Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00442

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2021/00442 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Э,

 

Хариуцагч: Г.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 465,430,482 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчД.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нар нь 2016 оны 8 сард зээлийн гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг Г.Бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж зээл авсан байдаг. Зээл авснаас хойш гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж. Мөн 2020 оны 12 сард нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийтдээ 465.430.482 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь 168.000.000 төгрөгийг төлсөн гэдэг, дээрх үнэ бүхий тээврийн хэрэгслийг баталгаа болгож нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн. Нэхэмжлэгч байгууллагад 2016 оны 8 сарын зээлийн гэрээний дагуу шилжүүлж өгсөн нь хэргийн нөхцөл байдлаар харагдана. Ингээд манай зүгээс зээлийн гэрээний төлбөрт 60.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн тооцоог гаргасан байгаа. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч талтай тооцоо нийлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг 130.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж 465.430.482 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар 53.000.000 төгрөгийг хасагдсан нь тодорхойгүй, төлбөрөөс хасагдах ёстой тооцоог хасахгүйгээр зээлийн хүү, алданги болон нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа нь хуульд нийцэхгүй, хүний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж их хэмжээний мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Үндсэн зээлийн нөхцөл байдал ямар байснаас хамааран дараа дараагийн зүйл яригдана. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний агуулгыг харахад 3.5 хувийн хүүтэй 200.000.000 төгрөг зээлсэн гэрээ байдаг, нэг сарын 7.000.000 төгрөгийн хүү гарч байгаа юм. Хуульд зааснаар үндсэн зээлийн 20 хувиас хэтрэхгүй гэсэн заалт байдаг. Одоогийн байдлаас харахад шууд 200.000.000 төгрөгийн зээл тооцож байгаад 2019 оны 3 сард нэг сарын хүү гэж 91.000.000 төгрөг тооцож гэнэт 363.000.000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл 3 сарын 2-ны өдрийг хүртэл 91.000.000 төгрөгийн хүү нэмэгдэнэ гэж байхгүй. Нөгөө талаасаа Г.Б-ийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байна, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэг бүрчлэн заасан байдаг. Барьцаа хөрөнгийг барьцаалуулж байгаа бол тухайн барьцаа хөрөнгөд үзлэг хийх, мөн хамтран зээлдэгч оролцож байгаа бол зээлдэгч нарын дундын дансанд зээлийг шилжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл тухайн зээлийг хариуцагч Г.Бөд шилжүүлээгүй. Энэ нь Г.Б-д зээлийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхээр хангаагүй үйл баримт юм. Үүнээс үзэхэд Г.Б нь ямар нэгэн байдлаар зээлийн тухайд хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Зээл олгож байгаа процесс нь хуульд нийцэхгүй байна. Тэгэхээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээл олгоогүй байхад хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Барьцааны гэрээтэй холбогдуулан хэлэхэд Г.Б-ийн хувьд зээлийн мөнгийг огт аваагүй, захиран зарцуулах эрх олгогдоогүй учир барьцааны гэрээ хуульд нийцээгүй учир барьцааг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн дахин нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэж байдаг. Талууд үүргээ гүйцэтгэх боломжит хугацаа байх бөгөөд тэр хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоологддог. Тэгэхээр уг маргааныг шүүхэд өгөхөд хөөн хэлэлцэх хугацаа автоматаар тасалдаж байгаа юм. Шүүхэд маргааныг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх гэсний төлөө тэр хугацаанд дахин хүү тооцож нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Уг нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг харахад илт алдаатай байдаг. Мөн маргаан бүхий экскаваторыг хэзээ, хаана шилжүүлж аваад ямар зээл хаагдсан гэдэг талаар тодорхойгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх И ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч И ХХК нь үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 166,049,213 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,460,396 төгрөг нийт 388,510,583.27 төгрөгийг анх шаардаж, хариуцагч Г.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, .... гудамж ... байрны ... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... байрны м4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй 46 мкв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Э, Г.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг 130,674,234.18 төгрөгөөр нэмэгдүүлж, нийтдээ 465,430,482 төгрөгийг нэр бүхий хариуцагч нараар төлүүлэхийг шаарджээ.

