Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2021/01818

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 29 өдөр                    Дугаар 102/ШШ2021/01818                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, “Партизан”-ы гудамж, өөрийн байранд байрлах Онцгой байдлын Ерөнхий газрын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг, .... дугаар хороолол, .... дүгээр хороо, Хатанбаатарын гудамжны .... дугаар байрны .... тоотод байрлах “Арвайн бүрд” ХХК-д холбогдох 245.433.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат, Б.Цогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Онцгой байдлын Ерөнхий газар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “Арвайн бүрд” ХХК, Онцгой байдлын Ерөнхий газартай 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 98 дугаартай Улсын нөөцөд хадгалагдаж байсан хүнсний буудай сэлгэн шинэчлэлтийн гэрээ байгуулсан.

            Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 355.7 тонн буюу 163.622.000 төгрөгийн улаан буудайг буцаан төлөхөөр гэрээ байгуулсан.

             Тус компани гэрээний үүргийг биелүүлэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй, утсаар холбогдоогүй учир 2020 оны 05 дугаар сарын 20-ны  өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

             Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Арвайн бүрд” ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг хийж “Арвайн бүрд” ХХК-ийн захирал Э.Ганболдыг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 15 тоотод оршин суудаг болохыг нь тогтоосон тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.

            Хариуцагч өнөөдрийг хүртэл буудайг өгөөгүй байгаа бөгөөд гэрээнд буудайг буцаан төлөөгүй бол буудайны үнэ 163.622.000 төгрөгийг төлөхөөр байгуулсан учраас алдангийн хамт нийт 245.433.000 төгрөгийг гаргуулж, улсыг хохиролгүй болгож өгнө үү.

           Мөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа Төв аймагт хур бороо ороогүй, үр тариа хурааж аваагүй, санхүүгийн хүнд байгаа гэх тайлбар үүргээ биелүүлэхэд хамааралгүй гэж үзэж байна, гэжээ.

           

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэмж хэлэх тайлбар байхгүй. Нэхэмжлэлээ дэмжинэ, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Хуулийн этгээд улсын бүртгэлийн 5982146 дугаартай “Арвайн бүрд” ХХК , 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан.

           2016 онд Төв аймгийн “Жаргалант” суманд тариалалт хийхээр Онцгой байдлын Ерөнхий газартай гэрээ байгуулж, нийт 355.7 тонн буюу 163.622.000 төгрөгийг үрийн буудайг гэрээний дагуу шилжүүлэн авсан.

           2017 оны хавар тариалалт хийсэн боловч зуны улиралд хур тунадас ороогүй, хэт халалтаас шалтгаалж ургацаа алдсан.

           Энэ тухай “Арвайн бүрд” ХХК, Онцгой байдлын Ерөнхий газрын  тухайн үеийн удирдлагуудад мэдэгдсэн.

           2018 онд дахин тариалалт хийхээр төлөвлөж байсан боловч санхүүгийн боломжгүй байсан учраас одоо үйл ажиллагаа явуулаагүй ба компани хөрөнгийн эх үүсвэргүй болсон учраас шүүхийн журмаар татан буулгах, дампуурсанд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан.

           Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг төлөх боломжгүй, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Онцгой байдлын Ерөнхий газар, хариуцагч “Арвайн бүрд” ХХК-д холбогдуулан 245.433.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч төлбөрийг төлөх эдийн засгийн боломжгүй учраас зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

          Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

          2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 98 дугаартай “Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх гэрээ”-г Онцгой байдлын Ерөнхий газрын Хүмүүнлэгийн тусламжийн газар, “Арвайн бүрд” ХХК-тай 355.7 тонн задгай савлагаатай, 163.622.000 төгрөгийн өртөгтэй хүнсний буудайг, гэрээний нэг тал 2017 оны ургацаас үрийн буудайгаар Төв аймгийн Жаргалант сум дахь Улсын нөөцийн салбарт хүлээлгэн өгөхөөр, гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хэрэгжихээр гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

        Дээрх нөхцөл байдлыг үндэслэн талуудын хооронд “Даалгаврын гэрээ”-ний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.

 

        Түүнчлэн нэхэмжлэгч Улсын нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг байгуулах эрхтэй байна.

      

          Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэн “гэрээ байгуулсан, төлбөр төлөх, нэхэмжлэгчээс үрийн буудайг хүлээн авсан талаар маргахгүй, гагцхүү төлбөрөө төлөх санхүүгийн боломжгүй, компани дампуурах хүсэлтээ шүүхэд гаргасан, тухайн жил Төв аймагт хур бороо ороогүйн улмаас ган гачигтай жил болж ургац хураагаагүй, тариалалтаа алдсан”,

 

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат “гантай жил байсан болон санхүүгийн чадавхигүй байх нь нэхэмжлэгч байгууллагад хамааралтай асуудал биш учраас үрийн буудайг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тул төлбөрөө төлөх үүрэгтэй” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

       Талуудын тайлбар, баримтуудаас харахад, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний чөлөөт эрхийн зарчмаар, нэхэмжлэгч улсын нөөцөд байгаа хүнсний буудайг шинэчлэх зорилгоор, хариу төлбөртэйгээр, хэрэв буудайг эргүүлэн өгөөгүй тохиолдолд, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.4, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт заасан үнийг, алдангийн хамт төлөхөөр тохиролцсон тул дээрх хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн заалтыг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй.

 

         Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.2, 399.3 дахь хэсэгт зааснаар даалгавар гүйцэтгэгчийн хийж байгаа тухайн үйлдэл зайлшгүй хариу төлбөрийн шинжтэй бол талууд хөлсийг харилцан тохиролцсон гэж үзэх бөгөөд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэгч даалгаврыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй байх ба хариуцагчийн санхүүгийн боломжгүй нөхцөл, ган гачигтай жил ургац хурааж авч чадаагүй гэх үйлдэл, тайлбар зэрэг нь гэрээний үүргийг биелүүлэхгүй үндэслэл болохгүй гэж дүгнээд тус хуулийн 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсэгт заасанчлан хариуцагч даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

        Тодруулбал, “Даалгаврын гэрээ”-г зарчмын хувьд хариу төлбөртэй байхаар зааж болох ба зохигчид гэрээг хариу төлбөртэйгээр харилцан тохиролцон байгуулжээ гэж шүүх тооцоод, нэхэмжлэгч эдийн засгийн эрэлт хэрэгцээтэй холбоотой хөрөнгө нийлүүлж, түүний ашиг сонирхлын үүднээс хариуцагч ажиллах үүргийг хүлээжээ.

 

        Иймээс хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг үгүйсгэх татгалзлаа баримтаар нотлож чадаагүй, нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 245.433.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

        Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж үзлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.385.115 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн         115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 402 дугаар зүйлийн 402.1, Улсын нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Арвайн бүрд” ХХК-иас 245.433.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Онцгой байдлын Ерөнхий газарт олгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.385.115 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА