Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/00538

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2021/00538 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Х ХК -д холбогдох,

 

нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10,207,970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн төлөөлөгч Б.М, прокурор Ц.О, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай зүгээс хариуцагчийг тодорхойлохдоо бичиглэлийн алдаа гарсан байна, гэвч нэхэмжлэлдээ хариуцагч компанийн регистрийн дугаар буюу дахин давтагдашгүй дугаарыг дурдаж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн тухайд гэвэл хариуцагч компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46.2-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж тухайн шимтгэл хураамжийг төлсөн бичилт хийх ёстой. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2-т өмчийн бүх нийтийн аж ахуйн байгууллага, төрийн байгууллага, шашны болон бусад байгууллага иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359-р зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа иргэд албан журмаар даатгуулна гэсэн заалт байдаг. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 17.1-т зааснаар албан журмаар даатгуулагч нь төлөх шимтгэлийг үнэн зөв бичиж тогтоосон хугацааны дотор төлөх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2020.09.01-ний өдрийн байдлаар 2019 оны 5 сараас 2020 оны 8 сар хүртэл хугацааны төлбөл зохих Нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 7.234.627 төгрөг, үүнд тооцсон хугацаа хэтрүүлсний алданги 2.973.343 төгрөг, нийтдээ 10.207.970 төгрөгийн өр авлага үүсээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсан болон ажилгүйдлийн, жирэмсний амаржсаны тэтгэмж авах болон өндөр настны тэтгэмж авах боломжгүйд хүрч даатгуулагчдын болон нийгмийн даатгалын сангийн эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.4-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн хүүтэй алданги тооцож уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтын дагуу алданги, шимтгэлийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин бусад төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Зөрчлийн тухай хуульд алдангийн тухай дурдсан байдаг. Уг зөрчлийн асуудал нь өнөөдрийн Иргэний хэргээс тусдаа асуудал учир Зөрчлийн тухай хуульд заасан алдангийн асуудлыг шүүх оногдуулахгүй тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хан-Уул дүүргийн хяналтын прокурор Ц.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа учир нэхэмжлэлд Х ХХК гэснийг ХК болгон залруулах боломжтой гэж үзэж байна. Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийн нэгдсэн сангийн холбогдох материалыг хэрэгт хавсаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч компани үйл ажиллагаагаа явуулахгүй гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байгаа учир хариуцагч талын гаргасан тайлбар, үндэслэл нь хууль ёсны биш байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10,207,970 төгрөг гаргуулахыг хүссэн Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөнөөс 7,234,627 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2,973,343 төгрөг нийтдээ 10,207,970 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн болох нь тус компанийн 2020 оны 8 сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд хийсэн алдангийн тооцоо, заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, ... дүүргийн Н-ийн улсын байцаагчийн 2017.07.05-ны, 2020.05.28-ны өдрийн албан шаардлагууд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ, 17.1.1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж тус тус заасан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл, хугацаа хэтрүүлсэний алдангийг хариуцагч компани төлөх үүрэгтэй тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10,207,970 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг Х ХХК гэж тодорхойлсон боловч хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэрийг Х хувьцаат компани, регистрийн дугаар ... гэж тусгагдсан хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 17.1.1, 20 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХК-иас 10,207,970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 178,277 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д. ЭНХЦЭЦЭГ