 

Хариуцагч Д.Э ...186,000 доллароор үнэтэй экскаваторыг шилжүүлсэн, өөрийн тооцоогоор 60-д сая төгрөгийн үлдэгдэлтэй гэх, хариуцагч Г.Б ...мөнгө хүлээн аваагүй, барьцааны гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд И ХХК болон Д.Э, Г.Б нарын хооронд 2016.08.02-ны өдрийн .....  дугаар зээлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын үндсэн хүү 3.5%-ийн, нэмэгдүүлсэн хүү 0.7%-ийн байхаар тохиролцож, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .. дугаар хороолол, .... гудамж ... байрны ... давхрын ... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ..... байрны м4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй 46 мкв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалж 2017.03.21-ний өдөр ... тоот барьцааны гэрээг байгуулсан, нэр бүхий хариуцагч нар зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.04.27-ны өдрийн ... албан тоотоос үзэхэд 2017.03.21-ний өдрийн .... тоот зээлийн барьцааны барьцааны гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн .... дугаарын бүртгэл, мөн орон сууцны эрхийн улсын бүртгэлийн .... дугаарын бүртгэлд тус тус бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээл, хүү төлөлтийн тооцоолол гэх баримтуудаас үзэхэд хариуцагч Д.Э, Г.Б нар нь 2016.08.02-ны өдрийн .... дугаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 200,000,000 төгрөгийн зээлд үндсэн зээлийн хүү 166,049,213 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,460,396 төгрөг төлөхөөс үндсэн зээлийн хүү 70,246,246.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,911,890.41 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, зохигчдын хооронд зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно. 

 

Хариуцагч Д.Э өмнө нь 2016.06.08-ны өдөр И ХХК-тай байгуулсан .... тоот зээлийн гэрээний дагуу сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар, 130,000,000 төгрөгийг зээлж авсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн 2019.06.14-ний өдрийн .... дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байна.

 

Дээрх шүүгчийн захирамжаас үзэхэд 2016.06.08-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 26,245,664.55 төгрөгийг хариуцагч Д.Э хүлээн зөвшөөрч, энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох 10-35 УБ улсын дугаартай зам индүүдэх зориулалтын хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлага 26,245,664.55 төгрөгийг түүний үнийн дүнгээс суутгаж, үлдэх 53,754,356 төгрөгийг 2016.08.02-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасуулж тооцохоор тохирч эвлэрсэн байна.

 

Түүнчлэн 2019.07.01-ний .... дугаартай И ХХК-ийн Д.Эад хүргүүлсэн мэдэгдэлд ...2019.06.19-ний өдөр .... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, зам индүүдэх зориулалт бүхий техник хэрэгслийг хүлээн авсан бөгөөд үүгээр 2016.06.08-ны өдөр таны авсан 130,000,000 төгрөгийн зээлийн үүрэг дуусгавар болж байгаа болно. Дээрх хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцсоны дагуу 80,000,000 төгрөгөөр тооцон, шилжүүлэн авч байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.14-ний өдрийн .... тоот захирамжийн дагуу 2016.08.02-ны өдөр авсан 200,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрөөс 53,754,356 төгрөгийг суутган тооцох болохыг мэдэгдэж байна гэжээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017.08.02-ны өдөр дууссан, хариуцагч нарыг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд дээрх баримтыг үндэслэн анх шаардсан нэхэмжлэлийн үнийн дүн 388,510,583.27 төгрөгнөөс 53,754,356 төгрөгийг хасч, үлдэх 334,756,227.27 төгрөгийг нэр бүхий хариуцагч нараас гаргуулж И-д олгож, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал ...анх шаардсан 388,510,583.27 төгрөгнөөс 53,754,356 төгрөгийг хасч, үлдэх 334,756,227.27 төгрөг дээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцсон гэж тайлбарласан боловч нэмэгдүүлсэн шаардлага 130,674,235 төгрөгийн тооцоо ойлгомжгүй, хавсаргасан 2020.12.15-ны өдрийн зээлийн дансны хуулгаас дээрх үнийн дүнг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1,831,731 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 2,982,025 /2,170,703+811,322/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Э, Г.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 334.756.227.27 төгрөг гаргуулж И ХХК //-д олгож, нэмэгдүүлсэн шаардлага 130,674,235 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж ... байрны ... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... байрны м4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 46 мкв талбай бүхий орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 1,831,731 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 2,982,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