Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00830

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00830

 

Б ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00442 дугаар шийдвэртэй

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э, Г.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 465 430 482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагч Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нар нь 2016 оны 8 сард зээлийн гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг Г.Бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж зээл авсан. Зээл авснаас хойш гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж. Мөн 2020 оны 12 сард нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийтдээ 465 430 482 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь 168 000 000 төгрөгийг төлсөн, дээрх үнэ бүхий тээврийн хэрэгслийг баталгаа болгож нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн. Нэхэмжлэгч байгууллагад 2016 оны 8 сарын зээлийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Ингээд манай зүгээс зээлийн гэрээний төлбөрт 60 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн тооцоог гаргасан байна. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч талтай тооцоо нийлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг 130 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж 465 430 482 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар 53 000 000 төгрөгийг хасагдсан нь тодорхойгүй, төлбөрөөс хасагдах ёстой тооцоог хасахгүйгээр зээлийн хүү, алданги болон нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа нь хуульд нийцэхгүй, хүний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж их хэмжээний мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан зээлийн гэрээний агуулгыг харахад 3,5 хувийн хүүтэй 200 000 000 төгрөг зээлсэн гэрээ байдаг, нэг сарын 7 000 000 төгрөгийн хүү гарч байгаа юм. Одоогийн байдлаас харахад шууд 200 000 000 төгрөгийн зээл тооцож байгаад 2019 оны 3 сард нэг сарын хүү гэж 91 000 000 төгрөг тооцож гэнэт 363 000 000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 91 000 000 төгрөгийн хүү нэмэгдэнэ гэж байхгүй. Нөгөө талаасаа Г.Бийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байна, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэг бүрчлэн заасан байдаг. Барьцаа хөрөнгийг барьцаалуулж байгаа бол тухайн барьцаа хөрөнгөд үзлэг хийх, мөн хамтран зээлдэгч оролцож байгаа бол зээлдэгч нарын дундын дансанд зээлийг шилжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл тухайн зээлийг хариуцагч Г.Бөд шилжүүлээгүй. Үүнээс үзэхэд Г.Б нь ямар нэгэн байдлаар зээлийн тухайд хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Зээл олгож байгаа процесс нь хуульд нийцэхгүй байна. Тэгэхээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээл олгоогүй байхад хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Барьцааны гэрээтэй холбогдуулан хэлэхэд Г.Бийн хувьд зээлийн мөнгийг огт аваагүй, захиран зарцуулах эрх олгогдоогүй учир барьцааны гэрээ хуульд нийцээгүй учир барьцааг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн дахин нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэж байдаг. Талууд үүргээ гүйцэтгэх боломжит хугацаа байх бөгөөд тэр хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоологддог. Тэгэхээр уг маргааныг шүүхэд өгөхөд хөөн хэлэлцэх хугацаа автоматаар тасалдаж байгаа юм. Шүүхэд маргааныг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх гэсний төлөө тэр хугацаанд дахин хүү тооцож нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн маргаан бүхий экскаваторыг хэзээ, хаана шилжүүлж аваад ямар зээл хаагдсан гэдэг талаар тодорхойгүй байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Э, Г.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 334 756 227.27 төгрөг гаргуулж Б ХХК /РД:6060854/-д олгож, нэмэгдүүлсэн шаардлага 130 674 235 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 48а байрны 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204086910 дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байрны м4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204061438 дугаарт бүртгэлтэй 46 мкв талбай бүхий орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 1 831 731 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 2 982 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэргийн оролцогч талууд зээлдэгчээс зээлдүүлэгчид олгосон зээлийн дүн болох 200 000 000 төгрөг, зээлийг хэсэгчлэн буюу үнэ тохиролцон шилжүүлсэн техник хэрэгслийн үнийн дүнгийн тодорхой хэсэг болох 53 754 356 төгрөг, зээлийн үндсэн хүүнд төлсөн 70 246 246 төгрөгийн дүн дээр тус тус маргаагүй бөгөөд анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт энэ тухай дурджээ. Харин үндэслэх хэсэгт буюу шийдвэрийн 4 дүгээр нүүрний 4 дэх догол мөрт ... анх шаардсан нэхэмжпэлийн үнийн дүн 388 510 583 төгрөгөөс 53 754 356 төгрөгийг хасаж, үлдэх 334 756 227 төгрөгийг нэр бүхий хариуцагч нараас гаргуулж Б-д олгож гэж дүгнэсэн нь бодит баримттай нийцэхгүй дүгнэлт болжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжпэлийн шаардлагын үнийн дүнг нэмэгдүүлэхдээ хавсралтаар хүргүүлсэн Зээлийн дансны хуулга-ын Үндсэн зээлийн төлөлт багана-ын 22 дугаар мөр буюу 2019 оны 6 дугаар сарын 14-ний мөрийн харгалзах нүдэнд дээр дурдсан 53 754 335 төгрөгийн төлөлтийг тусгаж тухайн огнооноос хойших үндсэн зээлийн үлдэгдлийг энэхүү дүнгээр хорогдуулан 146 245 664 төгрөг болгон тухайн үлдэгдэл тооцогдох зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлэн хүүг тус тус тооцоолсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу 4 дүгээр нүүрний 7 дахь догол мөрт ...