлөх үндэслэлтэй, нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

МСХК ББСБ ХХК болон ТФ ББСБ ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 13/0179, 13/0179-1 дугаартай Барьцаат зээл болон Фидуцийн гэрээгээр зээлдүүлэгч ТФ ББСБ ХХК нь 111 300 000 төгрөгийг 2,1 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу хүүгийн хамт буцаан төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Тоёота ланд круизер маркийн 00-45УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангуулахаар зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэрээ байгуулагдсан, зээлдэгч нь гэрээний дагуу зээлдүүлэгчээс шилжүүлсэн зээлийн хөрөнгийг хүлээн авч ашигласан, зээлийг буцаан төлсөн ч төлбөрийн үлдэгдэлтэй тухайд талууд маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд МСХК ББСБ ХХК болон ТФ ББСБ ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Зээлдүүлэгч ТФ ББСБ ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон, мөн тус ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үйл ажиллагаагаа зогсоож, эрх үүргээ Т ХХК-д шилжүүлсэн, компани нэгтгэгдсэн үйл явдал болсон, холбогдох баримтууд хэрэгт авагджээ. /хх7-8/

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр маргаж байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусахад зээлдэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан МСХК ББСБ ХХК-ийн зээлийн дансны хуулгаас үзвэл 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 80 700 442 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болжээ. /хх-32/

 

Хүүгийн төлбөрийн тухайд 2017 оны 12 дугаар сард хүүг зогсоосон шийдвэр гарсан, төлөх үндэслэлгүй гэж хариуцагч тайлбарласан ч уг тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч ийм шийдвэр гараагүй гэж үгүйсгэсэн байна.

 

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Иймд гэрээний тал болох зээлдүүлэгч МСХК ББСБ ХХК гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцон нэхэмжлэх эрхтэй бөгөөд компанийн үйл ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон эрх, үүргийг Т ХХК-д нэгтгэх хүртэл гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй. Харин ТФ ББСБ ХХК-ийн Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон нь хүчин төгөлдөр гэрээний үүргийг дуусгавар болгох, талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг зогсоох үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн шаардах эрхийн тухайд зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч МСХК ББСБ ХХК нь Т ХХК-д эрх үүргээ шилжүүлж, компани нэгдэх үед МСХК ББСБ ХХК-тай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/0179, 13/0179-1 дугаартай Барьцаат зээл болон Фидуцийн гэрээ-ний үүргийг шаардах эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авсан гэж үзэхээргүй байна. Гэрээний шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр буюу бичгээр гэрээ байгуулна гэж Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан. Хэрэгт маргааны үндэслэл болж буй гэрээний төлбөрийг шаардах эрхийг шилжүүлсэн талаар баримт авагдаагүй, мөн үүрэг гүйцэтгэгчид зээлдүүлэгчийн гэрээний үүрэг шаардах эрх Т ХХК-д шилжиж байгаа талаар мэдэгдсэн баримтгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Т ХХК-д гэрээний үүргийг шаардах эрх хуульд заасан журмын дагуу шилжээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаагаар тооцож балансын гадуур хуримтлуулсан хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 62 280 203 /54 400 169 хүү + 10 880 034 нэмэгдүүлсэн хүү/ төгрөг шаардах үндэслэлгүй, зөвхөн эрх үүргийг шилжүүлэн авах үед шилжин ирсэн өр авлагыг холбогдох этгээдээс шаардаж барагдуулах эрх шилжсэн гэж үзнэ.

 

Хэргийн баримтаас үзвэл компани нэгдэж, эрх үүрэг шилжих үед зээлдэгчийн зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийн хэмжээг үндсэн зээл 80 700 442 төгрөг, зээлийн хүү 28 904 019 төгрөг, нийт 109 604 462 төгрөг гэж зээлдүүлэгч тодорхойлсон байжээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК-аас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч байгууллагад 80 700 442 төгрөгийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 109 604 462 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг, уг төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр мэдэгдсэн байна. /хх-77/

 

Иймд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан зээлдэгчтэй холбоотой авлагын тооцоололд балансад хуримтлагдсан зээлийн төлбөр нь 109 604 462 /80 700 442 +28 904 019/ төгрөг гэж тусгагдсан/хх-174/-аар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хэмжээ хязгаарлагдах тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээ 80 700 442 төгрөгөөс гэрээний хугацаа дууссан 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлөгдсөн 3 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлөгдсөн 6 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлөгдсөн 2 500 000 төгрөгийг үндсэн зээлээс хасагдана гэж хариуцагч шүүхэд тайлбар гаргасан нь /хх-110/ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд нийцэх бөгөөд ийнхүү тооцвол 2017 оны 11 дүгээр сарын 06-ны байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл нь 69 200 442 /80 700 442 -11 500 000/ төгрөг болно.

 

Хариуцагчийн зээлийн дансны хуулгаас үзвэл хуримтлагдсан хүүгийн хэмжээ нь 28 904 019 төгрөг байх /хх-32/ бөгөөд энэ нь 80 700 442 төгрөгийн зээлийн үлдэгдлээс тооцогдсон, үндсэн зээлээс хасагдвал зохих 11 500 000 төгрөгийг багтаасан дүн байх тул тус 11 500 000 төгрөгт ногдох 6 279 000 төгрөгийг хасч, бодит зээлийн үлдэгдэлд ногдох хүү тодорхойлох боломжтой. Ийнхүү тооцвол төлбөл зохих хүүгийн хэмжээ 22 625 019 төгрөг болно. Хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс Т ХХК-д эрх, үүргийг шилжүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал 26 сараар тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагчийн хүүгийн үлдэгдлийг 5 867 644 төгрөг гэж тооцон гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 69 200 442 төгрөг, зээлийн хүүд 22 625 019 төгрөг, нийт 91 825 461 төгрөгийн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрийн өглөг 4 459 088 төгрөг шаардсанаа баримтаар нотлоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь, мөн У.Э-д холбогдох шаардлагаас хариуцагч татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 91 825 461 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 87 518 292 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа гэрээний хугацаа дууссан нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаарх хуулийн зохицуулалтыг анхааралгүй, талууд гэрээг сунгаж байгуулаагүй гэж дүгнэсэн нь оновчгүй байгааг дээрх байдлаар залруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг өөрчилсөн өөрчлөлтийг оруулж, ийнхүү өөрчилсөнтэй холбоотойгоор хэрэгсэхгүй болгох нэхэмжлэлийн дүн, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01498 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 91 304 184 төгрөгийг гэснийг 91 825 461 төгрөгийг гэж, 88 039 569 төгрөгийг гэснийг 87 518 292 төгрөгийг гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 614 471 төгрөгийг гэснийг 617 077 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 239 131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 598 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