нэмэгдүүлсэн шаардлага 130 674 235 төгрөгийн тооцоо ойлгомжгүй, хавсаргасан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн дансны хуулгаас дээрх үнийн дүнг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэжээ. Нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан бөгөөд нэхэмжпэлийн шаардлагын дүн нь тухайн өдрийн байдлаарх үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт дүн болох 388 510 583 төгрөг байсан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба энэ хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээлийн үлдэгдлийг 53 754 335 төгрөгөөр хорогдуулж үлдсэн зээлийн үлдэгдэлд тооцогдох үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг тус тус 2020 оны 12 дугаар сарын 15-ыг хүртэл үргэлжпүүлэн тооцоход нийт 130 674 234 төгрөгийн зөрүүгээр нэмэгдэж байгаа болно. Энэ нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжпэлийн шаардлагад хавсаргасан Зээлийн дансны хуулга" дахь хүснэгтийн 21-23 дахь мөрүүд дэх 2019/04/23, 2019/06/14, 2020/12/15 гэсэн огнооны харгалзах Хүүний тооцоолол болон Хүүний авлага баганад тооцогдсон хүү болон хүүний авлагын үлдэгдлээс харагдаж байгаа болно. Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд зээлдүүлэгч нь үүргээ биелүүлж төлөхийг шаардах, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлэх эрхтэй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 183/ШШ2021/00442 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулж зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 465 430 482.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, У.Түвшин нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зээлийн гэрээний дагуу шилжүүлэгдвэл зохих 200 000 000 төгрөг нь хариуцагч Д.Эын дансанд шилжүүлэгдсэн. Мөн хариуцагч Д.Э нь уг мөнгөн хөрөнгийг өөрөө захиран зарцуулсан болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарладаг. Нэхэмжлэгч Б-ын зүгээс анхнаасаа Д.Этай зээлийн гэрээ байгуулж зээл олгох сонирхолтой байсан боловч барьцаа хөрөнгө болон буцаан төлөлтийн хувьд эргэлзээтэй байсан тул Г.Бийн уг зээлийн гэрээний харилцаанд хэлбэрийн төдий оролцуулсан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлийн данс нээж мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр нэг зээлдэгчид бус зээлдэгч нарт мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах боломж олдох юм. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн данс нээгээгүй, зөвхөн нэг зээлдэгч Д.Эад мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул Г.Бтэй зээлийн гэрээний харилцаа хуульд заасны дагуу үүссэн гэж үзэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх Г.Бийг анхнаасаа зээл авах хүсэл зоригтой байсан мэт, зээл авсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хуульд нийцүүлэн байгуулсан гэрээ нь шаардах эрхийг бий болгодог. Мөн барьцааны гэрээний хувьд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан барьцааны гэрээнд заавал тусгах зүйлсийг нэг бүрчлэн тусгаагүй хууль зүйн шаардлага хангаагүй гэрээ байдаг. Иймд зээлийн гэрээний үүргийг Г.Бөөс гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан зээлийг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулсан нь энэ хэрэгт чухал ач холбогдолтой байна. Зээлдэгч Д.Эын зүгээс нотлох баримтуудыг шүүхэд гаргасан байдаг. Мөн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг боловч шүүхийн журмаар цуглуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Гэтэл үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан байдаг. Хариуцагч Д.Э нь Б-аас тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан боловч зээлийн төлбөрт огт тооцдоггүй, огт аваагүй мэтээр шүүхэд удаа дараа тайлбар гаргасан. Хариуцагч Д.Эаас шүүхэд зээлийн төлбөрт тооцож тээврийн хэрэгсэл өгч байсан одоогоор уг зээлээс 60 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэх тайлбарыг гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян миний зүгээс хариуцагчийн тайлбарыг нотлох зорилгоор тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үнэлгээг тогтоолгох хүсэлтэд талууд тээврийн хэрэгслийн үнэлгээг тодорхойлсон баримтыг үйлдэлгүйгээр шилжүүлсэнийг гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Зээлийн төлбөрт тооцож их хэмжээний хөрөнгийг шилжүүлэн өгсөн байхад хасч тооцохгүй. Мөн энэ талаар тодруулах хүсэлт гаргасан байхад хүлээн авдаггүй. Бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийхээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1, 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг тус тус зөрчсөн. Хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Э, Г.Б нараас 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн В16080201 тоот зээлийн гэрээний үүрэгт 465 430 482 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх.1-2, 190-191, 221/

 

Хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй тул үүрэг хүлээхгүй, барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж, хариуцагч Д.Э ...нэхэмжлэгч талд зээлийн гэрээний үүрэгт хүнд даацын экскаватор болон зам тэгшилгээний авто индүүг шилжүүлэн өгсөн тул 60 000 000 төгрөгөөс бусад төлбөрийг зөвшөөрөхгүй, Г.Бийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэсэн үндэслэлээр тус тус тайлбар гарган маргасан байна. /1хх.190-193, 229/

 

Хариуцагч Д.Э ...нэхэмжлэгч талд 2016 оны 8 дугаар сарын зээлийн гэрээний төлбөрт хүнд даацын экскаватор болон зам тэгшилгээний авто индүүг тус тус өгсөн гэж тайлбарлаж энэ талаар тодруулахаар эрх бүхий байгууллагаас уг тээврийн хэрэгслийн лавлагаа гаргуулах хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2021/02343 тоот шүүгчийн захирамжаар хангахгүй орхисон нь учир дутагдалтай болсон байна. Учир нь талуудын маргаж буй дээрх тээврийн хэрэгсэл одоо хэний өмчлөлд байгаа болон хэзээ, ямар үндэслэлээр өмчлөлд шилжсэн гэдгээс хамаарч дээрх зээлийн гэрээний үүрэгт суутгасан эсэх нөхцөл байдал хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Анхан шатны шүүх хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч талд зээлийн төлбөрт хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг нэрлэн зааж, түүний талаарх лавлагаа гаргуулахаар гаргасан хүсэлтийг хангаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг зөрчигдсөн байна. /2хх.7-8/

 

Түүнчлэн, хэргийн 1 дүгээр хавтас 113 дахь талд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлын гарын үсэг бүхий 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б-19/1792 дугаартай ...200 000 000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрөөс 53 754 356 төгрөг суутган тооцсон... гэх агуулга бүхий баримт авагджээ. Гэтэл анхан шатны шүүх тус үнийн дүнг нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний үүрэгт хэрхэн тооцсон талаар тодруулаагүй, талуудыг уг асуудлаар мэтгэлцүүлээгүй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээж хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын маргааны үйл баримт тодорхой бус байхад анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00442 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас төлсөн 811 322 төгрөг, хариуцагч талаас төлсөн 1 831 732 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО